Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0332/З |
Дугаар | 221/МА2021/0697 |
Огноо | 2021-12-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2021/0697
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 705 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 705 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ын дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Т” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 2420501109 дугаар актын зарим хэсгийг буюу “Т” ХХК-д 39,550,417.48 төгрөгийн торгууль 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.З давж заалдах гомдолдоо: Татварын улсын байцаагчийн илрүүлсэн зөрчил болон оногдуулсан нөхөн татвартай маргахгүй. Харин торгууль, алдангийг хуульд хамруулан хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуульд хамруулаагүй болно.
Монгол Улсын Засгийн газар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 78 дугаар тогтоолыг баталсан. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийг баталж, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан, төлвөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх гэж бодлогын хувьд аж ахуйн нэгжийг татварын хариуцлагаас чөлөөлсөн.
Иймд хуульд заагдсан энэхүү хугацаанд “Т” ХХК-д хяналт шалгалт хийж татварын торгууль алданги ногдуулсан нь ижил үр дагавар үүсгэж байгаа тул 63,332,657.51 төгрөгийн торгууль алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “Т” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2420501109 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 191,907,649.47 төгрөгийн нөхөн татвар, 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги, нийт 255,240,306.98 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Гомдол гаргагчийн төлөөлөгчийн зүгээс дээрх нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн төлбөрийг “...Монгол Улсын Засгийн газар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 78 дугаар тогтоолыг баталсан, ... 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан, төлвөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх гэж бодлогын хувьд аж ахуйн нэгжийг татварын хариуцлагаас чөлөөлсөн тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Гомдол гаргагчийн шүүхэд мэдүүлсэн тайлбар, бусад нотлох баримт зэргээс үзвэл, “зөрчилд ногдуулсан нөхөн татвар”-тай холбоотойгоор гомдол гаргагчийн зүгээс маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сары 09-ний өдөр баталсан “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй”, 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэж, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын алдаги, торгуулиас чөлөөлөх тухай” хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй”, 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэж тус тус зааснаас үзвэл, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хуулийн дагуу татвар төлөгчөөс татвараа тайлагнасан, энэ хугацаанд төлөөгүй татварт ногдох, алданги, торгуулийг нэг удаа чөлөөлнө гэж ойлгохоор байна.
Хариуцагчаас гомдол гаргагч “Т” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийсэн бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.5, 14.6.2, 14.6.3, 16 дугаар зүйлийн 16.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, нийт 1,919,076,494.60 төгрөгийн татварын зөрчил илрүүлснээс 1,412,992,991.31 төгрөгийн зөрчилд 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги ногдуулсан нь “Тайгам-Алтай” ХХК-ийг татварын хууль тогтоомжид заасан журмын дагуу татвар ногдуулан тайлагнасан орлого гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, татварын байгууллагаас хийсэн хяналт, шалгалтын явцад тогтоогдсон татварын зөрчилд хамаарч байх тул Монгол Улсын Их Хурлаас баталсан 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай”, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” хуулийн 1 дүгээр зүйлд хамааруулж, “Т” ХХК ногдуулсан 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги, нийт 63,332,657.51 төгрөгийг чөлөөлөх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 705 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН