Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 0023

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: 1985 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 6 тоотод оршин суух хаяг Буянт овогт Д-н А-г /РД:ТГ--/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: 1974 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Сэртэнгийн 1-6 тоотод оршин суух Боржигон овогт ******* /РД:МЙ--/-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 1.425.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /0-966/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч П.Буманзаяа /0-2000/, гэрч Б.Болдбаатар, С.Оюунаа, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа, дэг сахиулагч Д.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: *******ийн ээж ******* би *******ээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Манай хүүхэд гадагшаа явахаасаа өмнө *******тай 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ хийж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 4 дүгээр байрны 01 тоотод байрлах “Хүрээ” цайны газрыг  сарын 450.000 төгрөгөөр түрээслэж байсан. ******* нь түрээсийн төлбөрийг  2014 онд бүрэн хийсэн,  2015 оны 01 дугаар сарын 25-нд төлбөрөө өгсөнөөс хойш түрээсийн төлбөрөө өгөлгүй үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оны 08 дугаар сарын эхээр түрээслэхээ болиод байрыг эд зүйлийн хамт хүлээлгэж өгсөн. Тэгээд хоорондоо ярилцаж тохиролцоод  түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 1.425.000 төгрөг өгөлцөж авалцахаар болсон гарын үсэг байгаа юм. ******* нь наадмын үеэр Улаанбаатар хотод очиж ажил хийж ирээд мөнгөө төлнө гэж хэлсэн гээд манай хүүхэд энэ итгэмжлэл, гэрээ зэрэг материалуудаа надад үлдээгээд явсан. Тэрнээс хойш би хүлээсээр байгаад 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Батхишигийн ээж Өөдөс бид хоёр энэ хүнтэй утсаар ярихад одоохондоо надад мөнгө алга байна, би Улаанбаатарт ажиллаж байна, орлого одоохондоо муутай байна, дараа яръя гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш намайг залгахаар ерөөсөө утсаа авдаггүй байсан. Сүүлд нь Хөтөлд ирчихсэн байна гэж сонсоод очиж уулзсан боловч өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сарын түрээсийн төлбөр нь 450000 төгрөг бөгөөд 2015 оны 2, 3 дугаар саруудын түрээсийн төлбөрийг хөнгөлж 300.000 төгрөгөөр тохирсон байсан. Ингээд 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 07 дугаар сарын төлбөрийг тооцоод үзэхэд 2400000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс барьцаа 450.000 төгрөг, цувуулж өгсөн 525.000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 1.425.000 төгрөг болж байгаа юм. ******* энэ үлдэгдэл мөнгөө төлнө гээд тооцоо нийлээд гарын үсэг зурсан байгаа. Иймд түрээсийн гэрээний үүрэгт 1425000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч ******* шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь 2014 оны 02 дугаар сарын 23-нд иргэн Даваасүрэн овогтой Анхчимэгтэй ярилцаж 4 байрны 1 тоот цайны газрыг амаар тохиролцож түрээслэн ажиллуулахаар болсон. Үүнд 2 сарын 23-нд түлхүүрийг нь авч 2 хоног цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд 2 сарын 25-нд онгойлгож ажиллахаар тохиролцож сарын түрээс 450.000 төгрөгийг сар бүрийн эхэнд төлөхөөр тохиролцож мөн доторх эд хогшлийн элэгдэл хорогдолийн барьцаа гэж 500.000 нийлүүлэн 950.000 төгрөг өгч ажиллаж эхэлсэн. Ингээд сар бүрийн 25-нд түрээсээ төлөөд явж байсан. Жишээ нь 3 сарын 25-нд мөн Анхчимэг түрээсээ авсан гэх жишээний сар хэрэглэхээс өмнө өгч байсан. Төлж байсан хүснэгт нь Анхчимэгийн ээж, Батхишиг нарын ээжүүдэд байгаа. Надад үзүүлээд түрээс нэхэж байсан. Иргэн надаас нэхэж байгаа энэ мөнгө бол үндэслэлгүй мөнгө. ******* нь надаас түлхүүрээ авахдаа Батхишиг намайг зодоод бөөн юм болоод байна.Та  7 сарын 25, 6 сарын 25, 5 сарын 25 гэсэн  саруудын мөнгө 1350000 төгрөг дээр хэрэглэж байгаад хөлнүүд нь эвдэрсэн 150000 төгрөгийн үнэтэй асарыг тал үнээр нь бодье гээд 75000 төгрөгийг нэмж нийт 1425000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны дотор төлнө гэж бичээд өгөөч гэхээр нь бичиж өгсөн нь үнэн. Тэрнээс уг төлбөрийг төлчихсөн байсан. 2015 оны 2 сараас өгөөгүй гэдэг нь худлаа. Би 2 сард 450.000 төгрөг, 3 сард 300.000 төгрөг өгсөн. Ингэж өгөхдөө би дүүгээсээ мөнгө авч өгсөн. Энэ 2 сараас хойш Анхчимэг Дарханд сурч байсан ня-бо курст явж байна гээд байнга авч байсан. Тэгээд энэ хүмүүст би дотроос эвдэрч хэмхэрсэн зүйлийн оронд өөрийн хэрэглэж байсан зүйлүүдээ оролцуулан өгсөн тэгээд цэвэрлэгээ хийгээд өгсөн. Угаасаа би 7 сард ажиллаагүй. 7 дугаар сарын 1-нээс хот яваад ирээд түлхүүрээ өгсөн. Би ажиллуулахгүй гэдгээ хэлсэн. Би олон газар түрээслэн ажиллаж байсан. Ийм хүмүүсийг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Би 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр байрны “Хүрээ” цайны газрыг *******, ******* нартай аман гэрээгээр тохиролцон ажиллуулж байгаад дараа нь цаасан дээр бичиж тохиролцон уг зоогийн газрыг сарын 450.000 төгрөгөөр түрээслэн  ажиллуулж эхэлсэн. Барьцааны мөнгө байрлуулаад түрээсээ сарын эхэнд төлж байхаар 2014 оны 02 дугаар сарын 25-нд 450.000 төгрөг, барьцаа 450000 төгрөг, нийт 900000 төгрөг төлөөд эхлэж орсон. Тэгээд дараа сарын  25-нд түрээсээ төлж түрээсээ сунгаж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл дараа сарын түрээсээ өмнөх сард нь төлж  цааш суух эрхээ авч ажиллуулж байсан. 2015 оны 02 дугаар сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй гэснийг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 600000 төгрөгийг бөөнөөр нь өгвөл хөнгөлөөд 150000 төгрөгийг хасъя гэхээр нь хүнээс зээлээд 900000 төгрөг зээлээд 600000 төгрөгийг *******т  өгсөнийг нотлох гэрч байгаа. Тэгээд 2015 оны 4 дугаар сарын 25-нд түрээсийн 450.000 төгрөгийг Д. Анхчимэг Дархан руу нягтлангийн сургалтанд явж байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь хоёр удаа 150.000 төгрөгөөр нийт 300000 төгрөгийг *******т өгсөн.  *******т нэг удаа орж ирээд  150.000 төгрөг аваад  4 дүгээр сарын 450.000 төгрөгийг өгч дуусгасан.  Би 2015 оны  05 дугаар сарын 25-нд бол түрээс төлөөгүй.  2015 оны 05 сарын 25-нд төлөх түрээс 06 сарын 25-ны өдөр хүртэл ашиглах хугацаатай. Би 06 дугаар сарын 25 хүртэл байх юм чинь би барьцааны мөнгөө суутгаад эгч нь 07 сараас ажиллахгүй чи түрээсээ буулгахгүй байна. Чи түрээсээ буулгавал би ажиллуулъя үгүй бол түрээсээ больё гэсэн саналыг би тавьсан. Тэгээд дараа нь барьцааны мөнгө суутгахгүй элэгдэл хорогдолдоо суутгана гэсэн. Тэгээд би  06 дугаар сарын 25-нд би  450.000  төгрөг төлсөн бол 07 дугаар сарын 25 хүртэл суух эрхтэй болно.  Тэгээд би 07 сарын 25 хүртэл суугаагүй учраас  06 дугаар сарын 25-ны 450.000 төгрөгийг ажиллаагүй хугацааны мөнгө гээд төлөхгүй гэсэн. Би 07 сарын 01 хүртэл байгаад  гаръя гэдгээ Анхчимэгт хэлсэн. Би 07 дугаар сарын 01-нд  хот яваад наадмаар Хүй долоон худагт хуушуур хийж байгаад амттай хуушуур хийсэн гээд цом, 1 000 000 төгрөг авсан. Би 07 сарын 12-нд юмаа авчирч тавьчихаад 07 дугаар сарын 15-нд яваад 07 сарын 18-нд Сүхбаатар дүүрэг дээрээс очиж шагналаа авсан. Би 07 сард ажиллаагүй гэдгээ энүүгээр нотлож байгаа. Ирсэн байх хугацаанд ******* ирээд ******* асуухаар нь гэрээ хийсэн гээд хэлчихсэн, хоёулаа нотариат ороод гэрээ хийчихье, би Батхишигт гэрээ хийчихсэн гээд хэлчихсэн гэсэн. Ингээд 2015 оны  07 дугаар сарын 20-ны өдөр хийсэн. Би өөр санаа зорилго агуулж байна гэж бодоогүй. ******* 2015 оны 07 сарын 26-нд  орж ирээд би *******т төлбөр аваагүй гэж хэлсэн.  Та өгөөгүй гээд хэлчих гээд ******* нөхөртөө зодуулчихсан цэнхэр нүдтэй орж ирсэн.  Мөнгө төгрөгний асуудлаас боллоо гээд нөхөртөө зодуулчихсан  орж ирсэн. ******* нөхөр бид хоёр мөнгөний асуудал болоод та тэгээд хэлчихээрээ гэсэн. Би *******ийг орж ирэхэд нь эгч нь тэгж байгаад өгнө гэж хэлсэн. Та асар эвдэлсэн байна лээ. Би 150.000 төгрөгөөр авч байсан. Та тал үнээр нь үнэлээд аваарай гэсэн. Асараа 75 000 төгрөгөөр бодоод 1 350 000 төгрөг дээр асарын 75 000 төгрөг нэмээд 1 425 000 төгрөг та надад өгөх юм байна гэхэд нь би тэгнэ гэсэн. Анх би нөхөртөө зодуулаад  ирээд хэлэхэд нь тэгэж бодоод хэлсэн нь үнэн. Энэ бол миний алдаа байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

         Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, гэрч С.Оюунаа, Б.Болдбаатар нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь хариуцагч *******аас түрээсийн гэрээний үүрэгт 1.425.000 төгрөгийг шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 450.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

            Нэхэмжлэгч *******, түүний нөхөр ******* нар хариуцагч *******тай 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 4 дүгээр байрны 1 тоотод байрлах “Хүрээ” цайны газрыг 1 жилийн хугацаатай, сарын 450.000 төгрөгөөр түрээслүүлсэн, гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр дахин 12 сарын хугацаагаар сунгаж байгуулсан болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээнүүд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх29-30/

            Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх боловч  талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хэн аль улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавьж байгаагүй, гэрээний дагуу  үйл ажиллагаа явагдаж төлбөр төлөгдөж байсан, зохигчид энэ асуудлаар маргаагүй тул тэдний хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ бол эд хөрөнгө хөлслөх гэрээний төрөлд хамаардаг бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг зохицуулалттай.

Нэхэмжлэгч ******* нь  2015 оны 02 дугаар сараас 2015 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1.425.000 төгрөгийг шаардаж байх ба хариуцагч ******* нь түрээсийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

          Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг  үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь талууд түрээсийн байрыг хэдийд хүлээлгэж өгсөн нь тогтоогдохгүй байх бөгөөд түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан талаар болон түрээсийн байрыг түрээслэгчийн эзэмшилд хэдийд хүлээлгэж өгсөн талаар  зөрүүтэйгээр тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч нь түрээсийн байрыг 2015 оны 08 дугаар сарын эхээр хүлээж авсан, эхний сарын түрээсийн төлбөрийг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан, хариуцагч нь түрээсийн байрыг 2015 оны 07 дугаар сарын эхээр хүлээлгэж өгсөн, эхний сарын түрээсийн төлбөр 450.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлсөн гэж тус тус маргаж байгаа боловч талуудын хооронд хийгдсэн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 1.1-д түрээслэгч нь 1 сарын хугацааны түрээсийн төлбөр болох 450000 төгрөгийг гэрээ хийхдээ төлсөн байх“ гэж тохиролцсон байх тул эхний сарын төлбөр 450.000 төгрөг, барьцаа 450.000 төгрөг, нийт 900000 төгрөгийг гэрээ хийхдээ төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

            Мөн талуудын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээний 2 дахь хуудасны доор түрээсийн үлдэгдэл төлбөрийн талаар “******* үлдэгдэл түрээсээ 1.425.000 төгрөгөө  8 сарын 10-ны дотор төлж барагдуулна. 2015 он 7.26 өдөр *******” гэж гарын үсэг зурж тэмдэглэл үйлдсэн байх тул талуудыг 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлж, түрээсийн байрыг түрээслэгчид шилжүүлэн өгсөн гэж үзэв. /хх-4-5/

            Иймд хөлслүүлэгч Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгчөөс хөлсөлсөн хугацааны төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд ба нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 25-наас түрээсийн байрыг хүлээлгэж өгсөн 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны төлбөрт 2400000 төгрөгийг шаардах эрхтэй боловч хариуцагчийн 2015 оны 2, 3, 4 дүгээр саруудын төлбөрийг төлж барагдуулсан гэх тайлбар үндэслэлтэй байх тул хасч тооцох нь зүйтэй. /хх-19, 21/

            Учир нь зохигчид 2015 оны 2, 3 дугаар саруудын төлбөрийг хөнгөлж 300.000 төгрөгөөр тогтоож, бөөнд нь буюу 600.000 төгрөгөөр төлсөн, 2015 оны 4 дүгээр сарын төлбөрийг нэхэмжлэгч *******т 300000 төгрөгийг 150000 төгрөгөөр 2 хуваан төлсөн, нэхэмжлэгч *******ийн нөхөр *******т 150000 төгрөгөөр тус тус төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Болдбаатар, СОюунаа нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Иймд хариуцагч  ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх 3 сарын хугацааны төлбөрийг түрээслүүлэгчид төлж барагдуулах үүрэгтэй байх бөгөөд дээрх хугацааны төлбөр дээр майханы тал мөнгө 75000 төгрөгийг нэмээд үлдэгдэл төлбөр 1.425.000 төгрөг болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд энэ нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний 2 дахь хуудсаны доор өөрийн гараар бичиж тэмдэглэсэн тэмдэглэлтэй тохирч байх тул үнэн зөвд тооцлоо.

            Харин хариуцагч нь уг тэмдэглэлийг нэхэмжлэгч *******ийн гуйсны дагуу бичиж өгсөн, тэрнээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл байхгүй байсан гэж мэтгэлцэж байх боловч уг тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүйн дээр хариуцагчийн уг тайлбар хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

            Нөгөөтэйгүүр хариуцагч нь түрээсийн байрыг хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд 2015 оны 7 дугаар сард үйл ажиллагаа явуулаагүй нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл  болохгүй.

            Хариуцагч нь шүүх хуралдаан дээр “тооцооны дэвтэр” гэх өөрийн хөтөлж байсан бүртгэлийн дэвтрийг гаргаж өгсөн боловч  уг дэвтрийн талаар нэхэмжлэгч тал мэдэхгүй, үзэж танилцаж гарын үсэг зурж байгаагүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

            Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1.425.000 төгрөгөөс барьцаанд өгсөн 450.000 төгрөг, хариуцагчийн цувуулж төлсөн 525.000 төгрөгийг тус тус хасаж, үлдсэн 450.000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.500 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж буй хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 14.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох  үндэслэлтэй.                    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 975.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.500 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 14.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс  зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР