Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 49

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Маанийдаарий

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Г.Онарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох 2022001080040 тоот хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд ............................, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-...........................  тоотод оршин суух, урьд шүүхээр 2 удаа шийтгүүлж байсан, Г.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Г.О нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг Дэнжийн 2 дугаар гудамжны 3 тоотод эхнэр Ч.У-г зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

          - Хохирогч Ч.У-гийн: 2020 оны 2 дугаар сарын 21-ний орой... бид хоёр гэртээ ирсэн, чиний алга болсон өрөөсөн ээмэг чинь хаана байна гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би босч хувцсаа өмсөөд байж байтал манай нөхөр миний нүүр рүү гараараа цохьсон, зөөлөн ултай таавчигаараа миний толгой руу цохьсон. Баяр болох гэж байхад намайг зодлоо гээд өөрийн дүү У руу залгасан харин дараа нь дүү Урангоо нөхрийн хамт ирээд “та нар одоо боль” гэж хэлээд явсан. Харин манай нөхөр дахин намайг зодоогүй. Тэгээд дүүгээ ирсэний дараа нөхрөө цагдаа дуудаж өгсөн юм. Харин маргааш нь буюу 2020 оны 2 дугаар сарын 22-ны өглөө хэсгийн мөрдөгч Алтангадас манай гэрт ирээд цагдаагийн хэсэг дээр ирж уулз гэж хэлсэн чинь О очилгүй Б-тэй уулзаад хамт архи ууж байгаад гэрт ирээд надтай маргалдах гээд байхаар нь би дахин цагдаа дуудаад гомдол гаргасан юм гэх мэдүүлэг /хх5-6/

          - Гэрч Г.Э-ын /сумын их эмч/: 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэг дээрээ жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 14 цагийн үед сумын төлөөлөгч надад утсаар дуудлага өгөөд Адаацаг сум 1-р баг Дэнжийн 2-3 тоотод зодуулсан хүн байна үзүүлэх шаардлагатай байна гэсэн дуудлагын дагуу гэрийн хаягаар нь очиж үзлэг хийсэн юм. Гэтэл Ч.У нь хүнд зодуулсан байдалтай байхад нь үзлэг хийсэн. Үзлэг хийхэд духны хэсэг ерөнхийдөө улайж хавдсан зүүн талын нүд хөхөрч хавдсан байдалтай, зүүн хацар шанаа хэсэг хавдаж хөхөрсөн, толгойн ар дагз хэсгээр хавдсан байдалтай мөн зүүн гарын шууны гадна дунд хэсэгт бөөрөнхий хэлбэртэй хөхөрч хавдсан байдалтай байсан. Би тархины хаван хөөх дусал хийсэн, өвчин намдаах тариа тарьсан, шээс хөөх тариа судсаар хийсэн. Босоод явахаар толгой өвдөөд байна, дотор муухайрна, нүүрээр хөндүүрлэж өвдөнө, толгой дүүрч өвдөнө, зүүн нүд нээгдэхгүй байна, зүүн гарын шуугаар өвдөнө, хоол идэх хүсэл төрөхгүй байна гэх зовуурьтай байсан гэх мэдүүлэг /хх-10/

     - Гэрч Б.Н-ийн /найз/: 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед Ч.Уг нөхөртөө зодуулаад гэртээ байгааг хүнээс сонсоод гэрт нь ирсэн юм. Гэтэл Ч.У гэрийнхээ баруун орон дээр хэвтэж байсан яасан юу болсон талаар асуусан чинь манай нөхөр намайг зодоод би цагдаа дуудаад аймгийн цагдаа руу аваад явсан гэж хэлсэн. Гэр нь жоохон сэрүүхэн байхаар нь гал түлж өгөөд  Уг харсан чинь зүүн гарын шуу хэсэгтээ хөхөрсөн байдалтай зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Та хоёр чинь юунаас болоод ийм байдалд орчихвоо гэсэн чинь миний өрөөсөн алтан ээмэг хайгаад олохгүй байсан юм. Тэгсэн тэр ээмэг Б-ийн хувцсанд наалдаад гэрт нь байсан юм гэнэ. Тэрийг нь Б-ийн эхнэр манай нөхөрт үзүүлсэн юм байна. Тэгээд намайг хардаад зодсон юм гэсэн. Би хөхөрч хавдсан нүдэнд лимон жимс сайн гэдгийг хүнээс сонсож байсан юм гээд айлаас очиж хоёр ширхэг лимон аваад нүдэн дээрээ тавиарай гээд гараад явсан гэх мэдүүлэг /хх-13/

     - Шинжээчийн 2020.03.02-ны 73 дугаар дүгнэлтэд: Ч.У-гийн биед зүүн нүдний алим, зүүн зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн баримтуудаар /хх-26-28/ тогтоогдож байна.

     Шүүгдэгч Б.О нь эхнэр Ч.У-г хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардалтаас үүдэн өөр хоорондоо маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

    - Хохирогч Ч.У-гийн: Би 2020 оны 2 сарын 20-ны өдөр өрөөсөн ээмгээ хайгаад олохгүй байсан юм. Тэр үед манай сумын Засаг дарга Ж.Б манай гэрээр орж ирээд гэрийн баруун орон дээр сууж байгаад надтай юм ярьж байгаад гарсан юм. Гэтэл миний өрөөсөн ээмэг Бийн гэрээс олдсон гэж сонссон. Бийн эхнэр нь манай нөхрийг дуудаад энэ танай эхнэрийн ээмэг мөн үү гэж асуусан гэсэн. Тэгээд манай нөхөр ээмэгний зургийг аваад чиний ээмэг яахаараа Бт байж байдаг юм бэ гэж хэлээд хардаж маргалдаж эхэлсэн. Өөр шалтгаан байхгүй гэх мэдүүлэг /хх-6/

   - Гэрч Ж.Б-ийн: Би Ч.Уг танина. Би 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед гэрээр нь ороод гарсан. Намайг гэрээр нь ороход Ч.У ганцаараа байсан. Ч.У нь өмнө нь манай сумын Засаг даргын тамгын газарт нярваар ажиллаж байсан юм. Тэгээд мал хамгаалах сангаас 6 сая төгрөг дутагдуулсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан юм. Аймгийн Аудитын газраас ирсэн шалгалтаар тийм акт тогтоосон одоо тэр асуудлыг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа.  Харин энэ асуудпаас болж би аймгийн Цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газруудад дуудагдан мэдүүлэг өгсөн. Тэгээд энэ асуудал нь юу болж байгаа талаар тодруулах санаатай гэрээр нь орсон юм. Орж цай уугаад хэдэн үг солиод гарсан. Өөр зүйл болоогүй. Бид нар маргалдах зүйл болоогүй. Би ээмэг эд зүйл огт аваагүй, гэрт нь ороод баруун орон дээр нь сууж байгаад хэсэг юм ярьсан, тэгээд гараад явсан. Харин маргааш өглөө нь сэрээд хувцсаа харсан чинь миний хувцасны хажууд газарт өрөөсөн ээмэг хэвтэж байсан. Би эхнэрээсээ “энэ юун ээмэг вэ чиний ээмэг мөн үү?” гэж асуусан чинь манай эхнэр “Миний ээмэг биш байна. Наад ээмэг чинь хэний ээмэг юм бэ? би эзнийг нь олоод өгнө” гэж хэлээд авсан юм. Манай эхнэр У-т байгаа. Ч.У ээмгээ гээсэн талаар огт асуугаагүй” гэх мэдүүлэг /хх14-15/

    - Гэрч Б.У-ын: Би 2020 оны 2 дугаар сарын 21-ний өглөө босоод дэлгүүрээ нээхээр байж байтал манай нөхөр Б “орныхоо хажууд байсан хувцасны хажууд өрөөсөн ээмэг байна энэ юун ээмэг вэ чиний ээмэг үү” гээд надад нэг ээмэг өгсөн. Би тэр ээмгийг нь үзсэн чинь миний ээмэг биш байсан. Тэгээд би нөхөртөө “энэ ээмэг яахаараа чамд байдаг юм. Миний ээмэг биш байна. Наад ээмгийг чинь би авлаа. Эзнийг нь олж өгнө” гээд авсан.  Тэгээд би дэлгүүрээ нээхээр дэлгүүр дээрээ ирээд байж байгаад Г.О рүү гар утсаараа залгаад “чи манай дэлгүүр дээр хүрээд ир, чамд юм үзүүлэх гэсэн юм” гэж хэлсэн чинь О удалгүй хүрээд ирсэн. Тэгээд би “энэ ээмэг танай эхнэрийн ээмэг мөн үү?” гэж асуусан чинь Оч- Эрдэнэ “мөн байна хаанаас олсон юм” гэсэн. Тэгэхээр нь би “манай нөхрийн хувцсанд наалдсан юм шиг байна” гэж хэлсэн чинь О нөгөө өрөөсөн ээмэгний зургийг нь гар утсан дээрээ дараад явсан. Тэгээд үдээс хойш О над руу залгаад “би аймаг дээр байна. Одоо эндээс гарна. Наад өрөөсөн ээмгээ өөрт чинь байгаа гэдгийг хэнд ч битгий хэлээрэй. Би өөрөө очиж байгаад учрыг нь олно” гэж хэлсэн. Орой 20 цагийн үед би дэлгүүрээ хаагаад сумын төвийн халуун усанд орох гээд явсан хойгуур О манай гэрээр ирсэн гэж манай хажуу айлын хүн хэлсэн. Харин маргааш нь буюу 2020 оны 2 дугаар сарын 22-ны өглөө Ч.У над руу “чи муу шуналтай авгай минь миний ээмгийг шунаад авсан уу” гэх зэргээр мэссэж бичсэн. Харин би хариу мэссэж бичээгүй. Өөр зүйл болоогүй. Надад байна. Би цагдаагийн хажууд өөрт нь өгнө гэж бодсон юм. Надад хүний өрөөсөн ээмгэнд шунаад байх шунал байхгүй. Би өөрийн гэсэн амьдралтай, хүний юм илүү харах шалтгаан надад байхгүй. Ч.У-гийн нөхөр надад “наад ээмгээ өөр дээрээ байлгаж байгаарай” гэсэн болохоор би тухайн үед өөрт нь өгөөгүй юм гэх мэдүүлэг /хх16-17/

     - Гэрч Б.У-ын дахин өгсөн: Би тухайн үед хэний ээмэг гэдгийг нь мэдээгүй байсан. Гайхаад эзнийг нь олох санаатай нөхрөөсөө авсан байсан юм. Би нөхрөөсөө асуусан чинь манай нөхөр Ж.Б өмнөх өдөр нь Г .О-ын гэрээр нь ороод гарсан байсан. Мөн манай нөхөр Ж.Б өмнө нь Ч.У-тай нэр холбогдож байсан удаатай. Сумын хүмүүс ярьдаг юм тэгэхээр нь Ч.У-тай уулзсан байна гэж бодоод би шууд нөхөр Г.О рүү нь утсаар залгаад дуудсан юм. Манай нөхөр Б сумын Засаг дарга, харин Ч.У нь Засаг даргын тамгын газарт нярав ажилтай байсан юм. Харин сүүлийн үед хүмүүсийн дунд Б У нар хоорондоо явалддаг гэх яриа гарсан байсан. Би энэ талаар нь яг сайн тодорхой хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-18/

   - Яллагдагч Г.О-ийн:  Би 2020.02.21-ний өглөө хашаагаа цэвэрлээд аймгийн төв рүү хүн авч явах гээд байж байтал 11 цагийн үед Засаг даргын эхнэр миний гар утас руу залгаад “чи манай дэлгүүр дээр хүрээд ирээч би чамд юм үзүүлье” гэсэн. Би дэлгүүр дээр нь очоод Б.У-тай уулзахад “Чи энэ ээмгийг таних уу” гээд Ууганбаяр надад нэг ээмэг үзүүлсэн. Би “наад ээмэг чинь яагаад өөрт чинь байж байдаг юм манай эхнэрийн ээмэг байна” гэтэл “манай нөхөр Б танай эхнэрийг гэртээ байхад нь очиж уулзсан юм байна. Тэгсэн чинь манай нөхрийн хувцсанд танай эхнэрийн ээмэг наалдсан байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “надад наад талаар чинь мэдэх зүйл одоохондоо огт алга. Өчигдөр аймгийн төв рүү хүн авч яваад орой ирсэн. Одоо бас аймгийн төв рүү хүн авч явах гэж байна” гэж хэлээд гар утсан дээрээ ээмэгний зургийг нь дарж аваад явсан. Би аймгийн төв дээр ирсэн хойноо У луу залгаад “наад ээмгээ өөр дээрээ байлгаж байгаарай Б, У нарт битгий хэлээрэй би өөрөө учрыг нь олно” гэж хэлсэн. Орой 19 цаг өнгөрч байхад ирээд хүн, болон ачаагаа буулгачихаад сэтгэл санаа гутарсан байсан болохоор ганцаараа 0,5 литрийн Хараа архи хашааныхаа гадаа машин дотроо ганцаараа уугаад гэртээ орж эхнэртэйгээ маргалдсан. Би хэлэхдээ “би амьдралын төлөө гээд өдөр шөнөгүй явж байхад чи намайг яагаад араар нь тавьж байгаа юм бэ? Бийн хувцсанд яахаараа чиний өрөөсөн ээмэг зүүгдээстэй байж байсан юм” гэх зэргээр маргалдаж эхэлсэн. Тэгээд хэвтэж байснаа босч ирээд эхнэрээ нүүр лүү нь алгадсан. ...Тухайн үед манай эхнэр бид хоёр хамт байсан. Өөр хүн байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин манай эхнэр хэрэглээгүй байсан. Би гэртээ өмсдөг тавчигаар цохьсон, мөн гараараа 2 удаа нүүр рүү нь алгадсан. Нүд нь хөхөрсөн байсан. Дараа нь шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтлийн зэрэг тогтоогдсон байсан. Би дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт надад байхгүй гэх мэдүүлэг/хх47-48/ зэрэг баримтууд хамаарч байна.

          Шүүгдэгч Г.О нь хохирогч Ч.У-тай 1991 оны 5 сарын 30-ны өдөр гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлж өсгөн бойжуулсан, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, түүний үйлдэл нь аюулын зэргийн эрсдлийн хувьд дунд зэргийн түвшинтэй байгаа, хохирогчид ямар нэгэн эрсдэл байхгүй болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа, харъяа багийн Засаг даргын тодорхойлолт, аюулын зэргийн үнэлгээ, хохирогч Ч.Утай ярилцлага хийж гаргасан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар /хх-30-37, 7-8/ тогтоогдож байна.

          Шүүгдэгч Г.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар түүний үйлдэл нь “хүний нөхрийн хувцаснаас эхнэрийнх нь өрөөсөн ээмэг нь олдсон” гэх үйл баримтаас шалтгаалан эр эмийн хардалтын улмаас гэнэт үүссэн болох нь тогтоогдож байх тул  улсын яллагчийн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Г.О-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Г.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Ч.У-гийн биед зүүн нүдний алим, зүүн зовхи, хацарт цус хуралт шарх гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн  2020.03.02-ны өдрийн 73 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогч Ч.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заасан байна.

       Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Г.О нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ч.У нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээд болох Г.Оэс шаардах эрхтэй байна.

        Хохирогч Ч.У нь иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гомдол саналгүй тухайгаа хэргийн материалтай танилцаад бичгээр илэрхийлсэн /хх-78/ байна. 

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирогч Ч.У нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон тул хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Г.О-ээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Шүүгдэгч Г.О нь урьд шүүхээр 2 удаа шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, Дундговь аймаг дахь Сум дундын  шүүхийн 2012.04.11-ний өдрийн 35 дугаартай, мөн шүүхийн 2015.11.11-ний 80 дугаар шийтгэх тогтоолын хуулбараар /хх56-65/ тус тус тогтоогдож байна. 

          Шүүгдэгч Г.О-ийн ял шийтгүүлсэн байдлыг тооцож үзэхэд:

          - Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012.04.11-ний өдрийн  35 дугаар шийтгэх тогтоолоор Г.О-ийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Г.О-ийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн  хуулийн 61 дүгээр зүйлийн  61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан  3 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жил 1 сарын хугацаагаар хянан  харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймгийн  Цагдаагийн  газарт даалгасан;

          - Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2015.11.11-ний өдрийн  80 дугаар шийтгэх тогтоолоор Г.О-ийг  догшин авирлан танхайрч 2 хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Г.О-д оногдуулсан  3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасч шүүгдэгч Г.О-ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн  хуулийн 61 дүгээр зүйлийн  61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан  1 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан  харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн  газарт даалган шийдвэрлэжээ. 

          Шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй болох нь ял шийтгэлийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

          Шүүгдэгч Г.О-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

          Иймд шүүгдэгч Г.О нь ялгүй болсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч иргэний нэхэмжлэл болон гомдол санал гаргаагүй  зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, прокурортой тохиролцсон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    2. Шүүгдэгч Г.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Ч.У нь иргэний нэхэмжлэл болон  гомдол, санал гаргаагүй  болохыг тус тус дурьдсугай.

    3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.У нь Г.О-ийн  үйлдлийн  улмаас өөртөө учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.

    4. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

    5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Шүүхээс оногдуулсан  торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн  хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг  хорих ялаар солих журамтай гэдгийг Г.О-д анхааруулсугай.

         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ