Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0031

 

 

             

“Х х б” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 706 дугаар шийдвэрийг “Х х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Л.Анхбаяр  нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

            Илтгэсэн шүүгч  С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид: 

            Зөрчлийн хэргийн холбогдогч: “Х х б” ХХК

            Эрх бүхий албан тушаалтан: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М

Гомдлын шаардлага: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-н 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0050004 тоот шийтгэлийн хуудсаар Х х б-д 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 706 дугаар шийдвэр,  

Шүүх хуралдааны оролцогчид:

            Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Л.А

            Хариуцагч М.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 124/2021/0725/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 706 дугаар шийдвэрээр “Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны тус тус үндэслэн гомдол гаргагч “Х х б” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдуулан гаргасан “... “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-ийн 2021  оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0050004 тоот шийтгэлийн хуудсаар Худалдаа хөгжлийн банканд 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

2. “Х х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“... Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.21 дахь заалтад заасан шалгуур нь банкны гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуур бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3-д зааснаас харахад банкны гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх, эсхүл хувь хүн хэрэгжүүлэх эсэхийг банкны дүрмээр тогтоолгохоор байна.

Х х б дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Банкны гүйцэтгэх удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон гүйцэтгэх захирал хэрэгжүүлэн” гэж заасны дагуу тус банкны гүйцэтгэх удирдлагыг хувь хүн буюу гүйцэтгэх захирал О.Орхон нь дангаараа хэрэгжүүлж байна.

Дээрхээс дүгнэхэд, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтад заасан шалгуурыг хангах ёстой этгээд  нь тус банкны хувьд зөвхөн гүйцэтгэх удирдлага байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Ч.С-г банкны гүйцэтгэх удирдлагад хамаарахгүй гэдгийг мэдсээр байж Х х б-г Банкны тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан торгох шийтгэл оногдуулсан нь Банкны тухай хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

 Санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогчийн ажлын байрны тодорхойлолтын зургаа дугаар зүйлд ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдох албан тушаалтны эдлэх эрхийн талаар зохицуулалтыг тусгасан байх бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт бие дааж, шууд удирдлагын зөвшөөрлөөр эрхээ хэрэгжүүлэхээр заасан байна. Гэтэл шүүхээ уг зохицуулалтыг банкны гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг өөрийн шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр шууд хэрэгжүүлдэг, бодитоор хэрэгжүүлэх боломжтой гэх өрөөсгөл тайлбарыг хийсэн байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг бүхэлд нь зөрчсөн байна.

Тус банкны санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч нь өөрийн шууд удирдлага болох гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, гүйцэтгэх захирлын зөвшөөрөлтэйгөөр өөрийн эрх хэмжээг хэрэгжүүлдэг болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдоно. Өөрөөр хэлбэл, санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч нь шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй.

Мөн бакны дүрмийн 9 дүгээр зүйл  нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээ бөгөөд банкны гүйцэтгэх удирлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлдэг болох нь банкны дүрмийн 9.1 дэх хэсгээс тодорхой харагдана. Гэтэл шүүхээс тус банкны дүрэмд засан гүйцэтгэх захирлын эрх хэмжээг түүний удирдлага ажилладаг санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч хэрэгжүүлж болох мэтээр илтэд гуйвуулж тайлбарласан байгаа нь ойлгомжгүй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.7 дахь заалтад заасан эрх үүрэг нь тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад хамаатай зохицуулалт юм. Тус банкны гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал нь дангаараа хэрэгжүүлдэг тул дээрх хуульд заасан эрх хэмжээ нь гүйцэтгэх захиралд хамааралтай бөгөөд түүний орлогч захирал хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

  ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч /цаашид хариуцагч гэх/-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0050004 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “Х х б” ХХК /цаашид нэхэмжлэгч гэх/-ийг “Гүйцэтгэх удирдлагын шаардлагад нийцэхгүй Ч.С-г Гүйцэтгэх захирлын орлогч, Санхүү хариуцсан захирлаар томилон ажиллуулж, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу 10,000,000.0 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Анхан шатны шүүх шийтгэлийн хуудсыг хууль зөрчөөгүй гэж үзэж, хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... тус банк нэг гүйцэтгэх удирдлагатай, түүнийг Гүйцэтгэх захирал О.О дангаараа хэрэгжүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх ажлын байрны тодорхойлолт, тус банкны дүрэмд заасныг илтэд буруу тайлбарлаж, Санхүү хариуцсан гүйцэтгэх захирал Ч.С-г гүйцэтгэх удирдлага гэж үзэж ... Компанийн тухай хуулийн 83.1, Банкны тухай хуулийн 34.1.5, 34.1.7-д заасан чиг үүрэг зөвхөн гүйцэтгэх удирдлагад хамааралтай, харин түүний орлогчид хамааралгүй байхад хуулийн заалтыг буруу хэрэглэсэн ...” гэжээ.

5. Тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гэр бүлийн хүн болох Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Ч.С-той Контрактын гэрээ байгуулж, гүйцэтгэх үйл ажиллагааны чиглэл, талуудын хүлээх эрх, үүрэг, хариуцлага, цалин, урамшуулал, нөхөн олговор, тэтгэмж олгох, хөнгөлөлт эдлүүлэх зэрэг нөхцлүүдийн талаар тохиролцсон нь хэрэгт авагджээ.

6. Үүнээс үзвэл “Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Банкны төлөөлөн удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, ... 31.3.2-д “Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох”, 31.3.3-д “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, хариуцлагыг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүний цалин, урамшууллын хэмжээг тогтоох” гэж тусгайлан заасан тул Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга нь Ч.С-ыг Банкны гүйцэтгэх удирдлага болохынх нь хувьд хуульд заасан нөхцлүүдийг тусгасан контракт байгуулсан гэж үзсэн” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

7. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тус банкыг Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д заасан шалгуураас гадна дараахь шалгуурыг хангасан байна”, ... 34.2.2-д “Банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д “Энэ зүйлийн 1-14-т зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, ... бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авсныг үндэслэлтэй гэж үзэж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

8. Анхан шатны шүүх зөвхөн ажлын байрны тодорхойлолт, компанийн дүрмийн заалтыг дангаар нь үнэлээгүй, дээрх контракт болон хэрэгт авагдсан бусад баримтуудын хүрээнд Банкны тухай хууль болон Компанийн тухай хуулийг хэрэглэж шийдвэрээ гаргасан байх тул нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

9. Иймд нэхэмжлэгчийн “Ажлын байрны тодорхойлолт, дүрмийн заалтыг гуйвуулсан, хуулийг буруу тайлбарласан” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Т.Б нарын гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

                               ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ