Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 352

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Б ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Э  , Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Тусгаар тогтнолын талбайд жагсаал цуглаан хийхээр төлөвлөж, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлэхээр тус дүүргийн Засаг даргад хандсан боловч тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр албан бичгээр бүртгэхээс татгалзсан нь иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан эрхийг зөрчиж байна.

Миний зүгээс 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тусгаар тогтнолын талбайд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу жагсаал, цуглаан хийхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч миний гаргасан хүсэлтийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан үндэслэлээр бус “Номин карнавал” 2018 үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа тул таны жагсаал, цуглаан хийх хүсэлтийг хүлээн авч, бүртгэх боломжгүй байна гэж татгалзсан. Энэ нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна. 

Би Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат гэдэг хүнээс албан бичиг ирсэн. Чингэлтэй дүүргийн Засаг даргын өмнөөс хэлтсийн дарга хариу өгч байгаа нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр газар жагсаал, цуглаан хийх боломжтой байсан гэж байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” гэж заасан байна. Гэтэл надтай энэ талаар юу ч яриагүй. 

Намайг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариу гарчихлаа, ирж танилц гээд дуудсан. Намайг очиход Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат хүлээж аваад, маргаан бүхий захиргааны актыг шууд гардуулсан. Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн Тусгаар тогтнолын талбай дээр “Номин карнавал” явагдаж байсан ч гэсэн урд талд нь 100 хүнээс илүү хүн зогсох талбай хангалттай байсан. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал, цуглаан хийж байгаа этгээдийн үүргийг зохицуулж өгсөн байдаг. 

Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат болон мэргэжилтэн Г.Э   нар “...“Номин карнавал” явагдаж байгаа. Танай жагсаал, цуглаан хийж байгаа хүмүүс хулгай хийчихнэ. “Н” ХХК-иас уурлаад байна” гэж хэлсэн. Хуульд огт байхгүй үндэслэлээр миний хүсэлтээс татгалзсан. 

Иймд Жагсаал, цуглаан хийх журмыг зөрчиж, хуульд огт байхгүй үндэслэлээр миний хүсэлтээс татгалзсан тул “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э  , Г.Б  нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.Б  нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Засаг даргад хандаж тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тусгаар тогтнолын талбайд 05 дугаар сарын 21-ний өдөр 11:00-19:00 цагийн хооронд 100 хүний бүрэлдэхүүнтэйгээр жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр албан бичгээр 05 дугаар сарын 21-ний өдөр “Номин карнавал-2018” электрон барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа тул жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй тухай хариу өгч шийдвэрлэсэн. 

Учир нь “Н” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/184 дүгээр албан бичгээр тус дүүргийн Тусгаар тогтнолын талбайд 05 дугаар сарын 14-25-ны өдөр хүртэл “Номин карнавал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хүсэлтийг 04 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлснийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/748 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн болно. 

“Н” ХХК нь үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах хүсэлтэд Тусгаар тогтнолын талбайд 44 асар майхан, тайз байрлуулах хөтөлбөр тусгаж зохион байгуулсан нь Б.Б ийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний үйл ажиллагаатай давхацсан, жагсаал, цуглаан зохион байгуулах зай талбай байхгүй. 

Мөн нэхэмжлэгч Б.Б  нь 2018 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргад нийт 3 удаа жагсаал, цуглаан хийх хүсэлт гаргасан байдаг. Өмнөх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болон 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтүүдийг нь бүртгэж аваад, жагсаал, цуглаан хийх эрхийг нь хангаж, Б.Б  жагсаал, цуглаанаа хийсэн байдаг. 

“Н” ХХК-иас явуулж буй үйл ажиллагаа нь сүүлийн 10 гаруй жил явагдаж байгаа. Мөн одоо Тусгаар тогтнолын талбайд BSB электрон барааны үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа. Тухайн цаг хугацаанд өмнө нь бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг бүртгэсэн байхад иргэн Б.Б  нь өөр цаг хугацаанд, өөр байрлалд  жагсаал, цуглаан хийх боломжтой байсан боловч хүлээн зөвшөөрөхгүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газар, түүний хэлтэс, албадаар дамжуулж гаргасан шийдвэрийг үл зөвшөөрч нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Нэгэнт гарсан захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулах нь ямар ч ач холбогдолгүй. 

Мөн Б.Б  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй байна гэж тайлбарлаж байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт “Олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах” гэж заасан байдаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Б ийг хүлээн авч уулзаад, заавал Тусгаар тогтнолын талбайд биш, өөр байршилд жагсаал, цуглаан хийх боломжтой талаар хэлсэн. Түүнээс биш Б.Б ийн үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй байгаа бөгөөд үзэл бодлоо илэрхийлээд явж байгаа. 

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга тус жагсаал, цуглааныг бүртгээгүйгээс Б.Б ийн ямар эрх хөндөгдсөн нь тодорхойгүй байна. Энэ асуудлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дугаар албан бичгийг нэхэмжлэгч Б.Б т хүлээлгэж өгөхдөө уулзалт зохион байгуулаад, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны жагсаал, цуглаан хийх байршил болон өдрийн талаар ярилцсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс заавал “Номин карнавал” хийгдэж байгаа талбай дээр жагсаал, цуглаан хийнэ гэсэн асуудал тавиад байсан учраас ойлголцолд хүрээгүй. Тухайн уулзалтад ямар нэгэн байдлаар тэмдэглэл хөтлөгдөөгүй байдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хааж, боогдуулсан зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б  нь нэхэмжлэлийн шаардлагаа  “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” гэж тодруулж тодорхойлсон болно.

Хариуцагчаас “...Б.Б ийн хүсэлтэд дурьдсан хугацаанд Тусгаар тогтнолын талбайд 2018 оны 5 дугаар сарын 13-24-ний өдрүүдэд “Номин карнавал” электрон барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хүсэлтийг бүртгэсэн тул өөр агуулгатай жагсаал, цуглаан хийх боломжгүй” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б ийн хүсэлт зориг бол цуглаан хийх зорилготой байх бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ” гэж тодорхойлсон байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “Н” ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/184 дүгээр  албан бичгээр “...Тусгаар тогтнолын талбайд 2018 оны 05 дугаар сарын 14-25-ны өдрийг дуустал “Номин карнавал” хямдралтай, бэлэгтэй, сугалаатай, нээлттэй үзэсгэлэн худалдааг зохион байгуулах” тухай хүсэлт гаргасаны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/748 дугаар  албан бичгээр “Тус дүүргийн нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 2018 оны 05 дугаар сарын 13-24-ний өдрүүдэд “Номин карнавал” хямдралтай, бэлэгтэй, сугалаатай нээлттэй үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн” тухай хариу өгчээ.

Харин нэхэмжлэгч Б.Б ээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  “Чингэлтэй дүүргийн 6 хороо, Тусгаар тогтнолын талбайд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр жагсаал, цуглаан хийх” тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ...”, З-д “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

Маргаан бүхий акт болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр  албан бичгээр “Тус дүүргийн нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Номин карнавал-2018” электрон барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа тул жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй байна” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал, цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар, радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар, олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах, эмнэлгийн байгууллага, Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт” зэрэг газруудад жагсаал, цуглаан хийхийг хориглосон.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох” зэрэг зорилгоор жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглон, тус тус тусгайлан нарийвчлан зохицуулжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Б ийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цуглаан хийхээр төлөвлөсөн “Тусгаар тогтнолын талбай” нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан хориглосон газарт хамаарахгүй байна. Мөн мэдэгдэлд дурьдсан цуглаан хийх зорилго, агуулга нь хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасан жагсаал, цуглаан хийхийг хориглосон зорилгод хамаарахгүй байна. 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд  “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1. 4/-д заасан хориглосон газарт цуглаан хийхээр хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй байсан” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1. 4/-д “Олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах” гэж заажээ.

Гэтэл “Н” ХХК-ийн Тусгаар тогтнолын талбайд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах “Номин карнавал” үзэсгэлэн худалдаатай нэхэмжлэгчийн хийхээр төлөвлөсөн цуглаан давхцаж буй боловч дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 1. 4/-д заасан хориглосон газарт буюу “хүнсний болон барааны зах” гэх ойлголтод Тусгаар тогтнолын талбай хамаарахгүй байна. 

Мөн нэхэмжлэгч Б.Б ийн хийх цуглааны зорилго  болон “Н” ХХК-иас зохион байгуулах үзэсгэлэн худалдаа хоорондоо ямар нэгэн эсрэг агуулга, зорилгыг агуулаагүй, тус тусын өөр зорилготой гэж үзэхээр байна. 

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-д “Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “Намайг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариу гарчихлаа гэж дуудсан. Очиход Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат маргаан бүхий захиргааны актыг шууд гардуулсан. Хуулийн 9 дүгээр зүйлийн 4-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дугаар албан бичгийг Б.Б т хүлээлгэж өгөхдөө жагсаал, цуглаан хийх байршил болон өдрийн талаар ярилцсан. Гэвч заавал “Номин карнавал” хийгдэж байгаа талбай дээр хийнэ гэсэн асуудал тавиад байсан учраас ойлголцолд хүрээгүй” гэх тайлбарыг тус тус  гаргаж байв.

Энэхүү нөхцөл байдлуудаас үзэхэд захиргааны байгууллагаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр албан бичгээр “хүсэлтийг бүртгэх боломжгүй” тухай татгалзсан хариуг өгөхдөө цуглаан зохион байгуулагчтай тодруулж ярилцсан гэх боловч энэхүү үйл баримт нь нотлогдохгүй байна. Мөн тухайн уулзалтад ямар нэгэн байдлаар тэмдэглэл хөтлөгдөөгүй байна. 

Зүй нь эхлээд цуглаан хийх газар, цаг хугацааны талаар цуглааныг зохион байгуулагчаас тодруулах, ярилцах ажиллагааг зохион байгуулсаны дараа зохих хариуг албан ёсоор өгөх ёстой байсан.

Иймээс “Номин карнавал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөн нэхэмжлэгчээс цуглаан хийхээр хүсэлт гаргасан байх тул хариуцагч нь хуулийн дээрх заалтын дагуу зохион байгуулагч Б.Б ээс өөр өдөр эсхүл өөр газарт цуглаан хийх боломжтой эсэхийг тодруулах зэрэг харилцан зохицуулах ажиллагааг хийгээгүй, хэрэгжүүлж ажиллаагүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан байна.

Хариуцагч нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу 1/ “шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол”, 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол”, 3/ “энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол” гэсэн татгалзах үндэслэлүүд тогтоогдож байвал уг мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах ёстой. 

Гэтэл нэхэмжлэгч Б.Б ийн гаргасан мэдэгдэл нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 1. 1/, 2/, 3/ дахь заалтад заасан үндэслэлүүд болон 7 дугаар зүйлийн 1. 4/-д заасан хориглосон газрын алинд нь ч хамаарахгүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр албан бичгээр хуульд заагдаагүй үндэслэлээр цуглааныг бүртгэхээс татгалзсан нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр болжээ гэж шүүх үзлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл “ Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 16/ “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулан, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж хуульчлан зохицуулжээ.

Иймд захиргааны байгууллагын шийдвэр нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, Б.Б ийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д баталгаажуулсан иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөлтэй илэрхийлэх, цуглаан хийх үндсэн эрх, эрх чөлөөг хуульд заагдаагүй үндэслэлээр хязгаарласан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 4, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/869 дүгээр албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ЦЭЦЭГМАА