Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 62

 

                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Жавзмаа

Улсын яллагч: Б.Батцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгч: Ш.И нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, ял оногдуулах саналтай ирүүлсэн Ш.И-т холбогдох 1922002250070 тоот хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ............-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, суурь боловсролтой, малчин, ам бүл ...., ............................Ш.И нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

      Шүүгдэгч Ш.И нь 2019 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Д.Р-ын хамт архидан согтуурч, улмаар 5 цагийн орчимд бусдын эзэмшлийн “Toyota Allion” маркийн 36-48 УНЛ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарган онхолдуулж унагасны улмаас зорчигч Д.Р-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, өөрийнх нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Дундговь аймгийн төвөөс Улаанбаатар хот явах чиглэлд өгсүүр, шулуун асфалтан зам байлаа. Асфалтан замаас ертөнцийн зүгээр баруун талд 36-48 УНЛ улсын дугаартай аллион маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун тийш дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай байв. Тээврийн хэрэгслийн хойд хэсэг 2 талаараа дарагдаж хонхойсон, ар талын хэсэг онгойсон, ар багажны хэсэг онгойж эд зүйл гарсан байдалтай байв. Тээврийн хэрэгслийн баруун  хойд хэсэг дарагдаж хонхойсон тос мэт зүйл цацарч шороо болсон, баруун хойд хаалга хагас онгойж, хаалганы шил хагарч хаалганы дотор, гадна хэсгүүд тос мэт зүйл цацарсан байдалтай байв. ....Тээврийн хэрэгсэл зүүн дээд хэсгээрээ газарт дарагдаж зүүн урд, хойд хаалганы шил хагарсан байдалтай байв. Тээврийн хэрэгслийн замаас гарсан мөрнөөс тээврийн хэрэгсэл хүртэл эд зүйл цацран шидэгдсэн байдалтай байв. Асфалтан замын баруун талд ус зайлуулах хоолойд “сэрүүн” гэсэн бичигтэй, дотроо шингэн зүйлтэй ногоон өнгийн хуванцар сав байв. Тээврийн хэрэгслийн ойр орчмоор тээврийн хэрэгслийн эд зүйл тарж бутарсан байдалтай байлаа. 36-48 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн анх замаас гарсан зүүн талын дугуйны мөрийг А цэгээр авч Iphone-6 plus маркын гар утсаар GPS ашиглаж үзэхэд 45,50, 44, 106, 19, 45, Е уртраг, өргөрөг зааж байв... ” гэжээ/хх3-4/
  • Хэрэг осол гарсан газарт  хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн явцад авсан гэрэл зургууд /хх7-16/
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  тэмдэглэлд: “...тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээс цагийн зүүний дагуу үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг дотогш дарагдсан, хонхойсон, доторхи эд ангиуд ил гарсан, хугарсан, зүүн урд дугуй нь хийтэй, урд салхины шил хагарсан, зүүн дээд хэсгээр дарагдаж хонхойсон, урд копуд зүүн хэсгээрээ дарагдсан, баруун хэсгээрээ дээш сөхөгдөж хонхойсон байдалтай, урд гүфер байхгүй, эд ангиуд гарсан байдалтай байв. Тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр эд ангиуд ил гарсан, баруун урд шанаа гадагш төмбийсөн, баруун урд дугуй хийгүй, обуд хагарсан байв. Тээврийн хэрэгслийн баруун урд хаалганы шил бүтэн, толины гадна хэсэг байхгүй, хойд хэсгээрээ будаг нь халцарч хонхойсон байдалтай байв. Баруун хойд хаалганы шил байхгүй хаалганы гадна хэсэг хонхойж сэмэрсэн, баруун хойд хэсгээр дотогш хонхойж будаг халцарсан байдалтай байлаа. Баруун хойд дугуй хийтэй обуд бүтэн байв. Тээврийн хэрэгслийн ар хэсгээрээ 2 талаасаа дотогш шахагдсан, ар багажны таг дээш сөхөгдөж хонхойсон байв. Тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй хийтэй, обуд бүтэн байв. Зүүн хойд болон урд хаалга дээд хэсгээрээ дотогш дарагдаж, цонхны шил хагарсан байдалтай, зүүн толь урд суурь хэсгээрээ хугарсан, зүүн хойд хаалга будаг нь халцарч зурагдсан байв. Дээвэр хэсэг баруун хэсгээрээ дээшээ, зүүн хэсгээрээ дотогш дарагдан хонхойсон байдалтай байв. Дотор хэсгээр урд салон хагарч, аваарын дэр гарсан байдалтай. Тээврийн хэрэгслээс салсан зүйлүүдийг дотор нь хийсэн байв ”гэжээ/хх-13/
  • Согтуурал шалгасан магадлагаанд: “2019.08.27-ны 08 цаг 55 минутанд шалгахад Шатарын Ичинноров, согтуурлын зэрэг-0.59 хувь” гэжээ /хх-20/
  • Согтуурал шалгасан магадлагаанд: “2019.08.27-ны 09 цаг 09 минутанд шалгахад Дэжидбалын Рэнчинбямба, согтуурлын зэрэг-1,21 хувь” гэжээ /хх-20/
  • Хохирогч Д.Р-ын:  “Би 2019.08.26-ны өдөр Ичинноровтой захын хажууд 18 цагийн үед уулзаад найз Мөнхсүхийн гэрт очоод бид гурав Шуудан холбооны хажууд юм ярьж байгаад Ичинноров бид хоёр Дэлгэрцогт сум явлаа гээд Мөнхсүхээс салсан. Тэгээд бид хоёр Сэрүүн нэртэй 3 ширхэг 2.5 литр пиво аваад аймгаас зүүн хойш гараад 2019.08.27- ны 05 цаг хүртэл 2 ширхэг пиво уугаад 1 ширхэг пиво талд нь ортол уусан. Тэгээд замын цагдаагийн постны зүүн талаар постноос нэлээд холуур Дэлгэрцогт сум руу хөдөлсөн. Тухайн үед би машин бариад явж байгаад “Сайн яваарай” гэх бичигний хойно зогсоод бид хоёр бие засаад, Ичинноров надад “чи болчихсон байна, би машин барья” гээд машин барьсан. Ичинноров машин бариад хөдөлсөн. Тэгээд уруудаад өгсөж байхад, машин гэнэт дайвалзаад явчихсан, тэгээд юу болсныг мэдээгүй, нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-25/
  • Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2019.08.29-ний 211 дугаар дүгнэлтэд:  Д.Р-ын биед зүүн эгэм ясны далд хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх50-51/
  • Химийн шинжээчийн 2019 оны 9 сарын 25-ны өдрийн 4776 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Рэнчинбямбаа 27 настай” гэж хаягласан цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх60-61/
  • Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2019.08.29-ний өдрийн 210 дугаартай дүгнэлтэд: Ш.Иын биед тархи доргилт, 10-р хавирганы хугацрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой байна. Зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх45-46/
  • Химийн шинжээчийн 2019.09.05-ны өдрийн 4774 дугаар дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Ичинноров 24 настай” гэж хаягласан цусанд 0,7 промилли спиртын агууламж илэрч байна.  Цусанд илэрсэн 0,7 промилл нь согтолтын хөнгөн  зэрэгт хамаарна” гэсэн  /хх-54/ баримтаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ш.Иын тухайн үед жолоодож явсан 36-48УНЛ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашин нь суудлын автомашин болох нь тээврийн хэрэгслийн 00731548 дугаартай гэрчилгээгээр/хх-152/,  Ш.И өөрөө “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь жолоочийн лавлагаагаар /хх-79/ тус тус тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ш.Иын гаргасан зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед авах ёстой арга хэмжээг амжиж аваагүйгээс тухайн автомашины баруун урд хаймар дугуй буудаж хагарснаас үүдсэн болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Дундговь аймгийн техникийн шинжээчийн 2019.09.03-ны өдрийн “ 36-48 УНЛ улсын дугаартай “Allion” маркийн тээврийн хэрэгсэл”...ийн баруун гар талын урд дугуйн хаймар буудаж хагарсны улмаас осол болсон байх талтай. Харин обуд нь осол болоход хагарсан” гэх дүгнэлт /хх-70/;
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээчийн 2020 оны 2 сарын 21-ний өдрийн 680 дугаартай “36-48 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй нь осол болсны дараа хагарсан байна. 36-48 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуйны хий нь огцом гарсан байх үндэслэлтэй. Дугуйн хий нь ослын үед гарсан байх тул осол гарахад нөлөөлөхгүй. 36-48 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй хагарсанаас хойш хөдөлгөөнд оролцоогүй байна. 36-48 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй нь MNS 4598:2011 стандарт шаардлагыг хангаж байна” гэх дүгнэлт /хх102-104/;
  • Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020.04.08-ны өдрийн 196 тоот: 36-48УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.И нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэсэн заалтыг мөн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 36-48унл улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Иын буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна ” гэх дүгнэлт /хх115-116/;
  • Тээврийн Цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019.10.24-ний өдрийн 424 дугаартай: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 05- ны өдрийн 4774 дугаартай дүгнэлтээр цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрсэн байх тул жолооч Ш.И нь осол гарах үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно:” a/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэснийг зөрчин хөдөлгөөнд оролцож явсан үндэслэлтэй байна. Дундговь аймгийн “Автотээврийн төв’’-ийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн техникийн дүгнэлтээр “... баруун гар талын урд дугуйн хаймар буудаж хагарсны улмаас осол болсон байх талтай. Харин опут нь осол болоход хагарсан.” гэсэн байх тул зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь тээврийн хэрэгслийн баруун урд хаймар дугуй буудаж хагарснаас гарсан үндэслэлтэй байна“ гэх дүгнэлт /хх86-87/;
  • Яллагдагч Ш.Иын “Сайн яваарай дээр зогсоод Р согтоод байна гээд надад машинаа бариулаад явуулсан. Тэр үед үүр цайх дөхөж байсан байх. Би машиныг засмалаар унаад явж байхад машин дайвалзаад байсан, нэг мэдэхэд би машин дотор нь хэвтэж байсан. Машинаас гараад харахад гэгээ орсон, нар мандаагүй байсан. Р машины хойд талд газар баруун тийшээгээ хараад хэвтэж байсан. Машин засмал замын баруун урд талд дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Миний хажууд урд талын суудал дээр Р сууж явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын жолооны үнэмлэхийг жолооны курс суралцаж төгсөөд авсан. Бусдаар жижиг тэрэг барих эрх байхгүй. Би хэр хурдан явснаа санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-137/ зэрэг баримтууд хамаарна.

 

        Шүүгдэгч Ш.И нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 36-48УНЛ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашин жолоодсон, мөн хамт архидан согтуурсан хохирогч Д.Ренчинбямбыг дэргэдээ урд суудалд суулган замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарган  онхолдсоны улмаас хохирогч Д.Ренчинбямбын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрнө” гэх заалт,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын “а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно” гэх заалт, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явна” гэх заалт, мөн зүйлийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалт, мөн дүрмийн 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: “з/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй  (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

          Шүүгдэгч Ш.И нь суудлын автомашин жолоодох эрхгүй гэдгээ мэдэж байсан ба суудлын автомашин жолоодох талаар мэдлэг мэргэжилгүй этгээд автомашин жолоодож буй үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсээр атлаа түүнийг гаргахгүй байж чадна хэмээн тооцож, хөнгөмсгөөр найдан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурьдсан баримтаар хангалттай нотлогдож байна.

          Шүүгдэгч Ш.Иын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ автмашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

                 2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч Ш.И-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Р-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд  5035000 төгрөгийн шууд хохирол, 1420000 төгрөгийн шууд бус зардлын хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2019.08.29-ний 211 дугаар дүгнэлт /хх50-51/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2019.09.19-ний өдрийн 735 дугаартай дүгнэлтээр /хх-65/ тус тус тогтоогдож байна.

            Зам тээврийн осол гарахад Ш.Иын жолоодож явсан Тоёота- Аллион маркийн 3648УНЛ улсын дугаартай суудлын автомашины нь С.Энхбаярын өмчлөлд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн 00731548 дугаартай гэрчилгээгээр /хх-152/ тогтоогдож байна. Уг автомашин нь иргэн С.Энхбаярын нэр дээр бүртгэлтэй боловч түүний төрсөн ах С.Тогтохбаярын өмчлөлийнх ба С.Тогтохбаяр нь 2019 оны 6 дугаар сард Д.Рд 7,3 сая төгрөгөөр худалдсан, С.Тогтохбаяр, Б.Р нарын дунд төлбөрийн тооцо байхгүй, тухайн автомашины өмчлөгч өөрчлөгдсөн тухай бүртгэл хийгдээгүй байгаа болох нь гэрч С.Энхбаяр, С.Тогтохбаяр, хохирогч Д.Р нарын мэдүүлгээр /хх-32, 33, 25/ тогтоогдож байна. Иймд бодит байдал дээр Иргэний хуулийн 111, 112 дугаар зүйлд зааснаар Тоёота- Аллион маркийн 3648УНЛ улсын дугаартай суудлын автомашины хууль ёсны өмчлөгч нь хохирогч Д.Р мөн байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

          Хуулийн дээрх заалтаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Ш.И нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Д.Р нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч Ш.Иоос нэхэмжлэх эрхтэй. Гэвч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд хохирогч Б.Р нь шүүгдэгч Ш.Ит машин жолоодохыг зөвшөөрч жолоогоо шилжүүлэн өгсөн тул тухайн үйдлийн улмаас үүдэн гарсан хохирлыг Ш.И нь 100 хувь хариуцан арилгах үүрэггүй байна.

          Хохирогч Д.Р нь шүүх хуралдаанд оролцоогүй ба 2019.09.13, 2019.09.24-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Манай эмээ, Ичинноровын эмээ хоёр төрсөн эгч, дүүс байгаа юм. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх25-26/, 2020.05.11-ний өдөр хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн /хх-158/, 2020.05.20-ны өдөр Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “би Ичинноровоос нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй. Гомдол санал байхгүй болно. Ичинноровт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн /хх-162/ хүсэлтийг гаргажээ.

          Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирогч Д.Р нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул түүний эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учраас хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Ренчинбямбын иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

               3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Шүүгдэгч Ш.И нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-141/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.И нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Мөн түүний хувийн байдал нь эх П.Дэлгэрмаа, дүү Ш.Даяндорж нарын мэдүүлэг /хх-129-130, 131/, Дэлгэрцогт сумын 1-р багийн Засаг даргын 2020.05.08-ны өдрийн 56 тоот албан бичгээр /хх-149/ тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Иын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, “гомдолгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, нийгэм хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгохоор, мөн шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.И нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа өөрийн харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул Ш.Ит Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулах үндэслэлтэй байна. 

Хэрэгт хураан ирүүлсэн 36-48 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын 5 салаа бүхий хайлшин  обудтай, обудны явах эд ангид боогдох хэсэг хагарч салсан 1 ширхэг дугуйг ашиглах боломжгүй тул өмчлөгч Д.Рэнчинбямбад эгүүлэн олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар      зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1,

37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш.И-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1,  7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.И-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ш.И-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.И-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг энэхүү тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ш.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.Р иргэний нэхэмжлэл гаргаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д,Р эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан  хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ш.И-с нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан ирүүлсэн 1 ширхэг дугуйг Д.Р-д эгүүлэн олгож, баримтыг Ш.И-т холбогдох хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ