| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0167/э |
| Дугаар | 2020/ШЦТ/159 |
| Огноо | 2020-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/159
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-д холбогдох эрүүгийн 2021000000181 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фитнессийн багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ж /РД: ............../.
Шүүгдэгч Ж нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Венера” цайны газрын гадна хохирогч Ц-тай маргалдан улмаар алгадаж унаган хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Ц ах над руу ирээд миний хөл рүү өшиглөж “...хоёр гөлөг минь бос, пизда...” гэх мэт үг хэлж доромжилсон. Тэгэхээр нь би босоод “ахаа та яв” гэж хэлсэн боловч явахгүй доромжлоод байхаар нь уурандаа нүүр рүү нь нэг удаа алгадчихсан чинь газарт уначихсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэгээд тэр ах цагдаад дуудлага өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ... 7 дугаар хороонд байх найз Лхагваагийнд архи ууж байгаад орой 23 цагийн орчим гэртээ харихаар “Венера”-гийн хойд талаар явж байхад 2 залуу шатан дээр хэвтэж байсан. Хэвтэж байсан хоёр залуугийн хажууд нэг эмэгтэй зогсож байхаар нь яагаад эмэгтэй хүн гомдоогоод байгаа юм гэж бодоод тэр хоёр залуу руу очоод Ж гэх залуугийн хөл рүү “босооч” гээд өшиглөсөн. Тэгсэн тэр залуу босож ирээд намайг алгадаад унагаасан. Би газар унахдаа нүүр, чихээ бага зэрэг шалбалсан. Одоо миний зүүн чих өвдөөд байна. ...Эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй. Ж бид хоёр хоорондоо тохиролцсон. ...Надад гомдол санал байхгүй. Хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 7-8 тал/
Гэрч Г.Шинэзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг дээшээ хараад хэвтэж байхад Ж хүнтэй маргалдахаар нь би өндийгөөд харахад нэг ах газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь би очиж ахаа бос гэхэд босохгүй байхаар нь өргөж босгосон. Тэгээд би Ж-с “чи яасан юм бэ” гэж асуухад Ж “би заамдаж байгаад баруун гараараа толгой руу нь мангасдаад унагаачихсан юм” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 11-12 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 334 тоот дүгнэлтэд:
1. Ц-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбээ, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний гадна сувагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоосон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17-18 тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15 тал/
Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 16 тал/
Ж-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 10, 23-25 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ж нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Венера” цайны газрын гадна хохирогч Ц-тай маргалдан улмаар алгадаж унагаан түүний биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбээ, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний гадна сувагт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц, гэрч Г.Шинэзориг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 334 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж-гийн үйлдлийн улмаас хохирогч Ц-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбээ, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний гадна сувагт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 334 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ж-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж-гийн үйлдлийн улмаас хохирогч Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй. Ж бид хоёр хоорондоо тохиролцсон. Надад гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж-гийн ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА