Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 078

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, С.*******ын нэхэмжлэлтэй Б.*******эд холбогдох эд хөрөнгийн гэм хорын хохирол 365,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* миний бие 1981 онд төрсөн. Ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би 2009 онд үйлдвэрлэгдсэн 2016 оны 08-р сард Монгол улсад орж ирсэн авто машин авсан. Миний бие ажлаа тараад 2016 оны 11-р сарын 04-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд Оргиу дэлгүүрийн урд өөрийн машинаа жолоодож яваад Б.*******ийн жолоодож явсан ******* маркийн автомашинд мөргүүлсэн. Үүнээс болж миний машины баруун урд хаалга цөмөрч, толины суурь хагарсан, мөн баруун урд крыло цөмөрсөн, рам нь доод хэсгээрээ хонхойсон, урагшаа гүйдэг хойд хаалга зурагдсан. Машиныхаа эвдрэл гэмтлийг хөрөнгийн үнэлгээний ажилтан Г.*******гаар үнэлүүлэхэд 1,120,000 төгрөгийн үнэлгээ гарсан.

Б.******* нь миний хохирлыг барагдуулалгүй өдийг хүрч байна. 755,000 төгрөгийг даатгалын компаниас авсан. Иймд Б.*******ээс хохирлын үлдэгдэл 365,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

Улмаар нэхэмжлэгч С.******* 2017 оны 02-р сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтдээ: Б.******* нь миний хохирлыг /гомдлыг/ барагдуулсан тул нэхэмжлэлээ буцаан авах хүсэлттэй байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* Б.*******эд холбогдуулж 365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. С.*******ын нэхэмжлэлтэй Б.*******эд холбогдох 365,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11600 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ