Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01113

 

У.Ц, В.У нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00063 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар магадлалтай

У.Ц-, В.У- нарын нэхэмжлэлтэй

М.Ж-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 18 500 000 төгрөгийг буцаан гаргуулах, хохиролд үнэлгээний компанийн ажлын хөлс 250 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 1 300 000 төгрөг, нотариатын зардал 14 700 төгрөг, нийт 20 064 700 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

4 ханатай гэр, зуух гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч У.Ц-, В.У-, хариуцагч М.Ж-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч В.У-ь, У.Ц- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин У.Ц- бид хоёр охин У.Ц-гийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 19-р хороо Гүнтийн зусланд өвлийн байшин бариулахаар хамт ажилладаг М.Ж-тай харилцан ярилцан санал солилцон 25.000.000 сая төгрөгт бүх юм нь багтаж түлхүүр хүлээн авах нөхцөлтэйгөөр хүлээн авахаар тохиролцсон.Ингээд 2016 оны 3 сарын 30-нд В.У- миний бие гэрээ байгуулахаар М.Ж-тай уулзан өөрсдийн бичсэн ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулан гарын үсэг зуран баталгаатай нь дээр гээд нотариатын газар ороход энэ гэрээг батлах боломжгүй хийх ажил, материал зэрэг зүйлүүдийг нэг бүрчлэн бич гэсэн бид хоёр бичиж байтал М.Ж- яах юм бэ надад бичсэн зүйл байгаа зүгээр мөнгө төгрөгөө өгөлцөөд болоо гэсэн би ямарч баримтгүй үлдэх байх гэж санаа зовоод 2016 оны 3-сарын З0 өдөр Зээлийн гэрээ гэж байгуулан мөнгөө өгсөн. Бидний хооронд зээлийн гэрээ бус. ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр М.Ж- ажлаа хийж эхэлсэн. Бид ч гэрээний дагуу 3 сарын 30-нд 10.000.000 төгрөг, 4 сарын 5-нд 4.000.000 төгрөг, 4 сарын 11 нд 2.000.000 төгрөг, 4 сарын 18 нд 8.000.000 төгрөг, 5 сарын 20-нд 500.000 төгрөг нийт 24.500.000 төгрөгийг хүлээлгэн өгөөд байж байхдаа дахин уг байшингийн гадна тохижилтын ажил хашаа, гүүр, сагсны талбай, шит, явган хүний замыг 5.000.000 хийлгэхээр тохиролцсон бөгөөд 5 сарын 25-нд уг ажлын хөлсөнд 5.000.000 төгрөг өмнөх гэрээний үлдэгдэл 500.000 төгрөг нийт 5.500.000 нд бэлнээр өгсөн. Бид зуслангийн газар дээрээ байшинтай гаднах тохижилтоо сайжруулах гэж нийтдээ М.Ж-д 30.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл анхны ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон 6-сарын1, дараа нь гадна тохижилтын 6 сарын 10-д дуусгаж хүлээлгэн өгнө гэсэн хугацаа хэтэрч байшин дутуу хагас, гаднах ажил хуучин хашааны талыг нурааснаас өөрөөр хийгдсэн зүйлгүй байгаа. Ингээд бид ахин уулзан 2016 оны 6-сарын 22-нд 7 сарын 10 гэхэд гэрээний дагуух зарим ажлаа дуусгаж өгөх, 5.000.000 төгрөгийг буцааж өгөх хэлцлийг хийсэн. Гэвч энэ хэлцэл ямар ч үр дүн гарахгүй болох нь мэдэгдсэн. Ингээд бид М.Ж-ы дутуу хагас хийсэн ажлын явц ямар үнэлгээтэй талаар үнэлгээний газарт хандан үнэлгээ хийлгүүлсэн. Ухаа шүрт консалтинг ХХК-ны үнэлгээгээр орсон материал, ажлын хөлс зэргийг оруулан тооцоод 11.500.000 төгрөгийн ажил хийгдсэн гэж гарсан. Иймд М.Ж- 2016 оны 3 сарын 30 өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр авсан 25.000.000 төгрөгөөс 11.500.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн тул үлдэгдэл 13.500.000 төгрөгийг мөн гадна тохижилт хийнэ гэж 2016 оны 5 сарын 25-нд авсан 5.000.000 төгрөгийг аваад юу ч хийгээгүй тул 5.000.000 төгрөгөө нийт 18.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн бидний зүгээс уг гэрээнээс болж цаг хугацаа хөрөнгөө мөнгөөрөө хохирч байгаа тул Үнэлгээний компани ажлын хөлс 250.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 1.300.000 төгрөг, нотариатын хөлс 14.700 төгрөг гээд нийт 20.064.700 /хорин сая, жаран дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг М.Ж-аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй. Гүнтийн зусланд 8-10-ийн харьцаатай өвөл, зуны сууц барихаар В.У-тай ярилцсан бөгөөд 2016 оны 3 сарын 31-нд өөрийн хүмүүсийн хамт очсон. 4-р сарын 1-нээс ажил эхлэх боловч захиалагч тал эхлүүлээгүй бөгөөд 4 сарын 4-нд эхэл гэсэн. Ийнхүү 2016 оны 4 сарын 4-нөөс барилгын ажил эхэлсэн боловч газрын маргаан гарсны улмаас ажил саатсан. Гэвч М.Ж- миний бие уг ажилд сэтгэл зүрхээ зориулж, ажил эхлэхгүй удах, маргааны улмаас саатах болгонд өөрийн зүгээс хийх ёстой ажлууд болох шаардлагатай материал худалдан авах, техник хэрэгслийг бэлдэх, хүн хүчээ бэлэн байлгах арга хэмжээг авч байсан. Барилгын ажилд өөрсдийнх нь хүссэнээр чанартай материалыг худалдан авч хэрэглэсэн бөгөөд хувьдаа мөнгө авсан зүйл байхгүй. Харин би харин цаг хугацаа, хүч хөдөлмөрөөрөө хохирч байна. Уг барилгын гүйцэтгэл үндсэндээ дууссан бөгөөд нэхэмжлэгчийн өгсөн мөнгө нь өөрийнх нь барилгад материал худалдан авах, ажилласан хүмүүст нь мөнгө өгөх, тээврийн болон бусад зардалд зарцуулагдан дууссан. 25 сая төгрөгөөр өвлийн байшин барихад бүрэн хүрэлцэхгүй. Цалин хөлс гэж тусад нь өгөөгүй. Өгсөн мөнгөөр нь материал худалдан авах, тээвэрлэх, зөөх, ажилласан хүмүүсийн хоол унд, унаанаас авахуулаад бүх зүйлд нь зарцуулсан. Тиймээс зарим нэг ажил дутуу үлдэхээр нь нь гүйцээхийн тулд цаашид ажил явуулах боломжгүй байгаа буюу байна, мөнгө хүрэхгүй байгаа талаар хэлэхэд В.У- нь хэл амаар доромжилж, улмаар хүү охинтойгоо нийлэн ар гэрийнхнийг минь айлган сүрдүүлж, дарамталсан. Миний хувьд нэхэмжлэгчид ямар ч үнэ хөлсгүй, авсан зүйлгүй байшин барьж өгчихөөд өөрөө ямар ч ашиггүйгээр үл барам хохирчихоод үнэлгээ гэгч үндэслэлгүй зүйл хийлгэн, дахин их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Үнэлгээ хийлгэх, өмгөөлөгч авах, нотариатаар гэрчлүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн шийдэх асуудал байхад надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Миний зүгээс барилгын явцыг фото зургууд болон мөнгөний баримтууд нь байгаа тул хэргийн материалд хавсаргана гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Боржигон овогт Манибазрын М.Ж- миний бие хэдэн нөхдийн хамт В.У-, У.Ц- нарын захиалгаар 8x10 хэмжээтэй мансарттай орон сууцны ажлыг хийж гүйцэтгэсэн..барилгын ажилд өөрсдийнх нь хүссэнээр чанартай материалыг худалдан авч хэрэглэсэн бөгөөд хувьдаа мөнгө авсан зүйл байхгүй. Харин би цаг хугацаа, хүч хөдөлмөрөөрөө хохирч байна. Уг барилгын гүйцэтгэл үндсэндээ дууссан бөгөөд нэхэмжлэгчийн өгсөн мөнгө нь өөрийнх нь барилгад материал худалдан авах, ажилласан хүмүүст нь мөнгө өгөх, тээврийн болон бусад зардалд зарцуулагдан дууссан. 30 сая төгрөгөөр өвлийн байшин барихад бүрэн хүрэлцэхгүй. Цалин хөлс гэж тусад нь өгөөгүй. В.У-, У.Ц- нарт өгсөн мөнгө барилгын ажилд хүрэлцэхгүй байгаа талаар мэдэгдэхэд хүргэн, охин, үр хүүхдүүдийн хамтаар ирж заналхийлж, эхнэр хүүхдийг чинь оролдоно шүү гэх дарамталж миний өөрийн эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг авч явсан. Миний гэр дор хаяж 800.000 төгрөгийн үнэлгээтэй мөн 100.000 төгрөгийн зуух байсан нийт 900.000 төгрөг өгсөн зуун мянган төгрөгийн эд хөрөнгө байсан. миний бие одоогоор эхнэр хүүхдийн хамтаар айлд амьдарч байгаа бөгөөд өөрийн гэсэн гэр оронгүй байна. У.Ц-, В.У- нараас 4 ханатай гэр, зуухыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...М.Ж- нь зуслангийн байшин анх барих үедээ ажилчид байлгах, хоол ундаа хийж иднэ гэж нэхэмжлэгч нарын зуслангийн хашаанд  4 ханатай гэрээ барьсан бөгөөд тэнд ажилчид гэх 2 хүн байдаг байсан. Түүнээс өөрөөр гэрийн гэрийн асуудлыг нэхэмжлэгч нар мэдэхгүй бөгөөд түүнийг амьдарч байсан гэрийг нь авч явсан зүйл байхгүй. ...ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийгээгүй гэх маргаан үүсэж мөнгө төгрөгийн асуудал яригдах үед өгөх ёстой мөнгөө өгч байж гэрээ ав гэдэг шаардлага тавьж одоог хүртэл асуудал шийдэгдээгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00063 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1, 352 дугаар зүйлийн 352.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ж-аас 14 268 301 /арван дөрвөн сая хоёр зуун жаран найман мянга гурван зуун нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.У-, У.Ц- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 796 399 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч М.Жаргалсайхын 4 ханатай гэр, зуух гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч В.У-, У.Ц- нар хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч У.Ц-, В.У- нарын 258 280 төгрөгийг, хариуцагч М.Ж-ы 26 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Ж-аас 229 291 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч В.У-, У.Ц- нараас тус бүр 13 075 төгрөг нийт 26 150 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ж-аас 8 433 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Ц-, В.У- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 631 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “229 291” гэснийг “149 887” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч В.У-, У.Ц- нараас тус бүр 79 750 төгрөг, хариуцагч М.Ж-аас 115 500 төгрөгийг нөхөн гаргуулж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх “Ажлын үр дүн буюу амины сууцны 90 хувийн гүйцэтгэл нь 21 566 400 төгрөг гэж үнэлгээчин тогтоосон, /хх-ийн 258/ уг үнэлгээнд материалын зардал, ажлын хөлс багтжээ. Иймд хариуцагчийн нийт хүлээн авсан 30 000 000 төгрөгөөс 21 566 400 төгрөгийг хасч, үлдэх 8 433 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийн хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр анхан шатны шүүхээс хангасан үнийн дүнгээс 5 834 701 төгрөгийг хэрэгсэхгүй болгоод байгаа үндэслэлээ дурдаагүй шууд л энэхүү дүгнэлтийг гаргасан. Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт цугларсан үнэлгээний дүгнэлт болон бусад цугларсан баримтуудыг үнэлсний дагуу шүүхийн шийдвэртэй тайлбар хийж, үндэслэн 14 268 301 төгрөгийг гаргасан боловч давж заалдах шатны шүүх нь ямар үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан үнийн дүнг багасган, хасч байгаагаа дурдалгүй шууд энэхүү дүгнэлтийг хийсэн. Ажлын гүйцэтгэл 90 хувьтай байсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан шинжилсэний хүрээнд энэхүү 14 268 301 төгрөгийг анхан шатны шүүхээс гаргасан. Давж заалдах шатны шүүх нь “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангалгүйгээр үндэслэлгүй дүгнэлтийг магадлалдаа хийсэн.

Иймд анхан шатны шүүхээс хангасан үнийн дүнгээс 5 834 701 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 646 тоот дугаартай магадлалыг бүхэлдэн эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг удирдлага болгон дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг гаргасан, гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, талуудын мэтгэлцээн бүрэн явагдсан тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа хариуцагч М.Ж-аас 8 433 600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагчийн зүгээс 8х10 хэмжээтэй уг орон сууцны хийж гүйцэтгэхэд чанарыг эрхэмлэж чанартай бараа материалыг худалдан авч маргаан бүхий орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэсэн байдаг. Хэдийгээр үнэлгээнд ашиг багтсан гэж байгаа боловч хариуцагчийн зүгээс өөрт нэг ч төгрөгийн ашиг авсан зүйл байхгүй бөгөөд өгсөн мөнгө төгрөг бүгд материал, тээвэр, хөлс, зэрэгт зарцуулагдсан байдаг. Нэхэмжлэгч нар нь бараа материалын үнэ, тээврийн хөлс, хоол унааны мөнгө гэж тусад нь өгсөн зүйл байхгүй байж 45 000 000 төгрөгийн өртгөнд босох орон сууцыг 30 000 000 төгрөг өгч 90 хувийн гүйцэтгэлтэй хийлгүүлчихээд буцаан 21 000 000 төгрөг нэхэмжилж буй нь зохимжгүй юм.

М.Ж- нь ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй бус захиалагч гэх В.У- мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйн улмаас барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж маргаан бүхий 8*10 хэмжээтэй амины орон сууц 90 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон. Захиалагч мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх нь гүйцэтгэгч барилгын ажлыг барих гол нөхцөл болдог. М.Ж-ы хувьд захиалагчийн өгсөн мөнгөн төлбөр нь уг орон сууцыг барьж дуусахад бүрэн хүрэлцэхгүй байгаа талаар иргэний хуулийн 345 дугаар зүйлд заасны дагуу төсөв зохиож мэргэжлийн төсөвчид болох Г.Пэлээсүрэн, Д.Мөнхжаргал нараар “Угсралтын ажлын” төсөв 43 234 795 төгрөг. “Заслалын ажлын” төсөв 22 977 839 төгрөг. “Гүйцэтгэлийн ажлын” төсөв 34 751 902 төгрөг болсон талаар танилцуулахад захиалагч В.У- Иргэний хуулийн 345.3-т “төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй” гэж заасан мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхээс татгалзсан учир барилгын ажил зогссоноос биш М.Ж- хугацаандаа ажлыг хийж гүйцэтгээгүй асуудал биш юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 646 тоот дугаар магадлалыг бүхэлдэн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч У.Ц-, В.У- нар М.Ж-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 18 500 000 төгрөгийг хохирлын хамт нийт 20 064 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчээс өгсөн мөнгө дуусч, санхүүжилт зогссон тул барилга баригдаж дуусаагүй, харин барилга барихад хэрэглэж байсан 4 ханатай гэр, зуухаа нэхэмжлэгчээс гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2016 оны 03 дугаар сарын 30-нд В.У- М.Ж- нар “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 8х10 хэмжээтэй, мансардтай хувийн орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс  эхлэн 20-30 хоногийн дотор барьж дуусгах ажлыг 25 000 000 төгрөгт гүйцэтгэхээр тохиролцсон, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “0.7га газрын 3 тал тоосгон баганатай төмөр хашаа, модон гүүр, саравч, сагсны талбай, шит, явган хүний замыг 2016 оны 06 дугаар  сарын 10-ны дотор 5 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцох”-оор харилцан тохирч  “Хэлцэл” байгуулсан байна.

Гэрээний дагуу захиалагч В.У- 30 000 000 төгрөгийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн боловч  гэрээт ажил хугацаандаа дуусаагүй үндэслэлээр, 2016 оны 07 дугаар сарын 10-нд нэхэмжлэгчийн санаачилгаар ажлын гүйцэтгэл 90%-тай байхад гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гүйцэтгэгчийн хийсэн ажлыг “Ухаа шүрт консалтинг” ХХК 11 500 000 төгрөгөөр үнэлсэн тул гэрээний дагуу хүлээлгэн өгсөн 30 000 000 төгрөгөөс дээрх төлбөрийг хасч, үлдэх 18 500 000 төгрөг дээр үнэлгээний ажлын хөлс 250 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 1 300 000 төгрөг, бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн үйлчилгээний хөлс 14 700 төгрөгийг тус тус нэмж, нийт 20 064 700 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа “...нэхэмжлэгчээс авсан хөлс материалын үнэ, ажилласан хүмүүсийн хоол, унааны зардал, тээврийн болон бусад зардалд зарцуулагдаад дууссан. Харин би цаг хугацаа, хүч хөдөлмөрөөрөө хохирч байна. нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж, барилгын ажил гүйцэтгэх явцад хэрэглэж байсан 4 ханатай гэр, зуухын хамт нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 14 2628 301 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн  сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчаас 8 443 600 төгрөгийг гаргуулж, холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.

Гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, учирсан хохирлоо Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилжээ.

Барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар нэхэмжлэгч маргаагүй тул давж заалдах шатны шүүх ажлын гүйцэтгэлийг шүүхээс томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлсэн 21 566 400 төгрөгөөр үнэлж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байх боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд үнэлээгүй байх тул холбогдох баримтыг үнэлж, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч М.Ж- нь захиалагчаас өгсөн төлбөрийг барилгын материалд зарцуулсан гэж тайлбарлан, бараа худалдаж авсан зарлагын баримтыг хэрэгт хавсаргасан байна.

Дээрх баримтаар худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг барилгын ажилд зарцуулсан эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй тул бодит байдлаар барилгын ажилд зарцуулагдсан зардлыг баримтаар тогтоогдсон хэмжээгээр үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Барилгын ажил үнэлсэн тухай тайлангаар  материалын зардалд 11 109 857 төгрөг зарцуулагдсан гэж тооцоо гарсан боловч хэрэгт авагдсан зарлагын баримтаар 15 061 000 төгрөгийн бараа, материал худалдаж авсан болох нь тогтоогдож байна. Үүнээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1389 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Зарлагын баримтын огнооны сарын тоо засварлагдсан” нь  тогтоогдсон бөгөөд дээрх баримтад 255 000 төгрөгийн бараа авсан гэж бичигдсэн байх тул нийт зардлаас хасч /15 061 000-255 000/ барилгын материалын зардлыг 14 806 000 төгрөгөөр тооцоход шинжээчээс тогтоосон үнэлгээнээс /14 806 000-11 109 857/ 3 696 134 төгрөгөөр илүү үнээр барилгын материалыг худалдан авсан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгээс дээр дурдсан төлбөрийг хасч тооцох нь зүйтэй.

Хариуцагчийн “...санхүүжилт хүрээгүйн улмаас барилгын ажил зогссон...” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй бөгөөд үлдэгдэл ажлыг ямар үнээр гүйцэтгүүлсэн нь тодорхойгүй байх тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” цуцлагдсанд дан ганц хариуцагчийг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцалснаас учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...8 433 600 төгрөгийг..” гэснийг “...4 227 457 төгрөгийг...” гэж, “...11 631 100 төгрөгийг...” гэснийг “...15 837 243 төгрөгийг ...” гэж, “...149 887” гэснийг “82 589” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Ж-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч У.Ц-, В.У- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч У.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108 305 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД