| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0034/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.М
Улсын яллагч: М.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ц
Шүүгдэгч: Т.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-д холбогдох 2022000380023 тоот хэргийг 2020 оны 3 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ..................-ны өдөр төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй гэх, .......................... ажилтай, ам бүл ............... .................. хамт ......................... оршин суух, одоо ..................... түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, Т.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь 2020 оны 1 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Халгайтын 2-8 тоотод иргэн Ц.Б-ний нүүр рүү мөргөж, цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 1 дүгээр сарын 9-ний орой манай эхнэр Нямсүрэнгийн ажлын газрын хоёр найзтай нь уулзалдаж сууя ээд Эрдэнэдайлай сумын бааранд дуудсан. Тэгээд бааранд сууж байгаад нэг шил архи, нэг лааз пиво уусан. Тэндээсээ 12 цагийн орчимд гараад Энхзориг гэдэг айлд очиж Болдбаяр болон Ц гэх залуучуудтай танилцсан. Тэгээд сууж байтал Ц гаръя гээд дуудаад гарсан. Араас Болдбаяр гэх залуу гадуур хувцсаа аваад босч байсан. Тэгээд гараад үгийн зөрөөгүй зодсон. Болдбаяр гэдэг залуу цагдаа дуудсан гэв.
- Хохирогч Ц.Б-ийн: “Би 2020.01.09-ний орой манай эхнэрийн ажлын хүмүүс бид хоёрыг бааранд дуудаад тэнд нилээд сууж байгаад баар хаах цаг болчихоод бид хэд баарнаас гараад Энхзориг гэх айлд очоод тэндээ архи уугаад байж байсан чинь Ц гэх залуу намайг дуудаад хамт гараад тамхи татъя гэж хэлээд намайг дагуулаад айлаас гарсан. Тэгээд гадаа гарчихаад Ц гэх залуу миний нүүр рүү шууд цохиосон, би газар унасан. Тэгсэн миний үснээс зулгааж байгаад нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Бид хоёрын хажууд Болдбаяр гэх залуу намайг бариад байсан. Миний хамраас цус гараад миний өмсөж явсан куртикийг урсан. Тэгээд бид хэдийг гадаа маргалдаад байж байхад Батбаяр гэх залуу гарч ирээд намайг аваад гэрт оруулсан. Тэгээд Ц гэх залуу гэр лүүгээ явсан байсан. Би Ц гэх хүнтэй маргалдах шалтгаан огт болоогүй. Тамхи татна гэж цуг гараад үгийн зөрүүгүй намайг цохиж унагасан байгаа. Миний биед гэмтэл учирсан байгаа. Тухайн үед хамарнаас цус гарсан мөн зүүн талын нүдрүү цохисноос болоод нүд улайж, хөхөрч хавдсан. Дээд үүдэн 2 шүдний баруун талын шүд эмтэрсэн. Мөн баруун талын шанаа гэсэнт зулгарч хавдсан зэрэг гэмтэлүүд учирсан байгаа. Ц бид хоёр архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. Ер нь болсон асуудлаа мэдэж байгаа, гэхдээ архи нилээд уусан байсан. Би гадаа гараад зодуулснаас хойш ухаан балартаад орон гаран юмаа санаж байгаа гэх мэдүүлэг /хх11-12/
- Гэрч М.Энхзоригийн: ...манай гэр рүү явахаар болоод Хандам, Батхүү, Насандэлгэр, Нямсүрэн, Б, Ц бид хэд манайд очсон тэгээд Болдбаярыг унтаж байхаар нь би босгоод архи аягалуулсан. Тэгээд архи дарс ууж байсан чинь гаднаас Батбаяр манайд орж ирээд эхнэрээ аваад явах гэж байсан байх, би согтоод унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байхад Нямсүрэн намайг дуудаад цохиж аваад байхаар нь сэрээд харсан чинь танай хүмүүс чинь манай нөхрийг зодчихлоо гээд байсан. Намайг босоод ирсэн чинь Ц, Болдбаяр хоёр байгаагүй. Б гэх хүний хамраас нь цус гарсан байсан. Би бааранд очоод Б гэх хүнтэй танилцаад мөн манайд очоод хамт архи дарс уугаад сууж байхад Бат-Эрдэний хамар ам нь зүгээр байсан. Унтаад босоод ирсэн чинь нүүр ам нь учиргүй цус болсон байсан гэх мэдүүлэг /хх19-20/
- Гэрч Э.Насандэлгэрийн: ... Архи дарс ууж байсан чинь гаднаас манай нөхөр Батбаяр орж ирээд намайг авч явах гэсэн чинь манай ажлын Нямсүрэн намайг байж бай гээд Б бас манай нөхрийг байж бай гээд байсан. Тэгээд Хандам, Батхүү хоёр гэр рүүгээ гараад явсан. Тэгээд архи ууж байгаад Энхзориг тасраад унтаад өгсөн. Тэгээд бид хэд юм яриад сууж байсан би бас нилээд согтчихсон байсан Тэгсэн гаднаас Б хүнд зодуулчихлаа гээд хамар амнаас цус гарчихсан байсан. Тэгээд яасан гээд асуусан чинь Ц намайг зодчихлоо гээд байсан тэгсэн чинь Нямсүрэн Энхзоригийг дуудаж босгоод танай хүмүүс чинь манай нөхрийг зодчихлоо гээд байсан. Б гэрт байхдаа нилээд баярхаад байсан тэгээд маргалдсан байж магадгүй. Бат-Эрдэний баруун хацар нь зулгарч улайсан байсан. Зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Хамраас нь цус гарсан байсан. Харин Цыг хараагүй гэх мэдүүлэг /хх21-22/
- Гэрч Р.Батбаярын: ...намайг очсон чинь Хандам, Батхүү хоёр гэр рүү яваад өгсөн. Тэгээд би эхнэрээ аваад явах гэсэн Б гэх залуу та хоёр байж бай хэдүүлээ энэ архийг ууж дуусаад хамтдаа явъя гээд байхаар нь би ууж байгаа архи дарснаас нь огт амсаагүй тэгээд юм яриад сууцгааж байсан чинь Энхзориг тасраад унтаад өгсөн. Тэгээд Ц, Бат- Эрдэнэ хоёр нилээд согтуу байсан. Ц эхлээд гараад буцаж орж ирээд сууж байгаад Б гэдэг залуутай хамт гэрээс гараад явсан. Тэгсэн араас нь Болдбаяр гараад явсан төд удалгүй Болдбаяр гүйж орж ирээд нөгөө хоёр чинь зодолдоод байна, би салгаж дийлэхгүй байна та хамт гараад салгалцаад өгөөч гээд ороод ирсэн. Тэгээд би гараад очсон чинь Ц Бат-Эрдэний дээр нь суучихсан, мөн хоёулаа нэг нэгнийгээ заамдаад байж байхаар нь би Цыг татаж буулгаад тэр хоёрыг салгасан. Б нь Цыг цохиж авах гээд байхаар нь дунд нь зогсож байгаа Цыг цаашаа яв гэж хэлсэн чинь миний үгэнд ороод цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би Бат-Эрдэнийг гэр рүү дагуулаад орсон. Намайг гараад очиход Бат-Эрдэний хамраас цус гарчихсан байсан. Юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Бат-Эрдэний баруун хацар нь зулгарч улайсан байсан. Зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан, хамраас нь цус гарсан байсан. Харин Цыг харахад нүүр ам нь зүгээр байсан. Би Болдбаяртай хамт гарч очоод салгаад явуулсан. Намайг гараад очиход Бат-Эрдэнийн хамраас цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх23-24/
- Гэрч Ц.Нямсүрэнгийн: ...Ц манай нөхрийг хөгшөөн тамхи татах уу гээд дагуулаад гэрээс гарсан араас нь Болдбаяр гарч явсан. Би тухайн үед нилээд согтчихсон байсан. Гаднаас манай нөхөр Бат-Эрдэнийг Батбаяр гэх дагуулаад ороод ирсэн чинь Бат-Эрдэнийн нүүр нил цус болчихсон байсан. Юу болсон талаар асуухад надад танай найзууд чинь намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би Энхзориг гэх хүнийг унтаж байхад нь сэрээгээд танай дүү нар чинь манай нөхрийг яахаараа зоддог юм бэ гэж хэлээд босгосон. Гаднаас 2 цагдаа орж ирээд бид хэдийг авч явсан. Тэгээд гэр гэртээ амарцгаасан. Ц.Бат-Эрдэний зүүн нүд хавдаж улайсан, баруун талын шанаа нь зулгарч цус болсон мөн хамарнаас цус гарсан, баруун эгэмний яс нь хөхөрсөн. 12 дугаар шүд нь эмтэрсэн, толгой нь их өвдсөн. Би яг тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар нь огт мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар тамхи татах уу гээд Ц дагуулаад гарсан. Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ coгтуу байсан гэх мэдүүлэг /хх25-26/
- Дундовь аймгийн Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн их эмч Г.Амарын 2020 оны 1 сарын 10-ны өдрийн 5 цаг 30 минутад бичсэн тодорхойлолтод : ДS: Толгой, нүүрний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, хамрын ясны гэмтэл, үүдэн 12-р шүдний 3/1-ийн хугарал, тархины доргилт гэжээ /хх-31/
- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020.01.15-ны 34 тоот дүгнэлтэд Ц.Бат-Эрдэний биед тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгийн цус хуралт, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, баруун дээд 2-р шүд хазах хэсгээр ташуу сэлтэрсэн хугарал, зовхи, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгийн цус хуралт, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт. зөөлөн эдийн няцрал. Баруун дээд 2-р шүдний сулрал, баруун дээд 2-р шүд хазах хэсгээр ташуу сэлтэрсэн хугарал гэмтэл нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зовхи, хацар хэсгийн зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн /хх32-33/ баримтууд хамаарна.
Эдгээр баримтаар шүүгдэгч Т.Ц нь 2020 оны 1 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Халгайтын 2-8 тоотод оршин суух иргэн М.Энхзоригийн гэрийн гадаа Ц.Б-ийн нүүр рүү мөргөж, цохисны улмаас Ц.Бат-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт /хх32-33/, гэрч Р.Батбаяр /хх23-24, М.Энхзориг/хх27-28/, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгийн их эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-31/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ц нь бусадтай архидан согтуурч, өмнө нь үл таних Ц.Бат-Эрдэнийг ямар ч шалтгаангүйгээр зодсон нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх бөгөөд түүний үйлдлийн улмаас Ц.Б-ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул Т.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Ц-ын санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ийн бие махбодид “тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгийн цус хуралт, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, баруун дээд 2-р шүд хазах хэсгээр ташуу сэлтэрсэн хугарал, зовхи. хацарт зулгаралт гэмтэл” тогтоогдсон, эдгээр гэмтлээс “тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгийн цус хуралт, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт. зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, баруун дээд 2-р шүд хазах хэсгээр ташуу сэлтэрсэн хугарал гэмтэл” нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба “зовхи, хацар хэсгийн зулгаралт” нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчийн 2020.01.15-ны өдрийн 34 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Уг шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч Т.Ц 2020 оны 1 сарын 24-ний өдөр, хохирогч Ц.Б 2020 оны 1 сарын 23-ны өдөр танилцсан байна /хх-35, 36/ Талуудын хэн аль нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул уг дүгнэлтийг шүүх нотлох баримтаар тооцсон болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Т.Ц хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ц.Б нь өөрийнхөө эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгч Т.Цоос шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохирогч нь эмчилгээ болон хэрэг хянан шийвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал болох нийт 1446600 төгрөгийн баримт ирүүлсэн /хх59-78/, шүүхэд 442660 төгрөгийн баримт гарган өглөө. Эдгээр баримтыг шалгаж үзэхэд компьютер томографийн төлбөр 100000 төгрөгийн баримт давхардаж орсон/хх-73, 74/ байх тул хохирогч Ц.Б-ийг баримтаар 1756260 төгрөг нэхэмжилж байна гэж үзнэ.
Үүнээс хэргийн 59, 61, 64, 65, 68, 69 дугаар хуудсанд авагдсан болон шүүхэд гаргаж өгсөн баримтаас 2020.03.16-ны өдрийн бензиний 100000 төгрөг, хоолны 15000, унааны зардал гэх 34000 төгрөг буюу нийт 580600 төгрөгийн зардал баримтаар хангалттай нотлогдохгүй, бодит хохиролд тооцогдох эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээ нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Иймд нотлох баримт хангалтгүй бүрдүүлж өгсний улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул 580600 төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтаар Т.Ц нь хохирогч Ц.Б-д эмчилгээний зардал 746600 төгрөг /хх-77/, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хохирогч Ц.Б-д 700.000 төгрөг дансаар шилжүүлсэн /хх-78/ болох нь тогтоогдож байна. Энэ нь нийт 1446600 төгрөг болж байх тул хохирогчоос гаргаж өгсөн баримтаар нотлогдож буй 1175660 төгрөгийн бодит хохирол бүрэн нөхөн төлөгдсөн байна.
Хохирогч Ц.Б нь хэргийн материалтай танилцаад “ би зодуулсаны улмаас хамрын таславчны муруйлтыг засах мэс засалд 3-р эмнэлэгт орно. Түүнээс гарах хохирлыг нэхэмжилнэ” гэсэн /хх-94/ ба шүүх хуралдаанд “мэс засалд орох жагсаалтад бичүүлсэн байгаа, тэр зардлаа нэхэмжилнэ” гэв.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхийг шаардах эрхтэй боловч энэ талаар нотлох баримт хохирогч талаас гаргаж өгсөнгүй. Иймд уг эмчилгээтэй холбогдох гарах зардлын нэхэмжлэлийг мөн хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
Шүүхээс хэлэлцэхгүй орхиж байгаа нь тухайн асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа бус, харин хохирогчид нотлох баримтаа бүрдүүлж жичдээ нэхэмжлэх боломжийг нээттэй үлдээж байгаа юм. Иймд хохирогч Ц.Б нь шүүхээс хэлэлцээгүй орхисон 580600 төгрөг болон цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Т.Ц-ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй.
3/ Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Ц нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-50/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ц нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлж, бусдад төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд Т.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал, дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
4/ Бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Т.Ц-ын хувьд прокуророос Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Харин хохирогч Ц.Б нь шүүгдэгч Т.Ц-д зодуулсныхаа дараа иргэн М.Энхзоригийн гэрт гэрийнх нь зуухыг өшиглөх, халуун савыг нь өшиглөж хагалах, гэрт нь нус цэрээ хаяж, агсамнасан талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгээр /хх19-20, 27-28, 21-22, 23-24, 25-26/ нотлогдож буй танхайрсан үйлдэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, Т.Цын үйлдэлд хамааралгүй, тусдаа асуудал байх тул шүүх хэлэлцэхгүй орхив. Цагдаагийн байгууллага анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.8, 38.10, 38.13, 37.1, 37.2 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ц-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид 1446600 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1756260 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээс 580600 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Хохирогч Ц.Б нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон 580600 төгрөгийн хамар засуулах эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Т.Ц-ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солино гэдгийг Т.Ц-д анхааруулсгай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ