Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 45

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Маанийдаарий

Улсын яллагч: М.Оюунбат

Шүүгдэгч: Ш.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Год холбогдох 2022001120038 тоот хэргийг 2020 оны 4 сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ............................... боловсролтой, зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ............................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Ш.Г нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын .............. тоотод байрлах гэртээ эхнэрийн хамт архидан согтуурч, эхнэр М.Э-ийн толгойн тус газар нь галын сийлтүүр төмрөөр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

          Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: Цэргийн найзыгаа гаргаж өгчихөөд гэртээ очоод би согтуугаараа илүү дутуу юм ярьж Чимгээгийн дургүйг хүргэсэн учир намайг түлхэж унагасан, тэгэхээр нь би Ч-г сийлтүүрээр цохисон гэв.

          Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

     Согтуурал шалгасан магадлагаа: 2020 оны 3 сарын 5-ны өдөр 17 цаг 19 минут, Ш.Г, согтуурлын зэрэг: 1,99 хувь гэсэн /хх-3/

     Согтуурал шалгасан магадлагаа: 2020 оны 3 сарын 5-ны өдөр 18 цаг 36 минут, М.Э, согтуурлын зэрэг: 1,88 хувь гэсэн /хх-4/

     Хохирогч М.Э-ийн: “...14 цагт Улаанбаатар хот явах автобусанд Пүрэвийг эхнэрийнх нь хамтаар суулгаж өгөөд нөхөр бид хоёр гэртээ харих замдаа дэлгүүрээс ахин нэг шил архи худалдан авсан. Тэр архийг нөхөр бид хоёр хувааж ууж байтал манай нөхөр Ш.Г миний онгод тэнгэр орж ирлээ гээд хашхираад эхэлсэн. Тэгэхэд нь би нөхрөө чи юундаа дэмий юм яриад байгаа юм гээд загнасан. Манай нөхөр галын хажууд зогсож байгаад хөргөгчин дээр сүнс байна, орон дээр сүнс байна гээд дэмийн юм яриад байхаар нь миний уур хүрээд галын хажуу талд түлхээд унагасан. Манай нөхөр протез /хиймэл хөл/ -тэй учир галын хажууд ойчоод өгсөн. Тэгээд манай нөхөр босож ирээд галын урд талын түлээний саванд байсан галын сийлтүүр төмрөөр миний толгой хэсэгт нэг удаа цохиход миний толгой хагарсан. Тэгэхээр нь би гэрээсээ зугтаагаад гарсан. Буцаж гэртээ орж цагдаа дуудчихаад гэрээсээ гарч гэрийн ард сууж байтал манай хүү ирсэн. Мөн цагдаа нар хүрээд ирсэн. Намайг гэрийн зуухны зүүн талд зогсож байхад манай нөхөр Ш.Г зуухны урд талаас босож ирээд түлээний савнаас галын сийлтүүр төмөр аваад миний толгойны баруун дээр хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. Нөхөр бид хоёр хоёуулаа байсан. Миний толгой баруун дээд хэсэгтээ хагарч хоёр оёдол тавиулсан. Өөр гэмтэл бэртэл байхгүй” гэх мэдүүлэг /хх10-11/

     Гэрч Г.Г-ын /шүүгдэгч, хохирогч нарын хүү/:  15 цагийн үед ээж, аав хоёр нэлээн согтуу гэртээ ирж байгаа харагдсан. Би 16 цагийн орчимд аав, ээжийн гэрээр орж тэр хоёрыг ямаршуухан байдалтай байгааг харахад хоёулаа нэлээн согтуу хэвтэж байхаар нь би гайгүй юм байна ингэсгээд унтах байх гэж бодоод гадуур гарах ажилтай байсан болохоор гараад 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн араас ээж цусаа гоожуулчихсан намайг дуудаад байсан. Би очоод яасан бэ, юу болсон гэж асуухад аав чинь галын сийлтүүр төмөрөөр миний толгойг цохичихлоо гэсэн. Ээж цагдаа дуудчихсан байсан болохоор төд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Би ээжийгээ аваад эмнэлэг явсан. Аавыг цагдаа нар аваад явсан гэх мэдүүлэг /хх14-15/

          Гэрч Д.М-ын /жижүүрийн цагдаа/: 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд 99350815 дугаараас М.Э-ээс Сайнцагаан сумын ...........тоотод манай нөхөр намайг согтуугаар зодоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу тухайн хаяг дээр цагдаа жолооч Ж.Т-ийн хамт очиж шалгахад М.Э нь гэрийнхээ гадаа алчуураар толгойгоо дарсан алчуур нь цус болсон хашаандаа зогсож байсан. Болсон асуудлыг тодруулахад: Манай нөхөр согтуу агсан тавиад миний толгойг хагалчихлаа гэсэн. М.Э-ийн хамтаар гэр рүү ороход нөхөр Ш.Г нь гэрийн зүүн орон дээрээ сууж байсан. Нөхрөөс нь болсон асуудлыг тодруулан асуухад “та нар яах гэж яваа хүмүүс вэ гэсэн гайхсан байдалтай байсан” М.Э-ээс таны толгой руу юугаар цохьсон юм бэ гэж асуухад энэ галын сийлтүүр төмрөөр цохисон гэж гэрийн гадаа байсан галын сийлтүүрийг заасан тухайн галын сийлтүүр төмрийг харахад өнгөцхөн цус болсон байсан. Тэгээд би 7059103 дугаарт залгаж түргэн дуудсан. Мөн тухайн өдрийн бэлэн байдалд ажиллаж байсан д/ч А.Өлзийбуянг дуудсан. Түргэний эмч ирж хохирогчийг үзэж оёдол тавих шаардлагатай гээд М.Эийг аваад явсан. д/ч А.Ө ирээд Ш.Г-ыг цагдаагийн газарт авчирч драгерь багаж үлээлгэн шалгахад 1.99 хувь согтолттой байсныг хүү Г.Г-д хүлээлгэн өгсөн. Тухайн үед Э нь мөн адил согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдүүлэг /хх20-21/

          Гэрч Ц.Батбилэгийн /эмч/: Яаралтай тусламжийн  тасагт толгойдоо гэмтэл авсан хүн ирлээ гэх дуудлагаар дуудагдан ирэхэд 50 гаран насны эмэгтэй согтуу орилж хашгичсан, толгойн баруун талруу цус гарч хатсан байдалтай байсан. Үзлэг хийхэд толгойн хуйханд 5 см орчимд урагдсан шархыг цэвэрлэж анхдагч цэгцлэлт хийж 2 ширхэг зангилаат оёдол тавьж үзлэг зөвлөгөө өгсөн.  Мөн давтан үзлэгийн хугацаа товлон ар гэрт нь хүлээлгэж өгсөн.  3 сарын 5-нд давтан үзлэг товлосон  боловч хугацаандаа ирээгүй. Гэмтлийн шалтгааны талаар асуухад манай нөхөр цохьсон гэж хариулсан.  Тухайн хүн маань өөрөө их согтолттой байсан. Тонгойход цохьсон гэж байсан. М.Э ахиж эмчилгээ хийлгээгүй. Толгойн  баруун дээд хэсэгт 4-5 см орчим хагарсан шархтай байсан. Өөр биед ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй гэх мэдүүлэг /хх22-23/

     Яаралтай тусламжийн хуудаст: 2020 оны 3 сарын 5-ны өдрийн 16 цаг 55 минут. Толгой өвдөнө, дотор муухайрна гэнэ. Архи уусан, нөхөр нь толгой руу цохисон гэнэ. Онош: Хуйхны урагдалын шарх гэжээ /хх29-30/

          Шинжээчийн 2020.03.09-ний өдрийн 76 дугаар дүгнэлтэд:  М.Э-ийн биед баруун чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх26-28/ зэрэг баримт хамаарна.

          Шүүгдэгч Ш.Г нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг ........... тоотод байрлах гэртээ эхнэр М.Э-тэй маргалдан, харилцан зодолдсоны улмаас эхнэр М.Э-ийн бие махбодид хөнгөн зэргийн  гэмтэл учруулсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

          Шүүгдэгч Ш.Г нь хохирогч М.Э-тэй 1993 оны 7 сарын 15-ны өдөр гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлж өсгөн бойжуулсан, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, түүний үйлдэл нь аюулын зэргийн эрсдлийн хувьд бага түвшинтэй байгаа, хохирогчид ямар нэгэн эрсдэл байхгүй болох нь гэрлэлтийн баталгаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, харъяа багийн Засаг даргын тодорхойлолт, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хохирогч М.Э-тэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар /хх-34-45, 57, 62, 63/ тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ш.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр М.Э-ийг зодсон нь үнэн боловч түүний үйлдэл нь эхнэр нөхөр хамтран архидан согтуурч,  улмаар Ш.Г нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хий юм үзэж хашхичсанд дургүйцэн эхнэр М.Э нь  нөхөр Ш.Г-ыг зуухны урд түлхэж унаган харилцан зодолдсоны улмаас гэнэт үүссэн шинжтэй байх тул  Ш.Г-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Г-ын үйлдлийн улмаас хохирогч М.Э-ийн биед баруун чамархайд шарх гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жумын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн  2020.03.09-ний өдрийн 76 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заасан байна.

       Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Ш.Г нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч М.Э нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээд болох Ш.Г-оос шаардах эрхтэй байна.

        Хохирогч М.Э нь оёдол тавиулснаас өөр эмчилгээ хийлгээгүй үндэслэлээр иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх10-11/ ба хэргийн материалтай 2020 оны 3 сарын 27-ны өдөр танилцаад санал хүсэлт гаргаагүй /хх-65/, шүүх хуралдаанд мөн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. 

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирогч С.Э нь иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас шүүхээс түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон тул хэрэв хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ш.Г-оос нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Шүүгдэгч Ш.Г нь анх удаа ял шийтгүүлж байгаа болох нь эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/ тогтоогдож байна. 

          Шүүгдэгч Ш.Г-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Ш.Г нь зүүн талын хөлөө тайруулсны улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар, хугацаагүйгээр тогтоогдсон болох нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэрээр /хх-64/ тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч Ш.Г нь анх удаа гэмт хэрэг  үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлсэн, хохирогч “нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэж байгаа, Ш.Г-ын биеийн  эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, прокурорын санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Ш.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “нийт 45 см урттай, үзүүр хэсгийг  нугалж дэгээ болгосон,  дэгээ болгосон  хэсэг нь 8 см, эсрэг талын үзүүр хэсгийг  нугалж бариул болгосон, тэр хэсэг нь 10 см галын сийлтүүр”  төмрийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2

     дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Ш.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Шүүгдэгч Ш.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч М.Э нь “иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй” гэсэн  болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Г-ын  гэмт хэрэг  үйлдэхдээ ашигласан галын сийлтүүр гэх төмрийг  устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй. 

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ш.Г-оос нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. 

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

    7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  90 хоногийн  дотор биелүүлэх үүрэгтэй ба уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солино гэдгийг Ш.Год анхааруулсугай.

        

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ