Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 03

 

           

Д.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/ШЗ/306 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Д.Л-д холбогдох, эрүүгийн 1719001010069 дугаартай, 1 хавтас, 110 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас;                               

            Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, химичин-зааварлагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ... дугаар ангид гал унтраах албаны гал сөнөөгч ажилтай, Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, 1 дүгээр 58 айлын ... тоотод оршин суух, Дорноговь  аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2017/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Боржигон овогт Д-ийн Л /ФБ82102719/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Д.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Боржигон овогт Даваасүрэнгийн Л-д холбогдох эрүүгийн 1719001010069 дугаартай хэргийг Аймгийн Прокурорын газарт буцааж,

Яллагдагч Д.Лд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулах хэрэг бөгөөд дээрх зүйл ангиар яллагдагчаар татагдсан этгээд хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулах талаар хүсэлт гаргах шаардлагагүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилжээ. ЭХХШТХуулийн 17.3 дугаар зүйл нь мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээг найман жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд прокурор хэрэгт хэрхэн хяналт тавих талаар хуульчилсан бөгөөд энэ заалт нь ЭХХШТХуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт хамаарахгүй байхаар хуульчилжээ.

ЭХХШТХуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоолын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргахаар заажээ. Гэтэл шүүхээс хуульд байхгүй өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. ЭХХШТХуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэсэн ойлголтгүй хуульчилсан учир мөрдөгч дээрх хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн хугацаа байхгүй гэж үзэж байна. ЭХХШТХуулийн 33.3 дахь хэсэгт “зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж хуульчилж өгсөн байхад мөн хуулийн 17.5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх хэрэгт зөвхөн гэм буруутайг тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан хийгдэх ёстой атал урьдчилсан хэлэлцүүлэг хийж, дээрх хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Яллагдагч Д.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийн дагуу түүний биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн учруулсан болохыг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт тус прокурорын газрын 2017.11.09-ний өдрийн 5/752 албан тоотоор даалгаж гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд оруулан шалгуулахаар хүргүүлсэн ба Д.Лд холбогдох хэрэгт түүнийг хохирогчоор тогтоосон болон тухайн хэргээс өөр хэргийг тусгаарласан асуудал байхгүй бөгөөд уг асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгасны үндсэн дээр ЭХХШТХуулийн 30.15 дугаар зүйлд заасан “хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол” тохиолдол үүссэн бол эрүүгийг хэрэг үүсгэж яллагдагчаар татахаар хуульд заасан тул уг хэргийн хохирогч Б.Б нь Д.Лд хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй байхад яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр ЭХХШТХ-ийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул Д.Лд холбогдох хэргийг нотлогдсон буюу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой юм. Тиймээс хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан, мөн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь ЭХХШТХуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүү яллагдагч Д.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тухай тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 306 дугаар шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийн дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд яллагдагч Д.Лд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин  яллагдагч Д.Лгийн биед гэмтэл учирсан талаар яллагдагч болон гэрч Б.Баянжаргал нар мэдүүлсэн байдаг боловч уг гэмтэл нь хохирогч Б.Бы үйлдлийн улмаас үүссэн эсэх, ямар гэмтэл, гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, гэмтэл учирсан байдал болон энэ талаар яллагдагч Д.Лгийн зүгээс гомдол гаргасан болон түүнийг шалгаж тогтоосон, тусгаарлан шалгаж байгаа тухай нотлох баримтууд хавтаст хэрэгт байхгүй байхад үүнийг шалгаж тогтоолгохыг шаардсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг 14 хоногийн хугацаанд мөрдөн байцаалт явуулж, прокурор 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэж, шүүх 72 цагийн хугацаанд хянан шийдвэрлэх тусгайлан зохицуулсан зохицуулалт юм.

            Иймд эдгээр үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хангаж, яллагдагч Д.Лхагвасүрэнд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дах хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/ШЗ/306 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Лхагвасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                                                                     

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                      А.САЙНТӨГС