Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 67

 

Д.Ц холбогдох

            эрүүгийн хэргийн тухай                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Н.Амарсанаа,

            Шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч Д.Нямдорж, Б.Зулбаяр,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 945 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Амарсанаагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Д.Ц холбогдох эрүүгийн 201701000032 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хоргио овогт Дамдинсүрэнгийн Д.Ц, 1976 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 182 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар хасч, 100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Д.Ц нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 19-20 цагийн орчим, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонгоын өөртөө засах орны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ганцмод балгасанд байрлах Мэн Юань зочид буудалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Гын зүүн нүдэн тус газар гараараа цохиж, хараагүй болгон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ц холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд байх тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

1. Шүүх хуралдаанд гэрчээр байцаалт өгсөн Л.УуД.Г нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хотын Уртын дунд хошууны Ганцмод балгасанд үйл ажиллагаа явуулах "Мэн юань" зочид буудалд эхнэрийн хамт орсон ба шүүгдэгч Д.Ц, хохирогч Д.Г нартай уулзаагүй, буудалд хамт ороогүй, хэргийн талаар мэдэхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ. Гэтэл эрүүгийн 201701000032 дугаартай Д.Ц холбогдох хэргийн 1 дүгээр хавтасны 50 дугаар хуудсанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ариунболд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Лхагвасүрэн овогтой УуД.Гыг гэрчээр /тайлбараар/, 1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудсанд Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Ганзориг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Лхагвасүрэн овогтой УуД.Гаас гэрчээр тус тус байцаалт авчээ. Хэрэгт авагдсан дээрх байцаалтуудад Л.УуД.Г нь хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нартай уулзаж, улмаар өөрийн буудаллаж байсан зочид буудлын өрөөнд хамт орцгоосон талаар мэдүүлсэн байхад шүүхийн хэлэлцүүлэгт тэдгээртэй тухайн цаг хугацаанд уулзаагүй, мэдэхгүй гэж тэс өөр мэдүүлэг өгснөөс гадна 1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудсанд авагдсан гэрчээр өгсөн мэдүүлгийг Л.УуД.Г өгөөгүй, гарын үсэг биш талаар мэдүүлжээ. Түүнчлэн Л.УуД.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ариунболдын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Л.УуД.Гыг гэрчээр байцаасан гэх тэмдэглэлд зурсан гарын үсэг мөн гэх ба мэдүүлсэн зүйл нь худлаа талаар мэдүүлснээс гадна тухайн тэмдэглэл нь тайлбар эсвэл гэрчээр байцаалт аваад байгаагийн аль нь болох нь тодорхойгүй, байцаалт авсан албан тушаалтан нь байцаалт авах эрх бүхий этгээд эсэх нь эргэлзээтэй байна. Иймд шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Л.УуД.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд зайлсхийсэн үү эсвэл эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийн аль нь болохыг тогтоох ажиллагаа хийж зохих арга хэмжээ авах. Дээрх байдлууд болон бусад нөхцөл байдлуудыг тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, хэрхэн үйлдэгдсэнийг бүрэн тогтоох нь зүйтэй.

2. Дээрх байдлыг тодруулах зорилгоор Л.УуД.Г гадаад пасспортод үзлэг хийх, тухайн цаг хугацаанд хилээр гарсан эсэх талаар лавлагаа авах, түүний эхнэр гэх этгээдээс байцаалт авах, Л.УуД.Г болон түүний эхнэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хотын Уртын дунд хошууны Ганцмод балгасанд үйл ажиллагаа явуулах "Мэн юань" зочид буудалд буудаллахдаа хэний нэрээр хэрхэн яаж бүртгүүлсэн болох, камерийн бичлэг бусад нотлох баримт байгаа эсэхийг сайтар шалгах шаардлагатай байна.

3. Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ "...2016 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Ганц модны балгасанд нийтийн буудалд хонохоор болсон тул зэргэлдээх дэлгүүр ороод гарч явахад Д.Г 1 залуутай нилээн ядруу, халамцуу буюу бараг согтуу шахам явж байсан. Надаас хонох газар байна уу гэж асуусан тул би "Мэн юань" гэх буудлыг зааж өгсөн ба уг буудалд нэр бүхий хүмүүс байсан. Буудалд хохирогчийг оруулахад нэр бүхий хүмүүс архи ууж байсан. Тодруулбал, Жанчив, Золбоот хочит хүн, Батсайхан, Баавгай нартай хохирогч архи ууж байсан. ... Хохирогч тэр үед 1 нүдээ даавуугаар дарсан ба нүднээс нь ногоон өнгийн зүйл гоожсон байдалтай байсан. Хамт байсан залуугийнх нь нүд мөн улайж хавдсан байсан. ... 11 дүгээр сарын 22-ноос 29-ний хооронд би "Мэн юань" буудалд өөрийнхөө бичиг баримтаар Мөнгөнхуяг гэх залуутай хамт байсан. ..." гэж мэдүүлсэн ба эдгээр нэр дурьдагдсан этгээдүүд байсан эсэхийг тогтоон, тэдгээрээс хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг тодруулж байцаалт авах, Д.Ц хэрэг болсон гэх цаг хугацаанд тухайн зочид буудалд хэнтэй хэрхэн орсон болон түүний явсан газар, уулзсан хүмүүс, хийсэн зүйлийн талаарх маршрутыг тогтоох ажиллагаа хийх.

4. Нэгдүгээр хавтаст хэргийн 115 дугаар хуудсанд байгаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас ирүүлсэн гадаад хэлээр бичигдсэн бичгийг албан ёсны баталгаат орчуулга хийлгэж хэрэгт хавсаргах.

5. Нэгдүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд өвчний түүхийн хэвтэх үеийн онош гэдэгт "хөгшрөлийн эхэлж буй цийлт", үндсэн онош, үйлдлийн онош гэдэг нь чухам юуг илэрхийлж байгаа болохыг хохирогч Д.Гын эмчлэгч эмч П.Бүрэнжаргалаас тодруулах. Дээрхээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 "гэмт хэрэг гарсан байдал", 1.2 "гэмт хэргийг хэн үйлдсэн", 1.3 "гэмт хэргийн сэдэлт зорилго" зэргийг бүрэн гүйцэт тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх нөхцөл байдал бий болсон тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Н.Амарсанаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч Л.УуД.Г нь зориуд худал мэдүүлэг өгсөн эсэх, эсхүл эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийн аль нь болох нь тодорхойгүй нөхцөл байдал шинээр үүссэн бөгөөд улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжилгээ хийлгэх тухай саналыг шүүхэд гаргасан. Гэвч шүүх улсын яллагчийн гаргасан саналын дагуу шүүх хуралдааныг завсарлуулж, улсын яллагчаас гаргасан саналыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэг буюу "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа"-ны заалтууд болох 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ”, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийг прокурорт буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжилгээ хийлгэх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш бөгөөд тухайн шинжилгээний хариунаас шалтгаалан улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлд зааснаар дүгнэлт танилцуулах, эсхүл мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэн шүүгдэгчийг яллахаас татгалзах эсэх асуудлыг шийдвэрлэх байсан. Мөн шүүх хэргийг прокурорт буцаахдаа, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон бөгөөд 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн "Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн 1 дүгээр зүйлд "2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр баталсан Шүүхийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай" гэж, мөн 2 дугаар зүйлд "Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж тус тус заасан байна. Шүүх "Шүүхийн тухай хууль" эсвэл "Монгол Улсын шүүхийн тухай хууль"-ийн алийг нь хэрэглэсэн эсэх нь ойлгомжгүй байна. Иймд Хоргио овгийн Дамдинсүрэнгийн Д.Ц-д холбогдох эрүүгийн 201701000032 дугаартай хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 945 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.      Өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Гэм буруугийн хурал хуралдахаас өмнө өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хуралдаанаар дараах зүйлүүдийг тавьсан. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 5 гэрч нарыг оролцуулах, мөн яригдаад байгаа 2-3 гэрч нарыг оролцуулъя гэснээр шүүх шүүгчийн захирамжаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслээд 6.13, 6.14, 6.15, 6.16 заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Харин анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлье гэсэн захирамжийн үндэслэлээр гэм буруугийн буюу анхан шатны шүүх хуралдаан эхэлсэн. Явцын дунд шинээр үүссэн нөхцөл байдал үүсээгүй. Л.УуД.Гыг оролцуулаад бид нарын харж байсан нотлох баримтыг шинжлэн судлах үед гарын үсэг  нь буруу байна. Өмнөговь аймагт авагдсан баримт нь нэг талаасаа тайлбар авчихаад яллах талын үндэслэл болоод байна. Л.УуД.Г гарын үсэг мөн, биш гэдэг асуудал эргэлзээ бүхий гэрчийн мэдүүлэг, шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлсэн. Гэрч паспортоо бариад 6 дугаар сарын 3-ны өдөр байгаагүй гэсэн асуудал яригдахад шүүхийн зүгээс хэрэгт авагдсан баримтыг үнэлэх учраас гадаад паспорт болон бусад асуудлыг дахин нягтлах хүсэлттэй гэсэн үндэслэл гаргаж ирсэн. Шинжээч эмчид асуултуудыг тавьсан. Эхний онош нь түрүүн тавьж байсан, энэ онош ямар учиртай юм бэ гэхээр шинжээч эмч бүрэн бус хариултыг өгсөн. Ингээд прокурорын зүгээс ийм нөхцөл үүсч байгаа учраас шинжээч томилж өгөөч гэсэн. Харин бид нар “шинжээч томилох шаардлагагүй. Нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нотлох ёстой баримтуудыг үндэслэж, дахин шалгуулах хэрэгтэй” байна гэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүх нотлох баримтууд албан ёсоор орчуулагдаж монгол хэлээр явагдана гэсэн. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамнаас ирүүлсэн бичгүүд хятад хэл дээр бичигдсэн. Л.УуД.Гын авчруулсан гэх зураг нь бүгд хятад хэл дээр байсан. Энэ нь өөрөө прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болж, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж орж ирсэн. Ер нь прокурорын дүгнэлтийг аваад үзвэл шүүхийн шийдвэрт зарим нэг үг үсгийн алдаа байгаа нь хэрэг хүчингүй болох үндэслэл болохгүй. Шүүхийн тухай хуулийг зөв бичээгүй нь үг үсгээр хөөцөлдсөн нь энэ захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж оролцуулсан гэрч нь зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Шүүхийн хэлэлцүүлэгт “Гарын үсэг зөв байгаа дээр би мэдүүлэг өгч байгаагүй. Гарын үсэг буруу байгаа дээр би Монгол Улсад байгаагүй” гэж ярьдаг. Тухайн өдөр он, сар, огноотойгоо, мөрдөн байцаах газрын дугаар, тоот өрөөнд байцаалтаар авсан мэтээр хэрэгт авагдсан байдаг. Энэ талаар шүүх хуралдааны үед гэрчийн зүгээс гадаад паспорттой ирсэн байсан учраас үзлэг хийх боломжтой байсан. Шүүх хууль зөрчсөн асуудал байхгүй. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.Ц холбогдох хэргийг прокурор Н.Амарсанаагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Ц холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг, 6.13-д заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн талаарх гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тогтоожээ.

Анхан шатны шүүх хуралдааныг явуулж, дээрх хэлэлцээгүй орхисон асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг прокурорт буцааснаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан зохицуулалтын хамааралтай байдлыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12-д зааснаас үзэхэд хэлэлцээгүй орхисон асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлууд шүүх хуралдаан дээр бий болвол хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан тодорхой үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийг яллахаас татгалзах санал гаргаж, шүүх хуралдаанаар шийдвэрлүүлсэн нөхцөл байдал авагдаагүй байгааг дурдаж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 945 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Амарсанаагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.