| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0034/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 54
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар ямаат овогт Д.Ат холбогдох эрүүгийн 1931004750028 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Хар ямаат овогт Д.А
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн 2 давхарт Б2 тоот лангуунаас иргэн Х.Болорцэцэгийн эзэмшлийн “Самсунг Нөүт-5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Д.А 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Олон улсын худалдааны төв” орсон. Ямар шалтгааны улмаас зах орсон бэ гэхээр манай нөхөр ноосон малгайгаа алга болгочихсон юм. Тэгээд нөхөртөө малгай хайж худалдааны төвийн 2 давхарт барааны тасгаар явж байх үед лангуун дээр нэг тэмдэглэлийн дэвтэр шиг зүйл харагдсан бөгөөд “би юу юм болоо” гэж бодож байсан. Тэр үед лангууны ойр
орчим ямар ч хүн байгаагүй. Намайг тэр лангуу руу ойртож очих үед тэмдэглэлийн дэвтэр биш, гар утас байсан. Тэгээд тэр утсыг аваад шууд халаасандаа хийгээд захаас гараад шууд гэртээ ирсэн. Гэртээ аваачиж үзэхэд жижиг /z/ хэлбэрийн кодоор утас нээгдсэн. Зүгээр оролдож байгаад кодыг нь тайлсан. Утасны код тайлагдахад залуухан эмэгтэй хүний зураг байсан бөгөөд эзэн нь утас руугаа залгаад авах байх гэж бодоод гар утсыг асаалттай байлгаад байсан. Би утасны ямар нэгэн зүйлийг устгаж, гэмтээгээгүй. Би гар утас авснаас хойш бараг 28 хоногийн дараа банк нь дээр явж байхад энгийн хувцастай залуу намайг “цагдаагийн газраас хайж байгаа, цагдаа дээр очиж уулзаарай” гэж хэлсэн. Тэр хүн тухайн үед ямар учиртай хүн байсан талаар мэдээгүй. Дараа нь харсан чинь цагдаагийн ажилтан байсан. Тэгээд л би өөрөө цагдаагийн газар очиж болсон явдлын талаар яриад гар утсыг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Надад анхнаасаа зах дээр очиж хулгай хийх санаа зорилго байгаагүй, санаандгүй явж байгаад лангуун дээр тэмдэглэлийн дэвтэр шиг зүйл байсан ба ойр хавьд нэг ч хүн байхгүй болохоор нь лангуун дээрээс очиж авсан чинь гар утас байсан. Миний хувьд лангуун дээр байсан эд зүйлийг авахгүй өнгөрөөх боломж байсан. Өөрийн буруугаас болж ийм зүйл хийчихлээ. Тэрнээс лангуун дээрх эд зүйлийг хараад хараагүй юм шиг өнгөрөөд, авахгүй яваад өгч болох байсан. Надад утас хулгайлах ямар ч ашиггүй, зарж борлуулах, худалдах, зорилго байгаагүй. Тухайн үедээ утасгүй байсан болохоор өөрийнхөө сим картаа хийгээд хэрэглэж байсан. Би энэ талаар хэнд ч хэлээгүй. Манай гэр бүлийнхэн найз нөхөд мэдэхгүй. Манай нөхөр Хиагтад малчин хийж байгаа. Манай хүү Улаанбаатар хотод суралцдаг оюутан. Тухайн үед гэртээ ганцаараа байсан болохоор хэн нэгэнд хэлэх боломж байгаагүй. Миний хувьд гар утас аваад тэр даруй цагдаагийн газар очиж уулзах боломж байсан. Би тухайн үедээ айгаад цагдаагийн газар очиж чадаагүй, гар утасны эзэн нь залгах байх гэж бодоод хэсэг хүлээж байсан боловч хүн нь залгахгүй болохоор нь өөрийнхөө симийг хийгээд утсыг хэрэглэж байсан. Миний хувьд буруу зүйл хийсэндээ харамсаж, гэмшиж байна, Энэ бүхэн миний буруугаас болж ийм зүйл боллоо. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-32-р ху/, 2.Шүүгдэгч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би Олон улсын худалдааны төв дотор явж байгаад санаандгүй хартал тэмдэглэлийн дэвтэр шиг зүйл байхаар нь очиж хартал утас байхаар нь авчихсан, эхлээд түүнийг юу болохыг нь мэдээгүй. Тэмдэглэлийн дэвтэр гэж бодож байсан. Тэгээд буцааж өгье гэж бодсон ч өөр хулгайд сэрдэгдэх вий гэж бодоод очоогүй юм. Гэтэл утас нь унтарчихсан. Би гэртээ хариад цэнэглээд хүн нь утасдах байх гэж хүлээгээд утасдахгүй болохоор нь бт өөрийнхөө симийг хийгээд барьж байсан. Сургуулийн насны хүүхэд маань одоо ихэвчлэн ийм код хийдэг эд кодыг нь тайлж өгсөн Тэгээд хориод хоногийн дараа энгийн хувцастай цагдаагийн хүн ирээд “цагдаа хүрээд ир” гэхээр нь цагдаа дээр очоод гар утсыг нь бүрэн хүлээлгэж өгсөн. 12 сарын 5-нд гар утсыг нь аваад 28 хоногийн дараа буцааж өгсөн. Би энэ хэргийг хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. ...гэх мэдүүлэг. 3.Хохирогч Х.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын худалдааны төв”-ийн 2 давхарт Б2 тоот лангуунаас өөрийн эзэмшлийн “Самсунг НӨҮТ-5” маркийн гар утас хулгайд алдсан юм. Тухайн үед би өөрийн Б-1 лангуун дээр зогсож байгаад утсаа нөгөө лангуун дээрээ ил орхисон байснаа мартаад 5-10 минут орчим болоод очиход миний утас байгаагүй юм. Ингээд утас луугаа урд талын лангууны хүний утсаар залгаж үзэхэд эхлээд дуудаж байснаа салгасан. Дараа нь залгахад утас холбогдохоо больсон байсан. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр авч байсан. Тухайн үед 350.000 төгрөгөөр авч байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. “Самсунг Нөүт-5” маркийн гар утас байсан юм. Намайг өөр лангуун дээр байх хооронд миний гар утсыг нууцаар, надад мэдэгдэлгүй авсан байсан. Гар утсаа олж авмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р ху/,
4.Хохирогч Х.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 31ний өдөр дахин өгсөн: ...Миний хувьд гар утсаа бүрэн бүтэн цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Надад энэ хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг “Самсунг Нөүт-5” маркийн гар утастай гэдгийг манай ар гэрийнхэн найз нөхөд мэддэг. Би уг гар утсыг 2019 оны 08 сард худалдан авч байсан. Шинээрээ байсан гар утас. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/, 5.Хөрөнгө үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №ТХҮ/518-080 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад, ижил төтсэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 12-р сарын байдлаар гар утас худалтааны төвүүд, болон хүмүүсээс лавлан зах зээлийн дундаж үнийг тогтоов.
№ Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ төгрөгөөр
Н и й т ү н э төгрөгөөр
Тайлбар
1 Samsung n o t e 5 маркийн гар утас
Ш 1 350,000 350,000
2019 оны 08-р сарын 20-ны өдөр худалдан авсан
Нийт үнэ 350.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 12-р сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 350.000/ гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 19-21-р ху/, 9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, камериын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 4-р ху/, эд өмрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 5-р ху/, эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 07-08-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /ххийн 15-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 23-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 24-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 40-р ху/, мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 41-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 51-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 50-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын худалдааны төв”ийн 2 давхарт Б2 тоот лангуунаас иргэн Х.Болорцэцэгийн эзэмшлийн “Самсунг Нөүт-5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.А гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг ялтан Д.Ат үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан Д.Ат анхааруулах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СДИ-г хэрэгт нь хавсарган үлдээх нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хар ямаат овогт Д.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ганбаатарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг ялтан Д.Ат үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан Д.Ат анхааруулсугай.
6. Шүүгдэгч Д.А нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СДИ-г хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН