Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 0760

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, улсын яллагч Ц.Ариунтуяа, Х.Онолт, иргэдийн төлөөлөгч С.Бор, гэрч С.Г, М.Г, хохирогчийн өмгөөлөгч А.Ганзориг, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05136 1486 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овгийн Б.Д, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооллын ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн ** дүгээр гудамжны ** тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Д-ийг банз модоор толгой хэсэг рүү нь цохиж, зодож талийгаачид духны баруун хэсэг, баруун зулайн цөмөрч олон салаалсан шугаман хугарал, духны баруун дэлбэнгийн няцралт, хоёр тал бөмбөлгийн тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны шарх, цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч М овгийн Б.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн ** дүгээр гудамжны ** тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Д-г авдрын таг модоор толгой руу нь цохиж, түүний бие махбодод “...духны баруун хэсэг, баруун зулайн цөмөрч олон салаалсан шугаман хугарал, духны баруун дэлбэнгийн няцралт, хоёр тал бөмбөлгийн тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны шарх, цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт, цус хуралт...” бүхий гэмтэл учруулан хүнийг алсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Д-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Гэрч Н.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...шүүгдэгч нь хохирогчийг авдрын банзаар цохисон. Би амь хохирогчийн гэрт нь орсон, тухайн үед харанхуй байсан учраас тодорхой сайн харагдахгүй байсан. Би гэрээс нь 15-16 цагийн үед гараад орой 19-20 цагийн үед буцаж очсон. Буцаж очихдоо амь хохирогчийг утсаараа тоглоод сууж байна гэж би зүгээр тоглож хэлсэн. Автомашинд сууж байхдаа би жолоочийн хажууд, Д миний арын суудалд, Г жолоочийн арын суудалд суусан байсан. Д нь гэртээ ном хуруулмаар байна гэж хэлсэн тул талийгаачийн гэрт дагуулж очсон. Амь хохирогч Д-ын гэрээс миний гутлыг өмсөөд гарсан. Би хохирогчийг Д гэж дууддаг байсан...” гэсэн мэдүүлэг;

3. Гэрч С.Г-ий шүүх хуралдаанд өгсөн: “...Шүүгдэгч амь хохирогчийг 1 метрийн урттай модоор цохисон. Би бие засчхаад гэрт орж ирэхэд амь хохирогчийн толгой хэсэг рүү нь цохиж байсан. Тэгээд би салгаад шүүгдэгчийг авч гарсан. Хохирогчийн толгойн ар хэсэг нь хагарсан, хамраас нь цус гарсан байсан. Хохирогчийн гэрт очсон шалтгаан нь Г гутлаа, шүүгдэгч гар утсаа асуух гэж очсон. Амь хохирогчийг босгож ирээд харахад толгойны гавлын яс нь гарсан байсан. Хохирогч хариу үйлдэл гаргаагүй, гэхдээ босгож ирээд гар утас асуухад байгаа газрыг нь хэлсэн. Гэрт ороход авдраас нь эд зүйл нь асгарсан байсан...” гэсэн мэдүүлэг;

- Гэрч С.Г-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед такси бариад шууд Баянхошууны баруун салаа орж Д-ийн гэрт очсон. Гэрийнх нь гадаа очоод таксинаас бид 3 буугаад Га түрүүлж, араас нь Д, хамгийн сүүлд нь би орсон. Г, Д хоёр гутал хаана байна, утас хаана байна гээд маргах маягтай яриад орсон. Би бие засах гээд гэрээс гараад жорлон ороод тамхи татчихаад эргээд Д-ийн гэрт ороход Д.Д-ийг 1 метр орчим урттай модоор нуруу, хүзүү, толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохиж байхаар нь би очиж салгасан. Д гэрийнхээ зүүн талын баганын хажууд хаалга тал руугаа унасан. Би Д-ийг түшиж босгож суулгасан, тэр үед Д гараад явсан. Д-ийн толгойны ар дагз хэсэгт 4-5 см хиртэй хагарч хуйх нь язарч цус гарч байсан. Бас хамраас нь цус гарч байсан. Энэ үед Д гараад явчихсан, Г бас араас нь зэрэгцээд хамт шахуу гарсан байсан. Би Д-т хандаж чи толгойг нь хагалсан байсан, ямар аймар дайрдаг юм бэ гэж хэлсэн. Д юу гэж хариулсныг нь санахгүй байна. ...Тэр өдрөөс хойш Д-ын гэрээс гаралгүй архи ууж 2 хоносон. 2 дахь хоног дээрээ буюу 2019 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө цагдаа нарт баригдсан. ...Г Д-ийн гэрийн баруун талын орон дээр хараад сууж байсан. Зодоон болоод байхад салгаагүй хараад сууж байсан. Намайг жорлонгоос орж ирэхээс өмнө Г Д-ийг зодсон эсэхийг мэдэхгүй байна, миний харснаар бол зодоогүй...” гэсэн мэдүүлэг (Зхх-ийн 128 дугаар хуудас);

4. Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д чи миний гэрээс миний гар утас, мөнгө хулгайлж авч явсан гэж уурлаад Д-ийн гэрийн авдрын тагаар толгой руу нь цохисон. Авдрын таг хагарч бутарсан, тэгэхэд авдрын тагны хугарсан модоор дахиад 2-3 удаа толгойд нь цохисон...” гэсэн мэдүүлэг (Зхх-ийн 131 дүгээр хуудас);

5. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан талаарх: “...үхсэн эсэх нь мэдэгдэхгүй хүн байна...” гэсэн тэмдэглэл (1хх-ийн 2 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн шуурхай удирдлагын тасгийн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 52 минутад дуудлага өгсөн, дуудлагын утга: Таньдаг ламындаа ирсэн чинь гэрийн хаалга нь онгорхой...замбараагүй газарт нэг хүн нүүр нь хавдсан цус болсон хэвтэж байна...харанхуйд сайн харагдахгүй байна...” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (1хх-ийн 4 дүгээр хуудас);

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 66 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 5-20 дугаар хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, 20 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 21-27 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 30 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 28-39 дүгээр хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 40-41 дүгээр хуудас);

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон явдлын талаар мэдэхгүй, тухайн үед байгаагүй, хөдөө орон нутагт амьдардаг. Амийг нь босгоод ирдэг бол босгоод ирмээр л байна, их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 74 дүгээр хуудас);

8. Гэрч Г.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд очсон санагдаж байна. Би гэрийнх нь гадна машин дотроо үлдээд манай нөхөр дотогшоо орсон. Тэгээд удалгүй царай нь сонин болчихсон гарч ирээд аймар байна яах уу гэж асуухаар нь 102 дугаарт мэдэгд гэж хэлээд зам дээрээс цагдаа нарыг тосож авсан. Манай нөхөр хаалганууд нь онгорхой байсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 78-79);

9. Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би танил лам болох Д-ийнд эхнэр О-ы хамт ирсэн. Д-ийг урьд нь таньдаг учраас бэр гуйх өдөр судар асуух гэж очсон юм. Оюуныг машиндаа суулгаж үлдээгээд ганцаараа Д-ийн хашааны жижиг хаалгыг татаж онгойлгоод хашаа руу орсон. Д-ийн үүдний амбаарын хаалга нь нээлттэй байсан. Амбаарын хаалгаар дотогш ороход гэрийн хаалга нь мөн нээлттэй байсан тул шууд гэрт явж орсон. Д-ийн гэрийн доторх эд зүйлс нь ундуй сундуй, орны жижиг бүтээлгийг газраар тараагаад хаясан, Д гэрийнхээ зүүн талд толгой нь үүд рүү харсан, дээшээ харсан байдалтай, 2 гараа элгэн дээрээ авсан, нас барсан байдалтай байхаар нь би айж сандраад гэрээс гарч эхнэртээ хэлээд өөрийнхөө ******** дугаараас 102 дугаарын утас руу дуудлага өгсөн. Д нүүр нь хөхөрч цус болсон, 2 гар нь цус болсон байсан. Би дахиж Д гэр рүү ороогүй. Гэрийн өрхөө татсан байсан учраас гэрийн дотор бүдэг харагдаж байсан. Өглөө 08 цаг 56 минутын үед Д 9664**** дугаарын утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Д-той лам хүн болохоор нь 2018 оны 07 дугаар сард танилцаж байсан, төлөв томоотой хүн байна гэж боддог...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 81-82 дугаар хуудас);

10. Гэрч Г.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д гэх 35-40 орчим насны лам ах эхнэр Н болон цэцэрлэг, сургуулийн насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан. 14 хоногийн өмнөөс би олж хараагүй. Д Н нар архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, байнга хэрэлдэж муудалцаж байдаг. Өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манайх хашаан дотроо гэрээ буулгаж дулаалж байхад Д ахын хашаанд согтуу, халзан, биерхүү эрэгтэй хүн мөн 2 туранхай эрэгтэй хүн гурав хашаан дотор явж байгаа харагдсан. Цаг 17:00-18:00 цаг болж байсан. Хашааны үүдэнд саарал өнгийн Приус 10 маркийн машин зогсож байсан. Улсын дугаарыг сайн харж чадаагүй...Би арынхаа айлтай харьцаад байдаггүй гэрт нь орж үзээгүй...Өнөөдөр гэрт нь хүн байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна...Өглөө 08 цаг болж байхад би эмнэлэг орчхоод өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Өнөөдөр арын хашаанд хүн явж байгаа харагдаагүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 84-86 дугаар хуудас);

11. Гэрч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай арын хашааны Д архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 87-89 дүгээр хуудас);

12. Гэрч З.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай баруун талын хөрш өрөөний Давхарбаяр ганц бие амьдардаг боловч 2019 оны 10 дугаар сарын 06-ны танилууд нь бололтой 2-4 эрэгтэй хүмүүс ирээд тасралтгүй 2 өдөр архи уусан. Гэхдээ амгалан тайван байдал алдагдуулаад байсан зүйлгүй. Би уг байрыг түрээслээд 8 жил болж байна. Эдгээр хүмүүс архи уугаад хоорондоо маргалдаж зодолдсон асуудал гаргаагүй...Би гэртээ ойрын 2-3 хоног байгаагүй, Шарга морьтод л ирэн очин байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 94-95 дугаар хуудас);

13. Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач манай гэрт 2019 оны 10 дугаар сарын 05-ны ирж хонохдоо дээгүүрээ улаан өнгийн ноосон цамцтай, доогуураа хар өнгийн ноосон өмдтэй, хар өнгийн хуучирч муудсан нимгэн гөлгөр ултай буриад гуталтай явж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 109-110 дугаар хуудас),

14. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буюу хагас сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Дэнжийн ** тоотод байх манай гэрт 19 цагийн үед ганцаараа эрүүл ирж хоночхоод 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу бүтэн сайны өглөө 10 цагийн үед гаднаас Мөнхбат орж ирээд талийгаач Д-ийг дагуулаад гарсан. Тэгээд тэрнээс хойш дахин уулзаагүй...Талийгаач гэртээ харилаа гэж хэлээд М-тай хамт явсан. Талийгаач Д манай гэрт хоночхоод явахдаа ямар нэгэн ил харагдах шинэ, хуучин шарх сорвигүй явж байсан. ...Талийгаач Д-ийг манай хамаатан саднууд багаас нь Д гэж дууддаг байсан. Жинхэнэ нэрийг нь Д гэдэг...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 112-113 дугаар хуудас);

15. Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ахын гэрт 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчим ороход Д гэрт нь унтаж байсан. Тэгээд Д бид хоёр гараад Д-ийн гэрээс 2 гудамжны цаана байдаг улаан худаг дээр зогсож байтал автобусны буудал орж тамхи олж татлаа гэж хэлээд явсан. Тэгээд Би Д араас буудал руу яваад Д нэг танихгүй хүүхдээс тамхи аваад эргээд бид хоёр улаан худгийн хажууд ирсэн. Тэгээд зогсож байгаад Г-ий утсыг надаас асуугаад байхаар нь мэдэхгүй гэж хэлтэл гэртээ орж унтлаа гээд бид салцгаасан. Бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уулзаагүй, харин өмнөх өдөр нь буюу 10 дугаар сарын 06-ны өглөө уулзсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 115-116 дугаар хуудас);

16. Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн ** тоотод оршин суух авга ах Д-гийнд очиж гэрийг нь дулаалж өгсөн. Хашааны том хаалга саваад байхаар нь машин цохиод сэвтүүлэх байг гээд хашааны хаалгаа хаачхаад байж байтал Д ахын арын хашааны үүдэнд ертөнцийн зүгээр хойш харуулж байрлуулж тавьсан саарал өнгийн Приус 10 байсан уу, эсхүл 11 байсан уу нэг автомашин зогсож байсан. Би улсын дугаарыг нь сайн харж чадаагүй. Тэгээд буцаж хашаа руу орж барьж байсан гэрийнхээ ойр зуурын юмыг янзалж байгаад хүүхдээ байхгүй болохоор нь хашааны гадаа хартал нөгөө саарал өнгийн Приус маркийн автомашин урагшаа харсан байдалтай эргэж хараад зогсчихсон байсан. Дотор нь жолоочийн суудал дээр 25-30 орчим насны эрэгтэй хүн суучихсан, эсрэг талын суудал дээр нь 30-35 орчим насны монхордуу хамартай бага зэрэг үстэй, халзандуу залуу архи хундагалж байгаа харагдаж, арын суудал дээр нь бас 30-35 орчим насны залуу сууж байгаа харагдсан, сайн харж чадаагүй. Гэтэл уг машины арын суудал дээрээс нэг нь бууж ирээд хашааны банзнаас 1 ширхгийг татаж аваад хаалга өшиглөөд хашаа руу явж орж байгаа харагдсан. Би энэ ямар ууртай залуу вэ гэж дотроо бодчихоод буцаж хашаа руу орж гэрээ барьж эхэлсэн. Орой 17:00-18:00 цагийн үед Д ахын арын хашааны айлд монгол гэр дотор эрэгтэй хүн бөөлжиж байгаа юм шиг дуу чимээ гараад байсан. Тэгэхдээ гэрээс ямар нэгэн хүн гарч ирж байгаа харагдаагүй. Гэрээ барьж дуусгачхаад харих үед гудамжинд байсан Приус маркийн автомашин явчихсан байсан. ...Д ахын арын айлд ямар нэгэн хэрүүл зодоон болж байгаа дуу чимээ сонсогдоогүй, эрэгтэй хүн бөөлжиж байгаа юм шиг чимээ гарч байсан...Жолоочийн арын суудалд сууж байгаад машинаас буугаад хашааны банз сугалж аваад хашаа руу орсон залууг харахад бага зэрэг махлаг 165-175 см өндөртэй, дээгүүрээ улаан эрээн ноосон цамцтай, жийнс өмдтэй, пүүзэн гуталтай залуу харагдсан. Харин жолоочийн эсрэг талд урд суудал дээр сууж байсан залуу монхор хамартай, туранхай залуу харагдсан, сайн харж чадаагүй. Жолооч нь нөгөө хоёр залуугаас арай залуу хүн харагдсан, мөн сайн харж чадаагүй. Махлаг биетэй залууг харвал таньж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 122-124 дүгээр хуудас);

17. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийгөө лам гээд байгаа залуу “би орчхоод ирье, та нар сууж бай” гэж нөгөө хоёртоо хандаж хэлээд машинаас буугаад яваад орсон. Тэр залуу 1 минут орчим хугацааны дараа гарч ирээд машинд орж ирж нөгөө хоёртоо хандаж хэлэхдээ “нөгөөдөх чинь утсаар чинь тоглоод хэвтэж байна. Санаа зоволтгүй, гурвуулаа маргааш эрүүлдээ ирж утсыг чинь авъя, одоо явъя, нөгөөдөх чинь зүв зүгээр нүүр гараа угаачихсан байна” гэж хэлэхэд зан толгойтой залуу цоглог инээгээд сууж байсан. Хашааны гаднаас хөдлөөд яг засмал зам руу орох гэж байхад нөгөө лам гэх залуу нь нөгөө хоёртоо хандаж “нөгөөдөх чинь гэрээслэл бичээд үлдээчихсэн байна, шүүх эмнэлэг аваад явчихсан байна” гэж хэлсэн. Энэ үед халзан бүдүүн залуу толгойгоо бариад доошоо тонгойж байхыг би харсан. Сэтгэлээр унасан байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 126-127 дугаар хуудас);

18. Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Урд суусан өөрийгөө лам гэж байсан залуу нь туранхай, халзан толгойтой, бордуу царайтай, өндөр хүн байсан. Царайны өнгө болон нүүрний хэлбэрийг нь дүрсэлж хэлж чадахгүй байна, гэхдээ харвал шууд танина. Жолоочийн арын суудалд суусан халзан, бүдүүн залуу нь өндөр намаараа дундаж нуруутай, махлаг, шар царайтай, халзан байсан. Би мөн адил царайны өнгө, биеийн галбир, дүр төрхөөр нь шууд хараад танина. Миний машины жолоочийн эсрэг талын зорчигчийн арын суудалд суусан залуу нь намхан, сахалтай, дундаж бие галбиртай, бор шаргал царайтай залуу байсан. Би тэр залууг мөн адил гадаад харагдах байдлаар нь шууд хараад танина. ...*** УБҮ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн автомашинтай явсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 25-26 дугаар хуудас),

19. Гэрч Б.Б-гаар таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, 18 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх-ийн 02-15 дугаар хуудас),

20. Гэрч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны 19 цаг 08 минутад өөрийн ...дугаарын утаснаас “**** Б гэж хүний данс руу” гэсэн мессежийг явуулахаар нь би өөрийн **** дугаарын данснаас тэр дор нь 20,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Надад хаана байгаа болон хэнтэй явж байгаагаа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 29-30 дугаар хуудас);

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2183 дугаартай цогцост хийсэн шинжээчийн: “...Талийгаачид тэмцэлдсэн гэх гэмтэл үгүй байна. Талийгаачид духны баруун хэсэг, баруун зулайн цөмөрч олон салаалсан шугаман хугарал, духны баруун дэлбэнгийн няцралт, хоёр тал бөмбөлгийн тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны шарх, цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр, хуйхны шархнууд нь ирмэгтэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нас барaxaac өмнө үүссэн гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх өвчин үгүй байна. Гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэжээ. Цус нь 2-р бүлэг байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 48-50 дугаар хуудас),

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5883 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн пүүз дээрх биологийн шинжээчийн 5714 дугаартай дүгнэлт гарсан. Биологийн шинжээчийн 5714 дугаартай дүгнэлтээр цус илэрсэн байна. Илэрсэн цус нь Д.Д-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 58 дугаар хуудас);

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5909 дугаартай: “...LD тамхины хайрцагт биологийн шинжээчийн 5750 дугаартай дүгнэлт гарсан. Биологийн шинжээчийн 5750 дугаартай дүгнэлтээр цус илэрсэн байна. Илэрсэн цус нь Д.Д-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 74 дүгээр хуудас);

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5910 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг модны хэсэгт биологийн шинжээчийн 5718 дугаартай дүгнэлт гарсан. Биологийн шинжээчийн 5718 дугаартай дүгнэлтээр цус илэрсэн байна. Илэрсэн цус нь Д.Д-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 60 дугаар хуудас);

25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 5726 дугаартай: “...хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн байна. ...цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна..." гэсэн дүгнэлт (2хх-ийн 66 дугаар хуудас),

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 4936 дугаартай: “...Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан 35 дугаартай гэрэл зурагт харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдгээрээ ижил байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 79-80 дугаар хуудас);

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 4935 дугаартай: “...Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан зураг 36 дугаартай гэрэл зурагт харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдгээрээ ижил байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 89-90 дүгээр хуудас);

28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 4917 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 3 дугаартай мод хоорондоо нийлж нэг бүхлийг үүсгэж байна. Уг хугарсан мод нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн 2,4 дугаартай мод хоорондоо нийлж нэг бүхлийг үүсгэж байна. Харин ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2,4 дугаартай модны гэмтэл шинээр үүссэн байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 95-96 дугаар хуудас);

29. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1281 дугаартай: “... Б.Д нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б.Д нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж үгүй байна. Б.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 147-148 дугаар хуудас);

30. Шинжээч эмч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Духны баруун хэсэг, баруун зулайн цөмөрч олон салаалсан шугаман хугарал, духны баруун дэлбэнгийн няцрал, хоёр тал бөмбөлгийн тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалт нийлээд гэмтлийн хүнд зэргийн гэмтэл, хуйхны шарх, цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. ...Духны баруун хэсэг, баруун зулайн цөмөрч олон салаалсан шугаман хугарал, духны баруун дэлбэнгийн няцралт, хоёр тал бөмбөлгийн тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны шарх, цус хуралт гэмтлүүд нь гавал тархины гэмтэл юм. Гавал тархины гэмтлүүд нь үхэлд шууд хүргэнэ. Дээрх гавал тархины гэмтлүүдийг авмагц ухаан алдаж унан ухаангүй байсаар тархины коомд орж удалгүй нас барна. Гавал тархины гэмтэл авсан хүн зорилгот бус үйлдэл хийж болно. Энэ үйлдэлд ёолох, гуйвж дайвж явах, мөлхөх, хөл гараа савлуулж хөдөлгөх гэх мэт үйлдлийг ойлгоно. Гавал гархины гэмтлийг авсан хүн эмнэлгийн тусламж авч амь аврагдах боломжгүй. Гэмтэл авмагц ухаан алдаж (ухаангүй байх хугацааг тогтоох боломжгүй) ухаангүй, идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байж байгаад нас барсан гэж үзэж байна. Гавал тархины гэмтлүүд үүсгэгдэх үед амь хохирогчийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Нас барахаас өмнө буюу үхэлд хүргэж байгаа гэмтлийг авснаас хойш ухаангүй 2-3 цагийн дотор нас барна. Нас барахын өмнө үүссэн шинэ гэмтлүүд байсан. Цус хуралт зулгаралт гэмтлүүд нь цус гарсан шинэ гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 164-167 дугаар хуудас);

31. Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...тэр хүн намхан махлаг халзан хүн байсан. Хамт явсан хүмүүс дундаа хамгийн тарган, намхан, махлаг нь байсан...” гэсэн мэдүүлэг (Зхх-ийн 60-61 дүгээр хуудас);

32. Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Доржоос айгаад доошоо суугаад газар монгол авдрын таг байхаар нь аваад Д-ийн толгойн тус газарт нь цохисон. Авдрын таг нь хэмхрээд бутарсан. Тэгэхэд Дорж “чи муу яаж байна аа” гээд намайг хөлөөрөө жийгээд түлхсэн. Тэгэхээр нь би авдрын тагны бутраад унасан хэлтэрхийгээр Д-ийн толгойн тус газар нь цохисон...” гэсэн мэдүүлэг (Зхх-ийн 149-150 дугаар хуудас)

33. Шүүгдэгч Б.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2хх-ийн 243 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хуралдаанаар тогтоосон хэргийн нөхцөл байдалд яллах дүгнэлтэд “банз модоор цохисон” гэснийг “авдрын таг модоор цохисон” хэмээн үйл баримтыг шинэчлэн тогтоосон нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүйг, мөн яллагдагч С.Г, М.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д-ын авдрыг таг модоор амь хохирогч Д.Д-ийн толгой руу хэд хэдэн удаа цохисон үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн бөгөөд улмаар хүний аминд хүрсэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хүний амь насыг санаатай хохироосон буюу хүнийг алсан гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын сонсгосон ял, үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Д-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн 8,182,750 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан байх боловч хохирогч талаас шинээр өмгөөллийн хөлс, замын зардал болон бусад зардалд нийт 1,184,550 төгрөгийг нэхэмжилсэн шинэ баримтыг шүүхэд шинээр гарган шинжлэн судалсан болно. Мөн амь хохирогчийн бага насны хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг баримтгүйгээр нэхэмжилснээс шүүх замын зардал болох 132,100 төгрөгийг шүүгдэгч Б.Д-с гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-д олгохоор, амь хохирогчийн бага насны хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг баримтгүй учир хэлэлцэхгүй орхин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгаж, өмгөөлөгчийн төлбөр болон хоол, хүнсний зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүүхдүүд болон тэдний эмэг эх, өвөг эцгийн орон нутаг руу явах замдаа идсэн хоол хүнсний зардлын тухайд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоогүй бөгөөд хүний биологийн зайлшгүй хэрэгцээ байх тул шүүх хэрэгсэхгүй болгов.

Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн төлбөрийн тухайд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хувь хүний эрхийнхээ хүрээнд, сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч сонгон авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг гэмт хэргийн хохирол, хор уршигт хамааруулахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд хамаарах гэрээний төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах үндэслэлгүй тул өмгөөллийн хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.  

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхээс тогтоосон зардлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг 15 минутаар түр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд шүүгдэгч Б.Д нь 132,100 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас баримтаар гарсан зардлыг нөхөн төлсөн байгааг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч Ц.Ариунтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Д-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Б.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 223 буюу 7 сар 23 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг устгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.

Улсын яллагч Х.Онолт эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагч Ц.Ариунтуяагийн саналыг дэмжиж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналыг дэмжиж байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн эх нь 70 настай, биеийн байдал тун муу байгаа. Мөн миний үйлчлүүлэгч хорих ялыг богино хугацаанд биечлэн эдэлбэл хохирогчийн хүүхдүүдэд туслахаа өмгөөлөгчөөр дамжуулж шүүх хуралдаанд илэрхийлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар татгалзах зүйлгүй гэсэн. Иймээс тус зүйл ангид заасан ялын доод хэмжээг буюу 8 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэж байгаа учир нь амь хохирогч нь Д, Г нарын эд зүйлийг авсан. Улмаар эд зүйлээ авах гэсэн шалтгаанаар амь хохирогчийн гэрт очсон байдаг. Тухайн үед амь хохирогчийн гэрт ороход амь хохирогч эхэлж цохиод харин шүүгдэгч газар унаад гарт нь авдрын таг баригдсан учраас хариу үйлдэл үзүүлсэн...” гэв.

Анхан шатны шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн байгааг тал бүрээс нь харгалзан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн нийт 223 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29 ширхэг тамхины иш, 0.2 литрийн “Хараа” нэрийн архины шил, 0.5 литрийн “Сэржим” нэрийн архины шил, 0.35 литрийн “Сэржим” нэрийн архины шил, 0.75 литрийн “Шим” нэрийн архины шил, “Алтан навч” тамхины хайрцаг 1 ширхэг, “Улаан шонхор” тамхины хайрцаг 2 ширхэг, “LD” тамхины хайрцаг 2 ширхэг, улаан өнгийн “Best” нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, 92 см урттай 2 ширхэг модны хугархай, 98.5 см урттай мод, 99 см урттай мод, ногоон өнгийн “Fashion” нэрийн пүүз 1 хос, ногоон үдээстэй цэнхэр өнгийн пүүз 1 хос, улавч 1 хос, 30 см, 29.5 см, 48 см урттай 3 ширхэг модны хэсэг, шар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу, амь хохирогч Д.Д-ийн өмсөж байсан гэх улаан нимгэн цамц, улаан өнгийн футболк, ногоон өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн дотоож, бүдэг ягаан өнгийн, хүрэн улаан өнгийн, цагаан өнгийн, саарал өнгийн 1,1 өрөөсөн оймс 4 ширхэг, “LG” гэсэн бичигтэй хар өнгийн утасны таг 1 ширхгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М овгийн Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 223 (хоёр зуун хорин гурав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөгөөд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт нэрлэн заасан эд зүйлсийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н нь бага насны хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгаж, өмгөөлөгчийн төлбөр болон хоол, хүнсний зардал болох 1,052,450 (нэг сая тавин хоёр мянга дөрвөн зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Д-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

      

                                            ШҮҮГЧИД                                      Б.БЯМБААБААТАР

 

                                                                                                     М.МӨНХБААТАР