| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0042/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Ч.Сайнжаргал
Шүүгдэгч Д.Б, Ш.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Ш.Э нарт холбогдох эрүүгийн 1722001220098 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсож, талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б, Ш.Э нар нь 2017 оны 10 сарын 20-ноос 11 сарын 16-ныг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Ган-илч” ХХК-ийн уурын зуухны зүүн талд байрлах агуулахад хураасан байсан Ч.Б-ын өмчлөлийн гэрийн 1 ширхэг дээвэр, эсгий туурга 1 ширхэг, брезентэн бүрээс 1 ширхэг, хивс 2 ширхэг, зэрэг эд зүйл хулгайлж нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ч.Б-оос цагдаагийн байгуллагад 2017.11.22-ны өдөр гаргасан өргөдөл /хх-15/
- Хохирогчоос 2017.11.23-ны өдөр өгсөн: Би 2017 оны 10 сарын 20-ны өдөр сүрьеэгийн байрнаас өөрийн 4 ханатай монгол гэрээ буулгаад Эрдэнэсүх гэдэг хүний складанд хураагаад Улаанбаатар хот руу явсан юм. Сая 11 сарын 15-ны үеэр өөрийн хүү Төмөрбаатарыг складанд хураасан гэрээ бариад байж бай гэтэл складны цонхыг нь эвдээд манай гэрийн бүрээс, туурга, орны хивс 2 ширхэг, газар дэвсдэг хивс 1 ширхэг, цагаан бүрээс зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /хх-23-25/
- Хэргийн газарт 2017.11.23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “Хэрэг учрал болсон гэх газар нь Дундговь аймаг Сайнцагаан сумын 7-р баг Ган-Илч уурын зуухны ертөнцийн зүгээр урд талд байх төмөр сараалжин хашаатай ертөнцийн зүгээр баруун талд блокоор өрсөн ногоон хаалгатай зүүн талд саарал өнгийн дээвэртэй урагш харсан 4 вакум цонхтой урагш харсан 2 хаалгатай байшин байв. Уг байшингийн хаалгаар ороход зүүн гар талд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй ба урагш харсан цонх хаалттай байв. Баруун гар талд хүрэн өнгийн модон ор, түүн дээр хувцаснууд түүний урд талд гэрийн тооно хаалга хана зэрэг эд зүйл байв” гэжээ. /хх-16/
- Хэргийн газарт авсан 3 хувь гэрэл зураг /хх-17/
- Гэрч З.Төмөрбаатарын : 2017 оны 11 сарын хэдний өдрийг санахгүй байна. Би Улаанбаатар хотоос ирээд Ган-Илч уурын зуухны урд талд байх складанд хураасан гэрээ барих гээд ортол гэр алга болсон байсан. Хамгийн сүүлд 2017 оны 10 сард өөрийн гэрээ тэр складанд хураагаад явсан. Тэрнээс хойш огт үзээгүй байж байгаад тэр өдөр очсон юм. Складны хаалга цоож бүрэн байсан, онгойлгоод ороход цонх нь онгорхой байсан. Складанд хураасан байсан гэрээс 4 ширхэг дээвэр, 4 ширхэг туурга, 1 ширхэг улаан хивс, 2 ширхэг жижиг хивс зэрэг эд зүйл алдагдсан байна. Би гэрээ хураахдаа складны эзэн Эрдэнэсүх гэж хүнтэй хамт тэр хүний машинаар зөөж байсан. Батсайхан гэж хүнийг сэжиглэж байна. Тэр хүн гэрийн дээвэр туурга зараад явж байна гэж сонссон гэх мэдүүлэг /хх-29/
- Гэрч Б.Мөнх-Эрдэнийн: 2017 оны 10 сарын сүүлээр санагдаж байна. Намайг зах дээр байж байтал миний танил Батсайхан гэж залуу ирээд жижиг хивс, гэрийн ногоон өнгийн бүрээс барьчихсан “авах уу” гэхээр нь “хулгайн юм биш биз дээ” гэхэд “бишээ миний юм байгаа юм, би эхнэрээсээ салаад эд зүйлээ зарж байгаа юм” гэхээр нь 2 ширхэг жижиг хивсийг нь 20000 төгрөгөөр худалдаж авсан юм гэх мэдүүлэг /хх-34/
Улсын яллагч яллах дүгнэлтдээ Д.Б, Ш.Э нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр Ган-илч ХХК-ийн уурынх зуухны зүүн талд байх складнаас Ч.Бын гэрийн 1 ширхэг дээврийг хулгайлж 60000 төгрөгийн хохирол учруулсан гэх, мөн Д.Б нь ганцаараа нийт 450000 төгрөгийн буюу нийт 510000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэн мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулах санал гаргалаа. Шүүгдэгч Ш.Эын өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 300000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг гээд 2.1-д “орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол” гэж заасан байна. Энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг” хэмээн тодотгоод “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр….” гэж заажээ энэ нь цонх онгорхой байсан нь тусгайлан хамгаалсан гэж үзэх үндэслэлтэй юу? Иймд Ш.Эын үйлдлийн улмаас 60000 төгрөгийн хохирол учирсан тул Зөрчлийн ухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй байна. Гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Б-ны өмгөөлөгчөөс: Д.Б дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Ш.Этай бүлэглэн хулгай хийсэн эхний үйлдэл буюу 60000 төгрөгийн 1 ширхэг дээвэр хулгай хийсэн үйлдэл нь бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байгаа. Иймээс Ч.Сайнжаргал өмгөөлөгчийн саналтай санал нэг байна. Бүлэглэн 1 ширхэг дээвэр хулгайлсан гэх үйлдэлд зөрчлөөр арга хэмжээ авахуулах, харин дараа нь ганцаараа очиж дахин эд зүйл хулгай хийж 450000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэхүү гэмт хэргийн хохирлыг өнөөдөр өглөө буюу 2020.06.16-ны өдөр бэлнээр хохирогч Бат-Очирт хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан байгаа. Иймээс Д.Батсайхны хувьд нэг үйлдэлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Нөгөө үйлдэл нь гэм буруутай нь тогтоогдож байна гэв.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Д.Б, Ш.Э нар нь бүлэглэн 1 ширхэг дээвэр хулгайлж 60000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Б нь ганцаараа 450000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдахгүй байна. Учир нь: Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Эын биеийн байцаалтыг тодруулахад “бага боловсролтой, мэргэжилгүй, бичиг үсэг мэдэхгүй” гэж мэдүүлсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т зааснаар монгол хэл , бичиг мэдэхгүй этгээд оролцож буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй. Шүүгдэгч Ш.Э нь 2018 оны 1 сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “бага боловсролтой, уншиж бичиж чадна, мужаан мэргэжилтэй” гэж мэдүүлэн өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгсөн /хх31-32/, 2018 оны 8 сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “бага боловсролтой, мэргэжилгүй, бичиг үсэг мэднэ” гэж мэдүүлэн өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгсөн /хх60-61/, 2018 оны 9 сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “бага боловсролтой, мэргэжилгүй, уншиж бичиж чадна, 4-р анги төгссөн” гэж мэдүүлэн өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгсөн /хх-63-65/, 2018 оны 10 сарын 30-ны өдөр өмгөөлөгч байлцуулан яллагдагчаар мэдүүлэг өгсөн /хх-129-130/, 2020 оны 3 сарын 10-ны өдөр өмгөөлөгч байлцуулалгүйгээр мэдүүлэг өгсөн /хх-167-169/ байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Ш.Э нь ийнхүү өөрийн хувийн байдлын талаар өөр өөрөөр мэдүүлсний улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар түүний өмгөөлөгчгүйгээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тооцох боломжгүй байна.
Шүүх хуралдаанаар “хохирогч Ч.Б нь гэрээ тухайн складанд хураасан гэдгийг Ш.Э нь анх мэдэж, энэ талаар Д.Б-д хэлж тухайн склад руу цонхоор нь нэвтрэн орж эд зүйл хулгайлахаар болсон” гэдгийг шүүгдэгч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба эд зүйл хулгайлан авсан гэдгээ үгүйсгэхгүй байна. Мөн шүүх хуралдаанаар судалсан хохирогчоос цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогч Ч.Бын мэдүүлэг /хх-8-9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.Баатарсүх, Д.Сүрэнхорлоо, Б.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-20/, үнэлгээ /хх-41/ зэрэг баримтуудаар бодит байдал дээр 2017 оны 10 сарын 20-ноос 11 сарын 16-ныг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Ган-илч” ХХК-ийн уурын зуухны зүүн талд байрлах агуулахад хураасан байсан Ч.Бын өмчлөлийн гэрийн 1 ширхэг дээвэр, эсгий туурга 1 ширхэг, брезентэн бүрээс 1 ширхэг, хивс 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг агуулахын цонхоор нэвтэрч үйлдсэн болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.Б, Ш.Э нарын мэдүүлэг нь хэрэгт байгаа баримтаар батлагдаж нотлогдохгүй, шүүгдэгч Ш.Эын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцох боломжгүй, эргэлзээтэй баримтууд байна.
Дээрх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан, 2017 оны 10 сарын 20-ноос 11 сарын 16-ныг хүртэлх хугацаанд шүүгдэгч нар нь дангаараа болон бүлэглэн хэдэн удаа орж эд зүйл хулгайлсныг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа, мөн шүүгдэгч Д.Б, Ш.Э нар нь прокурорын 2020 оны 3 сарын 24-ний өдрийн 29 дугаартай яллах дүгнэлтийг 2020 оны 3 сарын 30-ны өдөр гардан авч /хх-179/ санал хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Б, Ш.Э нарыг бүлэглэн агуулах байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 510000 төгрөгийн хохирол учруулах санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Ш.Э, Д.Б нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас иргэн Ч.Бт нийт 510000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Сүрэнхоролд 20000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-26/, үнэлгээ /хх-41/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө ” гэж тус тус заасан тул хохирогч Ч.Б нь нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж, хариуцан арилгахыг шүүгдэгч Ш.Э, Д.Б нараас шаардах эрхтэй, шүүгдэгч Ш.Э, Д.Б нар нь өөрсдийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Ч.Б нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцоогүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Сүрэнхоролоос хураан авсан 60000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг дээврийг хүлээж авсан, шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Д.Баас бэлнээр 450000 төгрөг хүлээж авсан, гомдол саналгүй тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Д.Сүрэнхорлоод шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “20000 төгрөг авах ёстой, аваагүй байгаа, Шүүх хуралд оролцохгүй. Хөдөө мал маллаж, отор нүүдлээр яваад завгүй байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
Иймд хохирогч Ч.Бт учирсан эд хөрөнгийн гэм хор шүүх хуралдаанаас өмнөх шатанд бүрэн арилсан, иргэний нэхэмжлэгч Д.Сүрэнхорлоо шүүх хуралдаанаас өмнө иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүхээс холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б, Ш.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-79, 105/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчид 450000 төгрөг хүлээлгэн өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Ш.Э-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Б, Ш.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгтэй тэнцэх хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
4/ Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Б нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, 2018 оны 12 сарын 28-наас 2020 оны 2 сарын 20-ныг хүртэл хугацаанд оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан болох нь баримтаар /хх-147-161/ тогтоогдож байна. Түүний энэ үйлдэлд хариуцлага тооцолгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлэн ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй” гэх дүгнэлт гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэрэг бүтгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орно. Үүнийг нотлох баримтыг Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасны дагуу бүрдүүлж ирүүлээгүй учраас өнөөдрийн шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Бы мөрдөн байцаалт, прокуророос оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулж, баримтыг ирүүлэхийг цадаагийн байгууллагад даалгаж, хяналт тавихыг энэхүү хэргийн мөрдөн байцаалтанд хяналт тавьсан прокурорт нь хариуцуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ