Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 083

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн даргаТ.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.Чинбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.Чинбаярын нэхэмжлэлтэй Б.Дайриймааг нас барсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт оршин суух Дөргөн овгийн Доржгочоогийн Чинбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 04-р сарын 09-нд 3 дахь охиноо төрүүлсэн боловч 1984 оны 5-р сард улаан бурхан өвчний улмаас нас барсан. Нийт 6 төрснөөс 5-н хүүхэд нь одоо амьд сэрүүн байгаа. Алдарт эхийн 2-р одон 1991 онд авсан одоо алдарт эхийн 1-р одон авах гэтэл охины 1984 онд нас барсныг шүүхээр тогтоолго гэсэн. Иймд 1981 оны 04-р сарын 09-ний өдөр төрсөн Б.Дайриймааг 1984 оны 05-р сард нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Чинбаяр нь 1981 оны 04-р сарын 09-ний өдөр төрсөн Б.Дайриймааг, 1984 оны 05-р сард нас барсныг тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Доржгочоогийн Чинбаяр 1981 оны 04-р сарын 09-ний өдөр охин Б.Дайриймааг төрүүлсэн болох нь 2017 оны 02-р сарын 14-ний өдрийн төрсний бүртгэлийн 00/000486 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. Уг лавлагааны хавсаргасан маягт гэсэн хэсэгт Улиастай сумын 1983-1987 онуудын нас баралтын журналд бүртгэлгүй байна гэсэн тэмдэглэл хийсэн байна. Иймд Б.Дайриймаагийн нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж үзэх үндэстэй байна.

Баасанжавын Дайриймаа 1984 оны 05-р сарын 10-ны өдөр нас барсан болох нь гэрч Б.Готовын ...Б.Дайриймаа 3-4 орчим настай байсан байх. Манай эмнэлгийн хүүхдийн тасагт улаан бурхан өвчнөөр нас барсан. Тэр жил улан бурханы дэгэлт нилээн байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Янжинлхамын ...өдсөн эсэхийг сайн санахгүй байна. гэнэтхэн л нас барсан гэж байсан. Дулаарчихсан хавар болсон байхад л нас барсан... гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1981 оны 04-р сарын 09-ний өдөр төрсөн Баасанжавын Дайриймааг 1984 оны 05-р сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай .

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ