Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 359

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “I) Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын авто замын шинэчлэлийн техникийн зураг төсөв боловсруулах зургийн даалгавар (ЗД-******* дугаар), II) уг авто замын техникийн зураг төсөл, III) Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/543 дугаар захирамжийн 18 дахь хэсгийн У ийн эзэмшил газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г , өмгөөлөгч А.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Газрын албаны хуулийн мэргэжилтэн Я.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Хууль, гэрээ хариуцсан мэргэжилтэн Б.Б , Хяналтын мэргэжилтэн Б.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г , өмгөөлөгч А.Т  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ өргөжих тутам эмийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон учир Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар 2004 онд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт Эмийн үйлдвэрийн зориулалтаар газар эзэмших ******* дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгож, 3006/******* дугаар газар эзэмшүүлэх гэрээг байгуулан ажиллаж байна. 

Мөн эмийн үйлдвэрийн хуучин барилгыг шинэчлэх хэрэгцээ шаардлагын улмаас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 445 дугаар захирамжаар барилгыг акталж, 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 470 дугаар захирамжаар шинээр Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн барилга барих зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай У д олгосон.

Гэтэл У ийн тухайн газрыг эзэмших гэрчилгээ, гэрээний хугацаа дуусаагүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явагдаж байхад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын байгалийн чулуун хучилттай авто замын трасстай манай байгууллагын хууль ёсны эзэмшлийн газар давхцан, дайрч өнгөрхөөр болоод гүйцэтгэгчийн зүгээс замын ажлыг эхлүүлээд байна. 

Манай байгууллагын газар эзэмших эрх хүчин төгөлдөр үйлчилж байхад манай эзэмшлийн газартай давхцуулан, эзэмшил газрыг дайруулан Зургийн даалгаврыг баталж, Техникийн зураг төслийг боловсруулахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд энэ шийдвэрийн талаар огт мэдэгдэж, тохиролцолгүй гэнэт замын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэж буй захиргааны байгууллагын үйлдэл нь газар эзэмшигчийн эрхийг зөрчихийн зэрэгцээ эм үйлдвэрлэл явуулах, халдвар хамгаалал, орчны эрүүл ахуй зөрчигдөж, хэвийн үйл ажиллагаа явуулахад боломжгүй болоход хүрээд байна. 

У ийн тухайн газрыг эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусаагүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явагдаж байхад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/543 дугаар захирамж гарч манай эзэмшлийн газраас Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт эзэмших эрхийг давхцуулан олгосон болохыг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдлээ. Өмнө нь захиргааны байгууллагаас манай эзэмшлийн газраас шилжүүлсэн, газар эзэмших эрхийг хөндсөн албан ёсны шийдвэр гарсан талаар огт мэдээгүй болно. 

Ийнхүү нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр үйлчилж байхад эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд уг захиргааны актын талаар огт мэдэгдэж, тохиролцолгүй газар эзэмшлийн асуудлаар шийдвэр гаргасан нь газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгоогүй, өөрчлөлт оруулсан ямар нэг шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан өөр этгээдийн нэр дээр захиргааны актыг гаргасан. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн. 

Хэрвээ газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй бол Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3-т заасны дагуу ажиллагаа хийгдэх ёстой. Эдгээр зохицуулалттай холбоотой ямар нэг ажиллагааг эрх бүхий захиргааны байгууллагаас хийгээгүй. Энэ талаар хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдсон. Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой 1996 оноос эхлэн энэ хашаанд үйл ажиллагаа явуулж байсан. 2004 оны газрын хувийн хэргээс харахад 1-14 цэгээр барилгыг тойруулан тэмдэглэж, баталгаажуулсан.

Одоо өгнө гээд байгаа талбай анх л нэхэмжлэгчийн эзэмшилд байсан ба хашаагаа сунгаж илүү газар эзэмшсэн зүйл байхгүй. Захиргааны байгууллагын зүгээс одоо өгнө гээд байгаа газрыг эзэмшүүлэх талаар хүсэлтийг гаргасан. Нэмж өгөх газар дээгүүр зам тавьчихсан. Шүүхээс хэргийн газар үзлэг хийсэн, бодит байдлыг тогтоосон байх гэж бодож байна. Энэ авто замыг барих нь газар эзэмшигчийн эрхийг зөрчихөөр байгаа. 

Иймд Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын авто замын шинэчлэлийн техникийн зураг төсөв боловсруулах зургийн даалгавар (ЗД-******* дугаар), уг авто замын техникийн зураг төсөл, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/543 дугаар захирамжийн 18 дахь хэсгийн У ийн эзэмшил газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг давсгэрт У д эмийн үйлдвэрийн барилгын зориулалтаар 2893 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгожээ. 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын задаргаа батлах тухай” А/137 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар “Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах” жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто зам багтсан бөгөөд тухайн авто замын Техникийн зураг, Зургийн даалгавар батлагдсан байна. 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамжийн дагуу авто замын ажил явагдаж байна. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарахдаа урьдчилан тохиролцоогүй байна. 

Уг авто замын трассыг батлах, Нийслэлийн Засаг даргаас захирамж гаргахаас өмнө хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын удирдлагатай урьдчилан тохиролцоогүй. Гэсэн хэдий ч энэхүү авто зам нь Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх авто замын ажил байна. Нэхэмжлэгчийн тухайд өөрийн эзэмшил газраас хэтрүүлэн эзэмшиж, ашиглаж буй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул одоо зөвшөөрөлгүй ашиглаж буй талбайн хэмжээг нэхэмжлэгчид нэмж эзэмшүүлэх, авто замын трасст орсон хэсгийг харилцан тохиролцох замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Манай зүгээс Засаг дарга газартай холбоотой энэ алдаагаа залруулах талаар боломж бололцоо байна гэдэг талаас Захиргааны хэргийн шүүх шийдэж өгвөл нийтийн эрх, ашиг хохирохгүйгээр шийдэгдэх боломжтой” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Б.Ж  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн “Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай” 6/11 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.2-т тухайн ажлын төсөв батлагдсан. 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын задаргаа батлах тухай” А/137 дугаар захирамжийн З дугаар хавсралтаар задаргаа батлагдаж, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгосон. 

Дээрх захирамжийн хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/46 дугаартай тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаар зөвлөмжийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт ирүүлсний дагуу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1536 дугаар гэрээ байгуулах тухай мэдэгдлийг “Мужлан брос” ХХК-д хүргүүлсэн. Гүйцэтгэгч байгууллагатай 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд авто зам барилгын ажлыг гүйцэтгэх НХААГ-17/******* дугаар захиалагчийн хяналтын гэрээг байгуулан ажилласан. 

Ажлын явцад Нийслэлийн Газрын албанаас Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/546 дугаар захирамжийн дагуу тухайн авто замын трассын нөлөөлөлд өртөх нэгж талбарыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэсэн боловч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиникийн төв нь тухайн авто замын трасст өртсөн өөрийн эзэмшлийн талбайг чөлөөлөөгүй. 

Үүнээс шалтгаалан авто зам барилгын ажил гэрээт хугацаандаа бүрэн хэрэгжих боломжгүй болж гэрээт хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаад байна. Уг авто замыг ЗД-******* дугаар зургийн даалгаврын дагуу хийгдсэн 17/21 шифртэй техникийн зургаар гүйцэтгэж байна.

Зургийн даалгаврыг замын бүтэц хийцийг тодорхойлж зурдаг. Энэ зам нь Их сургуулийн гудамжийг Их тойруутай холбож байгаа зам юм. Их сургуулийн гудамж ид ачаалалтай үед маш их түгжрэл үүсгэж байдаг. Батлагдсан трассын дагуу дээрх замын уулзварыг сааруулж зам барихаар болсон. Шороон зам биш, байгалийн чулуун хучилттай авто зам юм.

Энэ зургийн даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй. Инженерийн зураг нь батлагдсан трассын дагуу л хийгдсэн. Энэ замыг хэрхэн хийх арга мөн стандарт зааварчилгын дагуу зургийг зурах ёстой. Нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашгийг зөрчсөн гэсэн баримт хэрэгт байхгүй, захиргааны актын захирамжилсан шинжийг агуулаагүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзээд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн “I) Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын авто замын шинэчлэлийн техникийн зураг төсөв боловсруулах зургийн даалгавар (ЗД-******* дугаар), II) уг авто замын техникийн зураг төсөл, III) Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/543 дугаар захирамжийн 18 дахь хэсгийн У ийн эзэмшил газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсны дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар  захирамжаар У д Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 2893 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг баталгаажуулан, 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ  олгож, 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ  байгуулагдсан байна.  

Мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 470 дугаар  захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, уг газар дээр Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн барилга барих зөвшөөрлийг тус төвд олгожээ.   

Ийнхүү У  нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу газрын хууль ёсны эзэмшигч байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/11 дүгээр тогтоолоор “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг баталж, мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын замын засвар шинэчлэлийн ажлын санхүүжилтийг баталсан байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын авто замын шинэчлэлтийн техникийн зураг төсөв боловсруулах зургийн даалгавар (ЗД-******* дүгээр)”-ыг  баталсаны дагуу “уг авто замын техникийн зураг төсөл”-ийг  (цаашид Техникийн зураг гэх) “Ихэр мөнх” ХХК боловсруулсныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга, тус газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний улирдлагын төвийн дарга, Нийслэлийн Газрын албаны дарга нар зөвшилцөж, баталгаажсан байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/543 дугаар  захирамжийн хавсралтын 18 дахь заалтаар “Сүхбаатар дүүрэг 6, 8 дугаар хороо, Их сургуулийн гудамжнаас зүүн тийш Яаралтай түргэн тусламжийн авто баазын зүүн талын зам хүртэл” авто зам барих газрыг эзэмших эрхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт олгожээ.

Ингээд Зургийн даалгавар (ЗД-******* дүгээр)-ын дагуу боловсруулсан Техникийн зурагт Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчимд барихаар төлөвлөсөн авто замын трасстай нэхэмжлэгч У ийн эзэмших 2893 м2 газраас 450 м2 талбай бүхий газар давхацсан болох нь хэрэгт авагдсан Зургийн даалгавар, Техникийн зураг, Авто замын хөгжлийн газрын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4/1227 дугаар, Нийслэлийн газрын албаны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01-04/2463 дугаар албан бичгүүд, хавсралт зургаар  тус тус тогтоогдож байна. 

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 42.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг сайтар судалж, тухайн авто замын трасст өртөж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай зөвшилцөх замаар газрыг чөлөөлөх, эсхүл газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах талаар газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцох үүрэгтэй байна.

Гэтэл захиргааны байгууллага нь дээрх авто замын трассыг батлах явцдаа уг авто замын трасстай давахцаж байгаа газрыг хэрхэн чөлөөлөх талаар нэхэмжлэгч Уламжлалт анагаан ухааны элэг судлалын клиник төвд урьдчилан мэдэгдэж зөвшилцөөгүй, хэлэлцэн тохиролцолгүйгээр түүний эзэмших эрх бүхий газрын 450 м2 талбай газартай давхцуулан Техникийн зураг боловсруулан, улмаар нийслэлийн Авто замын хөгжлийн газарт эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. 

Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Газрын албаны дарга 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01-04/2482 дугаар  албан бичгээр “...Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3-д ...гэж заасан боловч Нийслэлийн Засаг даргын захирамж гарахдаа урьдчилан тохиролцоогүй байна...нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй ашиглаж буй талбайн хэмжээг нэмж эзэмшүүлэх, авто замын трасст орсон хэсгийг харилцан тохиролцох замаар асуудлыг шийдвэрлэж боломжтой байна” гэх тайлбараар урьдчилан тохиролцох ажиллагаа хийгдээгүй болох тогтоогдож байна. 

Энэ тохиолдолд уг авто замын Зургийн даалгавар (ЗД-******* дүгээр), Техникийн зураг төслийг боловсруулахдаа Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч У ийн газар эзэмших эрх зөрчигдсөн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны актууд гэж үзлээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан.

Захиргааны байгууллага нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудын дагуу газар эзэмшигч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө тухайн этгээдээс тайлбар, санал авах буюу сонсох ажиллагааг огт хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө уг захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдтэй харилцан тохирох ажиллагааг хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй буруутай байх тул захиргааны байгууллагын шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. 

Учир нь, захиргааны байгууллага нь авто замын трассыг төлөвлөхдөө бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар давхцаж буй эсэхийг судалж тогтоох, газар эзэмшигчтэй харилцан зөвшилцөх, түүний газрын эрхийг дордуулахгүйгээр байршлыг өөрчлөн газар олголт хийх эсхүл давхцаж буй газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах зэргээр газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцон газрыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсний дараа төлөвлөж буй авто замын трассыг батлах, Техникийн зураг боловсруулах, уг авто зам барих газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой байжээ. 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд  “Уг замын трассыг батлах, Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнө Нийслэлийн Засаг дарга болон Газрын албанаас нэхэмжлэгч байгууллагын удирдлагатай урьдчилан тохиролцоогүй. Одоо харилцан тохиролцох замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэж тайлбар гаргаж байгаа ба захиргааны байгууллага нь өөрийн буруутай үйл ажиллагааг залруулах, гарч буй үр дагаварын арилгах бүрэн боломжтой байх тул уг авто замын трасст орсон 450 м2 газрын талаар нэхэмжлэгчтэй зөвшилцөх, харилцан тохиролцох замаар асуудлыг шийдвэрлэх боломжийг захиргааны байгууллагад олгох нь зүйтэй байна.

Иймд захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч У ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, үр дагавар үүсгэсэн байх тул хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Авто замын хөгжлийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хуульд нийцүүлэн нөхцөл байдлыг сайтар судалж, У ийн газар эзэмших эрхийг хохироохгүйгээр, харилцан тохиролцсоны үндсэн дээр уг авто замын трассыг төлөвлөх, Техникийн зураг боловсруулах зэргээр дахин шинээр захиргааны акт гаргах ёстой тул уг актыг гартал Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/543 дугаар захирамжийн 18 дахь хэсэг, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын авто замын шинэчлэлийн техникийн зураг төсөв боловсруулах зургийн даалгавар (ЗД-******* дугаар), уг авто замын Техникийн зураг төслийн нэхэмжлэгч У ийн эзэмшил газартай давхцаж буй хэсгүүдийг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх гаргасан шийдвэрээ биелүүлэх арга, журам, хугацааг тодорхойлох нь зүйтэй ба хариуцагч нар нь Газрын тухай хуульд нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргах боломжит хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрвөн) сар гэж үзэн, энэ хугацааны дотор зохих шийдвэрийг гаргасан байхыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь хэргийн нөхцөл байдлыг судалж дахин шинэ акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/543 дугаар захирамжийн 18 дахь хэсэг, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын авто замын шинэчлэлийн техникийн зураг төсөв боловсруулах зургийн даалгавар (ЗД-******* дугаар), уг авто замын техникийн зураг төслийн У ийн эзэмшил газартай давхцаж буй хэсгүүдийг тус тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 (дөрвөн) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж, нэхэмжлэгч У тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний газар эзэмших эрхийг хохироохгүйгээр зөвшилцөх замаар газрыг чөлөөлөх, эсхүл газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах талаар тохиролцсоны дараа дахин уг авто замын трассыг төлөвлөх, Техникийн зураг боловсруулах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрвөн) сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/543 дугаар захирамжийн 18 дахь хэсэг, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын авто замын шинэчлэлийн техникийн зураг төсөв боловсруулах зургийн даалгавар (ЗД-******* дугаар), уг авто замын техникийн зураг төслийн У ийн эзэмшил газартай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус заасны дагуу нэхэмжлэгч У  нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан  авснаас  хойш  14  хоногийн  дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЦЭЦЭГМАА