| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0058/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.Жавзмаа
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Иргэний нэхэмжлэгч Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол
Шүүгдэгч: Э.И нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.И-д холбогдох 19220036400438 тоот хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд ............-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Төгс хүрээлэл” ХХК-д жолооч ажилтай гэх, ам бүл-....... эцэг, эхийн хамт ....................... гэх газар нутаглах, .........................Э.И нь бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.И нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айргийн 2-56 тоотод оршин суух Б.О-гийн гэрээс “Есөн эрдэнийн Жадамба” нэртэй судрыг хулгайлж 30 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.И нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айргийн 2-56 тоотод оршин суух өөрийн үеэл ах Б.Огийн гэрээс “Есөн эрдэнийн Жадамба” нэртэй судрыг хулгайлж 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх72-73/, хохирогч Б.О, гэрч Ж.Б, Б.М, Д.Мөнхбаатар нарын мэдүүлэг /хх-24, 28, 29, 31/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-8/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх14-15/, хөрөнгийн үнэлгээ /хх42-43/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Ин энэхүү үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.О хулгайд алдсан “Есөн эрдэнийн Жадамба” судрыг 500 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн боловч хөрөнгийн үнэлгээний шинжээч тухайн судрыг 30 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн иргэн Б.М нь “Есөн эрдэнийн Жадамба” судрыг Э.И-ээс 15 сая төгрөгөөр худалдан авч, мөнгийг Э.Ин дансанд 2019.12.11-ний өдөр шилжүүлсэн болох нь Голомт банкны зарлагын мэдүүлэг /хх-93/, Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-94/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Тухайн судрыг иргэн Б.Мэс 2019 оны 12 сарын 15-ны өдөр хураан авч, хохирогч талд 2020 оны 3 сарын 2-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Иймд шүүгдэгч Э.И нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Б.Од мөнгөн дүнгээр 30 сая төгрөгийн хохирол, иргэн Б.Мд бэлнээр 15 сая төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Б.М нар нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхийг шүүгдэгч Э.Игээс шаардах эрхтэй байна.
Хохирогч Б.О 2019.12.20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “манай Есөн эрдэнийн Жадамба судар нь нэгэнт олдсон учир одоо гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх-21/, мөн хэргийн материалтай танилцаад санал хүсэлт гаргаагүй, “гомдолгүй” гэжээ./хх-107/ Иймд хохирогч Б.Од учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг бүрэн арилсан байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.И нь хулгайлан авсан судраа иргэн Б.Мд 15 сая төгрөгөөр худалдсан ба тэр өдрөө иргэн А.Дэлгэрмаагаас 11 сая 300 мянган төгрөгөөр Приус маркийн 3339УБГ улсын дугаартай автомашин худалдан авсан, үлдсэн мөнгөөр нь Iphone-X маркийн гар утас, годон гутал, пүүз худалдан авсан болох нь өөрийнх нь мэдүүлэг болон дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Гэрч А.Дэлгэрмаа нь автомашинаа барьцаалан авсан зээлийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж барагдуулсан, 3339 УБГ дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийн талаар аливаа маргаангүй болсон нь уг автомашины өмчлөгчөөр бүртгүүлсэн “Тайгын булаг авто” ХХК-ийн захиралын 2020 оны 4 сарын 14-ний өдрийн 20/2-244 тоот албан бичгээр /хх-97/ тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 111, 112 дугаар зүйлд зааснаар 3339УБГ улсын дугаар бүхий Тоёота Приус-30 маркийн автомашиныг Э.Ид хүлээлгэн өгсөн ба Э.Игээс А.Дэлгэрмаагийн дансанд автомашины үнэ 11300000 төгрөгийг бүрэн төлснөөр уг автомашины өмчлөл А.Дэлгэрмаагаас Э.Ид шилжсэн байх тул Э.Иг уг автомашины өмчлөгч гэж үзнэ. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгч Э.Игээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох “3339 УБГ улсын дугаартай приус-30 маркын улаан өнгийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, цагаан өнгөтэй Iphone-Х маркын гар утас 1 ширхэг, бугын арьсан буюу годон гутал 1 ширхэг /1 хос/ боронзон өнгөтэй “Гарнет” гэх пүүз 1 ширхэг /1 хос/” хураан авсан болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-14/, 3339УБГ дугаартай автомашин нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа, бусад эд зүйлийг шүүхэд хэргийн хамт ирүүлсэн болох нь яллах дүгнэлтийн хавсралт /хх-117/ тус тус тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд 15 сая төгрөгөө нэхэмжилж байна. Төлөх боломжгүй байвал приус машин болон өөр боломжтой зүйл байвал аваад, машины бичиг баримтыг нь нэр дээрээ шилжүүлчихвэл гомдол саналгүй. Үлдсэнийг нь бэлэн мөнгөөр авах хүсэлтэй байна” гэх хүсэлт гаргасан ба шүүх хуралдааны дүгнэлт танилцуулахаас өмнө талууд хэлэлцэн тохиролцож “Приус-30 маркийн 3339 УБГ улсын дугаартай автомашиныг 11 сая 300 мянган төгрөгөөр, Iphone-X маркийн гар утсыг 700 мянган төгрөгөөр тооцож иргэний нэхэмжлэгч Б.Мандал-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх, үлдэгдэл 3 сая төгрөгийг 3 сар буюу 2020 оны 5 сарын 27-ноос 8 сарын 27-ныг хүртэл хугацаанд төлөх” тухай тохиролцоог бичгээр үйлдсэнээ шүүхэд гаргаж өглөө.
Иймд шүүх тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-ийн “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэх заалтыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 3339УБГ улсын дугаартай приус-30 маркын улаан өнгийн автомашин, цагаан өнгөтэй Iphone-Х маркийн гар утас зэргийг иргэний нэхэмжлэгч Б.М-ийн өмчлөлд шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөр 3 сая төгрөгийг шүүгдэгч Э.И-ээс гаргуулж Б.М-д олгох, Тоёота приус маркын 3339УБГ улсын дугаартай автомашины өмчлөлийг иргэн Б.М-д шилжүүлэн бүртгүүлж, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг уг автомашины өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа “Тайгын булаг авто” ХХК-д даалгах байдлаар хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.И-ээс хураан ирүүлсэн бугын арьсан буюу годон гутал, боронзон өнгөтэй “Гарнет” гэх пүүзэнд үзлэг хийхэд өмсөж хэрэглэсэн байсны улмаас хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах боломжгүй болсон байх тул энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.И-д эгүүлэн олгох нь зүйтэй.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Э.И нь урьд 2 удаа ял шийтгүүлж, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаа 2019.10.13-ны өдөр дууссан тул түүний эдлээгүй үлдсэн 4 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг энэхүү тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Э.Ин үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Э.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хор уршиг болох 15 сая төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгох нь зүйтэй байна.
Шүүхээс тэнссэн хугацаанд талуудын тохиролцсон ёсоор гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, мөн оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.5, 36.8, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.И-г бусдын эд хөрөнгийг хулгайлж 30000000 /гучин сая/ төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/жилийн хугацаагаар тэнсэж, 3000000 /гурван сая/ төгрөгийг 2020.09.01-ний дотор иргэний нэхэмжлэгч Б.Мд төлж барагдуулан, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.И-ээс хураан авсан 11300000 /арван нэгэн сая гурван зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий 3339УБГ дугаартай Приус маркын суудлын автомашин, Iphone-X маркын гар утсыг иргэний нэхэмжлэгч Б.М-д хүлээлгэн өгсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.И-ээс 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
5. Тоёота приус маркийн 3339УБГ улсын дугаартай автомашины өмчлөлийг иргэн Б.Мд шилжүүлэн бүртгүүлж холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 1-р хороо, 2-р хороолол, Богд Ар 10-1а тоотод байрлах “Тайгын булаг авто” ХХК-д /захирал Я.Мягмарсүрэн/ даалгасугай.
6. Шүүгдэгч Э.И нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шинжээчийн зардал 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид “Есөн Эрдэнийн Жадамба” хэмээх судрыг 2020.03.02-ны өдөр хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хураан ирүүлсэн цаа бугын арьсан гутал, пүүзийг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.И-д эгүүлэн олгосугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт Iphone-X маркын гар утас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ/уранхай/ татвар төлөгчийн гэрчилгээ, даатгалын гэрчилгээ зэргийг хавсарган Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хүргүүлж, гутал, пүүзийг Э.Ид хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
9. Хураан авсан Тоёота приус-30 маркийн 3339УБГ улсын дугаартай автомашин Дундговь аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах газарт хадгалагдаж байгаа болохыг Дундговь аймгийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шүүхээс тогтоосон хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг шүүгдэгч Э.И-д тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ