| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0147/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 158
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э д холбогдох эрүүгийн 2015001810144 дугаартай, 163/2020/0147/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц.Э //.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд/:
Шүүгдэгч Ц.Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Эмнэлгийн зардал 850000 төгрөгийг төлсөн, цаашид гарах зардлыг төлнө гэх мэдүүлэг, эрүүгийн 2015001810144 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б амралтын газарт гэр бүлийн найзуудын хамт “төрсөн өдөр” тэмдэглэх явцдаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бодит байдлыг буруугаар ойлгон Ц.С г “эхнэр Г ыг зодож байна” гэх шалтгаанаар түлхэсний улмаас унаж, түүний биед баруун хөмсөг дотор сорви, доод баруун нэгдүгээр шүдний ганхалт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ц.С гийн өгсөн: “Би эрх үүрэгтэйгээ танилцсан асууж тодруулах зүйл байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай найз З ийн төрсөн өдөр болж байсан. 16 цагийн үед манайд найз Б хүрч ирээд “З ийн төрсөн өдөр болж байгаа, чамайг очоод аваад ирээч гэж З надад хэлсэн” гэж хэлэхээр нь би Б гийн хамт Б гэх нэртэй амралтын газар очсон. Б амралтын газарт очиход
З , түүний найз С , түүний нөхөр Э тэр гурав байсан. Мөн З , С нарын хүүхдүүд байсан. З ийн охин, С гийн охинтой муудалцсан байсан ба юунаас болж муудалцсаныг мэдэхгүй байна. Тэрнээс болж С , З хоёр хоорондоо хэрүүл маргаан хийхээр нь би З “миний найз жирэмсэн юм чинь боль, боль яах гээд байгаа юм” гэж хэлээд орон дээр суулгаж байхад Э гаднаас орж ирээд намайг орноос өргөөд орны урд байсан ширээ сандал руу шидсэн. Би газар унахдаа ширээ мөргөж унасан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд машинаас буугаад эмнэлэг рүү орж байсныг санаж байна. Б бид хоёрыг Б амралтын газар очиход Э , С , З нар архи ууж байсан. Э дунд зэргийн согтолттой байсан байх, З жирэмсэн болохоор бага зэргийн согтолттой байсан. Өөрсдийн үйлдлээ хянах чадвартай байсан. Э бид хоёр урьд өмнө хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би С тай ерөөсөө хэрүүл маргаан хийгээгүй. Э З тай хэрүүл маргаан хийгээгүй. Э гаднаас орж ирээд намайг аваад шидсэн тэрнээс хойш хэрүүл маргаан хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Э намайг газар луу өргөж шидсэн тэрнээс өөр намайг цохиж зодсон үйлдэл байхгүй.
Э миний эмнэлэгт хэвтсэн эмчилгээний төлбөрт 250000 төгрөг төлсөн. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 200000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 400000 төгрөгийг тус тус миний данс руу шилжүүлсэн. Э нийтдээ 850000 төгрөг надад өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Би баруун хөмсөгөндөө 8 оёдол тавиулсан. Би гоо сайхны мэс ажилбар хийлгэж сорвигүй болох, мөн толгойндоо эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 3000000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Ц.С гийн биед баруун хөмсөг дотор, сорви, доод баруун нэгдүгээр шүдний ганхалт бүхий гэмтэл үүссэн. Дээрх баруун хөмсөг дотор сорви нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. Баруун нэгдүгээр шүдний ганхалт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун хөмсөг доторхи сорви, доод баруун нэгдүгээр шүдний ганхалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баруун хөмсөг доторхи сорви нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Харин баруун нэгдүгээр шүдний ганхалтыг хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй” гэх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 374 дугаартай дүгнэлт /хх-36-38 тал/,
Шүүгдэгч Ц.Э ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр Г ы найз А ын төрсөн өдөр 2020 оны 04 дүгээр сарын
08-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Б амралтын газар болсон юм.
Би эхнэр Г ы хамт төрсөн өдөрт очиж хоносон ба 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед явцгаах болоод би Б гийн машинд суугаад эхнэр Г ыг хүлээсэн. Тэгтэл Г гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь би гайхаад амралтын байшинд орсон чинь эхнэр Г газар дээшээ хараад хэвтсэн байсан ба Г , С , А гурав зууралдсан байдалтай байсан. Тухайн үед би С г тэр хоёрыг салгаж байна гэж мэдээгүй. Би С г арагш нь түлхсэн чинь С газар унасан, тэгтэл С гийн баруун хөмсөгнөөс цус гарсан. Би С д гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.С гий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Э ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Э ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ц.С гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.С гийн гэм хорын хохиролд 850000 төгрөгийг төлснөөр санал гомдолгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна.
Харин хохирогч Ц.С нь цаашид гарах эмчилгээний зардал гоо сайхны мэс ажилбар буюу эмчилгээний зардалд 3000000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Э ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Э нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 42-46 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эхнэр бага насны 3 хүүхдийн хамт ...д амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Б овогт Ц.Э ийг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Ц.Э ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдолгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.С нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД