Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 66

 

М.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

               

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Э.Бадрал,

            Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлоор М.Мад холбогдох эрүүгийн 1711002510012 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

М.М, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгэж, 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 153 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн баривчлах ялаас чөлөөлөгдсөн.

М.М нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-87 тоотод Г.Гийн хоолой болон нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, нүүрэн тус газарт нь алхаар цохиж гүрээний зүүн тараагуур судасны зах ирмэг тэгш бүрэн таслагдал, дагзны ясны хөндий рүү цөмөрсөн, цавчигдсан хугарал, хоншоор ясны зүүн урд хана, хамар ясны зүүн хажуу хана, зүүн нүдний ухархайн доод хананы гурвалжин сэлтэрхий үүсгэсэн нийлмэл цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн зүсэгдэл бүхий гэмтэл учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овогт Мягмармөнхийн М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Мыг бүх насаар нь хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Мад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлж, шүүгдэгч М.М нь 102 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Маас 9.247.418 /есөн сая хоёр зуун дөчин долоон мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өндөр овогт Цэнд-Аюушийн Ганхуяг /РД: ПБ64042918/-т олгож, хэрэгт хураагдан ирсэн 45х40 см хэмжээний цагаан шаргал өнгийн матрасны хайчилж авсан хэсэг, 60х45 см хэмжээтэй хананы цаасны хайчилж авсан хэсэг, 460х190 см хэмжээтэй шаргал эрээн хөнжил, 240х230 см хэмжээтэй цагаан өнгийн ноорхой хөнжил, 210х175 см хэмжээтэй цагаан цоохор хөнжил, 2.5 см диаметртэй дугуй хэлбэртэй ажлын хэсэг бүхий 22 см урт хар өнгийн бариултай алх, 18 см урт, 8.5 см өргөн ажлын хэсэг бүхий 12 см урт никель бариултай заазуур, 7 см урт ажлын хэсэг бүхий 9.5 см урт хар өнгийн иштэй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч М.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие багаасаа эцэггүй өссөн боловч цэцэрлэг, сургууль, эх, ах нарынхаа зааж сургаснаар хүмүүжсэн. ... 2010 онд эхнэртэйгээ танилцан, хамтран амьдраад 2013 онд хүү Зөвсанаа, 2014 онд охин Түвшинсанаа нар мэндэлсэн. 2015 онд эхнэр Бүгд Найрамдах Хятад Улсын Бээжингийн Их сургуулийн нисэхийн удирдлагын сургуульд суралцахаар явах үед би бага насны 2 хүүхдээ хараад үлдсэн. Би өөрөө эцэггүй өссөн болохоор 2 хүүхэддээ эцгийн хайр халамжийг дутаахгүй өсгөж, тэднийхээ гэрэлт ирээдүйн төлөө, хөгшин эхийнхээ сэтгэлийг тайван байлгаж, амьдралынхаа төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Би архи уусан үедээ ч бусадтай маргалдаж элдэв асуудал үүсгэж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэвч гэрч Нарангэрэл тухайн үеийн байдлыг нүдээр харж үзээгүй байж худал мэдүүлж, алдсан нэгнийхээ алдаан дээр нь худлаа ярьж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, харамсаж явдаг, үндсэн гэмт хэргийнхээ улмаас учирсан хохирлыг төлж барагдуулна. Иймд миний амьдралын нөхцөл байдал, ард үлдэж байгаа хөгшин эх, эхнэр, балчир хүүхдүүдийг минь бодоод надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйл нь сонгох санкцтай байгаа тул заавал бүх насаар хорихгүйгээр 12-20 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар ялыг өөрчлөх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлоор М.Мад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтыг үндэслэж, анхан шатны шүүхээр хэлэлцэж тогтоосон нөхцөл байдлын хүрээнд дүгнэлт хийв.

М.М нь архи ууж, согтуурсан үедээ, 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-87 тоотод Г.Гийн хоолой болон нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, толгой, нүүрэнд нь алхаар цохиж, бие махбодид нь гүрээний зүүн тараагуур судасны зах ирмэг тэгш бүрэн таслагдал, дагзны ясны хөндий рүү цөмөрсөн, цавчигдсан хугарал, хоншоор ясны зүүн урд хана, хамар ясны зүүн хажуу хана, зүүн нүдний ухархайн доод хананы гурвалжин сэлтэрхий үүсгэсэн нийлмэл цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн зүсэгдэл бүхий гэмтэл учруулж, уг гэмтлүүдийн улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь цээж хэсгийг хутгаар зүсч хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганхуягийн “...Өчигдөр орой том хүүгээ бусдад алуулсан талаар мэдсэн. Би маш их гомдолтой байна. Энэ хэргийг бүх талаас нь хуулийн дагуу шалгаж, гэм буруутай хүнд хатуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. ...” /1 дүгээр хавтас, 61-63 дугаар хуудас/,

Гэрч Г.Нарангэрэлийн “...Би 2017 оны 6 дугаар сараас эхлэн гадуур архи уугаад явсан ба 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн 2 дахь сонгууль болдог өдөр 12 цагийн үед хорооллын бичилийн 21 дүгээр байрны ард ганцаараа явж байгаад М.Мтай тааралдсан. Тухайн үед М.М бас ганцаараа явж байсан. М.М нь намайг хорооллын 28 дугаар дунд сургуульд сурч байхад надаас 2 дээр ангид сурдаг байсан болохоор таньдаг байсан бөгөөд хамгийн сүүлд 2007 онд би Хонхорын хорих ангид ял эдэлж байхад М.М мөн тэнд ял эдэлж байсан. Түүнээс хойш уулзаагүй байсан ба тэр өдөр тааралдсан юм. Ингээд уулзахад М.М надад сая хар тамхины болон танхайн хэргээр 5 жилийн ял аваад 2 cap суугаад гарлаа гэж байсан. Ингээд М.М бид хоёр нийлээд хороололд нэг шил 0,75 литрийн "Монгол стандарт" архи авч хувааж уусан. Тэр өдөр сонгуулийн өдөр гээд архи зарахгүй байсан болохоор нь нэг дэлгүүрээс гуйж байгаад авсан. Ингээд тэр архи ууж дуусахад М.М ээж рүүгээ ярьсан ба ээж нь удалгүй 21 дүгээр байрны гадаа “Эстима” загварын машинтай ирээд М.М ээжээрээ ганц юм авахуулчихаад ирье гээд ээжтэйгээ явсан. Тэгээд удалгүй намайг хүлээгээд байж байхад М.М бас нэг 0.75 литрийн архи аваад ирсэн. ... Ингээд М.М над дээр ирж байхад араас Зэсээ гүйгээд ирсэн. Зэсээ гэдэг залууг урьд нь М.Мтай нэг удаа явж байхад нь би тааралдаад танилцаж байсан юм. Ингээд би Зэсээтэй мэндлээд Зэсээ, М.М бид гурав нөгөө архиа хувааж уусан. Ингээд тэр өдөртөө хороолол хавиар яваад орой болгосон ба М.М дахиад ээж рүүгээ ярьсан. Ээж нь удалгүй ирээд М.Мыг “энэ хавиар архи ууж байхаар хойшоо гэртээ харь” гээд уурлаад Зэсээ бид хоёрыг М.Мтай хамт машиндаа суулгаад Долоон буудал өнгөрөөд Салхитад байх М.Мын гэрт нь хүргэж ирчихээд ээж нь буцаад яваад өгсөн. Ингээд тэр өдрөө Зэсээ бид хоёр М.Мын гэрт нь хоноод маргааш нь М.Мын гэрт байсан хүүхдийн дугуйг авч гараад гэрийнх нь хойно байх дэлгүүрт зараад М.Мын гэрт нь орж архи уусан. Тэгээд л тэр өдрөөс хойш Зэсээ, М.М бид гурав М.Мын гэрт нь архидаад наадам өнгөртөл хамт байсан. Архины мөнгө байхгүй болохоор М.Мын гэрээс мөнгө болгочихоор эд зүйлсийг аваад явуулын хүнд зараад архи уудаг байсан. Завсар зайгаар нь М.Мын ээж нь хоол хүнсний зүйл авчирч өгдөг байсан. Ээжийгээ ирэхээр М.М ээжээрээ бас архи авахуулдаг байсан. Тэгээд наадмын дараа 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр байхаа М.Мын ээж нь ирээд Зэсээ бид гурвыг авч явж Сот-д байдаг байрандаа аваачиж усанд оруулаад орой нь буцаж хүргэж ирсэн. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 14-нд байна уу, 15-нд би яг өдөр сарыг нь санахгүй байна, би архины хордлогонд орчихоод архи ууж чадахгүй байсан ба Зэсээ, М.М хоёр өдөр нь архи уусан. Тэгээд орой нь 21 цагийн үед би хэвтэж байгаад босоод байшингийнх нь үүдний гал тогооны хэсэгт хоол хийгээд байж байтал М.М, Зэсээ хоёр хоорондоо маргалдаад чанга чанга дуугараад эхэлсэн. Яг юунаас болж маргалдсаныг нь би хажууд нь байгаагүй болохоор мэдээгүй. Ямар ч байсан бие биенээ хараагаад чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гарч яваад бие засчихаад гадаа тамхи татаад зогсож байтал байшин дотор дуу нь жаахан намжихаар нь яваад ортол байшингийн яг голд нь Зэсээ ямар ч хувцасгүй цээж чармай шалдан дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь М.М нэг гартаа заазуур, нөгөө гартаа алх барьчихсан өвдөглөөд сууж байсан. Намайг гарахад Зэсээ цээж нүцгэн доогуураа шорттой байсан боловч ороход ямар ч хувцасгүй шорт, дотуур өмд тайлагдчихсан байсан. Тэгээд харахад Зэсээгийн эргэн тойрон нил цус болчихсон байсан бөгөөд М.М хажууд нь өвдөглөж суучихаад гартаа барьсан заазуураараа Зэсээгийн хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад нөгөө гартаа барьсан алхаараа мөн толгой руу нь ээлжлээд цохиод байсан. Тэгээд би араас нь очоод “юу болж байгаа юм бэ, болиоч” гээд М.Мыг хоёр гартай нь давхар араас нь тэврээд автал М.М гартаа барьсан алхаараа миний баруун хөлийн өвдөг рүү цохьсон. Тэгээд би холдтол М.М чамд хамаагүй, бид хоёрын хоорондын асуудал гээд үргэлжлүүлээд Зэсээгийн толгой руу нь алхаараа цохиод заазуураараа хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад байсан. Тэгээд би ийм зүйл анх харж байгаа болохоор шоконд ороод зогсож байтал Зэсээ бие нь татганаад “болиоч ээ, гуйж байна” гээд сул дуугаар хэлээд байсан. Ингээд намайг балмагдаад зогсож байхад М.М босоод чиний зүрхийг сугалж нохойд хаяж өгнө гээд заазуураа хаяад алхаа барьсан хэвээрээ босоод гал тогооны шүүгээн дээр байсан дунд зэргийн урттай хар иштэй хутга авчирхаар нь би сэхээ ороод мөн л М.Мыг араас нь тэврээд автал М.М дахиад гартаа барьж байсан алхаараа миний хөл рүү цохихоор нь би холдчихсон юм. Тэгтэл М.М тэр хутгаараа Зэсээгийн цээжний гол хэсэг рүү дээрээс доошоо чиглэлтэй зүссэн. Би энэ үед дахиад салгах гээд очтол газар тунарсан байсан цусан дээр нь хальтираад ойчсон чинь М.М босож ирээд “хоёр хүний хоорондын асуудалд битгий ор гэж байна пизда минь” гээд миний толгой руу нэг удаа өшиглөсөн. Би тэгэхээр нь улайрчихсан цус үзсэн хүн яаж ч магадгүй гээд айгаад хөдлөөгүй. Тэгтэл энэ үед намайг харж байхад талийгаач 2-3 удаа урт амьсгаа аваад нас барчих шиг болсон. М.М намайг орон дээр байгаа юм аваад өг гэхээр нь би босоод орон дээр байсан бүтээлэг шиг зүйл авч өгсөн. Тэгтэл М.М “наадахаа дэвс” гэхээр нь би түүнийг газар дэвстэл “хөлнөөс нь өргө” гэхээр нь би талийгаачийн хөлнөөс нь өргөөд М.М толгой талаас нь өргөөд нөгөө бүтээлэг дээрээ тавиад талийгаачийн цогцосыг боосон. Ингээд М.М гараад хашаандаа байсан машиныхаа тээшийг нь онгойлгоод М.М бид хоёр талийгаачийн цогцосыг тэр машиных нь багажинд хийгээд хаасан. Тэр машин нь хар өнгийн “Бенз” загварын эвдэрчихсэн гээд явдаггүй машин байсан. Тэгээд би гэрт ортол М.М үүдэнд зогсчихоод “наад цусаа цэвэрлэ” гээд би никель түмпэнд ус хийж байгаад газраар болсон цусыг нь цэвэрлээд усыг нь гаргаад цацчихсан. Тэгтэл М.М одоо хоёулаа энд байж болохгүй, явъя гээд М.М бид хоёр гараад зам руу алхаж байтал гудамжинд хоёр эрэгтэй хүн архи уугаад зогсож байхаар нь архинаас гуйж уусан. Энэ үед шөнийн 3-4 цаг болж байсан байх гэж бодож байна. Тэгээд зам дээр гараад такси бариад шууд Хархорин руу яваад тэнд М.М эгчийндээ орно гээд нэг байрны гадаа зогсоогоод намайг үлдээчихээд тэр байрны орц руу орсон. Би хойно нь суугаад явсан болохоор хаана, ямар байранд очсоныг нь мэдээгүй. Тэгэхээр нь би буугаад жолоочоос нь утсаа өгөөч гэж гуйж аваад машинаас нь бууж байгаад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ажилтай Даваадэмбэрэл гэдэг залуу руу яриад “ийм хүн амины хэрэг гарчихлаа” гээд болсон асуудлыг товч хэлэхэд Даваадэмбэрэл намайг “архи уучихсан байгаа юм уу” гээд итгээгүй. Тэгтэл яг М.М буцаад гараад ирсэн болохоор би шууд утсаа салгаад жолоочид буцаагаад өгчихсөн. Даваадэмбэрэл төлөөлөгч дээр би урьд нь хулгайн хэрэгт холбогдоод шалгагдаж байсан болохоор таньдаг, утасны дугаарыг нь мэддэг байсан юм. Ингээд М.М бид хоёр буцаж яваад хорооллын бичилд ирээд таксины мөнгө байхгүй байсан болохоор жолоочид нь дараа нь утас руу чинь 15.000 нэгж явуулчихъя гэж тохироод утасны дугаарыг нь аваад нөгөө таксигаа явуулсан. Ингээд М.М бид хоёр бичилийн 20 дугаар байрны баруун талд явж байгаад М.Мын таньдаг нэг залуутай тааралдаад тэр залуугаас М.М 8.000 төгрөг аваад дэлгүүр орж архи авч уусан. Тэгээд архиа ууж дуусахад өглөө болсон байсан болохоор М.М бид 2 бичилийн урдаас нэг портер загварын машины жолоочтой яриад М.Мын гэрт нь дагуулж очоод гэрт нь байсан буйданг зарсан. Яг хэдэн төгрөгөөр зарсаныг нь мэдээгүй М.М л мөнгөө авсан. Ингээд М.Мын гэрт нь хэд хоног байж архи уусан. Энэ хугацаандаа М.Мын гэрээс гал тогооны стенк болон шкаф зэргийг нь зарж архи уусан. М.М “миний хажуунаас холдож болохгүй шүү” гэж хэлдэг байсан болохоор би айгаад холдож чаддаггүй байсан. Ингээд уржигдар би тамхи аваад ирье гэж М.Маас салаад шууд зугтаагаад бичилийн хойд талын гэр хороололд байдаг найз Буянаагийн эзэнгүй байшинд нь очиж хоноод өчигдөр төрсөн ах Даваадорж дээр очиж уулзаад болсон асуудлыг хэлээд манай ах өөрийн таньдаг Баянгол дүүргийн Очирбат гэдэг эрүүгийн төлөөлөгчдөө хэлээд тэр эрүүгийн төлөөлөгч  нь  надтай уулзаад би болсон хэргийг яриад М.Мын гэрийг буюу талийгаачийн цогцос байгаа газрыг нь зааж өгсөн юм" /1 дүгээр хавтас, 90-94 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батсүхийн “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-86 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамтаар оршин суудаг. Уг хаяганд оршин суугаад 8 жил орчим болж байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-87 тоотод 60 орчим настай эгч, хүүхэдтэйгээ байдаг. Гэхдээ гэр нь яг энд байдаггүй байх, хааяа л ирсэн харагддаг. Хүүхэд нь 30 орчим настай, бор царайтай, нохой тэжээдэг залуу байдаг. Тэр 30 орчим настай залуу байнга архи ууж байдаг. Наадмын өмнө хэрэг төвөгт орооцолдсон бололтой үзэгдэхгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн үеэс гэртээ танихгүй хүмүүстэй ууж байгаа харагддаг. 3 хоногийн өмнө 17 цагийн үед тэр залуу гэрээсээ гараад явж байгаа бололтой гудамжинд таарсан. Тэрнээс хойш тэр залууг хараагүй. 7 хоногийн өмнөөс салхи салхилахад өмхий юмуу муудсан үнэр үнэртээд байдаг байсан. Би тухайн үед нь нохой, муур үхсэн юм болов уу гэж бодсон. Тэр Бенз машин 6 дугаар сарын сүүлээр ирсэн. ...” /1 дүгээр хавтас,110-111 дүгээр хуудас/,

Гэрч Б.Сарангэрэлийн “...Наадмын дараагаар уг айлд 2 залуу байсан. Түүнээс хойш 3-4 хоногийн өмнө жижиг амьжиргаа цагаан машинтай хүмүүс ирээд ачаа тавилга аваад явсан юм. ...5-6 хоногийн өмнөөс өмхий үнэртэж эхэлсэн. Би тэр үедээ хог удаан хугацаанд ачаагүй орхисон үнэр нь үнэртэж байгаа байх гэж бодсон юм. Нэг бол нохой тэжээдэг болохоор нохой нь үхсэн юм байх гэж бодоод орхисон. Бенз машиныг 1 сарын өмнөөс уг залуугийн ээж нь 25 дугаар эмийн сангийн тэндээс авч ирсэн гэж хэлсэн. ...” /1 дүгээр хавтас, 112-113 дугаар хуудас/,

Гэрч Г.Даваадоржийн “...2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед миний төрсөн дүү Нарангэрэл намайг гэрээс гараад явж байхад надтай тааралдаад “нэг хүнийг нэг хүн алчихлаа. Намайг хүртэл алахаа шахлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм, тодорхой юм яриач” гэхэд “хүн алчихсан. Намайг хүртэл алахаа дөхлөө” гээд яриад байхаар нь би шууд цагдаа дээр аваад очсон юм. Тэгээд манай дүү цагдаад болсон газрыг нь зааж өгсөн. Би хамт явсан. Алсан хүнээ цагдаад хэлэхдээ “Өндөг гэдэг хочтой хүн” гэж яриад байсан. …” /1 дүгээр хавтас, 114 дүгээр хуудас/,

Гэрч Б.Даваадэмбэрэлийн “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 7 цагийн үед би гэртээ унтаж байхад миний 89... дугаар руу 95-аар эхэлсэн "Мобиком"-ын танихгүй дугаараас залгахаар нь автал Г.Нарангэрэл байсан ба надад их сандарсан байдалтай "би хүн алчихсан хүн дагаад явж байна, би бичилд байна, та хүрээд ирээч" гэж хэлээд шууд утсаа салгачихсан. Тэгэхээр нь би утаснаасаа эргээд залгахад авахгүй урдаас таслаад байсан. Тэгэхээр нь би түр хүлээж байгаад 10 орчим минутын дараа залгахад тэр дугаарыг нь нэг эрэгтэй хүн аваад “би таксины жолооч байна, сая хоёр хүн миний машинд суугаад бичил дээр буусан. Тэр хоёр хүний нэг нь миний утсыг гуйгаад ярьсан” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад тухайн өдөр хорооллын бичил хавиар Г.Нарангэрэлийг хайж явсан боловч олдоогүй. Г.Нарангэрэл нь надад хэлэхдээ “хүн алчихсан хүнтэй хамт явж байна” гэж хэлсэн ба яг хаана, ямар хэрэг гарсан талаар хэлээгүй. ...” /1 дүгээр хавтас, 115-116 дугаар хуудас/,

Шинжээч эмч О.Болороогийн “...Би талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан ба дүгнэлтэндээ ямар хүчин зүйлийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэх талаар тодорхой тусгасан. Талийгаачид тухайн үед задлан шинжилгээ хийхэд талийгаачийн цогцос ялзарч муудаж зөөлөн эд үгүй болж яс ил гарсан байсан тул зөөлөн эдэд хэдэн удаагийн ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн ямар тооны гэмтэл шарх байсныг тогтоох боломжгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 129-130 дугаар хуудас/,

М.Мын яллагдагчаар өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хороололд 28 дугаар сургуулийн хажууд байдаг 5 дугаар байрны тэнд Г.Нарангэрэлтэй тааралдаад нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд архиа дуусаад байж байтал манай ээж Лхагва машинтайгаа намайг хайгаад тэр хавиар явж байхаар нь ээжээсээ мөнгө гуйж аваад дахин нэг шил архи аваад Г.Нарангэрэлтэй хамт нөгөө архиа уусан. Ингээд нөгөө архиа уучихаад ээжээс авч үлдсэн 20.000 төгрөгөөр такси бариад Г.Нарангэрэлийг дагуулаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-87 тоотод байх гэртээ ирсэн. Ингээд маргааш нь байх Г.Нарангэрэл бид хоёр хамтдаа хорооллын бичил дээр явж байгаад талийгаач Г.Гтэй тааралдсан. Тэгээд Г.Нарангэрэл, Г.Г бид гурав манай гэрт ирээд байж байгаад манай гудамжинд доод салхитын 5-92 тоотод байдаг найз Адъяажавын хашаанд нь ороод түүний гэрийнхэн цуглаад хорхог хийж байхаар нь хамт хорхогноос нь идсэн. Ингээд маргаашнаас нь авахуулаад Г.Г, Г.Нарангэрэл бид гурав манай гэрт архидаж эхэлсэн. Сүүлдээ мөнгөгүй болоод машиныхаа запас дугуй, хөгжмийг тавиад архи авч ууж байсан. Ер нь бол Г.Г, Г.Нарангэрэл бид гурав манай гэрээс явалгүй тэндээ л архидаад байсан. Тэгээд наадам өнгөрөөд 2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө босоод Г.Г, Г.Нарангэрэл бид гурав гараад манай гэрийн тэнд байдаг "Болор" гэдэг дэлгүүр лүү ороод би хүргэн ах Баярсайхан, харин Г.Г нэг найзаасаа мөнгө гуйгаад шууд тэр дэлгүүрийн данс руу нь хийгээд дэлгүүрээс дөрвөн шил "Монгол стандарт" архи аваад гэртээ ороод нөгөө авсан архиа хувааж уусан. Ингээд архи ууж байхдаа Г.Г бид хоёр маргалдсан. Тухайн үед талийгаач Г.Г том өрөөнд буйдан дээр сууж байсан ба би өөдөөс нь хараад сууж байсан. Би согтуу байсан болохоор Г.Гийг “чи урьд нь намайг хоёр удаа зодож байсан” гэж яриад Г.Г ч гэсэн манай эхнэрийг гичий гэх зэргээр хэлж яриад үүнээс болоод Г.Г бид хоёр муудалцаад маргалдаад би том өрөөний ширээн дээр байсан заазуурыг авсан ба Г.Г ч гэсэн ширээн дээрээс хар өнгийн бариултай хутга аваад бид хоёр өөд өөдөөсөө боссон. Тухайн үед бид нар мах идээд хутга заазуураа ширээн дээр тавьсан юм. Тэгээд би барьж байсан заазуураа Г.Гийн хоолой орчимд нь нэг удаа эхлээд заазуурдсан. Энэ үед бол Г.Нарангэрэл талийгаач бид хоёрын хажууд байгаагүй, бие засна гээд гарчихсан байсан. Тэгээд би тухайн үед маш их уурласан байсан ба талийгаачийг заазуурдчихаад хартал Г.Гийн хоолойг нэлээд гүнзгий зүсчихсэн байсан болохоор тэртээ тэргүй л үхэх юм байна гэж бодоод дээрээс нь барьж байсан заазуураараа хөл, гар болон хүзүү, толгой руу нь хэд хэдэн удаа заазуурдсан. Мөн талийгаач Г.Гийн барьж байсан хутгыг чи муу намайг алах гэж байна уу? гээд гараас нь аваад мөн маш олон удаа цээж болон гар бие рүү нь хутгалсан. Би одоо бодоход талийгаачийг ямар ч байсан арваас дээш удаа хутгалж, арваас дээш удаа заазуурдсан. Ингээд талийгаач нас барсан байх үед гаднаас Г.Нарангэрэл орж ирсэн. Г.Нарангэрэл ороод ирэхээр нь би түүнд “найз нь хүн алчихлаа яах вэ, андаа” гэж хэлсэн. Тэгээд би Г.Нарангэрэлээр байшингийн ард байсан ягаан өнгийн бүтээлэг авчруулаад би бас гэрээсээ гараад гадаа сүүдэрт тавьж хэвтдэг байсан саарал бүтээлэг авчирч байгаад газар дэвсээд талийгаачийн цогцосыг түүнд боосон. Ингээд талийгаачийн цогцосыг Г.Нарангэрэл бид хоёр дамжилж гараад хашаанд байсан миний хар өнгийн “Бенз” загварын 70-20 УБВ улсын дугаартай машины арын тээшинд нь хийж хаагаад гэрт ороод Г.Нарангэрэл шалаар болсон цусыг нь цэвэрлээд би хана болон бусад газарт болсон цусыг нь арчаад мөн талийгаачийн цус болсон хөнжил, даавуу зэрэг зүйлсийг машиныхаа арын суудал дээр хийсэн. Уг нь би талийгаачийн цогцосыг хашаандаа булчихъя гэж бодож байсан боловч манай гэрт хүрз, жоотуу байхгүй байсан. Тэгэхээр маргааш л айл амьтнаас хүрз, жоотуу гуйж байгаад нүх ухаад булна, тэр болтол машиндаа хийчихэе гэж бодоод тээшиндээ хийчихсэн юм. Тэгээд тухайн үед нэлээд орой болчихсон бараг шөнө болж байсан болохоор Г.Нарангэрэл бид хоёр манай гэрээс гараад долоон буудлын тэр хавьд явж байтал хоёр залуу архи ууж байсантай тааралдаад тэр архинаас нь гуйж уугаад тэгээд явган алхаад хороолол орсон. Ингээд Г.Нарангэрэл бид хоёр тэр хавиар шагийн архи зардаг хүмүүс хайсан боловч олдоогүй. Ингээд тэр хавиар явсаар байгаад өглөө болгоод буцаад такси аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байгаад би хүрз, жоотуу олохоор гараад Адъяажав дээр очоод хүрз асуухад “байхгүй” гэсэн. Тэгээд хүрз, жоотуу хайгаад олдохгүй болохоор нь буцаж ирээд машинаасаа аккумлятор аваад гаргаж явуулын хүнд зараад мөнгөөр нь архи уусан. Ингээд талийгаачийн цогцосыг газарт булж чадалгүй нэлээд хэд хоносон ба энэ хугацаанд Г.Нарангэрэл бид хоёр манайд л байсан. Манайд байхдаа гэрийн хөргөгч, гал тогооны тавилга, буйдан, шкаф зэргийг зараад архи авч уусан. Гэрт байсан зар мэдээ сонины дагуу утсаар ярихаар машинтай хүмүүс ирээд гэрийн тавилга худалдаж аваад явдаг байсан. Тэгтэл талийгаачийн цогцос муудаж ялзарч байгаа бололтой машины ойр орчмоор өмхий үнэртээд ялаа шаваад байхаар нь болохоо болилоо гэж бодоод 2017 оны 7 дугаар сарын 21-ний үед байх Г.Нарангэрэл бид хоёр өглөө эрт манай гэрээс гараад явсан. ...” /1 дүгээр хавтас, 176-181 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 6-33 дугаар хуудас/,

Хэргийн газарт хэсэгчлэн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 35-36 дугаар хуудас/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 37-38 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1501 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гүрээний зүүн тараагуур судасны зах ирмэг тэгш бүрэн таслагдал, дагзны ясны гавлын хөндий рүү цөмөрсөн цавчигдсан хугарал, хоншоор ясны зүүн урд хана, хамар ясны зүүн хажуу хана, зүүн нүдний ухархайн доод хананы гурвалжин сэлтэрхий үүсгэсэн нийлмэл цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн зүсэгдэл гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост тогтоогдсон гүрээний зүүн тараагуур судасны зах ирмэг тэгш бүрэн тасалдал, дагзны ясны гавлын хөндий рүү цөмөрсөн цавчигдсан шарх, эрүүний зүүн булангийн сэлтрэл нь ир бүхий зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн нүдний ухархайн доод хананы гурвалжин сэлхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, зүүн хоншоор ясны урд хананы доод хэсгийн дотогш хонхойлт гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу, мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Дээрх гэмтлийг авснаас хойш богино хугацаанд үхэлд хүрнэ. Цогцос ялзарч муудсан тул биеэ хамгаалан тэмцэлдсэн ул мөрийг тогтоох боломжгүй байна. ... Талийгаач нь задлан шинжилгээгээр тогтоогдсон зүүн гүрээний тараагуур судасны бүрэн таслагдлын улмаас цус алдаж нас барсан байх боломжтой. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 121-124 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

М.М нь архи ууж, согтуурсан үедээ хохирогч Г.Гийн амь насанд аюултай байдлаар халдахдаа заазуур, хутга, алх зэргийг хэрэглэж, бие махбодид нь гүрээний зүүн тараагуур судасны зах ирмэг тэгш бүрэн таслагдал, дагзны ясны гавлын хөндий рүү цөмөрсөн цавчигдсан хугарал, хоншоор ясны зүүн урд хана, хамар ясны зүүн хажуу хана, зүүн нүдний ухархайн доод хананы гурвалжин сэлтэрхий үүсгэсэн нийлмэл цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн зүсэгдэл бүхий гэмтлийг олон удаагийн үйлдлээр учруулсан, уг гэмтлүүдийн улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь цээж хэсгийг хутгаар зүсч алсан үйл баримт тогтоогдож байна.

М.Мын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

М.Мад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

М.М нь амь хохирогчийн бие махбодийг олон удаа заазуураар зүсч, мөн олон удаа алхаар цохиж, бие махбодид нь олон тооны гэмтэл учруулсан, амь хохирогч нь гэмтлийн улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь цээж хэсгийг хутгаар зүсч хэрцгий зан авир гаргасан байдлуудыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, М.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан түүнд бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.