Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00377

 

У.О, Д.Ц, Г.Ц нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02509 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2404 дүгээр магадлалтай,                                                                                                                                              

             У.О, Д.Ц, Г.Ц нарын нэхэмжлэлтэй,

            Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуульд холбогдох

            Мөнгөн тэтгэмжид нийт 23.852.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанхорол, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч У.О хуучнаар Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль, 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 658 тоот тушаалаар багшаар ажилд орсон. Ингээд 2015 оны 09 сарын 15 хүртэл буюу 5 жил тасралтгүй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжээ авахаар анх 2015 оны 11 сарын 18-нд Монгол Улсын Их сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан. Нэхэмжлэгч Д.Ц 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 658 тоот тушаалаар багшаар томилогдон ажилласан. 2015 оны 12 сарын 16-нд 5 жил ажиллаад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжээ авах эрх үүсч 2016 оны 01 сарын 11-нд өргөдлөө өгсөн. 2016 оны 01 сарын 13-нд Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан өргөдлийг Захиргаа Хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга В.Батцэнгэл рүү цохолт хийж явуулсан. Нэхэмжлэгч Г.Ц 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 58 тоот тушаалаар багшаар ажилд орсон. 2010 оны 12 сарын 24-ний өдөр жилийн чөлөө авч 2011 оны 08 сарын 25-нд ажилдаа эргэж орсон. Ингээд чөлөө авсан хугацаагаа хасаж тооцоод 2015 оны 10 сарын 25-нд 5 жил ажиллаад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжээ авах эрх үүсч анх 2016 оны 01 сарын 11-нд өргөдлөө өгсөн. 2016 оны 01 сарын 13-нд Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан өргөдлийг Захиргаа Хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга В.Батцэнгэл рүү цохолт хийж явуулсан. Ингээд нэхэмжлэгч нарын өргөдлүүд Захиргаа Хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга В.Батцэнгэл гэдэг хүнд цохогдож хуваарилагдсан. Бидний тэтгэмжийн асуудал бидэнтэй хамт ажилладаг багш нарын адилаар шийдэгдэнэ гэдэгт итгэж найдан хариуг хүлээсэн. Өмнөх багш нар ямар нэгэн асуудалгүйгээр уг тэтгэмжид хамрагддаг байсан. Гэвч хариу ирэлгүй 2-3 сар болсон. Ингээд бид өөрсдийн биеэр В.Батцэнгэл даргатай уулзсан. Гэтэл би энэ асуудлыг шийдвэрлэж мэдэхгүй байна, эдийн засагч н.Энхцэцэгтэй уулз гэж хэлсэн. Үүний дагуу бид эдийн засагч н.Энхцэцэгтэй уулзсан. Тэрээр бидний асуудлыг Монгол Улсын Их сургуулийн хуулийн зөвлөх н.Энхтайванг дуудаж хамт уулзсан. Хуулийн зөвлөх н.Энхтайван хуулийн дагуу бидний тэтгэмжийг өгөх нь зүйтэй гэж хэлсэн боловч эдийн засагч н.Энхцэцэг бид 3-тай тохиролцох гэж Мэргэжлийн боловсролын салбарын сүлжээ цалингаар бодож 5 жил тэтгэмжийг бодож олговол одоо өгөхөд бэлэн байна гэж хэлсэн. Энэ нь ойролцоогоор бидний үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байсан учраас бид татгалзсан. Тэгээд тэд хэрвээ та нар Хөдөлмөрийн яамнаас ажил олгогч байгууллага буюу Монгол Улсын Их сургууль бидний тэтгэмжийг өгөх нь зүйтэй гэсэн бичиг аваад ирвэл та 3-ын тэтгэмжийг өгнө гээд явуулсан. Ингээд 2016 оны 02 сарын 24-нд Хөдөлмөрийн яамны Санхүү эдийн засгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн гэх хүнээс албан бичиг Монгол Улсын Их сургуулийн Захиргаа Хяналт шинжилгээ үнэлгээний албанд ирсэн. Албан бичгээр тэдний хүсээд байсан хариу очсон учраас бид 3-т хариу ирнэ гэж хүлээсэн боловч мөн л таг чиг болсон. Бид Монгол Улсын Их сургуулийн захирал н.Бат-Эрдэнэтэй уулзахаар очсон боловч биднийг хүлээж аваагүй. Эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал н.Нарантуяатай уулз гэж явуулсан. Ингээд тэр өдрөө н.Нарантуяа захиралтай уулзсан. Захирал бидэнтэй уулзаад тэр үед Монгол Улсын Их сургуулийн бүх багш ажилчдын цалинг нэмж байсан үе таарсан ба бидэнд цалингаа нэмүүлэхгүйгээр тэтгэмжээ авна гэвэл өгч болж байна гэхдээ бас л танай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн орлого зарлагыг тооцож үзнэ гэсэн зүйлээ хэлсэн. Ярилцаад сууж байтал Монгол Улсын Их сургуулийн захирал н.Бат-Эрдэнэ орж ирээд Монгол Улсын Их сургуулийн статус төсвийн санхүүжилтийн талаар бидэнд ойлгомжгүй зүйлийг захирангуй байдлаар яриад Хөдөлмөрийн сайдын төсвийн багцад суулгуулж байж тэтгэмжээ ав, манай Монгол Улсын Их сургууль өгөхгүй гэж хэлсэн. Ингээд манай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эрхлэгч Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Боловсролын яам гээд асуудлыг шийдэж болох бүхий л газруудаар явж албан бичиг өгч түүнийхээ хариуг авсан. Хамгийн сүүлийн бичиг нь 2017 оны 02 сарын 06-ны өдөр 7/362 тоот бичгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хариуг ирүүлэхдээ бид нарын Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-т Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно гэж заасан байгаа тул олгох арга хэмжээ авч ажиллахыг анхааруулсан байхад өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй байгаа тул нэхэмжлэгч бид нар Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандсан бөгөөд тэндээс 2017 оны 02 сарын 24-ний өдөр 2017 оны 02 сарын 20-ны өдрийн огноотой 04 тоот зөвлөмжийг авсан бөгөөд мөн л ажил олгогчийг хуульд заасан үүргээ биелүүлэх болов уу гээд харсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд хандан гомдлын шаардлагаа гаргасан болно. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 131 дүгээр Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг Монгол Улсын Их сургуулиас тусгаарлан Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилд үйл ажиллагааг бие даалган ажиллуулахаар шийдвэр гарсан тул Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг хариуцагчаар татсан. Иймд хариуцагчаас Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-т Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон төхникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч У.Од 7.925.500 төгрөг, нэхэмжлэгч Д.Цт 7.925.500 төгрөг, нэхэмжлэгч Г.Цт 8.001.130 төгрөг, нийт 23.852.130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанхоролын хариу тайлбарт: Нэхэмжлэгч У.О, Д.Ц, Г.Ц нар нь бүгд 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаж эхэлсэн байна. Манай Их Сургууль нь 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Засгийн газрын 131 тоот тогтоолоор Монгол Улсын Их Сургуулийн харъяаллаас гарч Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль гэсэн бие даасан сургалтын байгууллага болж 2017 оны 9 сараас анхны оюутнуудаа элсүүлэн авч дөнгөж үйл ажиллагаагаа шинээр эхэлж байгаа болно. Харин нэхэмжлэгчдийн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-т заагдсан мөнгөн тэтгэмж авах эрх үүссэний дараа 2016 оны 07 сарын 21-ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын Бүтцийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8-д зааснаар мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудал болсон байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулинд Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах эрхийг хэрэгжүүлнэ хэмээн заасан байдаг. Мөн их, дээд сургуулиудын дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Хөдөлмөрийн яамнаас хувьсах зардал олгохын зэрэгцээ Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам нь дээрх хуулиудаар Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийг шууд харъяалах дээд байгууллага юм. Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харъяаны сургалтын байгууллага бөгөөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын тэтгэмжид зарцуулахаар хуваарилагдсан санхүүжилт ч байхгүй болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёстой этгээд нь Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02509 дүгээр шийдвэрээр: Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтыг баримтлан Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуулиас 7.925.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Од, 7.925.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цт, 8.001.130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цт тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 277.210 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

           

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2404 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанхорол, өмгөөлөгч Ж.Болорцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02509 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2404 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч У.Од 2015 оны 09 сарын 15-ны өдөр, Д.Цт 2015 оны 12 сарын 16-ны өдөр, Г.Цт 2015 оны 10 сарын 25-ны өдөр тус тус Мэргэжлйн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан тэтгэмж авах эрх үүссэн байх ба нэхэмжлэгчид энэхүү тэтгэмж авах эрх үүсэх үед Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн Мэргэжил, сургалтын төвд багшаар ажиллаж байгаад тухайн сургуулийн удирдлагуудад тэтгэмж авах өргөдөл удаа дараа өгсөн байдаг ч асуудал шийдэгдэхгүй байсаар улмаар Монгол Улсын Их Сургуулийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Монгол Улсын Их Сургуулийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Монгол Улсын Их сургууль хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан. Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар хэдийнээс эхлэн хаана ажиллаж байсан талаар дурьдаж, тэтгэмж авах болзол шаардлагыг хангасан гэж үзсэнээс тэтгэмж авах эрх үүсэх үед нэхэмжлэгч нар ямар байгууллагад ажиллаж байсан бэ, тэтгэмжийг чухам аль байгууллага нь олгох ёстой гэдгийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Түүнчлэн тэтгэмж шаардаж байгаа нэхэмжлэгч нар анх ажилд орохдоо ч Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох Худалдааны Сургуулийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажилд орсон байдаг. МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль зохион байгуулалтын үндсэн бүтцийн нэг нэгж бөгөөд бие даасан хуулийн этгээдийн эрхгүй юм. Бүрэлдэхүүн сургуулийн багш нарт тэтгэмж олгох асуудлыг МУИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Тодруулбал, Монгол Улсын Их Сургуулийн Худалдааны сургуулийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Д.Мөнхнасан, Д.Сарантуяа нарт Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2013 оны 12 сарын 18-ны өдрийн Б849 тоот тушаалаар уг мөнгөн тэтгэмжийг олгосон байдаг. /х/х 44 тал/ Үүнээс харахад Монгол Улсын Их сургуулийн биелүүлээгүй үүргийг шинээр байгуулагдсан Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн нэхэмжпэгч Г.Ц, Д.Ц, У.О нарын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуультай тус тус байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.1.3-т зааснаар (Х/Х 8 дах тал, 22 дох тал, 33 дахь тал) “Ажил олгогч нь багшийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих ёсоор хамруулж, шимтгэлийг Нийгмийн даатгалын багц хуульд нийцүүлж зохих хэмжээгээр төлөх, хүуль тогтоомжид заасан тэтгэмжийг зохих журмын дагуу олгох үүрэгтэй.“ гэж заасан байна.

2. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 131 тоот Тогтоол гарч уг тогтоолд “Дээд боловсролын тухай хуулийн 6.3, Иргэний хуулийн 31.1, 31,5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуулиас тусгаарлан Худалдаа, Үйлдвэрлэлийн Их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын үйл ажиллагааг бие даалган ажиллуулсугай" гэж заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 31.5 дахь хэсэгт зааснаар Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Монгол Улсын Их Сургуулиас тусгаарлан түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан сургууль болох Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуульд шилжүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 131 тоот тогтоолыг хэрэгжүүлэн Монгол Улсын Их Сургуульд ажиллаж байсан зарим багш ажилчдыг МУИС-ийн захирлын 2017 оны 08 сарын 30-ны өдрийн А256 тоот тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль уруу шилжүүлэн ажиллуулсугай гэсний дагуу нэхэмжлэгч У.О, Д.Ц, Г.Ц нар нь Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуульд шилжин ажиллаж байгаа юм.

Нэхэмжлэгчид Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3 дахь заалтаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа бол 5 жилийн тэтгэмж авах эрх үүссэн үед тэдний ажиллаж байсан байгууллага нь Монгол Улсын Их Сургууль юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчдийн хариуцагчийг солих хүсэлтийг хүлээн авч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэнийг мөн үндэслэлгүй гэж үзэн гомдолтой байна.

3. Түүнчлэн хуулийн этгээдийг тусгаарлан өөрчлөн байгуулахад зарим эрх үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хуулийн этгээдэд шилжүүлдэг. 2017.04.26-ны өдрийн Засгийн газрын 131 тоот тогтоолын 3 дахь хэсгээр Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуульд сургуулийн байр, эд хөрөнгийг балансаас балансанд шилжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасны дагуу тус газрын 2017.07.05-ны өдрийн 324 тоот тогтоол гарч уг тогтоолоор “Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуульд 1310 нэр төрлийн үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх”-ээр тогтоосны дагуу Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуульд 1310 нэр төрлийн үндсэн хөрөнгийг МУИС-аас шилжүүлэн авсан. Харин Монгол Улсын Их Сургуулиас багш У.О, Д.Ц, Г.Ц нарын тэтгэмжинд зарцуулах мөнгөн хөрөнгө буюу нэхэмжлэгч нарт олгох 5 жилийн тэтгэмжтэй холбоотой ямар нэгэн үүрэг, хариуцлагыг Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуульд шилжүүлээгүй болохыг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийг тусгаарлан өөрчлөн байгуулахад шинээр байгуулагдаж байгаа хуулийн этгээдэд чухам ямар эрх, үүрэг хариуцлага шилжиж очих вэ гэдэг нь хамгийн чухал асуудал байдаг тул энэ асуудлыг анхаарч үзэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

4. Дээрх бүхнээс дүгнэхэд “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт тэтгэмж олгох үүрэг бүхий хариуцагчийг зөв тодорхойлоогүй, уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг тэтгэмж олгох үүрэг бүхий этгээд гэж үзсэн, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэгч нарт 23.852.130 төгрөг төлөх үүрэг бүхий этгээд болохыг нэхэмжлэгчид нотолж чадаагүй байхад шүүх манай байгууллагаас дээрх тэтгэмжийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 167.2.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.10-ны өдрийн 181/ШШ2017/02509 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.22-ны өдрийн 2404 тоот шүүх магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.       

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч У.О, Д.Ц, Г.Ц нар нь Монгол Улсын Их сургуульд холбогдуулан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтад заасан 5 жил тутамд олгогдох тэтгэмжид У.Од 7,925,500 төгрөг, Д.Цт 7,925,500 төгрөг, Г.Цт 8,001,130 төгрөг, нийт 23,852,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад их сургуулиудын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг хариуцагчаар татсан байна.

Хариуцагч Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч У.О нь 2010 оны 09 сарын 15-ны өдрөөс, Д.Ц нь 2010 оны 12 сарын 16-ны өдрөөс, Г.Ц нь 2010 оны 02 сарын 22-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их сургуулийн Худалдаа үйлдвэрийн сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд багшаар ажилласан болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын Их сургуулийн захирлын тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогджээ.

Монгол Улсын Их сургуулийн Худалдаа үйлдвэрийн сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 131 тоот тогтоолоор Монгол Улсын Их сургуулийн харьяаллаас гарч Худалдаа үйлдвэрлэлийн Их сургууль болж өөрчлөгдсөн бөгөөд нэхэмжлэгч нар Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд багшаар шилжин ирж ажиллаж байгаа үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтад Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно гэж зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нарын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллласан хугацаа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтад заасан 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах нөхцөл, болзлыг хангасан байна.

2016 оны 07 сарын 21-ний өдөр батлагдсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8-д зааснаар мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн тогтолцоог хөгжүүлэх асуудал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудал болсон, Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуульд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш нарын тэтгэмжид зарцуулагдахаар хуваарилагдсан санхүүжилт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш гэж хариуцагч байгууллага татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн тогтолцоог хөгжүүлэх нь асуудал эрхлэх сайдын  асуудал болсон нь тус төвд багшилж буй багшид хуульд заасны дагуу олгох мөнгөн тэтгэмжийг олгох этгээдтэй холбоотой бус харин мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн тогтолцоог хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах эрхийг хэрэгжүүлэх, тус төвийн хувьсах зардлыг санхүүжүүлэхтэй холбоотой тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нар Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаж байх тул тэтгэмжийг нэхэмжлэгч нарын ажиллаж байгаа сургалтын байгууллага буюу Худалдаа үйлдвэрлэлийн Их сургууль олгох үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02509 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2404 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанхоролоос хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 277.210 /хоёр зуун далан долоон мянга хоёр зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН