Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 02

 

            

 

 

 

 

 

 

 

Э.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Яллагдагч: Э.Т,

            Яллагдагчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 507 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Э.Тд холбогдох, эрүүгийн 201710000185 дугаартай, 2 хавтас, 344 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар баг,  Мааньзавын ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадваргүй, Мядаг овогт Э-ын Т /РД:ЕЮ79111310/-д холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Э.Т нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд сайншанд сумын 3 дугаар баг, Улаанхошуу гэх газар хутгыг зэвсгийн чанартай ашиглан иргэн Бийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан, мөн иргэн Э.Ог хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай ирүүлсэн яллагдагч Э.Тд холбогдох эрүүгийн 201710000185 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагч Э.Т нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар баг Улаанхошуу гэх газар хутгыг зэвсгийн чанартай ашиглан иргэн Н.Бийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн иргэн Э.Ог хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагчид учирсан хөнгөн гэмтэл нь гэмт хэрэг гарахаас өмнө, эсхүл тухайн үед, эсхүл дараа нь аль үед, ямар байдлаар учирсан болохыг шалган тогтоох шаардлагатай гэж үзсэн. Тийн төрсөн эцэг П.Эрдэнэжаргалын мэдүүлэг,  Э.Тийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг  болон сэжигтнийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан тогтоол зэргээр яллагдагч Э.Т нь гэмт хэрэг үйлдэгдсэн даруй баригдаж цагдаагийн байгууллагад ирээгүй бөгөөд эрүүлжүүлэгдсэн асуудал байхгүй болно. Харин 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу цагдаагийн байгууллагад баригдсан өдрөө эмнэлгийн байгууллагад үзүүлж анхны тусламж авах үед биед нь 7 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдсон ба энэ гэмтлийг хэн, хэрхэн учруулсаныг тогтоолгож шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт даалгаж гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд оруулан шалгуулахаар хүргүүлсэн ба Э.Тд холбогдох хэрэгт түүнийг хохирогчоор тогтоосон болон тухайн хэргээс хэрэг тусгаарласан асуудал байхгүй бөгөөд уг асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгасны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлд заасан тохиолдол үүссэн бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаар хуулинд заасан тул заавал тухайн хэрэгт нь шалгах шаардлагагүй юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Тд холбогдох хэргийг нотлогдсон буюу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар шүүхэд шилжүүлэх прокурорын шийдвэрт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдал ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлийг бичнэ”, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харъяалах шүүхэд хүргүүлнэ” гэж заасан ба прокуророос хэргийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шүүхэд шилжүүлж байгаа шийдвэр нь яллах дүгнэлт байхаар хуульчилсан байна. Мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт “...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг, заалтаар зүйлчлэгдэх..” талаар тусгах ба яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт үйлдсэн гэмт хэрэг, түүнийг нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгааг болон гэмт хэрэг үйлдэх үедээ тухайн хүний сэтгэцийн байдлын хувьд ямар байсан талаар болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлийг дүгнэж бичээд тогтоох хэсэгт уг үйлдсэн гэмт хэрэгтээ хуулийн ямар зүйл хэсгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдах талаар тусгаж өгсөн.

З. Яллагдагч Э.Т нь 2007 оноос эхлэн сэтгэцийн өвчний улмаас Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтанд байдаг байсан ба энэ өвчнөөрөө групп авдаг талаар гэрч Б.Гэрэлмаагийн мэдүүлэг болон өвчний картны хуулбарт тусгагдсан байдаг. Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 753 дугаартай дүгнэлтэнд Э.Тийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө, гэмт хэрэг үйлдэх үедээ, гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчтэй байсан болохыг дүгнээд хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гаргасан. Прокурорын зүгээс шүүх хуралдаанд мэдүүлэг авахаар шинжээч О.Баатаржав, С.Одонгэрэл, Б.Ерөөлт нарыг оролцуулах саналтай талаар яллах дүгнэлтийн хавсралтанд тусгаж өгсөн ба шүүх хуралдааны явцад дээрх асуудлыг тодруулан мэдүүлэг авах боломжтой юм. Мөн прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгчид авах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааны талаарх саналаа хэлнэ. Иймд яллагдагчийн сэтгэцийн байдал нь цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эсэх, эдгэрэх эсэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэдий  хугацаанд хэрэглэх боломжтой эсэхийг шүүх хуралдааны явцад мэдүүлгээр тогтоох боломжтой, мөн шүүх өөрөө шинжээчийн дүгнэлт гаргуулж болох юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг 3 үндэслэлээр прокурорт буцаасан. Шүүгдэгч Тийн биед хөнгөн гэмтэл учруулсан талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт хавсаргагдсан, үүн дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, үүнийг зайлшгүй шалгах ёстой байсан гэж үзэж байгаа. Гэтэл тусад нь шалгасан гээд байна, тусад нь шалгасан юм бол яаж шалгасан талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай гээд прокурорын шийдвэрээр хэргийг шилжүүлнэ гэж заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэр томъёон дээр прокурорын санал гэдгийг Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт гаргана гэж заасан байдаг. Шүүгдэгчийн сэтгэцийн талаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Үүн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2-т заасан тусгай журам зөрчигдсөн гэж үзэж байгаа. Прокурорын шинжилгээ хийлгэх хүсэлтээ шүүхэд гаргана, шүүх түүнийг хүлээн аваад үндэслэлтэй гэж үзэх юм бол шинжээч томилохоор заагаад өгчихсөн. Энэ журмаар яваагүй. Уг хэрэг 2017.06.09-ний өдөр болсон. 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлээр зүйлчлэгдээд явж байгаа. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилсон тогтоол үйлдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөн учир энэ хуулийн дагуу шинжээч томилох ажиллагаа хийгдээд явагдсан учир хуулиараа явах ёстой байсан гэж үзэж байгаа. Тиймээс буцаасан үндэслэлүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх яллагдагч Э.Тд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай ирүүлсэн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 507 тоот шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийн дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдлыг тогтоох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан шаардлагад нийцсэн ба мөрдөгч, прокурор нар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянах энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэгт яллагдагч Э.Тийн биед хөнгөн гэмтэл учирсан талаарх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 174/ авагдсан боловч уг гэмтэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар яллагдагчид өөрт нь холбогдох гэмт хэргийн нотолбол зохих асуудалд хамааралтай эсэх талаар шалгаж тогтоосон, эсхүл тусад нь шалгахаар тусгаарласан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй нь  хэргийн бодит байдалд эргэлзээтэй байдал бий болгосон байна гэж үзнэ.

Яллагдагчийг прокурор эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар яллах дүгнэлт үйлдсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтэд тусгагдвал зохих зүйл болох яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар огт тусгаагүй нь яллах дүгнэлтийн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна.

Яллагдагч Э.Тд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах үндэслэл болсон яллагдагчийн сэтгэцийн байдалд хийсэн дүгнэлт /1-р хх-ийн 180/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4-т заасан сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээг хийлгэх журмыг баримтлаагүй байх тул яллагдагчийн сэтгэцийн талаарх дүгнэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулах нь зүйтэй.

Ингэхдээ анхан шатны шүүхээс шаардсан яллагдагчийн урьд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх,  хэрэг үйлдэх, эсхүл мөрдөн байцаалтын үед уг өвчнөөр өвчилж байсан эсэх,  шинжлүүлэгчийн зан байдлын шинж, явц ямар байсныг тус тус шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан аль хэлбэрээр яллагдагч Э.Тд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахад харгалзах чухал ач холбогдолтой нөхцөл байдал болно.

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дах хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 507 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд яллагдагч Э.Т нь 44 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                                                                       

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                      А.САЙНТӨГС