| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0746/Э |
| Дугаар | 0777 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 0777
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Ц.Ариунтуяа, иргэдийн төлөөлөгч П.Отгонтуяа, шинжээч С.Одончимэг, гэрч Ш.О, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04033 1202 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Т.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эх, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ** дугаар баг, Орхоны ** дүгээр хэсэг гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд:
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мандалын *** тоотод иргэн Н.Б-ийг “авгайгаа зодлоо” гэх шалтгааны улмаас түүнийг зодож, цохиж эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт” бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Т.М нь 2019 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мандалын *** тоот хашаанд амь хохирогч Н.Б-ийг “авгайгаа зодлоо” гэсэн шалтгаанаар цохиж зодон, түүний бие махбодод “...гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт...” бүхий гэмтэл учруулан хүнийг алсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Т.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчимд Чойроос Улаанбаатар хотод ирээд Б ахын мэндийг мэдэх гээд очсон. Б “ах дээрээ хоосон ирсэн юм уу” гээд байхаар нь дэлгүүрээс нэг шил Хараа архи, нэг Боргио пиво авсан. Тэгээд гаднаас О Д гэдэг хүмүүстэй хамт орж ирсэн. Д гаднаас орж ирэхдээ архи авчирсан байсан. Мөн тэнд нүдний шилтэй нэг хөгшин байсан. Бид Д-ы архийг хувааж уух үед талийгаач нэлээн согтсон байсан. Эхлээд нүдний шилтэй хүн рүү дайраад “чи зайл манай гэрээс гар” гээд нүүр лүү 2-3 удаа цохисон. Тухайн хүн тэгээд гараад явсан. Дараа нь талийгаач О эгч рүү дайраад хэл амаар доромжлоод агсраад зодоод байхаар нь би ээж шигээ хүнийг зодуулаад байхыг харж чадахгүй “та болиоч” гэсэн чинь чамд хамаагүй гэхээр нь барьж аваад нүүр лүү 2 алгадсан. Талийгаач “чи яагаад байгаа юм бэ” гэхээр нь “та эхнэрээ зодоод байна” гэсэн чинь “өө ахыгаа уучлаарай, одоо дахиж тэгэхгүй” гэхээр би утасныхаа дугаарыг цаасан дээр бичиж өгсөн. Би хоёр зээд нь 10,000 төгрөг, О эгчид сүү аваарай гээд 10,000 төгрөг өгсөн. Би тэгээд гараад явсан. Намайг гарснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Би үнэхээр харамсаж байна. Би ийм хэмжээнд хүртэл цохино гэж бодоогүй. Намайг уучлаарай гэж хэлмээр байна. Харин Д гэдэг хүн тухайн үйл явдлыг зүгээр хараад суугаад байсан...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн: “...Энэ хэргийг болоогүй байхад би нөхөртэйгөө БНХАУ-д ажилладаг байсан, хэрэг гарах үед байгаагүй. Манай эгч 11 дүгээр сарын 04-ний өглөө “аав чинь хүнд зодуулсан байна” гэж ярьсан. Би хэрэг гарах үед байгаагүй. Оршуулгын зардал, шатахууны зардал 478,019 төгрөг, талийгаачийг эмнэлэгт хэвтэж байхад нь эм тарианы зардал 225,701 төгрөг, хүнсний зардал 1,649,946 төгрөг, ламд өгсөн мөнгө нь 750,000 төгрөг, оршуулгын хайрцгийн мөнгө нь 1,300,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг болсон. Нийт 6,268,666 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;
3. Гэрч Ш.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Бид таван хүүхэдтэй, б талийгаачтай 20 гаран жил хамт амьдарсан. Хэрэг гарах өдөр би нөхөртэйгөө гэртээ байсан. Д гаднаас орж ирээд намайг гаръя гээд аваад гарсан. Бид хоёрыг гарахад М зөрөөд орсон. Тэгээд Д-тай дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад очиход шүүгдэгч талийгаачтай хамт архи уугаад сууж байсан. Намайг өглөө босоход газар хэвтэж байсан. Амнаас нь цагаан юм гарсан байхад нь арчаад хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн. Эмнэлгийн тусламжийг маргааш өдөр нь 10 өнгөрч байхад дуудсан. Талийгаач бид хоёрын дунд зодоон болсон эсэхийг санахгүй байна. Би согтоод унтчихсан. Би нөхөртөө гар ч хүрч үзээгүй. Амь хохирогч эмнэлэгт 6 хоносон. Архи уугаад согтчихоод өөрөө санахгүй боловч үйл хөдлөл хийгээд байдаг зүйл байдаг байхгүй. Талийгаач хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө архи уусан байсан. 8 дугаар сарын 03-ны өглөө гарчхаад орж ирэхдээ Шагай бид хоёрыг зэрлэг зулгаагаад өг гэж байна гэсээр ирсэн. Шагай гэж манай хөрш байгаа юм. Тэгээд 30-40 минут орчим болоод ирсэн. Ирэхдээ хэн нэгэнтээ зодолдсон шинж тэмдэг ажиглагдаагүй. Хэн нэгэнтэй маргалдсан, муудалцсан талаар юм хэлээгүй...” гэсэн мэдүүлэг;
4. Шинжээч эмч С.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Амь хохирогч эмнэлэгт 6 хоног эмчлэгдсэн байсан тул шинжилгээгээр спирт илрэхгүй. Архи нь эхний хоногтоо л биеэс гарах боломжтой байдаг. Тархины гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл гэж үздэг. Хүнд гэмтэл гэдэг нь өөрөө үхэлд хүргэдэг. Энд маргах зүйл байхгүй. Хүнд гэмтэл авсны улмаас нас барах, эсхүл тухайн гэмтэл нь шууд үхэлд хүргэх гэсэн ялгаа анагаах ухааны хувьд байхгүй. Тархины гэмтлийн хувьд саруул үе гэж байдаг. Тодорхой хугацаанд үйл хөдөлгөөн хийж болдог. Эмнэлгийн тусламж оройтсон гэж хэлэх боломжгүй. Уг гэмтлийг авсны дараа хүнтэй харилцах боломжтой. Тодорхой хугацаанд эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийж, явж болдог. Тухайн хүний биеийн онцлог, цус алдаж буй хэмжээнээс шалтгаалаад 1 цаг, 1 хоног, бүр 3 хоног ч явах тохиолдол байдаг. Алгадахад үүсэхгүй, архины шилээр цохиход үүснэ гэж ялгах боломжгүй, адилхан л хүч үйлчилж байгаа болохоор аль алинд нь боломжтой. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлүүд шинэ гэмтэл учраас хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүснэ. Гэмтлийн эмнэлэг оношлоод анхны тусламж үзүүлсэн байхад хуучин гэж үзэх аргагүй. Хэрэв хуучин гэмтэл байсан бол гэмтлийн эмнэлэг тархины гавлын ясыг нээхээс өмнө хуучин гэмтлүүд байна гэж оношлох ёстой. Өөрөөр хэлбэл, гурваас дотогш хоногт шинэ гэж үзнэ. Тархины хүнд гэмтлийн үед цусан бүлэн тархийг дараад үхүүлсэн байдаг. Өвчний түүхэд тусгагдсан мэс заслын тэмдэглэлээс үзвэл цус шууд олгойдсон байна. Иймд амь хохирогчийн гэмтлийг хуучин гэмтэл гэж хэлэхээргүй байна. Шинжилгээгээр 30 грамм бүлэн авсан. Гавлын дунд хонхрын хатуу хальсан дотроос 20 грамм цусан бүлэн авсан. Хагалгааны явцад гавлын ясаа цоолох үед хар хүрэн өнгийн нөжирсөн цус өндөр даралтаар олгойдон гарсан учир хэмжиж чадаагүй байна. Цус бүрэн бүлэглэж, нөжирч амжаагүй байгаа нь тархины гэмтэл шинээс шинэ байсныг харуулж байгаа юм. Зүрх судас ажиллаад байгаа боловч тархи үйл ажиллагаагүй болсон үеийг “шокийн байдал” гэж ойлгодог. Шокийн байдлаас амь аврагдах тохиолдол байж болдог. Гэхдээ энэ хувь хүний биеийн онцлогоос хамаардаг. Хүний хацар луу 2-3 удаа алгадахад тархинд цусан хураа үүсэх боломжтой. Амь хохирогчийн тархины орой хэсэгт цусан хураа үүссэн байна. Иймд амь хохирогчийн эрүү, нүүрэн тус газарт хүч үйлчилсэн байж болно...” гэсэн мэдүүлэг;
5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 4-9 дүгээр хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 10-14 дүгээр хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, түр саатуулах байрны хяналтын камерын бичлэг (1хх-ийн 13 дугаар хуудас);
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач хууч архаг өвчин байхгүй, хэр баргийн өвчин зовуурь хэлээд байдаггүй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Манай аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч гэрээсээ гадуур явдаггүй. Архи уусан үедээ жоохон агсам согтуу тавьчих гээд байдаг талтай. Гадуур яваад хүмүүстэй хэрэлдэж маргалдаад байдаггүй…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 23-24 дүгээр хуудас);
7. Гэрч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 5-105 тоотод гэртээ байж байтал орой манай гэрт зүс таних маажиг нэртэй хүн ирээд “Б ах байна уу” гэхээр нь би “байна” гэж хэлээд гэртээ оруулсан. Би тэр залуутай зөрөөд Далай найзын хамтаар дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй архи авчхаад буцаад иртэл манай нөхөр нөгөө залуу хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи дундаа авчихсан уугаад сууж байсан. Тэгээд бид дөрөв хамт архи ууцгаасан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учир тасарчихсан байсан. Өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 8 цагийн орчимд сэрэхэд нөгөө хамт архи уусан залуу байхгүй байсан. Тэр үед манай гэрт хүмүүс орж ирэхээр нь би Б-ийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Удалгүй манай хүүхэд М ирээд түргэн тусламж дуудсан. 0.75 литрийн Хараа нэртэй архинаас 2 шилийг уусан. Мөн би тухайн өдөр айлд зэрлэг зулгааж байхдаа архи уучихсан байсан болохоор хурдан тасарчихсан. Маажиг гэж дуудаад байдаг нөхөр л сайн мэдэх ёстой. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй. Гэр нь Сэлэнгэ аймагт байдаг гэж байсан. Тэр хүн манай нөхрийг зодсон гэж Д надад хэлсэн. Талийгаачийн нүүр нь хөхрөөд хавдчихсан байсан, цус гарсан юм ажиглагдаагүй…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 26 дугаар хуудас);
Гэрч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэлээн орой болчихсон байсан. Тэр үед Д гаднаас нүдний шилтэй танихгүй эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Д тэр залуу хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд манай гэрт ирчхээд удалгүй Д дэлгүүр орж архи авч ууя гэхээр нь би хамт Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд үйл ажиллагаа явуулдаг Хүслэн нэртэй дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй архинаас 1 шилийг авсан. Тэр үед Д-тай хамт ирсэн залуу манай гэрт талийгаачтай хамт үлдсэн. Д манай гэрт ирэхдээ чемодантай хувцастай ирсэн. Юу болсон талаар асуухад манай нөхрийн охин ирээд намайг гэрээс хувцсаа аваад гээд хөөсөн гэж ярьж байсан. Манай гэрт Маажиг гэх залуу бас Д-тай хамт ирсэн нүдний шилтэй залуу болон талийгаач нар хамт архи уучихсан сууж байсан. Хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал бол байгаагүй. Тэр нүдний шилтэй залууг хэн гэдгийг нь би мэдэхгүй байна. Д анх авч ирэхдээ манай нөхрийн найз нь гэж хэлж байсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Тэр залууг хэзээ явсныг би сайн мэдэхгүй байна. Би Д-ыг ирэхээс өмнө айлд архи уусан байсан болохоор тухайн өдөр худалдаж авсан архинаас ууж байгаад тасраад уначихсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр сэрэхэд манай гэрт Д манай нөхөр хоёр байсан. Өөр хүмүүс байгаагүй. Намайг ухаантай байхад хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 28 дугаар хуудас);
8. Гэрч Д.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мандалын ** тоотод О-ын гэрт очиж О-той уулзаж байгаад бид хоёр дэлгүүр орж нэг шил архи авч уухаар болсон. Тэгээд бид хоёрыг гэрээс гартал нэг танихгүй хүн “Б ах байна уу, би Сэлэнгээс ирсэн дүү нь байна” гээд гэр нь орсон. О бид хоёр зөрөөд дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй архи авчхаад буцаад О-ын гэрт очиход Б, нөгөө залуу хоёр 0,75 литрийн Хараа нэртэй архи авчихсан уугаад сууж байсан. Тэгээд бид дөрөв нийлж авсан архиа хувааж ууцгаасан. Бид нар архи уугаад нэлээд муудаж байтал Б эхнэртээ агсам тавиад дайраад байсан. Тэр үед нөгөө залуу нь “ахаа та эхнэрээ зодож болохгүй, хоёулаа гараад уулзаадахъя” гэж хэлээд аваад гарсан. Намайг цонхоор харахад нөгөө залуу Б-той зодолдоод байх шиг байхаар нь би О-ыг “танай нөхрийг нөгөө залуу зодоод байх шиг байна, чи гараад учрыг нь ол” гэж хэлэхэд О гэрээс гарч орж ирэхдээ “одоо зүгээр, учраа олчих шиг боллоо” гэж хэлсэн. Удалгүй Б гэрт орж ирээд шууд унтаад өгсөн. Нөгөө залуу нь гэрт орж ирчхээд буцаад явсан. Би тухайн үед согтуу байсан болохоор хэн гэж өөрийгөө танилцуулж байсныг мэдэхгүй байна. Архи ууж байхад бол хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Харин сүүлд Б эхнэр рүүгээ агсам тавиад дайраад байхаар нь нөгөө залуу аваад гарсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 30 дугаар хуудас);
9. Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дарханаас Улаанбаатар хот руу аав ээж дээрээ ирэх гээд замд явж байтал манай дүү М залгаад “аавын бие жоохон сонин байна аа, ерөөсөө ухаан орохгүй байна” гэхээр нь асуусан чинь “өчигдөр архи ууж байгаад хүмүүстэй зодолдоод одоо бие нь жоохон сонин байна, түргэн дуудчихсан хүлээж байна” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод ирээд шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь манай хойд аавыг хагалгаанд орчихлоо гэж хэлсэн. Эмчтэй нь уулзсан чинь эмч хагалгаа нь амжилттай болсон гэхдээ биеийн байдал нь муу хэзээ ухаан орохыг нь мэдэхгүй байна, ер нь найдваргүй бэлэн байдалтай байгаарай гэж хэлсэн. Тухайн үед хамт архи уусан Маажиг гэх хочтой залуу манай аавыг зодсон гэж М өглөө нь гэртээ ярьж байсан гэсэн. Одоо манай хойд аав ухаангүй гэнэт гэнэт таталт өгсөн байдалтай байна. Мөн зүрхний хэм нь алдагдаад байгаа гэж эмч нь хэлсэн. Бие өвдлөө гэж ерөөсөө ярьдаггүй, архаг хууч өвчин байхгүй… Б согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. Нэг уухаараа 3-4 хоног уучихдаг, тааламжгүй харилцаатай хүн байдаг талаар мэдэхгүй…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 32 дугаар хуудас);
10. Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймагт айлын 3 дахь хүүхэд болж төрсөн… М нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй. Ажил хийж байгаад 3 давхраас унаж байсан удаатай гэж ээж хэлж байсан. Би байнга хамт байгаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямартай ч тухайн өвчнөөсөө болоод өөрийн эрхгүй шээчихдэг болчихсон гэж байсан… М тамхи татдаг. Харин архи согтууруулах ундааны зүйл тэгж ихээр хэрэглээд байдаггүй, агсам согтуу тавиад байдаггүй. М ааш зангийн хувьд тайван, хүний үгнээс гарахгүй, хүмүүстэй нийтэч. Багаасаа хар бор ажил хийж өссөн болохоор ядарсан хүмүүст тусалж байдаг хүүхэд байгаа юм…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 36 дугаар хуудас),
11. Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М-ыг 2018 онд Улаанбаатар хотод авч ирж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 8 ширхэг хадаас тавиул гэж хэлсэн. Тухайн үед мөнгөний боломж байхгүй байсан учир хадаас тавиулж чадаагүй. Тэрнээс хойш өөрийн эрхгүй шээс алддаг болчихсон. Байнга памперс даавуутай явж байдаг. М 5 жилийн өмнө Сэлэнгэ аймагт нэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад салсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 38 дугаар хуудас);
12. Гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М гэдэг нэрээр нь бол мэдэхгүй өмнө нь манай гэрт ирж байсан Маажиг гэх нэрээр нь зүс таних төдий хүн байгаа юм. Өмнө нь манай гэрт ирж хонож байсан удаатай. Тэр шөнө 21 цагийн орчим манай гэрийн ойролцоо байрлах худгийн орчимд М гэх хүнтэй тааралдсан. М өөрөөсөө хөгшин хүнтэй хамт явж байсан. Тухайн үед тааралдаад аавыг гэртээ байгаа юм уу гэж асуухаар нь “гэртээ байгаа” гэж хэлээд явсан. Би тухайн өдөр гэртээ харьж хоноогүй найзындаа очиж хоносон. Намайг гэртээ ирэхэд манай аав цонхны доод талын орон дээр буруу харчихсан унтаж байсан. Харин ээж Д гэх эмэгтэйн хамт газар матраас дээр унтаж байсан. Би гэрээс хөнжил аваад гадаа машин дотор орж унтсан. Өдөр 13 цагийн орчимд сэрээд гэр рүү явж ортол аав газар хэвтэж байсан. Очоод хартал аавын амнаас бор өнгийн шингэн гоожсон байдалтай байхаар нь сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Тэгээд би шууд түргэн тусламж дуудсан. Намайг гэрт ороход тэр хоёр сандал дээр юм ярьсан сууж байсан…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 44 дүгээр хуудас),
13. Гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед Д-ы нөхөр Л-тай уулзаад байж байгаад оройн 21 цагийн үеэс гэрээс гартал Д “Самбуу ахаа” гээд дуудахаар нь би “чи яаж яваа юм бэ” гэж асуусан чинь “манай найзынд хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би явган, Д-ы бараан өнгийн чемоданыг Б гэх айлынд хүргэж өгөөд гэрт нь Д-ы хамт ороход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн газар орон дээр унтаж байсан, гэрэл унтраастай байсан. Тэгээд Д тэр эхнэрийг нь бос гэсэн чинь эхнэр нь хэсэг хугацааны дараа боссон. Би явлаа гэж хэлсэн чинь Д та байж бай би юм /архи/ зохицуулаад ирье гэж хэлээд чемоданаа ухаад байсан. Тэгээд нөгөө эмэгтэйг Д дагуулаад гараад явчихсан. Харин би гэрт нь нөгөө Б гэх хүнтэй хамт үлдсэн. Удалгүй гаднаас танихгүй бор царайтай, дундаж өндөртэй хүн орж ирээд “Б ахаа та сайн байна уу” гэсэн чинь Б “чи хэн бэ” гэсэн ба тухайн үед гэрийнх нь гэрэл унтраастай байсан. Тэгээд нөгөө залуу асаагуураар өөрийнхөө царайг харуулсан чинь Б “өө чи юу” гээд байсан. Б тэр залууг “чи ах дээрээ хоосон орж ирээ юу” гэсэн чинь тэр танихгүй залуу “харанхуй шөнө айлд хар ус авч орж ирэхгүй ээ” гэж хэлсэн. Б тэр залууд цай хийж өгөөд “ахдаа нэг шил архи аваад өг” гэсэн чинь тэр залуу “за хоёулаа хамт гаръя” гээд гарсан. Харин би гэрт нь ганцаараа үлдсэн. 10 гаруй минутын дараа Б нөгөө залуугийн хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шил, 2 ширхэг тараг, 1 лааз Боргио нэртэй пиво авч ирээд тэр хоёр архиа хувааж уугаад надад 1 хундага өгөхөөр нь би тэрийг нь уусан. Дахиад өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд байж байтал Бямбаагийн эхнэр нь гаднаас орж ирээд “өө Сэлэнгээс ирсэн Маажиг уу” гэж Б-д хэлж байсан. 10 гаруй минутын дараа Д хоосон орж ирсэн. Д, Б, тэр танихгүй эмэгтэй, нөгөө залуу хамт архи уусан. Тэгээд би гэрээс нь гараад явчихсан. Намайг гэртээ хариад цагаа харахад 23 цаг 40 минут болж байсан. Би Москва ресторанаас гэр хүртлээ алхсан. Би хоёр найзтайгаа хамт 0.5 литрийн архи уусан байсан. Түүнээс өөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би тухайн өдөр юу болсныг мэдэж байгаа… Намайг тэдний гэрт байхад Б гэх хүн хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 47 дугаар хуудас);
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9518 дугаартай шинжээчийн: “...Н.Б-ийн биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, комын байдал, духны зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, тархины хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 49);
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн цогцост задлан шинжилгээ хийсэн 1741 дугаартай шинжээчийн: “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа. Цусан хурааг авах мэс ажилбарын дараах байдал: Тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт. Зүрх судасны хурц дутагдал, тархи уушгины хаван. Нүүр, цээжний зулгаралт, цус хуралт, зүүн IV-VI –р хавирга эгмийн дунд шугамаар хугарал. Дүгнэлт: Н.Б-ийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношны хэсэгт дурдсан гэмтэл тогтоогдлоо. Н.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Н.Б-ийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. Химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй гэсэн хариу ирсэн байна. Цус нь АВО-н системээр 01-р бүлэгт хамаарна. Эмнэлгийн зохих ёсны тусламж үйлчилгээг журмын дагуу үзүүлсэн байна. Дээрх тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 53-57);
16. Шинжээч эмч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9518 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ /цохих, өшиглөх, цохигдох/. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Хүний нүүрэн хэсэгт 3-4 удаа цохисны улмаас гавал тархины хүнд гэмтэл үүсэх боломжтой. Хүн гавал тархины хүнд гэмтэл авснаас хойш харилцан адилгүй цаг хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Хүний бие организмын байдлаас хамаарч харилцан адилгүй хөдөлгөөн хийдэг. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд дээрх гэмтлийн авсан байх боломжтой. Духны зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд. Амь хохирогч Н.Бийн биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдсан, аалзан хальсан доорх тархины цус харвалт гэмтэл нь толгойны зүүн талаас цохих, цохигдох явцад үүсгэгдэх боломжтой. Яагаад гэвэл уг гэмтэл нь цохилтын эсрэг талд цусан хураа үүсгэх боломжтой гэмтэл юм…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 82-83 дугаар хуудас);
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9918 дугаартай шинжээчийн: “...Т.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 85 дугаар хуудас);
18. Шүүх сэтгэц эмгэг судлалын 77 дугаартай шинжээчийн: “...Т.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Т.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.М нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байна. Т.М-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. Т.М нь СЭМҮТ-ийн хяналтад байдаггүй. Т.М-ын сэтгэл зүйн байдал нь одоогийн насандаа байна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 91-92 дугаар хуудас);
19. Шүүгдэгч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Бямбаа ах юу ч болоогүй байхад О эгчийн нүүр лүү гараараа нэлээн олон удаа цохисон. Тэгэхээр нь би “Б ахаа болилдоо” гэсэн чинь Бямбаа ах “чамд ямар хамаатай юм бэ гөлөг минь” гээд над руу дайрч байснаа больчихсон. ... би биеэс нь тэврээд буцаагаад тавьсан чинь Бямбаа ах миний цээж рүү хөлөөрөө 1 удаа жийхээр нь би Бямбаа ахын хүзүүнээс зүүн гараараа боогоод нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохичхоод буцаагаад тавьсан... Би Б ахын нүүрний зүүн хэсэгт гараараа 4 удаа цохиод дараа нь нэг удаа зүүн гараараа хоолойг нь боогоод баруун гараараа цээж рүү нь 1 удаа цохисон. Тэгээд би гараад явсан, Б ах гайгүй байсан. Нөгөө танихгүй эрэгтэй нь болон О эгч хоёр мөн гайгүй байсан. Тухайн үед болсон зүйлийн талаар мэдэх боломжтой байсан…2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байран дотор хагарсан плита байхаар нь би амиа хорлох гээд хоёр гараа зүссэн. Би сэтгэл санаагаар унаад амиа хорлох гэж байсан. Цагдаа нарт мэдэгдэхгүйгээр даавуу нөмрөөд миний бие өвдөөд байна гээд эмч дуудсан чинь эмч намайг үзээд гараа минь зүссэн байхыг хараад эрүүлжүүлэхийн цагдаад хэлсэн. Би өөрийн хоёр гараа тус бүрд нь нэг удаа зүссэн…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 107-108 дугаар хуудас);
20. Гэрч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би архи ууж даадаггүй, амархан согтчихдог юм… Би хэд дэх шилтэй архи ууж байхдаа тасарснаа мэдэхгүй байна. Тиймээс тухайн үед юу болсон талаар санахгүй байгаа… Өглөө болох хүртэл би юу ч санахгүй тасарчихсан байсан. Босоод хартал манай нөхөр орны урд талаар хивсэнцэр дээр газар унтаж байсан. Манай нөхөр их эрт босдог хүн гэтэл унтаж байхаар нь гайхаад нөхөр дээрээ очоод сэрээх гэтэл амнаас нь цагаан хөөс шиг юм гарчихсан байхаар нь бөөлжсөн юм байна гэж бодоод алчуураар арчсан. Тэр үед манай нөхөр хурхираад байхаар нь сэрээгээгүй орхичихсон, урьд нь ингэж хурхирч унтдаг болохоор тоолгүй орхисон. Би эхний шилтэй архийг ууж байгаад тасарчихсан байсан, манайд хэрүүл маргаан болсныг би мэдэхгүй байна. Талийгаач тухайн өдөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Өмнө талийгаач надтай хэрэлдэж маргалдахдаа цохиж байсан удаатай. Тэгэхдээ гэмтэл учиртал цохиж зодож байсан удаа байхгүй…нүүрэн хэсэг нь улаан хүрэн өнгийн болсон, зүүн нүдний зовхи нь доод тал нь бага зэрэг жоохон хөх өнгийн туяа орсон байсан…” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 95-98 дугаар хуудас);
21. Гэрч Д.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах О-ын гэрт очсон. О бид хоёр түүний 2 настай хүүхдийн хамт 1 шил архи авах санаатай гэрээс гарсан. Бид хоёрыг гэрээс гарч байхад талийгаач Б, Б ах болон 3 нас орчимтой жоохон хүүхэд нар гэрт үлдсэн. Жоохон хүүхэд нь матраас нь дээр унтаж байсан. О бид хоёр байшингаас гарч ирэхэд хашааны хаалга нэг хүн нүдээд байсан. О хэн бэ гэж асуухад “Сэлэнгээс ирсэн дүү нь байна, Б ахтай уулзах гэсэн юм” гэж хэлсэн ба О “Б гэртээ байгаа, ор ор” гэж хэлчхээд бид хоёр зөрөөд явсан. Тэр залуу нь дунд зэргийн нуруутай, бор залуу байсан. Хажуугаар ойрхон зөрсөн учраас би бор царайтай гэдгийг нь сайн харсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас ямар хувцастай байсныг нь анзаарч хараагүй. Бид хоёр Е хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи худалдаж аваад буцаж гэр лүүгээ орохоор хаалга нүдэхэд талийгаач Б хаалга тайлж өгсөн. Тэр гэрт хоёр жоохон хүүхэд, талийгаач Б, Б ах, О, нэрийг нь мэдэхгүй Сэлэнгээс ирсэн жижигхэн бор залуу бид долоо байсан. О бид хоёрыг дэлгүүр орох гээд гарах үед ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл байгаагүй. Харин дэлгүүрээс юм авчхаад буцаад ирэхэд 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шил, 1 лааз пиво, хүүхдүүд нь чихэр, зайрмаг зэрэг зүйлсийг Сэлэнгээс ирсэн гэх залуу авчихсан байсан. Талийгаач Б тэр залуу руу заагаад “манай дүү эд нарыг авч өгсөн” гэж хэлсэн. О бид хоёрыг гэрт орж ирэхэд архиа дөнгөж задлаад удаагүй, пивоо задлаагүй байсан. Эхлээд бид Сэлэнгээс ирсэн дүүгийнх нь авч өгсөн архийг жижиг хундагаар бүгд адилхан тойруулж ууцгаасан. Би тухайн архинаас заримдаа уугаад заримдаа уухгүй өнжөөд байсан учраас болсон явдлын талаар сайн санаж байна. Бид нар тойрч юм ярьж сууцгаагаад хоёр дахь 0.75 литрийн Хараа нэртэй архиа ууж байхад талийгаач Б, О нар нэлээд согтуу байгаа харагдсан. Харин Сэлэнгээс ирсэн бор залуу гайгүй харагдаж байсан, гэхдээ халамцуу байсан. Юм яриад сууж байтал талийгаач Б гэнэт орилоод босоод ирсэн. Талийгаач ер нь архи уухаараа агсам согтуу тавьдаг овилгогүй зантай. Тэгээд эхнэр О руугаа “шалчигнаад байлгүй чи дуугай бай” гэж хэлээд агсраад байснаа шууд нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадаад авсан. Дараа нь Б ахын нүүр хэсэг рүү хоёр удаа алгадсан. Тэр үед Сэлэнгээс ирсэн бор залуу О, Б ах хоёрыг өмөөрч “настай, аав шигээ хүнийг зодлоо. Бас эхнэрээ цохиж авлаа, таныг арай ч ийм гэж бодоогүй” гэж хэлсэн. Үүний дараа Бадамсамбуу ах уурлаад үг дуугүй шууд гэрээс гараад яваад өгсөн. Бадамсамбуу ахыг гэрээс гараад явсны дараа гэрт дахин маргаан болж Сэлэнгээс ирсэн залуу талийгаач руу “аав шигээ хүнийг зодлоо тэрнээс болоод уурлаад гараад явчихлаа шүү дээ” гэж хэлээд маргалдсан. 5-10 минут орчмын дараа (Б ахыг явсны дараа) Сэлэнгээс ирсэн залуу талийгаачийг “гаръя” гэж хэлээд түрүүлээд гарсан ба араас нь талийгаач Б гарсан. Гэрээс гараад тэр хоёр маргалдаад байсан юу ярьж байсан нь сонсогдоогүй. Хоёулаа чанга чанга дуугараад маргалдаад байсан. Намайг босоод байшингийн хоймор талын цонхоор харахад тэр хоёр нэг нэгийгээ заамдчихсан зогсож байсан, бас бие биеэ цохиод байсан. Цонхоор харахад надаас 2-3 алхмын зайтай байсан. Цонхны гэрэл тэр хоёр луу тусаж байсан учраас заамдалцаад бие биеэ цохиж байгааг нь харж чадсан. Гараараа нэг нэгийгээ цохиод байсан, гартаа юм барьсан эсэхийг нь анзаараагүй, мэдэхгүй байна. Хөлөөрөө цохисон эсэхийг хараагүй, ямар ч байсан гараараа, бие биеийнхээ толгой хэсэг рүү нь цохиод байсан, хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй. Тэр үед О согтуу орон дээр сууж байсан. Би Оод “тэр хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байна, чи гарч нөхрөө олж ир” гэж хэлсэн. О гэрээс гараад удалгүй буцаж орж ирэхдээ “тэр хоёр хоорондоо зохицож байна” гэсэн. Гэтэл орж ирэхгүй дуу нь чангараад орилолдоод байхаар нь Оод “гарч тэр нөхрийгөө оруулж ир” гэж дахиад хэлсэн. Удалгүй О Б-ийг сугадаж гэрт оруулж ирсэн, 23 цаг болж байх шиг байсан. Учир нь дэлгүүр хаагаагүй байсан. Ер нь бол дэлгүүр шөнийн 12 цагийн үед хаадаг. Намайг цонхоор харахад дэлгүүрийн гадаах гэрэл асаалттай байсан. Дэлгүүр хаахаар гэрэл нь унтарчихдаг юм. О талийгаач Бийг гэрт оруулж ирэнгүүт нь би талийгаачийг хэвтүүлж унтуул гэж хэлсэн. Тэр үед орон дээр хоёр жоохон хүүхэд унтаж байсан. Талийгаач Б газар ширээний урд талд шууд хэвтээд унтаад өгсөн.Ооос “Сэлэнгээс ирсэн жижиг бор залуу яасан юм бэ” гэж асуухад “явчихсан” гэж хэлсэн. Цаг орой болчихсон байсан болохоор би тэдний гэрт хоносон. Маргааш өглөө нь 08-09 цагийн орчимд босоход талийгаач өчигдөр орой унтаж байсан газраа ямар ч хөдөлгөөнгүй, дээшээ хараад хурхираад, амнаас нь хөөс шиг цагаан юм гараад унтаж. Би О-д хандаж “түргэн тусламж дуудаарай, Б нэг л биш болчихсон байна шүү “ гэж хэлээд гэрээс нь шууд гараад явсан. О, талийгаач хоёр манай гэрээр орж гардаг байсан учраас таньж мэддэг. ...Би талийгаачийг гэрт орж ирэхэд нь биед нь ил харагдах гэмтэл байгаа эсэхийг анзаарч хараагүй... Талийгаачийг гэрт байсан хүмүүсээс архины шилээр зодож цохиогүй. Архины шил гэрээс хэн авч гарсныг хараагүй. Гэр дотор талийгаач эхнэрээ нэг удаа алгадсан, мөн Б ахыг 2 удаа алгадсан. Тэрнээс өөрөөр бусад хүмүүсийн хооронд зодоон цохион болоогүй...Би талийгаач Бид хүрээ ч үгүй....” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 103-105 дугаар хуудас);
23. Цаг уур орчин шинжилгээний газрын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/155 дугаартай: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нар 05 цаг 32 минутад мандаж, 20 цаг 25 минутад жаргасан байна. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нар 07 цаг 27 минутад мандаж, 18 цаг 44 минутад жаргасан байна...” гэсэн албан бичиг (2хх-ийн 109 дүгээр хуудас), Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны өглөө нар 5 цаг 30 минутад мандаж, орой 20 цаг 25 минутад жаргасан байна. Тухайн өдөр сарны фаз 7 хувьтай байсан бөгөөд сар 22 цаг 01 минутад жаргасан тул 22-23 цагийн үед саргүй байжээ. Иймд тухайн цаг үетэй болон үзэгдэх орчин тохирох хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21-22 цаг байх боломжтой байна...” гэсэн албан бичиг (2хх-ийн 112 дугаар хуудас);
24. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “…Уг ажиллагаанд оролцогч туслах ажилтан Д-ыг байшингийн цонхноос урагшаа 3 алхам зайд байрлуулан зогсоож, уг байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд талын цонхноос урагшаа 3 орчим алхам зайд буюу 210 см, байшингийн бүргэд хаалганаас ертөнцийн зүгээр зүүн урд талын цонх хүртэл 5 орчим алхам буюу 350 см зайд байрлуулан зогсооход явган хүн явах зориулалттай жим байрлаж байх ба шинжээч уг байрлалыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Туршилтыг цааш үргэлжлүүлэн уг байшин дотор орж байшингийн дотор талаас байшингийн зүүн урд талын цонхоор туслах ажилтны Д.Д-ы байрлан зогсож байгаа газрыг харахад цонхны цаанаас туслах ажилтан Д.Д зогсож байх нь харагдаж байх ба шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав…” (2хх-ийн 113-117 дугаар хуудас);
25. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-гийн дахин өгсөн: “...нийт 6,268,666 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Би шүүх хуралд оролцоно, гомдолтой байна, сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байна...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 118-119 дүгээр хуудас);
26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 365 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 365 дугаартай, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 265 дугаартай шинжээчийн: “...Талийгаач Н.Б-ийн өвчний түүхэнд 2019.08.04 болон 2019.08.05-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээгээр хамар ясны хуучин хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хуучин цөмөрсөн хугаралтай, 2019.08.04-ний өдрийн цээжний эгц рентген зургаар цээжний 2 талаар хавирга ясны хуучин хугаралтай гэж дурдагдсан байх ба эдгээр гэмтлүүд нь хуучин бороолсон хугарал гэмтлүүд байх тул шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байна. Талийгаачийн цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр зүүн талын IV-VI дугаар хавирга, эгмийн дунд шугамаар, баруун талын III-IV дүгээр хавирга завсрын булчинд цус хурсан гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ нь шинэ гэмтэл байна, сэхээн амьдруулах арга хэмжээний үед үүссэн байх боломжтой. Талийгаач Б нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас нар барсан байх ба дээрх гэмтлийг аваад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9518 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн цогцост хийсэн задлан шинжилгээний 1741 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 123-129 дүгээр хуудас);
27. Шүүгдэгч Т.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 138 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 154 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хурлын хэлэлцүүлгийн байдал, улсын яллагчийн ялласан байдал, бусад хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна. Хэргийн бүрдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал гэдэгт гэмт хэрэг гарсан байдал, хэрэг хаана гарсан, санаа зорилго нь юу юм бэ гэдгийг нарийвчлан тогтоосон байх ёстой. Гэтэл анх сэжигтнээр мэдүүлэг авахаас эхлэн миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Мөн гэрч Д-ы мэдүүлэг, миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг, О-ын мэдүүлэгт гурван өөр зүйл яриад байдаг. Гэрч Д-ы мэдүүлэгт гэмт хэрэг гадаа болоод байгаа юм шиг ярьдаг, гэхдээ эх сурвалжаа шууд зааж чаддаггүй. Миний үйлчлүүлэгч нүүрэн тус газар нь гурван удаа алгадсан гэдэг. Гавал тархины битүү гэмтэл нь алгадалтаас үүсэх боломжтой эсэх, эсхүл архины шилээр цохиход ийм гэмтэл учрах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтийг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэхдээ хуульд заасан үндэслэл, арга хэрэгслээр үнэлнэ. Эдгээр асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Үүнд мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс нь үнэн бодитой хянаж шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн байдаг. Нотолбол зохих үүрэг нь мөрдөгчид, хянах үүрэг нь прокурорт байгаа гэдгийг хуулиар зохицуулж өгсөн. Гэтэл өнөөдөр энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Д гэмт хэрэг гадаа болсон гэж тогтвортой мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч “би гурван удаа алгадсан, дараа нь хоорондоо эвлэрсэн, надтай чөлөөтэй харьцаж байсан” гэж мэдүүлсэн. Энэ үйлдлээс өмнө маргаан дуусаад ярилцаад сууж байхад хажуугаас нь архины шилээр цохисон байдаг. Энэ хүн гэр бүлийн маргааныг зогсоосныхоо төлөө гэмт хэрэгтэн болоод энд сууж байна, хүнийг алах зорилго байгаагүй. Үүнээс харахад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл авсны улмаас нас барсан гэж гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ гэмт хэргийн улмаас нас барсан бол...” гэж заасан байгаа. Тухайн хохирогч эмнэлгийн тусламж аваад 6 хоног амьд байсан. Тиймээс хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлж өгнө үү... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч Д.Д, Ш.О, шүүгдэгч Т.М нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрөөтэй байгаа учир эргэлзээтэй нөхцөл байдал үүслээ гэх боловч яг ямар зөрөө үүссэн, ямар эргэлзээ бий болсон талаар тодорхой дурдсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгасны үндсэн дээр шүүх бүрэлдэхүүн хууль болон эрх ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягталж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.М-ын “би гурван удаа алгадсан, дараа нь хоорондоо эвлэрсэн, надтай чөлөөтэй харьцаж байсан” гэсэн мэдүүлгийн тухайд шинжээч эмч шүүх хуралдаанд “...Тархины гэмтлийн хувьд саруул үе гэж байдаг. Тодорхой хугацаанд үйл хөдөлгөөн хийж болдог. Эмнэлгийн тусламж оройтсон гэж хэлэх боломжгүй. Уг гэмтлийг авсны дараа хүнтэй харилцах боломжтой. Тодорхой хугацаанд эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийж, явж болдог. Тухайн хүний биеийн онцлог, цус алдаж буй хэмжээнээс шалтгаалаад 1 цаг, 1 хоног, бүр 3 хоног ч явах тохиолдол байдаг...” хэмээн шинжлэх ухааны үндэслэл бүхий хариулт тайлбар өгсөн болно.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад Ш.О нь өөрийн нөхөр буюу амь хохирогч Н.Б-ийн толгой руу шилээр цохисон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Амь хохирогч эмнэлэгт 6 хоног амьд байсан, түүний биед учирсан гэмтлийн зэрэг нь хүнд ангилалд хамаарч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэснийг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь, шинжээч эмчийн тайлбарласан эрүүл мэндийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хүнийг үхэлд хүргэдэг гаднын хүчин зүйл нь өөрөө хүнд гэмтэл байдаг бөгөөд тухайн гэмтэл нь амь насанд аюултай шинжээрээ хүнийг үхүүлсэн байхад цаг хугацааны шалгуураар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь өрөөсгөл юм.
Харин хууль зүйн хувьд гэмт этгээдийн учруулсан хүнд гэмтэл нь хохирогчийг шууд үхэлд хүргээгүй, хүргэхээргүй байсан боловч хохирогчийн биеийн онцлог, хавсарсан өвчин зэрэг эрүүл мэндийн байдал, насны доройтлоос шалтгаалан учирсан гэмтлийнх нь эсрэг хэрэгжүүлж буй эмчилгээний ая даалгүй (гэмтлээс гадна бусад нэмэлт хүчин зүйлс) нас барсан бол хүнийг алсан бус хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх боломжтой. Гэхдээ тэрхүү гэмтлээс гадна нэмэлт хүчин зүйл нь хүнийг жам ёсны үхэлд хүргэхээргүй байх ёстой.
Тодруулбал, хүнийг алах гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хүн нас барсан гэмт хэргээс ялган зүйлчлэх гол нөхцөл нь гэмт этгээдийн учруулсан хүнд гэмтэл нь ямар нэгэн нэмэлт хүчин зүйлгүйгээр дангаараа хүнийг үхэлд хүргэсэн байхыг шаардана. Хэрэв амь насны эндэл нь эмчилгээтэй холбоотой бол хүний амь нас хохирсон хор уршгийг шалтгаант холбооны үүднээс авч үзэх учиртай.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Т.М-ын учруулсан гавал тархины битүү гэмтэл нь амь хохирогч Н.Бийг үхүүлсэн болох нь, мөн эмнэлгийн тусламжийг журмын дагуу үзүүлсэн болох нь удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.М-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нийт 6,268,666 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх 2,368,966 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгч Т.Маас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д олгохоор шийдвэрлэж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчдөө төлсөн 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нь энэ хуралдаанаар хэлэлцээгүй орхисон нотлох баримтгүй болон нотлох баримтын шаардлага хангаагүй бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдэхэд амь хохирогчийн зүй бус байдал зохих хэмжээгээр нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Т.М нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан. Энэ өдрөөс хойш цагдан хоригдож байгаа ба 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 335 хоног буюу 11 сар 5 дахь хоногт цагдан хоригдож байгаа. Иймээс уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хамтаар хадгалах саналтай. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааныг таслан зогсоох гэсэн үйлдэл гаргасан. Миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалттай. Эмнэлгийн болон бусад нотлох баримтаар Монгол Улсад хагалгаа хийлгэх боломжгүй заалттай. Биеийн эрүүл мэндийн хувьд хүнд байгаа учраас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан доод хэмжээ болох 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авах боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.М-д найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 335 (гурван зуун гучин тав) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ын цагдан хоригдсон нийт 335 (гурван зуун гучин тав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Маас 2,368,966 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тд олгож, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нь нотлох баримтгүй болон нотлох баримтын шаардлага хангаагүй бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.М-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.М-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА
ШҮҮГЧИД Б.БЯМБААБААТАР
М.МӨНХБААТАР