Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 262

 

“Идэр чандмань” ХХК-ийн ХХХнэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, хариуцагч Я.Түвшинжаргал нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0307 дугаар магадлалтай, “Идэр чандмань” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Идэр чандмань” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Идэр чандмань” ХХК-ийн 2011, 2012 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2013 оны 12 дугаар сард хяналт шалгалт хийгээд “2011 онд үндсэн ажилтанд олгосон 15,658.4 мянга төгрөгийн, гэрээт ажилтанд 10,158.1 мянган төгрөгийн, 2012 онд үндсэн ажилтанд 39,323.6 мянган төгрөгийн, гэрээт ажилтанд олгосон 79,503.2 мянган төгрөгийн, нийт 144,643.3 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд дутуу тусгаж, тайлагнасан” гэж улсын байцаагч Я.Түвшинжаргал 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар актаар 31,821,526 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэхээр, 13,491,500 төгрөгийн алданги, нийт 45,313,026 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Нэхэмжлэгч уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Манай компани үндсэн ажилчдынхаа цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоон, ажилчдын цалингийн сангаас тооцох нийгмийн даатгалын шимтгэлийн 10 хувийг байгууллагаас тооцон төлөхөөр ажилчидтайгаа тохирсон бөгөөд үүнийгээ 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалаар баталгаажуулсан. Ингээд үндсэн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж ирсэн бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй болно, харин  гэрээт ажилчдын тухайд 2011, 2012 онуудад иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулаагүй, тэднийг байнгын ажлын байраар хангаагүй тул нийгмийн даатгалын шимтгэл тооцон төлөх үндэслэлгүй юм. Иймд, нийгмийн даатгалын улсын байцаагч Я.Түвшинжаргалын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Түвшинжаргалаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Идэр чандмань” ХХК бодит байдалд үндсэн ажилчдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаагүй буюу түүнээс илүү хөлс олгосон болох нь Татварын тайлангаар тогтоогддог бөгөөд ажилчдад олгосон бодит /жинхэнэ/ цалин, хөдөлмөрийн хөлсөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “бодит олгосон цалингаас тооцож шимтгэл төлөх” заалтыг зөрчсөн гэж, мөн тус компани 2011 онд үндсэн 7 ажилтан, 2012 онд үндсэн 12 ажилтнаас гадна гэрээт ажилчид авсан байх боловч тэдгээрт олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтган орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил илэрсэн. Ажиллагсадтай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хувь хүмүүсийг авч ажлуулахдаа Хөлсөөр ажиллах болон Ажил гүйцэтгэх гэрээний аль алийг хийгээгүй, тэдгээрт олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцолгүй хууль зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг баримтлан “Идэр чандмань” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Түвшинжаргалын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар актыг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 307 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Түвшинжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Хөвсгөл аймагт бүртгэлтэй барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Идэр чандмань” ХХК нь 2011, 2012 онуудад үйл ажиллагаа явуулахдаа Иргэний хуульд заасан Хөлсөөр ажиллах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ аль алиныг байгуулаагүй, хувь хүмүүсийг авч ажлуулсан байх бөгөөд тэдгээрт олгосон цалин хөлсийг татварын тайланд тусгаж, татвар ногдох орлогоос хасаж тооцсон атлаа энэ тухайгаа нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тусгаагүй нь Татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хууль бус үйлдэл юм. Улсын байцаагч би Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн 4.2-т заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэнэ” гэсний дагуу “Идэр чандмань” ХХК-ийн нягтлан бодогчтой тооцоо нийлэн хяналт шалгалтын ажлыг явуулсан юм. Гэтэл шүүх заавал захиралтай тооцоо нийлж, хяналт шалгалтыг явуулах байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу хяналт шалгалтын дүнгийн талаар хурал хийж, компанийн удирдлагад танилцуулсан баримт хэрэгт байхад давж заалдах шатны шүүх “шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг байгууллагын удирдлагад танилцуулах, ямар чиглэлээр шалгалт явуулахаа мэдэгдэх журмыг зөрчсөн” гэж нотлох баримтад үндэслээгүй  дүгнэлт хийсэн. 2012 оны олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү тооцсон хавтаст хэрэгт байгаа баримтыг шүүх үндэслэлгүйгээр үнэлээгүйн зэрэгцээ анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн тайлбар хэлэх эрхийг даргалагч шүүгч хязгаарлаж, яриулахгүй байсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тус компанийн 2011, 2012 оны Татварын тайлан ТТ11-ийг Нийгмийн даатгалд даатгуулагчийн нэрийн тайлантай харьцуулан судлуулах хүсэлтэй байна. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, Иргэний хуулийн  343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс, аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд  олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого хамаарахаар зохицуулжээ.

Мөн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч, даатгуулагч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй.

Тухайн тохиолдолд, “Идэр чандмань” ХХК-ийн захирлын 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалаар “үндсэн ажилчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгох, ажилчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 10 хувийг байгууллага хариуцан төлөх”-өөр шийдвэрлэсэн гэх боловч үндсэн ажилчдад олгосон бодит цалингийн зөрүүгээр хэргийн оролцогчид маргаж байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг шалган тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

“Идэр чандмань” ХХК-иас 2011 онд 14, 2012 онд 15 гэрээт ажилтан авч ажиллуулан, нийт 29327.4 мянган төгрөгийг үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд, хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогод тодорхойлон “Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан”-г Татварын албанд гаргасан, “Инженерийн хийцтэй уст худаг гаргах ажил гүйцэтгэхэд хувь хүмүүсийг авч ажиллуулсан боловч тэдэнтэй гэрээ байгуулах боломж байдаггүй” гэж, харин хариуцагч “хувь хүмүүстэй Иргэний хуулийн  343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, тэдэнд олгосон хөлс нь нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого мөн” гэж маргажээ.

Тус компани нийт хичнээн хүмүүсийг ямар хугацаагаар ажиллуулж, тус бүр хэдий хэмжээний хөлс олгосон, эдгээр нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого мөн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтаар ялган тогтоогдохгүй байгаагаас тухайн үйл баримтад хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс “тус компанитай гэрээ байгуулан ажилласан ажилчид байнгын шинжтэй тогтмол, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгоогүй” гэж нийтлэг байдлаар дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1-д заасантай нийцэхгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоолгох, нэмэлт нотлох баримт цуглуулах нь зүйтэй гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0307 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                          ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН