Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 69

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нарийн бичгийн дарга: Б.Жавзмаа

          Улсын яллагч: М.Оюунбат

          Шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-т холбогдох 1922003560073 тоот хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд .........-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эмэг эх, өвөг эцгийн хамт ..................Ц.Д нь мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

              1/ Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хар дэл” гэх газраас иргэн Б.Ц-ын 2 тооны бог малыг хулгайлсны улмаас бусдад 330000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хэргийн газарт 2019.12.07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: “...малын хорооны урд хэсгээр тээврийн хэрэгслийн явагч хэсгийн  мөр өргөрөгийн дагуу гэрийн урд талаар үүссэн байв. Тээврийн хэрэгслийн мөрийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. 2019 оны 12 сарын 7-ны орой хохирогч хонио гэрийн зүүн талд байх хорооны энгэрт хотлуулсан гэж гэрийн эзэгтэй Г.Ц хэлэв. Тухайн хэрэг болсон газраас гэрийн эзэгтэй Г.Ц манай 1298 тооны малаас 6-н тооны мал алга болсон байна гэж хэлэв. Хэргийн газраас тээврийн хэрэгслийн явагчийн мөрнөөс өөр ул мөр байхгүй” гэсэн, 5 ширхэг гэрэл зураг  /хх5-6/
  • Хохирогч Б.Ц-ын: ...2019 оны 12 сарын 7-нд хөдөө гэрээс манай дүү Д.Дорждагва утсаар залгаад гэрийн гадаа машин ирсэн байна, хорооноос мал чирээд ачаад аваад явчихсан байна гэж хэлэхээр нь сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Манай дүү Д.Дорждагва манай хорооноос урагш 5 киломерт зайд байх зөөврийн сууцанд очиж хоносон байсан юм. Манай нөхөр бид 2-ыг сумын төврүү мал зарж борлуулах, гэрт хүн байхгүй талаар манай нөхрийн аав ээж болох Базаржав, Дашзэвгэ болон манай малыг хийж өгсөн Ойдов, Бага-Отгон, Бат-Отгон нар мэдэж байсан. Ц.Д, Ө.Мөнхбат нар манайд ирээгүй, манайхыг мал хийж байгааг Ойдов, Бага-Отгон, Бат-Отгон нараас мэдсэн байх, эдгээр хүмүүс найз гэж байсан. Манайх тухайн өдөр нийт 1420 бог малаас 66 бог мал нядалж хийсэн. Хотод 1354 бог мал байх ёстой байсан. Хэрэг гардаг өдрийн маргааш буюу 2019 оны 12 сарын 13-нд бог малаа тоолж үзсэн чинь 6 бог дутаад байгаа юм. Манай алдагдсан бог малуудыг Ц.Д, Ө.Мөнхбат нар л авсан. Өөр хүн манайд ирээгүй” гэх мэдүүлэг /хх9-10/
  • Хохирогч  2020 оны 1 сарын 20-ны  өдөр өгсөн: Би 2019 оны 11 сарын 27-ны өдөр тоолж үзэхэд 1420 бог мал байсан. Үүнээс 66 бог мал хийгээд хотонд 1354 бог мал байх ёстой байсан, хулгайд мал алдчихаад бог малаа тоолж үзсэн чинь 1348 бог мал байсан ба 6-н бог мал дутсан юм. Тэгэхээр нь Ц.Д манай бог малыг хулгайлаад цагдаад баригдсан гэхээр нь Дыг авсан гэж бодож байсан чинь манай 4 хонь хониноос тасраад хөдөө явж байхаар нь олж хониндоо нийлүүлсэн. Одоо манай бог малнаас 1 ямаа 1 хонь хулгайд алдагдсан байгаа ямар зүстэй байсныг би мэдэхгүй байна хулгайпаад аваад явсан хүмүүс мэдэж байгаа байх харин хулгайд алдагдсан хонь ямаа зөв талын чих араасаа эрхэм, буруу талын чих цуулбар имтэй байгаа” гэх мэдүүлэг /хх11-12/
  • Гэрч Ө.Мөнхбатын: “Би 2019 оны 12 сарын 6-ны орой 17 цагийн үед өөрийн гэртээ байж байсан чинь манай найз болох Ц.Д гэрт орж ирээд хоёулаа Батбаярынх руу явж ирэх үү гэж асуухаар нь би Дт хандаж бензиний мөнгө байгаа юмуу гэж асуусан чинь Д надад мөнгө байхгүй байна чи аргалчих хөдөө явж ирээд өгье гэхээр нь өөрийн эзэмшлийн 51-34 ДУА улсын дугаартай уаз-пургон авто машинаа унаад сумын төвийн урд байх шатахуун түгээх газраас 10л бензин зээлж аваад сумын төвөөс баруун урд зүгт 28 км газарт байх “Хар дэл” гэх газар нутагладаг Б.Батбаярын хөдөө гэрт нь очсон юм. Өмнө нь Д надад хэлэхдээ Батбаярынхан хөдөө мал хийж байгаа, хүн байгаа гэж ярьж байсан, харин Батбаярынд очиход хөдөө гэрт ямар ч хүн байхгүй гэрт орж үзэхэд тогоотой хоол нь халуунаараа, гэрийн зууханд гал түлчихсэн гэрийн хүмүүс яваад удаагүй бололтой байсан. Тэгээд Д бид хоёр тогоотой хоолноос идчихээд гэрийн эздийг ирэхийг хүлээж гэрт байж байсан, тэгсэн чинь Д надад хандаж Батбаярынд миний хэдэн хонь, ямаа байдаг юм Батбаяр надад бүүр зүсэлж өгсөн юм гэж хэлээд гарч хонь, ямаа хоёр барьж авъя гэхээр үгүй чи өөрөө гараад барь би гэрт нь байж байя гэж хэлсэн чинь Д гэрээс нь гараад явсан. Тэгээд их удалгүй намайг гаднаас дуудахаар нь би гараад очсон чинь Д намайг машинаа аваад ир гэсэн. Тэгэхээр нь би машинаа унаад Батбаярын гэрийн гаднаас хөдлөөд хорооных нь энгэрт нь очсон юм. Тэгээд би Дтай хамт машинд 1 хонь, 1 ямаа ачиж аваад сумын төв рүү явсан, сумын төвд ирээд манай гэрт Батбаярын гэрээс авчирсан хонь, ямаа хоёрыг нядалчихаад ямааны гулууз махыг нь гадаа байх эд зүйл хадгалах жижиг блокоор хийсэн байшинд хийж тавьсан. Маргааш нь... Мягмарсүрэнгээр Батбаярынхаас авчирсан ямааны гулууз махыг зарж борлуулуулсан. Тэгсэн Мягмарсүрэн ямааны гулууз мах, арьстайгаа нийлээд 140000 төгрөг болсон гэж хэлсэн. Тэгсэн чинь Мягмарсүрэнгээс 140000 төгрөгөө аваад надад Д хөдөө явахад хэрэглэсэн бензиний зардал болох 30,000 төгрөг өгсөн юм. Би Дыг хулгай хийж байна гэж бодоогүй. Мэдсэн бол Батбаяр болон цагдаад мэдэгдэх байсан гэх мэдүүлэг /хх17-18/
  • Гэрч Ц.Очирхуягийн: Би 2019 оны 1 сарын 7-ны 10 цагийн үед гэртээ байж байсан чинь Гурвансайхан сумын иргэн С.Мягмарсүрэн гаднаас гэрт орж ирээд надад хандаж та ямааны мах авах уу гэж асуухаар нь би зөвшөөрч гэрээс гараад харсан чинь саарал өнгийн пургон авто машин байсан. Тэгээд Мягмарсүрэн, Гурвансайхан сумын иргэн Ө.Мөнхбат нар машинаас аваад ирсэн би үзэж хараад ямааны гулууз махыг нь 1кг-ыг 4.500 төгрөгөөр буюу нийт-24кг болохоор нь гулууз махыг-108000 төгрөг, ямааны арьсыг-32000 төгрөгөөр худалдаж авсан ба нийт-140000 төгрөг С.Мягмарсүрэнд өгсөн гэх мэдүүлэг /хх19-20/
  • Гэрч Б.Дорждагвын: “Би 2019 оны 12 сарын 6-ны орой...хөдөө гэрт үлдэж бусад бог хотлуулчихаад хорооноос зүүн тийш 3 километр зайд байх зөөврийн сууцанд очиж амарсан. Тэгээд өглөө хороон дээр ирээд харсан чинь хорооны урдуур машин ирээд явсан мөр байсан.  Тэгэхээр нь би эгч Ц руу залгаж хороон дээр машин ирээд явсан мөр байна, хүн ирж мал шүүсэн юмуу гэж ярьсан чинь мэдэхгүй би одоо очлоо гэсэн. Тэгээд байж байтал эгч ирээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Манайд Д, Мөнхбат нар ирээгүй, манайхаас өр авлага байхгүй” гэх мэдүүлэг /хх21-22/
  • Үнэлгээний комиссийн 2020.01.20-ны өдрийн 2 дугаар дүгнэлтэд ” нас гүйцсэн хонь 170.000 төгрөг, нас гүйцсэн ямаа 160,000 төгрөг /хх26-27/ гэсэн баримтууд хамаарна.

          Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай баримт тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Хар дэл” гэх газраас 1 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлан авч, бусдад 330000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг/хх9-12/, гэрч Ө.Мөнхбат, Б.Дорждагва, Ц.Очирхуяг нарын мэдүүлэг /хх17-22/, үнэлгээ /хх26-27/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

          Шүүгдэгч Ц.Д нь үйлдсэн гэмт хэрэгтээ найз Ө.Мөнхбатын 5134 ДУА улсын дугаартай фургон маркийн автмашиныг хэрэглэсэн болох нь өөрийнх нь мэдүүлэг, гэрч Ө.Мөнхбат, хэргийн азрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гэрч Ц.Очирхуягийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч Ц.Д нь өөрийн авах ёстой малыг авч буй мэтээр Ө.Мөнхбатад ойлгуулж төөрөгдүүлсэн, Ө.Манхбат нь Ц.Дыг гэмт хэрэг үйлдэж буйг мэдэлгүйгээр машинаа хэрэглүүлсэн байх тул түүнийг Ц.Дын үйлдэлд хамтран оролцоогүйд тооцож, Ц.Дын үйлдлийг хүндрүлэх бүрэлдэхүүнгүйгээр мал хулгайлах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд тохирсон байна.

          Иймд Ц.Дыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

              2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Шүүгдэгч Ц.Д-ын санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Ц-д 330000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн  мэдүүлэг /хх9-10, 11-12/ үнэлгээ /хх26-27/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул хохирогч Б.Ц нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхийг шүүгдэгч Ц.Даас шаардах эрхтэй, шүүгдэгч Ц.Д нь өөрийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас Б.Цд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

          Хохирогч Б.Ц нь 2020.04.10-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн /хх11-12/,  2020.05.29-ний өдөр Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “Д хохирлыг барагдуулсан. Санал хүсэлт байхгүй” /хх-58/ гэсэн, мөн шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо үнэлгээний дагуу бүрэн авсан, гомдолгүй” гэжээ.

          Эдгээр баримтаар хохирогч Б.Ц-ын алдагдсан 1 тооны хонь, 1 тооны ямааны үнэ болох 330000 төгрөгийг шүүгдэгч Ц.Д төлж барагдуулсан ба хохирогчид учирсан эд хөрөнгийн гэм хорыг шүүхээс өмнөх шатанд бүрэн арилгасан байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

  3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

             Шүүгдэгч Ц.Д нь урьд шүүхээр 1 удаа ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998.01.22-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбараар /хх47-51/ тус тус тогтоогдож байна. 

          Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998.01.22-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Д-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 16, 39-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 1-ийн 2-т зааснаар Ц.Дт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 42-р зүйлийн 1,4,5-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Дт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Д нь шүүхээс хорих ял хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “г”-д зааснаар ял шийтгэлгүй болсон байна.

          Шүүгдэгч нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Иймд шүүгдэгч Ц.Д нь ялгүй болсон, мөн дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгох нь зүйтэй байна. Шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Ц.Д-г бусдын 2 тооны бог мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Д-д шүүхээс тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4. Шүүгдэгч Ц.Д-т авсан ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасагт даалгасугай.

          5. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдоогүй, хувийн эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Ц хохирлоо бүрэн төлүүлж авсан, “гомдолгүй” гэсэн болохыг тус тус дурьдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ын 1 тооны хонь, 1 тооны ямааны төлбөрт 330000 /гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.

          7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан ял оногдуулна гэдгийг шүүгдэгч Ц.Дт анхааруулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        С.СЭРЖМЯДАГ