Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 630

 

В.Наранбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06119 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: В.Наранбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Булган цэнгэл” ХХК, А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 48 945 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: В.Наранбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Батхүү

Хариуцагч Булган цэнгэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Мөнгөнзаяа

Хариуцагч Булган цэнгэл ХХК-ийн өмгөөлөгч: Л.Даваасүрэн

Хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Түвшинтөгс

Хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарын өмгөөлөгч: Б.Баттөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Наранбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нартай амаар хийсэн хэлцлийн дагуу Баянгол дүүргийн 8 дугаар хороонд П.Ганбат, Х.Батбаяр нарын захиалгаар баригдсан “Кореа Таун” орон сууцны 2 барилгын гадна фасадны зарим ажлууд болох шавар эмульс, гурунт, шагари зэрэг ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Анх дангаар хийхэд цаг хугацаа их орох учир А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нартай тохиролцоод тэдний туслан гүйцэтгэгчээр  ажиллахаар болж, захиалагч П.Ганбат, Х.Батбаяр нартай “Булган Цэнгэл” ХХК-ийн нэрээр А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар ажлын бүх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сард 2 барилгын 2-14 давхрын 5115 м.кв талбайн эмульсийн ажлыг 1 м.кв-ыг 4000 төгрөгөөр буюу 20 900 000 төгрөгөөр, гурунтын ажил буюу хана бэхжүүлэх, хөрсжүүлэх нийт 5982 м.кв ажлыг 4 785 600 төгрөгөөр, гадна фасадны шагьрийн 5982 м.кв ажлыг 4 187 000 төгрөгөөр, дахин 1 давхрын болон техникийн давхрын шавар, эмульсийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Дээрх ажлын хөлсөнд нийт 75 115 600 төгрөгийг А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар  төлөхөөс 26 170 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг шаардахаар захиалагч нараас мөнгөө аваагүй байгаа, санхүүжилт өгөөгүй гэх зэргээр тайлбар тавьж хойшлуулсаар өдийг хүргэсэн. Р.Цэцэгмаа 2014 оны 9 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, өгөх, авах ажлын хөлсний талаар тооцоо нийлж, ажлын хөлсний үлдэгдэл 48 945 600 төгрөг байгаа, үүнээс 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны хооронд 10,000,000 төгрөгийг төлнө гэж гарын үсэг зурсан ч төлөөгүй. Цагдаагийн байгууллагад хандаж байсан. А.Идэрзориг, Р.Цэцэгмаа, “Булган Цэнгэл” ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 48 945 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Захиалагч П.Ганбат, Х.Батбаяр нартай “Кореа Таун” орон сууцны 2 дугаар барилгын гадна фасадны ажлыг хийхээр тохиролцож, 2012 оны 8 сарын 16-ны өдөр албан ёсоор гэрээ байгуулснаар барилгын үйл ажиллагаа эхэлсэн. Дараа нь 2012 оны 8 дугаар сарын 27-нд В.Наранбаттай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 1 м.кв талбайн ажлын хөлс 8000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл В.Наранбат нь ажлуудыг задаргаж, тус тусад нь үнэ тохиролцсон мэтээр, мөн гэрээ хийгээгүй мэтээр худлаа зүйл бичиж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. В.Наранбат нь 75 115 600 төгрөгийн ажил хийсэн юм шиг бичсэнийг зөвшөөрөхгүй. Учир нь анх гэрээгээр 1 м.кв талбайн төлбөрийг 8000 төгрөг байхаар тохиролцсон байхад нэхэмжлэлдээ 9000 төгрөгөөр бодож, мөн бусдын хийсэн ажлыг өөрийн хийсэн ажил мэтээр тайлбарлан бичсэн нь үндэслэлгүй. Р.Цэцэгмаа, А.Идэрзориг нар нь В.Наранбаттай тооцоогүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Булган Цэнгэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар манай компанийн нэрээр В.Наранбаттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хувь хүмүүс хоорондоо харилцан тохиролцож, ажил гүйцэтгэсний хариуцлагыг “Булган Цэнгэл” ХХК-д тохож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани уг асуудалд ямар ч оролцоогүй тул В.Наранбатын нэхэмжилсэн 48 945 600 төгрөгийг төлөх үндэсгүй. Дээрх байдлыг ч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа, В.Наранбат нар өөрсдөө сайн мэдэж байгаа. Манай компани хариуцагч биш. “Кореа Таун” ХХК-иас энэ хүмүүсийн хийсэн ажлын хөлс гэж нэг ч төгрөг манай компанид орж ирээгүй. Энэ нь манай компанийн дансны хуулгаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай компанийг хариуцлагаас  чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч РЮ77112515 регистртэй Хонин Онход овогт Аюурзанын Идэрзориг, ЧД84101662 регистртэй Онги овогт Раднаагийн Цэцэгмаа нараас 13 355 000 /арван гурван сая гурван зуун тавин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Наранбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 33,385,600 төгрөгийн болон хариуцагч “Булган Цэнгэл” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402 680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нараас 224 725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Наранбатад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг мэдэх гэрч нарын мэдүүлгийг, хэргийн бодит үнэн зөв нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан. Шүүх “..,төлвөл зохих хөлсөөс 28 445 000 төгрөгийг төлж, үлдэх 13 355 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй " гэсэн  атлаа ажлын хөлс болох 29 794 900 төгрөг төлсөнөөс 70 000 төгрөгийг нэхэмжлэгч аваагүй гэж маргаж, хариуцагч нотлоогүй учир 70 000 төгрөгийг 29 794 900 төгрөгөөс хасах нь зүйтэй" гэж бичсэн нь ойлгомжгүй. Шүүх ..,аман хэлцлээр шавар, эмульсний ажлаас гадна, барилгын 1 дүгээр давхар, техникийн давхар, грунт, шагьри зэрэг ажлыг хийхээр тохиролцсон, хариуцагч нар нь В.Наранбатын гүйцэтгэсэн шаварын болон эмульсийн ажлыг хүлээн авч, зохих төлбөрийг төлсөнд зохигчид маргаагүй” гэж хэргийн бодит байдлыг гуйвуулан тайлбарласан. В.Наранбат нь хэргийн 154-156 дахь талд авагдсан 2012 оны 08 сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан 5225 м.кв тортой шавар татах ажлыг бүрэн хийгээгүй, хүлээлгэж өгөөгүй, хугацаандаа амжаагүй, хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан В.Наранбатын хийх ёстой байсан 5225 м.кв тортой шавар татах ажлыг Баттулга, Чинбаяр, Батжаргал, Баяртогтох нарын бригад хийсэн. Дээрх бригадууд В.Наранбатын хийх ёстой байсан 5225 м.кв тортой шавар татах ажлаас 1.729, 87 м.кв тортой шавар татах ажлыг гүйцэтгэж нийт 12 004 650 төгрөгийг Идэрзоригоос хүлээн авсан байхад В.Наранбатын 5225 м.кв шавар татах ажлыг хүлээн авч талууд маргаагүй гэж үзэж нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй орхисонд гомдолтой. Мөн гэрчийн мэдүүлэгүүд хэргийн 223-225 дахь талд авагдсан байхад үнэлж үзсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч В.Наранбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэлцлийн дагуу ажлыг бүрэн хийж дуусгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Хариуцагч нарын хийгээгүй гэж маргасан дээрхи ажлуудыг манай бригад хийсэн болохыг тухайн үед хамт ажиллаж байсан шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Н.Нямцогт, Ц.Алтансүх нар нотолсноос гадна 2013 оны 4 сарын 23, 2013 оны 4 сарын 22, 2013 оны 6 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн кассын зарлагын ордерт хийсэн ажлын нэрийг бичсэн байдлаар уг ажлуудыг хийсэн болохыг давхар нотлосон. Шүүх нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг  үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.  Р.Цэцэгмаагийн өөрийн гараар бичсэн бичмэл баримтыг шүүхэд өгсөн. Уг баримтад миний хийсэн ажлын нэр, хэмжээ, төлөх ажлын хөлсний дүнг бичсэн байдаг. Нэгэнт уг баримтыг Р.Цэцэгмаа үйлдсэнийг зөвшөөрөөд байхад "хэзээ үйлдэгдсэн, хэн хэнтэй хийсэн, ямар ажлын тухай болох нь тодорхойгүй гээд үнэлээгүй нь талуудад тэгш бус хандаж нэг талыг барьсан явдал юм. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч В.Наранбат нь хариуцагч “Булган цэнгэл” ХХК, А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 48 945 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, Булган цэнгэл ХХК нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар нь төлбөр тооцоо дууссан гэж маргажээ.

 

В.Наранбат нь ажил гүйцэтгэх гэрээг А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нартай байгуулж Кореа таун орон сууцны барилгын гадна фасадны зарим ажлуудыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд талууд маргаагүй ч хийсэн ажлын хэмжээ, хөлс зэрэгт маргажээ.

 

Нэхэмжлэгч В.Наранбат нь 48 945 600 төгрөгийн ажлын хөлсний авлагатай гэж нэхэмжилж байгаа бол дээрх шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй юм. Хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Р.Цэцэгмаагийн 48 945 600 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн бичгийн баримтыг Р.Цэцэгмаа өөрийн гараар үйлдээгүй гэж маргаагүй ч хэдэн оны, хэнд хамааралтай баримт болох нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч одоогийн байдлаар 48 945 600 төгрөгийн авлагатай үлдсэн гэж шууд дүгнэх боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлгээр хийсэн ажлын болоод хөлсний хэмжээг нотлоогүй байна.

Хариуцагч Р.Цэцэгмаа, А.Идэрзориг ныар хөлсийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж байгаа бол энэ байдлаа мөн нотлох үүрэгтэй. Гэтэл хэргийн 183-191 дүгээр талд авагдсан нотлох баримтуудад хүлээн авагчийн гарын үсэггүй нэг талын баримтууд олон удаа авагдсан. Талуудын хоорондын тооцоог бүрэн нотлох боломжгүй байна.

 

Хэргийн 158-176 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг  анхан шатны шүүхээс үнэлж талуудын хоорондын тооцоог дүгнэж, нэхэмжлэгч 13 355 000 төгрөгийн авлагатай гэж үзсэн нь хуульд нийцсэнээс гадна эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа Р.Цэцэгмаагийн өгсөн “..,одоо ойролцоогоор 13 сая орчим төгрөгийн өглөг үлдчихээд санхүүгийн боломжгүйн улмаас өгч чадахгүй байна“ гэсэн тайлбар мэдүүлэгтэй нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт, тооцоолол зөв болсон гэж үзэж дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06119 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн төлсөн 225 000 төгрөг, нэхэмжлэгч В.Наранбатын 324 878 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

          ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД