| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0235/Э |
| Дугаар | 0246 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 0246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Ө.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Мөнхбатад холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Ө.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ө.М нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ц.Ч толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ө.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ч манай хашаанд мотоциклоо янзлуулахаар орхисон. 3 хоногийн дараа дискээ барьчихсан ирсэн. Согтуу байсан бөгөөд намайг загнаад байсан. Тэгэхээр нь би мотоциклийг нь янзлахгүй гэсэн. Тэгсэн чинь над руу овтерк бариад дайрахаар нь гаансан хэлбэртэй түлхүүрээр толгойных нь ар хэсэг рүү 2 удаа цохичихсон. Гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Хохирогчид 350.000 төгрөгөнд тооцож мал өгч тохирсон байгаа. Үйлдсэн хэргээ хүлээж гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед тосгонд миний мотоциклийг засч байсан М гэрт нь би халамцуу очоод М-д хандан чи мотоциклийг засч чадах юм уу гэж хэлэхэд М над руу уурлаад мотоцикл засч байсан түлхүүр авч миний толгойны баруун зүүн тал руу 2 удаа цохисон. Би цохиулчихаад гэртээ харьтал эхнэр юу болсон юм бэ? гэхээр нь би мотоцикль засч байсан Мөнхбат зодчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,
-Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 06 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед манай нөхөр гэртээ толгойны баруун зүүн талаас нь цус гойжсон орж ирсэн. Мотоцикль янзалж байсан М намайг зодчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,
-Яллагдагч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би уурандаа Ч-г мотцикль засч байхдаа дэлгээд тавьсан багажнаас жижиг 8 номерийн түлхүүр авч толгойны ар хэсэгт 2 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 57-58 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 464 дугаартай дүгнэлтэнд:
1. Ц.Ч биед хуйханд 2 тооны няцарсан шарх, нүүрэнд 1 тооны зулгаралт, зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хуйхны няцарсан шархууд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 16-17 ху/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх 3-4 ху/
-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт /хх 07 ху/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 45 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай / хх 46 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 26 ху/
-Ө.М-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21, 22-23 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ө.М нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ц.Ч-ын толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ч манай хашаанд мотоциклоо янзлуулахаар орхисон. 3 хоногийн дараа дискээ барьчихсан ирсэн. Согтуу байсан бөгөөд намайг загнаад байсан. Тэгэхээр нь би мотциклийг нь янзлахгүй гэсэн. Тэгсэн чинь над руу овтерк бариад дайрахаар нь гаансан хэлбэртэй түлхүүрээр толгойных нь ар хэсэг рүү 2 удаа цохичихсон. Гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Ч “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед тосгонд миний мотоциклийг засч байсан М гэрт нь би халамцуу очоод М хандан чи мотоциклийг засч чадах юм уу гэж хэлэхэд М над руу уурлаад мотоцикл засч байсан түлхүүр авч миний толгойны баруун зүүн тал руу 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/, гэрч П.Э “...манай нөхөр гэртээ толгойны баруун зүүн талаас нь цус гойжсон орж ирсэн. Мотоцикль янзалж байсан М намайг зодчихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 11 ху/, хохирогчийн биед хуйхны няцарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 464 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Ц.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ө.М анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гаансан хэлбэртэй тусгай түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.