Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 66

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

           

         

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нарийн бичгийн дарга: Г.Цэрэннадмид

          Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

          Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Э-д холбогдох 1922001830130 тоот хэргийг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд ................-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Говийн гэгээ” ХХК-ний жолоочийн ажил эрхэлдэг, ам бүл-........, ..................................................Д.Э нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          1/.Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 12-12 тоот хашаанд амьдрах  хамтран амьдрагч асан Х.Д-гийн гэрт тооноор нь нэвтрэн орж , 2 ширхэг аяны хөнжил авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хохирогч Х.Д-гийн : 2019 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө миний эзэмшлийн монгол гэрийн  тооноор хулгай орж мишок алдагдсан юм. Тухайн үед 29 мишок буюу аяны хөнжил байснаас 7 ширхэг алга болсон гэж бодож байсан бөгөөд өмнөх мэдүүлгүүдэд 7 мишок алдсан гэж мэдүүлсэн. Дараа нь бодоод үзсэн 10 ширхэг мишоктой 2 шуудай байсаны нэгнээс нь уг 2 мишок алга болсон байсан байна. Тухайн үед Энхбат ямар дугаараас залгаж байсныг санахгүй байна. Би Энхбатын залгасан дугаарыг тухайн үед цагдаад тэмдэглүүлж байсан. Энхбат миний 88662119 гэсэн дугаар руу 2019 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнийн 01-04 цагийн хооронд удаа дараа залгасан юм.  Эхлээд авсан чинь Энхбат байсан, согтуу байсан учраас би утсыг дахиж аваагүй. Энхбат тухайн үед надад мишок авах талаар огт хэлж байгаагүй гэх мэдүүлэг /хх-16, 147-148/
  • Гэрч Б.Даваажанцангийн: 2019.07.06-ны өдрийн 01 цагийн үед “Өндөр ээж” зоогийн газарт таарсан тэгээд 20 минут орчим надтай уулзаж байгаад яваад өгсөн. Уулзахад эрүүл байсан. Надаас 10,000 төгрөг байна уу гэсэн. Тэгээд миний утсаар эхнэр лүүгээ залгаад байсан, эхнэрийнх нь дугаар 89007394 гэж байсан. Тэгээд би Өндөр ээжээс хөтлөөд дөнгөж МТ клонкын орчимд байж байсан чинь араас Энхбат над дээр хүрч ирсэн. Тэгээд “яасан ах” гэсэн чинь “суугаад явъя” гээд байсан. Тэгээд Сод монгол колонкын ойролцоо би хонох гээд зогссон тэгэхэд Энхбат ирээд жаал уулзаж юм ярьж байгаад 02 цаг өнгөрөөгөөд явсан гэж бодож байна. Тэгээд 08 цагийн үед Энхбат над дээр согтуу ирээд “пост гаргаж өгье” гэсэн. Тэгээд би “зүгээр зүгээр” гээд яваад өгсөн. Энхбаттай анх тааралдсанаас хойш гартаа барьсан юм байгаагүй. Ганцаараа байсан гэх мэдүүлэг /хх-17/
  • Гэрч И.Нэмэхбаярын: 2019 оны 07 сарын 06-ны өглөө 07 цагийн үед зүс таних Энхбат гэх залуу Зоогийн 8-12 тоотод байх манай гэрт ирээд “архи байна уу, түр 2 мишок барьцаанд тавиад архи авъя” гэсэн тэгэхээр нь би “архи байхгүй” гэж хэлэхэд энэ “2 мишокыг түр барьцаанд тавьмаар байна” гэхээр нь барьцаанд аваад 13000 төгрөг өгөөд явуулсан. Д.Э 2 мишок барьж ирсэн. Энхбат хэлэхдээ миний мишок байгаа юм гэж хэлсэн. Өөр хүнийх гэж мэдээгүй. хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Гадуураа мишоктойгоо адил материалаар хийгдсэн ууттай, нэг нь ногоон, нөгөө нь цэнхэр өнгөтэй 2 ширхэг хуучин мишок байсан” гэх мэдүүлэг /хх-20/
  • Гэрч И.Нэмэхбаяраас 2 ширхэг аяны хөнжлийг 2019 оны 7 сарын 7-ны өдрийн 10 цаг 00 минутад хураан авсан тэмдэглэл /хх-9/
  • Хохирогч Х.Дд 2 ширхэг аяны хөнжлийг 2019 оны 7 сарын 7-ны өдрийн 11 цаг 30 минутад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/
  • Криминалистикийн шинжээчийн 2019.07.18-ны өдрийн 3582 тоот дүгнэлтэд: ...Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр санд MN0050100056978, MN005010006153 дугаараар 2 удаа бүртгэгдсэн  Доржгочоогийн Энхбатын баруун гарын  чигчий хуруугаар үүсгэгдсэн байна” гэжээ./хх-23/
  • Хөрөнгийн үнэлгээний комиссын  2020.05.22-ны өдрийн 82 дугаартай: Аяны хөнжил /хуучин хэрэглэж байсан/ нэг нь 25.000 төгрөг, нийт 50.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-154/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

       Шүүгдэгч Д.Э шүүхэд “би хөдөө явах ажилтай болчихоод мешок шаардлагатай болсон” гэж мэдүүлж буй нь хэрэгт хавсаргагдсан баримтаар батлагдахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй.

    Тодруулбал: Хэрэг учрал болох үед 2019 оны 3 сарын 7-ноос эхлэн Д.Эыг хамтран амьдрагч асан Х.Д, түүний охин Г.Сумъяасүрэн нартай уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон аливаа хэлбэрээр харилцахыг хориглосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байсан, мөн Д.Э нь хохирогч Х.Дгийн гэрээс авсан 2 ширхэг аяны хөнжлийг иргэн И.Нэмэхбаярт барьцаалан 13000 төгрөг зээлж авсан, тэр мөнгөөрөө архи худалдан авч уугаад гэрч Б.Даваажанцан дээр очиж уулзсан, 2019 оны 7 сарын 7-ны өдрийн 9 цагт гэрчийн мэдүүлэг өгч, Дундговь аймагт байсан болох нь Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.03.07-ны өдрийн 368 дугаар захирамж, гэрч И.Нэмэхбаяр, Б.Даваажанцан нарын мэдүүлэг /хх-17, 20/, Д.Эыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-18/ баримтаар тогтоогдож байна.

          Эдгээр баримт болон хохирогчийн мэдүүлгээр /хх-16, 147-148/ шүүгдэгч Д.Э нь иргэний хэргийн шүүхээс өөрт нь тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, хохирогч Х.Дтай уулзаж “эд зүйлийг  нь зарж үрнэ, гэрийг нь буулгаж аваад явна” гэх зэргээр заналхийлсэн, уг заналхийллээ 2 хоногийн дараа хэрэгжүүлж, хохирогч Х.Дгийн зөвшөөрөлгүйгээр гэрийнх нь тооноор нэвтрэн орж, 2 ширхэг аяны хөнжлийг нь хууль бусаар авсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Э нь шүүхээс хохирогч Х.Дтай аливаа хэлбэрээр харилцахыг хориглосныг мэдсээр атлаа хүмүүс унтаж амрах цагаар буюу шөнийн цагаар гар утас руу нь залгаж харилцсан, улмаар гэрийнх нь тооноор нэвтрэн орж эд зүйлийг авсан нь гэр бүлийн хүчирхийллийн сэдэлтээр үүссэн шууд санаатай үйлдэл байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Д.Эын “гэрийн доторхи тавилга эд зүйл минийх, надад ажлаар явах яаралтай шаардлага гарсан” гэх мэтээр тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Э нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан  2 тооны аяны хөнжлийг авч дураараа авирлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурьдсан баримтаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Шүүгдэгч Д.Э-ын үйлдлийн улмаас Х.Д-д нийт 50000 төгрөгийн хохирол учирсан болох нь орон нутгийн үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогдсон байна /хх-154/

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө ” гэж  тус тус заасан тул хохирогч Х.Д нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж, хариуцан арилгахыг шүүгдэгч Д.Эаас шаардах эрхтэй, шүүгдэгч Д.Э нь өөрийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

          Хохирогч Х.Д нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцоогүй бөгөөд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх38-39, 147-148/,  2020.05.22-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд: “Х.Д хэргийн материал болон дүгнэлттэй очиж танилцах боломжгүй. Өмнөговь аймагт ажиллаж байна, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн байна. /хх-165/

          Хохирогч Х.Д нь 2 ширхэг аяны хөнжлөө гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа буцааж авсан /хх-10/, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүхээс тухайн асуудалд санаачилгаараа дүгнэлт хийх шаардлагагүй, хэлэлцэхгүй орхилоо.

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-37/ тогтоогдож байна.  

          Шүүгдэгч Д.Э-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Д.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэсэн болон Говийн гэгээ ХХК-д 2020 оны 2 сарын 1-нээс эхэлж тоног төхөөрөмжийн цахилгаанчин, жолоочийн ажил эрхэлж байгаа /хх-160-162/ зэрэг  нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, прокурорын санал болгосон хэмжээгээр буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Д.Э-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж 2 тооны уутан хөнжил авч, дураараа авирлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Х.Д иргэний нэхэмжлэл гаргаагүй, 2 ширхэг  уутан хөнжлийг хохирогч Х.Д-д 2019.07.07-ны өдөр хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай. 

          4. Энэхүү шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ