Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00086/И |
Дугаар | 193 |
Огноо | 2017-02-24 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 193
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг, Тариалан сумын Хөхөө багт оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, РД:ОМ78060921, Шалбаг овогт Ширнэнгийн Нямдаваагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,
Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Нямдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд 13 жил ажилласан. 2014 оноос эхлэн статистикч эмчээр ажиллаж байсан. Гэтэл Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалаар намайг статистикч эмчийн албан тушаалаас чөлөөлж, Тариалан сумын Толь багийн эмчийн ажилд томилсон. Миний бие Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот “Албан тушаал бууруулж, өөр ажилд томилох тухай” тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад мэдээ тайланг цаг хугацаанд нь явуулаагүй хожимдуулсан, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан зуйл байхгүй болно. Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот “Албан тушаал бууруулж, өөр ажилд томилох тухай” тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, болон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна. Дээрх үндэслэлүүдийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул намайг Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн статистикч эмчийн үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлж, албан тушаал бууруулсан гэж үзэж байна. Түүнчлэн миний бие нөхөр 4 хүүхдийн хамт Тариалан сумын төв дээр амьдардаг. Бага охин маань одоо 2 нас, 7 сартай хөдөө явж ажиллах боломж байхгүй тул уг албан тушаал бууруулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот “Албан тушаал бууруулж, өөр ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож намайг Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн статистикч эмчийн үүрэгт ажилд эргүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн харьяа Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Нарантуяа миний бие нь тус эмнэлэгт статистикч эмчээр ажиллаж байсан юм. Ш.Нямдавааг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалаар албан тушаал өөрчилж өөр албан тушаалд томилсон байдал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь Ш.Нямдаваагийн ажил, албан тушаалыг өөрчлөх болсон гол шалтгаан нөхцөл нь манай эрүүл мэндийн үйл ажиллагаа хүний амь нас, эрүүл энхийн манаанд ажиллахад маш өндөр хариуцлага шаардагддаг. Нөгөө талаар статистикч эмч мэдээ тайлан судалгааг цаг тухайд нь холбогдох байгууллагад үнэн бодитойгоор гаргаж өгөх үүрэг хүлээдэг байтал Ш.Нямдаваа нь 2015 оноос 2016 оны хооронд өөрийн хариуцсан ажлын чиглэлээр мэдээ тайлангаа цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, судалгааг худал гаргаж байсан нь хожим илэрч, ажлын хариуцлага хүлээж, захиргааны арга хэмжээ авагдаж байсан тул ажлыг нь зайлшгүй өөрчлөх болсон. Ингэж ажлыг нь өөрчилснөөр Ш.Нямдаваагийн цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй болно. Гэхдээ миний хувьд албан тушаал бууруулж гэж буруу хэрэглэсэн, мөн төрийн албаны тухай хууль барьсан нь алдаатай болсон. Мөн мэдэгдэл өгөх боломжгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Нямдаваа нь хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Нарантуяагийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Ш.Нямдавааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т заасныг тус тус үндэслэн Ш.Нямдавааг Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн статистикч эмчийн ажлаас нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр чөлөөлж, Толь багийн эмчээр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Ш.Нямдавааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхдөө дараах зөрчлүүдийг гаргажээ.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан ба Ш.Нямдаваад 1 сарын өмнө мэдэгдэл өгөөгүй байна.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлээр өөр ажилд шилжүүлсэн ба энэ талаар албан ёсны дүгнэлт шийдвэр гараагүй.
Иймд нэхэмжлэгч Ш.Нямдавааг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Нямдавааг Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн статистикч эмчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Нямдаваа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Нямдавааг Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн статистикч эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Нямдаваа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР