| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/0408/и |
| Дугаар | 138/ШШ2016/00749 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2016/00749
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3-р багийн харьяат боловч ******* сумын 10-р баг ******* тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, тус хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 3 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагчийн төлөөлөгч О.Баярбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 1 сарын 27-ны өдрийн 11 тоот захирамжаар нягтлан бодогчоор томилогдсон. Уг захирамжинд хурлын нарийн бичгийн дарга Б.Энхээг надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Энхээ дарга надад ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар боловсруулж ир гэж үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулж 02 сарын 03-ны өдөр Энхээ даргад өгөхөд хүний нөөцийн ажилтан Гантулгад өг гэсэн. Тэгээд Гантулгад өгсөн. Миний хувьд ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, ажлаа зохих журмын дагуу хийгээд цалингаа авсан. 3 сарын 1-ний өдөр Энхээ дарга надтай уулзаад ажлаас халагдах болсон, ажлаа хүлээлгэж өг гэсэн. Ямар үндэслэлээр халагдах болсноо тодруулахад Мөнхтөр даргын гаргасан бүх захирамжийг Зоригтбаатар дарга хүчингүй болгосон гэсэн тайлбар өгсөн. Миний хувьд Зоригтбаатар даргын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, тус хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О.Баярбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 9 сарын 11-ний өдрийн хурлаар Зоригтбаатарыг хурлын даргын ажлаас нь чөлөөлсөн. Энэ хурлын тогтоолын биелэлтийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс түдгэлзүүлсэн. Гэтэл Мөнхтөр нь хурлын даргын бүрэн эрх олгогдоогүй байхад бусдыг ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон шийдвэрүүдийг гаргасан. Мөнхтөр даргын гаргасан бүх шийдвэр хууль бус учир хүчингүй болгосон байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгох эрх хурлын даргад байгаа. Мөн Баттулгатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хүн ажилд авах эрхгүй, харин ажлын албаны дарга ажилд авах эрхтэй. Хурлын даргын захирамжинд хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлах шаардлагагүй, хууль бус захирамжийг хүчингүй болгосон учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримталсан нь зөв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, тус хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 1 сарын 27-ны өдрийн 11 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Баттулгыг 2016 оны 2 сарын 1-ний өдрөөс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан бодогчийн ажилд томилжээ. /хэргийн 3-р хуудас/
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжаар тус хурлын даргын 2016 оны 1 сарын 27-ны өдрийн 11 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. /хэргийн 4-р хуудас/
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатарыг ажлаас чөлөөлсөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын биелэлт түдгэлзсэн, хурлын даргын бүрэн эрх олгогдоогүй байхад Мөнхтөр нь ажилтныг ажлаас чөлөөлж, томилсон байсан, Мөнхтөрын гаргасан шийдвэрүүд хууль бус учир Зоригтбаатар дарга бүгдийг хүчингүй болгосон. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтан томилох, чөлөөлөх эрхгүй, харин хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дарга ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй байдаг, иймд Д.Баттулгыг томилсон шийдвэр анхнаасаа хууль зөрчсөн байна, ...аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ******* нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй...” гэж тайлбарладаг.
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 1 сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу тус хурлын тэргүүлэгчдийн ажлын албанд нягтлан бодогчийн орон тоог 1-ээр баталж, ТҮ-7-оор цалинжуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь 2016 оны 2 сарын 1-ний өдрөөс 2 сарын 29-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албанд нягтлан бодогчоор ажилласан болох нь тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч тал нэхэмжлэгч *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан байдаг.
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй явдалд ажилтан буруугүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил үүргээ гүйцэтгэсэн ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтны нэгэн адил эрх эдлэх ёстой. Иймд Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ******* нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна.
Хариуцагчийн төлөөлөгч О.Баярбаатар нь “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын бүрэн эрх олгогдоогүй байхад ажилтан ажилд томилсон захирамж гаргасан, мөн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дарга ажилтан томилох, чөлөөлөх эрхтэй байхад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтныг томилсон нь хууль зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дарга ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй гэх нарийвчилсан зохицуулалт байхгүй байх тул Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажилтан ажилд томилсон тухай захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжаар тус хурлын даргын 2016 оны 1 сарын 27-ны өдрийн 11 дүгээр захирамжийг хүчингүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9, 25 дугаар зүйлийн 25.3, 25.4-д заасан заалтуудыг баримталжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь өмнө нь ажиллаж байсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хууль бус захирамжийг хүчингүй болгосон учир Хөдөлмөрийн тухай хууль баримтлах шаардлагагүй гэж мэтгэлцдэг боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 1 сарын 27-ны өдрийн 11 дүгээр захирамж нь ажилтныг ажилд томилсон, хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн эрхийн акт юм.
Иймд дээрх захирамжийг хүчингүй болгосноор ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байх тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй үндэслэлээ тусгасан Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлах нь зүйтэй юм.
Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй байна.
Иймд Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* Баттулгыг Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* Баттулгыг Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч байгууллага Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ