| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0056/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.Маанийдаарий
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Сайнбилэг /№2832/
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох 1922003400032 тоот хэргийг 2020 оны 4 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд .............-нд төрсөн, 19 настай эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-....., .........................................Б.Д нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/.Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 9 сард Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг “Их Шувуутай уул” гэх газарт орхисон байсан иргэн Б.Д-ын өмчлөлийн экскаваторын цонхыг нь хагалах, тосны шланкийг нь хутгаар огтлох, радиаторыг нь цоолох, шороо хийх зэргээр гэмтээж сүйтгэсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.Дын: “2019 оны 9 сарын дундуур Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх Шарангадын жоншин дээр “ГАСС” ХХК-д өөрийн экскаватороор хайгуулын ажил хийж байсан, хамтран ажиллах санал ирэхээр нь Хэрлэн энэргио ХХК руу эксковатороо аваад явж байгаад очих газраасаа 3 орчим километрийн наана эксковаторын явах эд анги нь халаад байхаар нь тэндээ хөдөө замаас гаргаад жалганд орхиод Улаанбаатар хотод яаралтай ажил гараад явсан. Улаанбаатар хот орж дөрөв хоночихоод эргээд иртэл миний экскаваторын цонхнуудыг нь хагалаад шланкнуудыг нь заримыг нь цоолоод заримыг нь тасалчихсан байсан. Тэгээд эксковатортоо суугаад асааж үзэх гэтэл асахгүй байхаар нь буугаад моторыг нь шалгаад үзтэл мотор руу шороо орсон байсан. Тэгээд хотоос засварчин дуудсан чинь гурав хоногийн дараа ирээд миний эксковаторыг үзэхэд “мотор нь цохьсон байна” гэсэн тэгээд засварчнаар янзлуулья гэж бодоод бусад эд ангийг хартал тосолны радиаторыг цоолсон, дух ремэн тасалсан, тэгээд мотор руу шороо хийсэн байсан болохоор цохьсон байсан. Мотор руу шороо хийсний улмаас мотор цохьсон, интеркулер радиатор цоорсон, тосолын радиотор цоорсон, агаарын хоолойн бүдүүн шланк тасарсан, тосолны шлаанк цоорсон, урд талын том цонх, жижиг цонх хагарсан, хаалганы 4 цонх хагарсан, хажуу талын том цонх хагарсан, дух ремэн тасарсан байсан гэх мэдүүлэг /хх9-11/
Гэрч Э.Шинэхүүгийн: ...Доржсэмбэ бид хоёр хонийг нь хураах гээд мордсон. Гэтэл тэдний бууцны урд талд 500 метр орчим зайд жалганд нэг эксковатор байсан. Доржсэмбэ “манай нутагт өдөр нь уул жалгаар эксковатороо нуугаад шөнө нь жонш ухаад ачаад байгаа юм. Тэдний нэг экске байна. Манай бууцны хажууд бас ухах гэж байна” гээд бид хоёр тэр экскаватор дээр очсон. Тэнд том машин буулгасан мөр байсан. Харанхуй шөнө байсан, би бие засах гээд явж байтал ард цонх хагарч байгаа чимээ гарсан. Тэгээд ирээд бид хоёр явцгаасан. Би дотроо Доржсэмбийг цонх хагалчихлаа л гэж дотроо бодсон. Тэр үед нутгийн иргэд нутаг усаа ухуулаад их бухимдалтай байсан Доржсэмбийг мөн адил тийм байна л гэж бодсон гэх мэдүүлэг /хх20-21/
Гэрч О.Мөнхжаргалын: Нэг орой Доржсэмбэ манайд хоол идэж байхдаа манай нөхөр Ч.Отгонбаатарт “Оогий ахаа би урд зогсож байгаа эксковаторын цонхыг нь хагалаад, радиатор болон банк руу нь шороо хийчихсэн” гээд ярьсан. Сүүлд сонссон чинь тэр экскаватор нь манай танил Дархаагийн эксковатор байсан байна. Энэ талаар Дархаад хэлэх гэсэн боловч холбогдох боломж олдоогүй гэх мэдүүлэг /хх22-24/
Гэрч Ч.Отгонбаатарын: Доржсэмбэ нэг өдөр манайд хоол идэж байхдаа Отгонбаатар ахаа би урд байгаа эксковаторын цонхыг нь хагалаад, радиатор, банк руу нь шороо хийчихээд ирлээ. Та харин хүнд битгий хэлээрэй гэж ярьсан. Би тэр үед Доржсэмбийн өвөө Нямдаваа гуайд хэлэх гэсэн чинь Доржсэмбэ битгий хэл гээд гар хөлөөрөө дохиод байсан, тэгэхээр нь би залуу хүүхэд айж байгаа байх гээд өрөвдөөд хэлээгүй юм. Тэгээд сүүлд сонсож байсан чинь тэр эксковатор нь Дархаа гээд миний танил залуугийн эксковатор байсан гэх мэдүүлэг /хх25-27/
Яллагдагч Б.Доржсэмбийн: 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шиг санаж байна. Би Өлзийт сумын 4-р багийн нутаг “Шувуутай уул”-ын зүүн урд талд нь байх “Өвөр суварга” гэх нэртэй газарт шар өнгийн эксковатор уулын жалганд байхаар нь Шинэхүүтэй хамт очсон. Тэр экскаваторын жолооч нь байгаагүй, ойр хавьд хүн байхгүй байхаар нь би очоод тухайн эксковаторын урд болон хажуу талын хаалганы цонхны шилийг нь чулуугаар хагалсан. Тэгээд би тосны шланкны хаймрыг нь хутгаар огтолсон. Тухайн эксковаторын моторын тосны тагийг нь аваад газраас шороо авч хийсэн. Радиаторыг нь хутгаар цоолсон. Нэг бүдүүн шланк огтолсон, бусад шланкийг нь хутгаар цоолсон. Би тухайн эксковаторыг манай бууцны газрыг ухах гэж байна гэдэг үүднээс эд зүйлийг нь санаатай эвдэж гэмтээсэн юм. Тэр газраас манай хөдөө байх гэр хойд зүгт ойролцоогоор 500 метр газарт байдаг гэх мэдүүлэг /хх96-99/
Техникийн шинжээчийн 2019.12.17-ны өдрийн дүгнэлтэд “Тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн гар биений 6-р хүзүү цохьсон, шатуны боолт тасарсан, поршингийн хормой сэтэрсэн, па труба тасарсан, тосолны шланк тасарсан, хийн шланк цоорсон, хөргөлтийн болон хийн радиаторыг цоолсон зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Эдгээр гэмтлүүд болон кабины салхины эргэн тойрон байрлах 6 ширхэг шил хагарсан зэрэг эвдрэлүүд үүссэн бөгөөд бүгдийг солих шаардлагатай” гэсэн /хх-42/
Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2019.12.19-ний өдрийн 1504 тоот дүгнэлтэд: Хөдөлгүүр /дизель/ -16000000 төгрөг, урд салхины шил-120000 төгрөг, доод урд жижиг шил-40000 төгрөг, зүүн хаалганы шил-40000 төгрөг, хаалганы жижиг шил-40000 төгрөг, бүхээгний шил-40000 төгрөг, баруун хажуугийн шил-120000 төгрөг, духны ремен-36000 төгрөг, радиотор /интеркулер/- 960000 төгрөг, радиотор /тосолны/ -1440000 төгрөг, агаарын хоолойн шланк-64000төгрөг, эд анги солих ажлын хөлс-650000 төгрөг, шууд бус зардлын дүн-650000 төгрөг, нийт дүн-19694000 төгрөг” гэжээ /хх47-48/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд: 4306УБ улсын дугаартай Хьюндай маркийн эксковаторын өмчлөгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12, 6 хорооллын 16-1 тоотод оршин суугч Баасанжавын Дарханбаяр гэсэн /хх-115/ баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Д нь шүүгдэгч Б.Д мотор луу нь шороо хийсний улмаас мотор цохьсон гэж мэдүүлсэн /хх-9-11/ нь хэрэгт хавсаргагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Тухайлбал:
Шинжээчийн дүгнэлт болон дээр дурьдсан бусад баримттай хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь танилцсан бөгөөд санал хүсэлт гаргаагүй байна. Мөн тус шүүхийн шүүгчийн 2020.05.11-ний өдрийн 114 дүгээр захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Доржсэмбийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн “бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас 3044000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийн хүрээнд явуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч Б.Д нь 4306УБ дугаартай эксковаторын хөдөлгүүр лүү шороо хийсний улмаас хөдөлгүүр цохиж, бусдад 19 сая төгрөгийн хохирол учруулсан эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй, тухайн үйл явдалд гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байгаа асуудалд шүүхээс прокурорын үйлдсэн яллах дүгнэлт бүхий хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Д нь Луус сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Их Шувуутай уул”-ын зүүн урд талд нь байх “Өвөр суварга” гэх нэртэй газарт уулын жалганд орхисон байсан 43-06УБ улсын дугаартай эксковаторын урд болон хажуу талын хаалганы цонхны шилийг нь чулуугаар хагалж, тосны шланкны хаймрыг нь хутгаар огтолж таслан, эд анги руу нь шороо хийх зэргээр гэмтээж сүйтгэн бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 3044000 төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь хохирогч Б.Дын мэдүүлэг /хх9-11/, гэрч Э.Шинэхүү, О.Мөнхжаргал, Ч.Отгонбаатар нарын мэдүүлэг /хх20-21, 22-24, 25-27/, техникийн шинжээчийн дүгнэлт/хх-42/, хөрөнгийн шинжээчийн дүгнэлт /хх47-48/ баримтаар батлагдаж байна.
Шүүгдэгч Б.Д нь “зөвшөөрөлгүйгээр нутаг ус болон бууцны газрыг ухаж сэндийлсэн” гэж дургүйцэж, эсэргүүцсэн сэдлээр бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн нь санаатай үйлдэл байх тул түүнийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Доржсэмбийн үйлдлийн улмаас хохирогч Б.Д-ын өмчлөлийн, эксковаторт гэмтэл учирч, Б.Д-т 3044000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт /хх56-61/, автомашин техникийн хохирлын үнэлгээ /хх47-48/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Д нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Д нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Б.Д-с шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайланд дурьдсанаар хохирогч Б.Дт нийт 19044000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
Үүнээс шүүхээр гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй хөдөлгүүрийн үнэ 16000000 төгрөгийг хасч тооцоход урд салхины шил-120000 төгрөг, доод урд жижиг шил-40000 төгрөг, зүүн хаалганы шил-40000 төгрөг, хаалганы жижиг шил-40000 төгрөг, бүхээгний шил-40000 төгрөг, баруун хажуугийн шил-120000 төгрөг, духны ремен-36000 төгрөг, радиотор /интеркулер/- 960000 төгрөг, радиотор /тосолны/ -1440000 төгрөг, агаарын хоолойн шланк-64000 нийт 3044000 төгрөгийн шууд хохирол учирсан, шууд бус зардал буюу гэмтсэн эд хөрөнгийг нөхөн сэргээх, засахад 650000 төгрөг шаардлагатай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Б.Д нь өөр орон нутагт амьдардаг, ажил төрөл эрхэлж бйгаа шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “5 сарын эхээр 2 сая төгрөг дансанд орж ирсэн. Үлдэгдэл 1040000 төгрөгийг бүрэн барагдуулж өгнө үү. Өөр санал гомдол байхгүй” гэсэн байна. Шүүхэд шүүгдэгч талаас гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар хохирогч Б.Дын дансанд шүүгдэгч Б.Дэс 2020.05.07-ны өдөр 2000000 төгрөг, 2020.05.19-ний өдөр 1044000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Д нь баримтаар нотлогдож буй 3044000 төгрөгийг хохирогч Б.Дд бүрэн нөхөн төлсөнд тооцох үндэслэлтэй. Харин Иргэний хуульд зааснаар хохирогч Б.Д нь өөрийн эксковаторын гэмтсэн эд ангийг засахад зарцуулсан зардлыг нэхэмжлэх эрхтэй тул шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Б.Д-с нэхэмжлэх эрхтэй гэдгийг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-102/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд Б.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 3 сартай байсан, мөн эцэг, эх нь Б.Д, түүний дүү нараас тусдаа БНСУ-д ажиллаж амьдардаг, Б.Д нь өвөг эцэг, эмэг эхдээ туслан өрх толгойлон мал аж ахуй эрхлэн амьдарч буй байдал, цаашдын засрал хүмүүжил болон хохирогч Б.Даас шүүхэд ирүүлсэн “Холбогдогч этгээдийн хэргийг шүүх хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.8,
36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Д-г бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээн 3044000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Д-т дансаар 3044000 /гурван сая дөчин дөрвөн мянган/ төгрөг шилжүүлж хүлээлгэн өгсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчийн 3044000 төгрөгийн иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Д нь гэмтсэн эд хөрөнгийг засахад зарцуулсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Б.Д-ийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих журамтай гэдгийг шүүгдэгч Б.Д-д анхааруулсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ