Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

                     

 

                                            

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Жавзмаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч:Н.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох 2022000000079 тоот хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд .........-нд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компани Говийн бүсийн салбарт жолооч ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт .............................Н.Г нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

              

           Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт 44-55 ДУА улсын дугаартай “Nissan vannete” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож унасны улмаас зорчигч Ш.Б, А.З нарын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь  дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Дундговь аймгийн Цагдаагийн газарт “Сайнцагаан сум 1-р баг Нарангийн улаан овоо гэх газарт машин онхолдож 2 хүн гэмтсэн” гэх мэдээллийг Н.Гоос 2020 оны 5 сарын 4-ний өдрийн 00 цаг 20 минутад хүлээн авсан тэмдэглэл /хх-2/
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: Осол болсон газар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багийн нутаг дэвсгэр байна.Уг газар баруун хойноос зүүн урагш чиглэлтэй 2 шороон замтай, баруун талын /ертөнцийн зүгээр/ шороон зам дээр баруун тийш толгой нь харсан баруун талаараа унасан саарал өнгийн урд, хойд талдаа улсын дугаар байхгүй NISSAN маркын тээврийн хэрэгсэл байлаа.Тухайн тээврийн хэрэгсэлийн урд буфер, урд шил,  зүүн талын хаалга зүүн ард талын шил хагархай, машины доод хэсгээс тос мэт зүйл гарсан. ...Тээврийн хэрэгслийн жолооч Н.Г баруун хойноос зүүн урагш чиглэлтэй явж байсан гэв. Тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуй хий байхгүй бусад дугуйнууд хийтэй байлаа.””А” цэг дээр гар утасны GPS байрлуулахад N455106.05 E106.08.02.3 гэсэн координатыг зааж байв...”А” цэгээс тээврийн хэрэгслийн урд талын буфер хүртэл 2.80м, шороон замын өргөн 2.30м байлаа гэжээ/хх-5-6/;
  • Хэргийн газрын үзлэгээр авсан гэрэл зургууд /хх-6-7/;
  • Хохирогч Ш.Бийн: Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг нь ярьсан учраас дахиж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-15-16/;
  • Хохирогч А.Зын: ...21 цагийн үед айлаас аймаг руу явсан. Замдаа жаахан өөд гараад овооны уруу явж байхад Г ах “дугуй хагарчихав уу даа гэтэл машин нь шарвах шиг болсон тэгээд өнхөрсөн тэгээд онхолдсон тэр үед юу болсоныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд машинаас гарцгаах гээд байцгааж байсан. Машинаас буугаад харахад машин зүүн талаараа унасан байдалтай байж байсан. Осол болох үед Г ах машин бариад, хажууд нь Батмөнх эгч хүүгээ тэврээд бас хажууд нь охин нь сууж явсан, арын суудал дээр жолоочийн ар талд Буянзаяа эгч би, Буянзаяа эгчийн зүүн гар талд нь би сууж явсан юм. Миний сууж явсан машин осол болох үед их дэржигнүүртэй зам байсан болохоор их л зөөлхөн явж байсан. Бид хэд хоорондоо хүн явахад ч хэцүү зам байна гэж яриад явж байсан юм. Г ах согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Тэр өдөр архи дарс уугаагүй. Ослын улмаас миний зүүн талын эгэм хугарсан, өөр гэмтэл байхгүй гэх мэдүүлэг/хх-11-12/;
  • Гэрч Б. Буянзаяагийн: Орой 21 цаг болж байхад аймгаас очсон хүмүүс бүгдээрээ хамтдаа аймаг руу буцсан. Бид нар аймаг руу явж байхдаа юм яриад явж байхад Г дугуй хагарчих шиг боллоо гэж хэлсэн тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд машин онхолдсон зүгээр үү гээд хүн асуугаад байсан. Тэгээд би машинаас урд талын цонхоор гарсан тэгэхэд машин баруун талаар унасан байдалтай байсан. Бид нар эмнэлэг рүү ирж үзүүлсэн. Машин яаж онхолдсон талаар мэдэх зүйл байхгүй. Осол 22 цагийн үед болсон байх осол болохоос өмнө цаг асууж байхад 10 цаг болох гэж байсан юм.Машиныг Г унаж явсан урд талын суудал дээр Гын эхнэр Батмөнх хоёр хүүхдийн хамт сууж явсан. Би ар талын суудал дээр жолоочийн ар талд сууж явсан,  миний зүүн гар талд Золжаргал сууж явсан. Миний сууж явсан машин осол болох үед зөөлхөн явж байсан. Их л дэржигнүүртэй зам байсан юм. Г согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ер нь уудаггүй гэж байсан. Шагдаржав гэдэг айлаас гарахад миний толгой өвдөөд эм уусан. Надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй гэх мэдүүлэг /хх-19-20/;
  • Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020.05.06-ны өдрийн 117 дугаар дүгнэлтэд: А.Зын биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ/хх-34/;
  • Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020.05.05-ны өдрийн 115 дугаар дүгнэлтэд: Ш.Бийн биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ /хх43-44/
  • Согтуурлыг 2020.05.04-ний өдрийн 04 цаг 02 минутад шалгасан тэмдэглэлд: Н.Г, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоохоор драгер багжаар шалгахад 0,00 тоон үзүүлэлт илэрсэн гэх /хх-8/ баримтуудаар тогтоогдож байна.

  Шүүгдэгч Н.Гын жолоодож явсан 4455ДУА улсын дугаартай “Nissan vannete” маркийн автомашин нь ачааны зориулалттай, “В” ангиллын микробус  болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр/хх-74/, Н.Г өөрөө “B, С, D” ангиллын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь 124775 дугаартай жолооны үнэмлэх /хх-74/, ЦЕГ-ын жолоодох эрхийн лавлагаа /хх-71/ баримтаар тус тус тогтоогдож байна.

          Шүүгдэгч Н.Гын “дугуй хагараад баруун тал руу шарвах шиг болоод ойчсон” гэх мэдүүлэг/хх-80/ баримтаар нотлогдохгүй байна. Харин зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас үүдэн гарсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Авто техникийн шинжээчийн 2020.05.14-ний өдрийн  2374 дугаартай:  “Шинжилгээнд ирүүлсэн 44-55 ДУА улсын дугаартай, зүүн урд талын гэх, ВРЮОЕ5ТОМЕ \/600 маркийн, 185ГС14 хэмжээстэй, хөнгөн ачааны автомашинд зориулагдсан дугуй нь ослын үед автомашин өнхөрч онхолдох үед хаймар дугуй обудын завсар зай гарч хий алдсан байх үндэслэлтэй. Дээрх гэмтэл ослын үед үүсэх тул огцом хий гарч осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 44-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын гэх дугуйн дотор талд ямар нэг гэмтэлгүй тул хий алдаж хагарснаас хойш хөдөлгөөнд оролцсон гэх шинж тэмдэггүй байна. 44-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зуүн урд талын гэх дугуйн хээ 3,9 мм байх тул ММ84598-2011 стандарт шаардлага хангаж байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт,  гэрэл зургууд /хх-46-56/
  • Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020.05.21-ний өдрийн 15 дугартай: “Nissan vannete” маркийн 44-55ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна.Жолооч Н.Гын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна. “Nissan vannete” маркийн 44-55ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон. Шинжилгээний явцад ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт, ослын бүдүүвч /хх-59-60/
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/ баримтууд хамаарна.

 

          Дээрх баримтуудаар шүүгдэгч Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт 44-55 ДУА улсын дугаартай “Nissan vannete” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож унасны улмаас зорчигч Ш.Б, А.З нарын биед хүндэвтэр хохирол учирсан зам тээврийн осолд буруутай болох нь нотлогдож байна.

          Шүүгдэгч Н.Г-ын энэхүү үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй”, гэх заалт,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

          Шүүгдэгч Н.Г нь “B, С, D”  ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, олон жилийн туршлагатай /1999 оноос хойш/ жолооч хүний хувьд түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсээр атлаа түүнийг гаргахгүй байж чадна хэмээн тооцож, хөнгөмсгөөр найдан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан  болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурьдсан баримтаар хангалттай нотлогдож байна.

          Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Г-ын жолоодож явсан 4455 ДУА улсын дугаартай “Nissan vannete ” маркийн автомашин Дундговь аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа нь тогтоогдсон бөгөөд, автомашины доторхи үзлэгийг хийгээгүй ажиллагааг нөхөн гүйцэтгэж үзлэг хийхэд  баруун талдаа жолооны хүрдтэй, жолооны суудал 1 хүний суудалтай, жолоочийн хажуу талд 2 хүн суух зориулалттай, хамгаалалтын бүсийг тайрч авсан байдалтай, урд талын шил бүхэлдээ хагарсан, зүүн талын хаалганы цонхны шил хагарсан, ардаа 3 хүн суух зориулалттай суудалтай, хамгаалалтын бүс байхгүй, заалны арын зүүн талын цонхны шил хагарсан, арын хэсэг тоос, шороонд дарагдсан, арын багажны хаалгыг суудлын бүсээр уяж тогтоосон байдалтай байгаа нь тогтоогдлоо.

          Шүүгдэгч Н.Г нь 2 хүний суудалтай, ачааны зориулалт бүхий микробусанд нэмж суудал байрлуулан 3 зорчигч илүү тээвэрлэн явсан, эдгээр зорчигчдод хамгаалалтын бүс хэрэглээгүй нь  Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн “а”-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан ...техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “б”-д ...хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх заалтыг тус тус зөрчсөн байна. Энэхүү зөрчил нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөөгүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэхэд /2 хүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан/ нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

      

               2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, төлбөрийн талаар:

 

          Шүүгдэгч Н.Г-ын үйлдсэн болгоомжгүй гэмт хэргийн улмаас хохирогч А.З, Ш.Б нарын биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр /хх34,44/, өөрийнх нь эд хөрөнгөд нийт 3950000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөрөнгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-63/ тус тус тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

          Хохирогч А.З, Ш.Б нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба хохирогч А.З 2020.05.22-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх11-12/ гэсэн, 2020.06.04-ний өдөр хэргийн материалтай танилцаад “нэхэмжлэх гомдол санал байхгүй”/хх-92/ гэжээ.

          Хохирогч Ш.Б 2020.06.02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх15-16/ гэсэн, 2020.06.02-ны өдөр Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “Миний бие болон манай хоёр хүүхэд болох Билгүүн, Бүжмаа нарт ямар ч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-90/ гэсэн, 2020.06.04-ний өдөр хэргийн материалтай танилцаад “санал, хүсэлт байхгүй” /хх-91/ гэсэн, хохирогч нарын хэн аль нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч А.З, Ш.Б нар нь шаардлагатай гэж үзвэл өөрт учирсан хохирлыг  нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Гоос жич нэхэмжлэх эрхтэй байна.

          Зам тээврийн осол гарах үед Н.Гын жолоодож явсан 4455ДУА улсын дугаартай “Nissan vannete” маркийн автомашин нь Ш.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр/хх-74/ тогтоогдож байна. Уг автомашин нь иргэн Ш.Батжаргалын нэр дээр бүртгэлтэй боловч Н.Гын  өмчлөлийнх ба Ш.Батжаргал нь Н.Год 4 сая төгрөгөөр худалдсан, Ш.Батжаргал, Н.Г нарын дунд төлбөрийн тооцоо байхгүй, тухайн автомашины өмчлөгч өөрчлөгдсөн тухай бүртгэл хийгдээгүй байгаа болох нь гэрч Ш.Батжаргалын “Би машинаа хүргэн ах Н.Год 4 сая төгрөгөөр зарсан байсан юм. Тэгээд машиныхаа гэрчилгээ бичиг баримтыг солиулж амжаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-27/баримтаар тогтоогдож байна.

          Иймд бодит байдал дээр Иргэний хуулийн 111, 112 дугаар зүйлд зааснаар 4455 ДУА улсын дугаартай “Nissan vannete ” маркийн автомашины хууль ёсны өмчлөгч нь шүүгдэгч Н.Г мөн байх тул өмчлөгч өөрийнхөө эд хөрөнгөд учирсан хохирлыг өөрөө хариуцна. Тухайн асуудалд шүүхээс шийдэр гаргах үндэслэлгүй байна.

 

                 3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Г урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-81/ тогтоогдож байна.

        Шүүгдэгч Н.Г нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч Н.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч Н.Г-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г  Год 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Н.Г-д оногдуулсан 1 сая төгрөгөөр торгох ялыг  энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

    4. Шүүгдэгч Н.Г цагдан хоригдоогүй, түүнээс эд зүйл хурааж битүүмжлүүлээгүй, хохирогч А.З, Ш.Б нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, “гомдол санал байхгүй” гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай. 

    5. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.З, Ш.Б нар нь өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Гоос жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.

    6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

   8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж буй 4455ДУА улсын дугаартай ачааны микробусыг Н.Г-д эгүүлэн олгож, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, ахлах дэслэгч Б.Даваадоржид даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ