| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0014/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Дашцэрэн
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Х-ийн хууль ёсны төлөөлөгч И.О
Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхтулгийн хууль ёсны төлөөлөгч С.О
Шүүгдэгч Э.Х, Д.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х, Д.М нарт холбогдох эрүүгийн 1922003000139 тоот хэргийг 2019 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 12 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг, ам бүл-3, эмээ, өвөөгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 9-8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Д.М /РД/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн Мандал сургуулийн 12 дугаар ангид сурдаг, ам бүл-3, аав, дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 9-8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Э.Х /РД:/
Шүүгдэгч Д.М, Э.Х нар нь бүлэглэн, 2019 оны 11 сарын 02-ноос 2019 оны 11 сарын 03-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээж бусдад 1405000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ гэмт хэргийг тухай үедээ сонирхоод хийсэн. Хэн нэгний шахалтаар хийсэн зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
2. Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Тэр өдөр 3 ширхэг пиво уусан байсан. Эхлээд машин дотор 2 пиво уусан. Хэн нэгний ятгалгаар ийм хэрэг хийгээгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
3. Хохирогч С.Оийн: “...Би 2019.11.02-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 35-96 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж ирээд 19 цагийн үед Сайнцагаан сумын 7-р баг 12 байрны зүүн урд зогсоол дээр баруун тийшээгээ харуулж зогсоогоод орхисон юм. Тэгээд 2019.11.03-ны өглөө 09 цагийн үед манай дээд айлын Ширчинсүрэн гэх залуу хаалга тогшоод чиний машины дугуйг хагалсан байна гэж хэлсэн юм. Тэгээд би гараад хартал миний машины урд жолоочийн эсрэг талын 1 дугуйг хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/
4. Хохирогч Т.Агийн: “...Би 2019.11.02-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 12-60 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад айлд очиж ирээд 23 цагийн үед Сайнцагаан сумын 7-р баг 4 байрны зүүн талын зогсоолд урагшаагаа харуулж зогсоогоод орхисон юм. Тэгээд 2019.11.03-ны өглөө 09 цагийн үед би гараад хартал миний машины 3 дугуйг буюу буруу талын хойд дугуйнаас бусад дугуйг хутгаар хутгалж хийг нь гаргасан байсан юм, тэгээд би цагдаад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хх-37/
5. Хохирогч Д.Хийн “...Би 2019.11.02-ны өдөр ажлаасаа орой ирээд 21 цагийн үед өөрийн амьдардаг 21-р байрны зүүн хойд зогсоол дээр баруун тийш харуулаад өөрийн тоёота приус-20 маркийн 63-00 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулж цоожилсон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019.11.03-ны 09 цагийн үед манай хамаатны дүү Амгалан гэрт орж ирж машины дугуйг хагалсан байна гэж хэлсэн. Тэгээд гараад хартал миний машины зөв талын дугуйг үзүүртэй зүйлээр хатгаж хагалаад хийг нь гаргасан байсан... ” гэх мэдүүлэг /хх-42-43/
6. Хохирогч Ж.Б: ‘’...Би 2019.11.02-ны өдөр Улаанбаатар хотод байж байгаад тэр шөнийн 02-03 цагийн үед хотоос ирсэн юм. Тэгээд маргааш нь гэртээ унтаж байтал цонхон дээр хүмүүс машины дугуй хагалсан байна гэж шуугилдсан юм. Тэгэхээр нь би гараад хартал 3, 4-р байрны голын зогсоол дээр урагшаа харуулаад тавьсан байсан миний эзэмшлийн Suzuki swit маркийн 57-92 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйг үзүүртэй зүйлээр хатгаж хагалсан байсан юм...’’ гэх мэдүүлэг /хх-47-48/
7. Хохирогч Ж.Бгийн “...Би 2019.11.02-ны өдөр өөрийн тоёото раум маркийн 93-12 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гадуур ажил амжуулж байгаад орой 18 цаг 30 минутын үед өөрийн амьдардаг Сайнцагаан сумын 7-р баг 12-р байрны зүүн талын хойд талын машины зогсоол дээр тээврийн хэрэгслээ баруун тийш нь харуулж тавьсан юм. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг 35 минутын үед манай хамаатан Хүрэлцэцэг утсаар залгаад таны машины дугуй хагарсан байна гэж хэлсэн. Гарч харахад миний машины 4 дугуйг хутгаар хатгаж хагалсан байсан юм...’’ гэх мэдүүлэг /хх-52-53/
8.Хохирогч Ч.Чгийн “...Би амралтын өдрүүдээр Улаанбаатар хотод ажилтай явж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 00 цагийн үед аймагт ирээд өөрийн амьдардаг 12-р байрны зүүн талд байх 5-р байрны ертөнцийн зүгээр зүүн урд талд баруун тийшээгээ харуулж өөрийн эзэмшлийн тоёота приус-30 маркийн 24-92 ДУА улсын дугаартай автомашиныг байрлуулж түгжиж орхисон юм. Тэгээд маргааш өглөө 09 цагийн үед гэрээсээ гарч ирээд машинаасаа ачаа буулгах гэтэл миний машины зөв талын буюу жолоочийн эсрэг талын урд дугуйг хурц үзүүртэй зүйлээр хатгаж хагалсан байсан юм’’ гэх мэдүүлэг /хх-57-58/
9. Хохирогч Л.Оын ‘’...2019.11.02-ны өдөр ойр зуурын ажил амжуулж байгаад өөрийн Mitsubishi маркийн 73-09 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьдардаг байрны зүүн талд байх 5-р байрны зүүн урд өнцөгт баруун тийшээгээ харуулж тавьж байрлуулаад орхисон юм. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед босоод гэрээсээ гараад машин дээрээ иртэл хүмүүс таны машины дугуйг хагалсан байна гэж хэлсэн юм. Тэгээд би машин дээрээ очоод үзтэл миний машины буруу талын урд дугуйны хий гарсан байсан. Сайн үзтэл хурц үзүүртэй зүйлээр бөөрөн дээр нь хатгаж хагалсан байсан юм’’ гэх мэдүүлэг /хх-61-62/
10. Хохирогч Г.Аы: ‘’...Би аймгийн цагдаагийн газарт замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч ажилтай. 2019.11.02-ны өдөр 17 цагаас 00 цагийн хооронд замын эргүүлд гарч ажилласан юм. Тухайн үед би өөрийн эзэмшлийн тоёота приус-20 маркийн 56-49 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Тэгээд шөнө 21 цаг 30 минутын үед 12-р байрны зүүн талын урд зогсоол дээр хамгийн урд талд нь зүүн тийшээгээ харуулан байрлуулаад орхисон юм. Тэгээд ажлын машинтай 00 цаг хүртэл эргүүлд гарч байгаад эргүүлээс бууж гэртээ ирээд амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг өнгөрөөд гэрээс гартал миний машины жолооч талын 2 дугуйг, эсрэг талын хойд дугуйг нийт 3 дугуйг үзүүртэй зүйлээр хатгаж хагалсан мөн машины жолооч талын хойд гүперийн их бие хэсэгт ойролцоогоор 30 орчим см урттай газарт хурц иртэй зүйлээр зурж будгийг нь халцалсан, жолоочийн эсрэг талын хойд хаалган дээр мөн өнгөцхөн зурж будгийг нь халцалсан байсан юм...’’ гэх мэдүүлэг /хх-65-66/
11. Хохирогч С.Гын “...Миний тоёота приус 11 маркийн 42-52 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний төрсөн дүү С.Дашням нь 2019.11.02-ны өдөр гуйж аваад Дундговь аймаг руу явсан. Тэгээд 1-2 хоноод буцаад ирээд С.Дашням хэлэхдээ аймаг дээр байрны чинь гадаа машиныг чинь тавьж хоноод маргааш нь гараад иртэл машины чинь урд хоёр дугуйг хагалчихсан байсан. Тэгээд цагдаад тэр талаараа мэдүүлэг өгсөн гэж хэлсэн юм. Тэгээд С.Дашням аймгаас ирэхдээ хагарсан 2 дугуйг солиод ирсэн байсан юм.’’ гэх мэдүүлэг /хх-03-14/
12. Шүүхийн шинжээчийн албаны 20 дугаартай дүгнэлтэнд “...Шинжилгээнд ирүүлсэн зураг №25, 26 дугаартай гэрэл зургаар бэхжүүлсэн 2 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. Зураг №27, 48 дугаартай гэрэл зургаар бэхжүүлсэн 2 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн зураг №25 дугаартай гэрэл зургаар бэхжүүлсэн гутлын улны мөр шинжилгээнд ирүүлсэн Д.М гэх “NIKE” гэсэн бичигтэй спорт гутлын зүүн өмсгөлийн улаар үүсгэгдсэн байна. Шинжилгээнд тэнцсэн зураг №26 дугаартай гэрэл зургаар бэхжүүлсэн гутлын улны мөр шинжилгээнд ирүүлсэн Д.М гэх “NIKE” гэсэн бичигтэй спорт гутлын баруун өмсгөлийн улны өсгийгөөр үүсгэгдсэн байна” гэжээ. /хх-101-102/
13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-14//
14. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-15-20/
15. Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-92-97/
16. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-116/
17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-160-161/
18. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдаж, хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Д.М, Э.Х нар нь бүлэглэн, 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт 3, 4, 12-р байрны гадна талын зогсоолд тавьсан бусдын 9 машины 20 ширхэг дугуйг хутгаар хагалж гэмтээн, хохирол учруулсан үйл явдал болсон болох нь хохирогч нарын мэдүүлгүүд болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 1405000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.М, Э.Х нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Д.М, Э.Х нар нь бүлэглэн, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.М нь 2002 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 10 сар 10 хоногтой, шүүгдэгч Э.Х нь 2002 оны 7 сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 4 сартай байсан болох нь хэргийн 203-204-рт авагдсан иргэний үнэмлэхний хуулбаруудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.М, Э.Х нарын хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Д.М эмээ С.О, өсвөр насны шүүгдэгч Э.Х нагац ах И.О нараас тэднийг хараа хяналтандаа байлгах, хүмүүжүүлэх үүргийг хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлжээ. Хууль ёсны төлөөлөгч нараас ирүүлсэн хүсэлт нь Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг...төрөл садангийн хүний хүсэлтээр даалгаж болно” гэсэн заалттай нийцэж байх тул өсвөр насны шүүгдэгч Д.М хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эмээ С.Од, өсвөр насны шүүгдэгч Э.Х хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг нагац ах И.Од тус тус даалгаж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт шүүгдэгч Д.М, Э.Х нар нь нийт хохирол 1405000 /хх-194-202, 217-220/ төгрөг төлсөн болохыг дурдав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гутал 2 хосыг, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хутга 2 ширхэгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авч хэргийн хамт шүүхэд ирүүлжээ. Өсвөр насны шүүгдэгч нар нь хураалгасан гутлыг буцаан авах хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн nike гэсэн бичигтэй хар өнгийн гутал 1 хосыг өсвөр насны шүүгдэгч Д.Мд, cat гэсэн бичигтэй хар өнгийн гутал 1 хосыг өсвөр насны шүүгдэгч Э.Хд буцаан олгож, хутга 2 ширхэгийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч овгийн Д.М, Боржигон овгийн Э.Х нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М, Э.Х нарт Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тус бүрт нь 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М, Э.Х нарт авсан хүмүүжлийн чанартай албадагын арга хэмжээний хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 8.7 дугаар дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эмээ С.Од, өсвөр насны шүүгдэгч Э.Х хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг нагац ах И.Од тус тус даалгасугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Д.М, Э.Х нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хууль ёсны төлөөлөгч нараас хохирогч нарт 1405000 /нэг сая дөрвөн зуун таван мягна / төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1.1, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн nike гэсэн бичигтэй хар өнгийн гутал 1 хосыг өсвөр насны шүүгдэгч Д.Мд, cat гэсэн бичигтэй хар өнгийн гутал 1 хосыг өсвөр насны шүүгдэгч Э.Хд буцаан олгож, хутга 2 ширхэгийг устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шижүүлсугэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.М, Э.Х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ