Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 177

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Ч ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Т, Я.Н нарт холбогдуулан гаргасан гомдлыг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд Ч ХХК-ийн захирал Д.Б, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Т, Я.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *********  дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.

Ч ХХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч ХХК нь МЭИ ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тоосго худалдан авсан юм. МЭИ ХХК нь 1842******* дугаартай 74,701,818.18 төгрөгийн падааныг Ч ХХК-д олгосон.

Гэтэл МЭИ ХХК-иас олгосон 1842******* дугаартай падаан нь татварын албанд бүртгэлгүй хуурамч падаан байсан байна.

Дээрх үйлдэлд холбогдуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Т, Я.Н нар Ч ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-д Татвар ногдох зүйл татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаанд төлөх, 18.1.3-д Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, 18.1.14-д Хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг дараах байдлаар зөрчсөн гэж үзсэн байна. Үүнд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Ч ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэж, 74,701,818.8 төгрөгний зөрчилд 7,470,181.80 төгрөгний нөхөн татвар, 2,241,054.50 төгрөгний торгууль, 1,494,036.40 төгрөгний алданги, нийт 11,205,272.70 төгрөгний төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь МЭИ ХХК-иас олгосон 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1842******* дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг манай компани хуурамч гэдгийг мэдэх боломжгүй тул дээрх үйлдэл нь Ч ХХК-иас гаргасан зөрчил гэж үзэх боломжгүй юм.

Худалдан авагч компани нь борлуулалт хийж байгаа компанид мөнгийг нь шилжүүлсний дараа нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжилдэг. Борлуулалт хийсэн компаниас манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа авсан байгаа. Бид нар ч худалдан авалтаа хийсэн.

Харин бараа, материалын нэр бичээгүй гэдэг нь тухайн борлуулалт хийсэн компанийн борлуулалтын менежерийн алдаанаас болсон гэж бид үзэж байна. Тухайн үед манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын өргүй байсан. Борлуулалт хийсэн компани нь цагдаад баригдлаа гэхэд худалдан авалт хийсэн бүх компаниуд шалгагдаж байгаа юм билээ. Падаан хуурамч мөн эсэхийг бид нар мэдэх боломжгүй байсан.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас шалгасан учраас Татварын улсын байцаагч нар акт тавьж, торгууль, алданги гээд 12 сая төгрөг тушаа гэсэн болохоос биш 2015-2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын ямар ч өргүй явж байсан.

Тэгээд 2017 онд шалгалт хийгээд нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил илэрсэн гэсэн. Хэрэв зөрчил гарсан гэж үзэж байгаа бол борлуулалт хийсэн буюу нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивсэн компани нь буруутан болж байж бид буруутан болох ёстой байх гэж бодож байна. Борлуулалт хийсэн компанийн буруу нь тогтоогдсон байхад худалдан авалт хийсэн компанийг буруутгаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Т, Я.Н нарын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *********  дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Т, Я.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...МЭИ ХХК-иас Ч ХХК нь худалдан авалт хийсэн байдаг. Тухайн үед Ч ХХК-д Татварын улсын байцаагчийн хяналт, шалгалт хийгдсэн. Шалгалтаар анхан шатны баримт хангалтгүй, зарлагын баримт буруу үнийн дүнгээр бичигдсэн, бэлэн мөнгөөр суутгал тушаасан зарлагын баримт байна гэсэн үндэслэлээр хий бичилттэй падаан байна гэж үзэж Татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудас бичсэн байдаг. Нэхэмжлэгч талаас борлуулалт хийсэн компанид арга хэмжээ аваагүй байхад манай компанид хяналт, шалгалт хийх нь буруу гэсэн зүйл ярьж байна. Борлуулалт хийсэн МЭИ ХХК-д өөр Татварын улсын байцаагч нар хяналт, шалгалт хийгээд хүлээлгэнэ. Одоо шалгагдаад явж байгаа. Харин Ч ХХК-ийн падаан нь хий бичилттэй байна гээд Татварын улсын байцаагч нар эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаад шийтгэлийн хуудас бичсэн байгаа. Худалдан авсан тал нь нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж улсад төлөх татвараа бууруулдаг учраас татвар бууруулсан, хасалт хийсэн худалдан авалтанд нь хяналтын улсын байцаагч нар акт тавьсан биш, шийтгэлийн хуудас бичсэн.

Өнөөдөр нэмэгдсэн өртгийн албан татварын систем боловсронгуй болоод аль ч дэлгүүрт худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гэж өгч байгаа. Уг баримтыг борлуулагч нь гаргаж өгдөг. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг худалдан авагч тал хуурамчаар бичээд авсан зүйл биш. Борлуулагч тал хуулийн өмнө буруутан болоогүй байхад худалдан авагч тал нь буруутан болох ёсгүй гэж үзэж байна. Мөнгөө төлөөд бараа, материал худалдан авсан, цаг тухайд нь аж ахуйн нэгжийн албан татвар, хүн амын орлогын албан татвар зэргийг төлөөд явж байхад хэдэн жилийн дараа нь ийм зохисгүй зүйл гаргаж байгаа нь аж ахуйн нэгжид дарамт болж байна.

Мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдэг үүднээс хуулийн хариуцлагаас мултрах боломжгүй. Татварын алба нь тухайн тайлан өгсөн жилээс өмнөх 5 жилийг шалгах зохицуулалттай байдаг. Тийм учраас Татварын улсын байцаагч нь аж ахуйн нэгжийн сүүлийн 5 жилийн татвар төлөлтийн байдлыг шалгаад эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргасан.

Гомдол гаргагчийн зүгээс МЭИ ХХК нь хариуцлага хүлээх ёстой, манайх хариуцлага хүлээх ёсгүй гэдэг талаасаа гомдол гаргаад байгаа. Татварын алба нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг өгдөг. Уг үнэт цаас дээрх бичилт үнэн, бодитой байх эсэхийг борлуулагч тал хариуцаж явдаг. МЭИ ХХК нь импортоор бараа, материал оруулж ирдэг компани. Тоосго, блок оруулж ирдэг эсэхэд шүүх дүгнэлт хийх байх.

Ч ХХК-д Татварын улсын байцаагч нар хяналт, шалгалт хийгээд өөрсдийнхөө итгэл, үнэмшлийн дагуу шийтгэлийн хуудсаа бичсэн байгаа. Ч ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж, улсад төлөх татвараа бууруулсан учраас шийтгэлийн хуудас бичсэн.

Иймд Татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үүгэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр Ч ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ч ХХК нь гомдлын шаардлагаа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *********  дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлж маргажээ.

Маргаж буй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *********  дугаар Шийтгэлийн хуудсаар[1] ...Ч ХХК нь МЭИ ХХК-иас НӨАТ-ын хий бичилттэй 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1842******* тоот падаанаар 74,701,818.18 төгрөгийн бараа, материал худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан нь ...нотлогдон тогтоогдож ...байх тул Ч ХХК-д Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасныг үндэслэн 74,701,818.18 төгрөгийн зөрчилд 7,470,181.80 төгрөгийн нөхөн татвар, 2,241,054.50 төгрөгийн торгууль, 1,494,036.40 төгрөгийн алданги, нийт 11,205,272.70 төгрөгийн төлбөр төлүүлэх шийтгэл оногдуулсан байна.

Ч ХХК-иас гомдлын үндэслэлээ ...Ч ХХК нь МЭИ ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тоосго худалдан авсан. МЭИ ХХК-иас олгосон 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1842******* дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг манай компани хуурамч гэдгийг мэдэх боломжгүй тул дээрх үйлдэл нь Ч ХХК-иас гаргасан зөрчил гэж үзэх боломжгүй юм гэж тайлбарлажээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж зорилгыг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино, 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж тус тус заасан нь гагцхүү зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, улмаар зөрчил үйлдсэн бол түүнд тохирох хариуцлага гарцаагүй байх зарчим бүрэн хэрэгжиж байх агуулгаар хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *********  дугаар Шийтгэлийн хуудсанд дурдсан нэхэмжлэгч Ч ХХК-иас 74,701,818.18 төгрөгийн бараа, материалын худалдан авалт хийсэн гэх 1842******* тоот падаан нь хий бичилттэй хуурамч бичиг баримт, бодит худалдан авалт хийгдээгүй гэсэн нөхцөл байдлыг тогтоожээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д "нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор заажээ.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэхээр тусгажээ.

Гэтэл гомдол гаргагч Ч ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн МЭИ ХХК-иас авсан гэх 74,701,818.18 төгрөгийн тоосго, блокны худалдан авалт хийснийг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг болох падаан нь үнэн зөв баримт биш, падаан дээр бичсэн худалдан авалт нь хий бичилттэй хуурамч гэдгийг татварын хяналт шалгалын явцад тогтоосон тул шүүх улсын байцаагчийн актыг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно, 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас гадна бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримт, худалдан авагч талын ...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Тодруулбал, тоосго, блокыг МЭИ ХХК-иас худалдан авсан гэх боловч Ч ХХК-иас уг гүйлгээ гарсныг нотлох санхүүгийн бусад баримт төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл зэрэг баримтыг нэхэмжлэгч Ч ХХК нь өөрөө гарган өгөх, нотлох үүрэгтэй бөгөөд уг нотлох баримтуудыг татварын хяналт, шалгалтын явцад гаргаж өгч нотлоогүй нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.

Хуулийн дээр дурдсан заалтын дагуу падааны бичилт хуурамч гэдэг нь нотлогдож, мөн падаанд дурдсан худалдан авалт бодитойгоор хийгдсэн гэдгийг нотлоход ач холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн бусад баримтууд (төлбөрийн нэхэмжлэл, зээлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл) хуульд заасан шаардлагад нийцэхгүй буюу гомдол гаргагч Ч ХХК-иас үүнийг нотолж, гаргаж өгөөгүй байхад гомдол гаргагч компанийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.

Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Ч ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасантай нийцсэн байх бөгөөд гомдол гаргагч компанийн хуульд заасан татвар төлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий шийтгэлийн хуудас зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн112.9-д заасны дагуу шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1,4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1, заалтуудыг тус тус баримтлан гомдол гаргагч Ч ХХК-ийн гаргасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *********  дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Ч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                 А.САРАНГЭРЭЛ