Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 83

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч С.Гансүхэд холбогдох баривчлах байрны төлбөр 65150 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах, 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

           Сүхбаатарын Гансүх нь 2017 оны 01 сарын 11-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 32 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дугаар зүйлд зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 61000 төгрөг,  2017 оны 01 сарын 10-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

      Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 27-60 тоотод оршин суух, ЖЮ67022214 регистрийн дугаартай, Боржигон овогт Сүхбаатарын Гансүх нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

С.Гансүх би 2017 оны 01 сарын 11-нээс 21-нийг хүртэл 10 хоног баривчлагдсан. Баривчлах байрны төлбөр болох 65150 төгрөгийг 2017 оны 02 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч С.Гансүхэд холбогдуулан саатуулах байрны төлбөр 65150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч С.Гансүх нь саатуулах байрны төлбөр 65150 төгрөг /Жаран таван мянга нэг зуун тавь/-ийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч С.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /65150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН