| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0015/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Хохирогч Г.Ууганбат
Шүүгдэгч Ш.У-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.У- холбогдох эрүүгийн 1922003540003 тоот хэргийг 2020 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 03 сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Айрагийн 7-р гудамжны 03 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Шаалайн Ш.У-/РД:ххххххххх/
Шүүгдэгч Ш.У-нь 2019 оны 11 сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ууганбаттай маргалдаж, нүүрэн тус газар нь цохисоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.У-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019.11.08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүгийнхээ гэрт орж авгайтай нь муудалцаж бэрийнхээ нь нүүр лүү цохисон. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
2. Яллагдагч Ш.У-мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Миний энэ үйлдсэн хэргийн шинж байдлыг харгалзан бага ял шийтгэл оногдуулж өгнө үү. Тухайн үед болчимгүй үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Би Б.Ууганбаттай хоорондоо эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг /хх/54/
3. Хохирогч Б.Ууганбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Яг ямар шалтгааны улмаас маргаан болсон бэ гэхээр ...бид хоёр 2019.08.08-ны өдөр найр хийгээд нэг гэрт орсон юм... Түүнээс хойш хоорондоо үл ойлголцох асуудлууд гарсан. Жишээ нь би нүүрс оруулах гээд явж байхад хадам ээж манай нөхөрт хандаад “танай эхнэр ярвайчихаад дуугарсангүй” гэж хэлдэг. Би нүүрс оруулах гээд явж байж заавал би тэгэх гэж байна ингэх гэж байна гэж хэлэх ёстой юм шиг байгаа юм. Тэр хэрэг хүүтэйгээ уулзуулсангүй гэдэг асуудлаас болсон. ...яасан бэ гэхээр, орж ирээд усны сав авах гэсэн. Бид 2 өглөө босоогүй унтаж байсан учир усны сав гаргаж тавиад эргээд хаалгаа цоожилтол хадам ээж гаднаас орж ирж таарсан. Тэгтэл үүдээр нь шагайж болохоо байсан юм байна, хадам аав болохоор хүүгийндээ ч орох эрхгүй болсон юм байна гээд гадаа хашхираад байсан... Тэр асуудлаас болоод толгойдоо яг ингээд бодоцгоосон. Би энэ хүмүүсийг орж ирэхэд нь муухай ааш гаргаад байдаггүй, хоол цай хийсэн бол аягалаад өгдөг. Өөрийнхөө хүүхдийг энэ хүмүүстэй уулзуулахгүй гэж хэлдэггүй, энэ хүний хүүгийн хүүхэд бол биш. Би хүүхдээ хадмынд ороод хоол идээд гүйлгэхээр нь “миний хийсэн өөх, тосгүй хоолыг идэхгүй байж тостой хоол идээд ийм боллоо гэсэн чинь, эмээ нь хоол ид гэхээр нь ээж тостой хоол идэж болохгүй гэсэн гээд хэлсэн байсан. Тэр асуудлыг хүртэл сөхөж хэрүүл хийсэн. Энэ Ш.У-гэх хүн хадам ээжийг шөнийн 3 цагт зодоод, хадам ээж манай гэрт дотуур хувцастайгаа аав чинь согтуу зодоод байна гээд орж ирж байсан. Энэ хүнтэй үл ойлголцох асуудал нь ...манайхаас мах ирэхээр намайг доромжилж байгаа юм шиг төлөг, хурганы махаа эвдэж байна уу, мянгатын охин шээс, янхан, байнга янхан гэж хэлдэг. Намайг сая зодохдоо янхан минь гэж байгаа юм. Нөхрөөсөө өөр хүнтэй явдаг хүнийг янхан гэдэг байх, гэтэл би нөхрөөсөө өөр хүнтэй явах нь битгий хэл орой үдэш ч хүүхэд хараад өгөх хүн байдаггүй учраас гэрээсээ гардаггүй. Би энэ хүмүүсээр хүүхдээ харуулаад байдаггүй, яах аргагүй ажилтай байсан учраас ганц, хоёр харуулсан удаа байгаа. Урдны ийм ийм ялихгүй ярилцаад болчих зүйлээс болоод архи уухаараа өөрийнхөө хэлэх гэсэн үгээ хэлдэг. ...Би үнэхээр гомдолтой байна, би гомдолгүй гэж хэлэхгүй. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Нүд, зовхинд учирсан гэмтлээ үзүүлж хохирлоо нэхэмжилнэ. Гэтэл мэдүүлэг дээрээ уучлалт гуйсан, эвлэрсэн гэсэн байсан. Та бид 2 эвлэрээгүй, эвлэрэхгүй гэв.
4. Хохирогч Б.Ууганбатын: “...2019.11.08-ны орой 19:00 цагийн үед би бага насны охин Янжинлхамын хамтаар байж байтал манай хадам аав Ш.У-манай гэрт ганцаараа архи уучихсан согтуу орж ирээд гэрийн голд байсан ширээны зүүн талд нь суусан. Би гэрийнхээ зүүн талын буйдан дээр сууж байсан. Би хадам аав Улаанбаатард салат хийж өгсөн. Тэгээд Ш.У-намайг гэрийн зүүн хэсэгт буйдан дээр сууж байхад надад хандаж …би хүүгийндээ орж болохоо байцан юм байна. Чи намайг хүүхэдтэй минь уулзуулахаа больжээ гэж хэлсэн… Би өөдөөс нь та юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Ш.У-газар сууж байснаа босож ирээд гараа зангидаад шууд миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь босож ирээд хадам аавдаа хандаж та юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд Ш.У-ахиад миний зүүн нүдрүү гараараа цохисон. Тэгээд намайг “...чи муу манай хүүтэй суухаасаа өмнө янхан байсан биздээ гэж хэлээд ахиад намайг цохих гэж дайрахаар нь би өөрөөсөө холдуулж өөдөөс нь түлхэж байгаад хүзүүг нь самардсан. Ш.У-намайг ална гэж хэлэхээр нь би охиноо аваад гэрээсээ охины хамтаар нимгэн хувцастай гарч зугтаасан…” Би гэрээсээ гарангуутаа Улаанбаатарын байшингийн үүдийг нь нээхэд үүдэнд хадам ээж Сэлэнгэ нэг эрэгтэй хүнтэй хамт байсан. Би Сэлэнгэд хандаж Ш.У-намайг ийм болголоо гэж нүднээс гарч байсан цусаа харуулаад буцаад хашаанаас гараад явсан. Тэгсэн чинь араар Ш.У-гэрлүүгээ орохоор нь хашааны гаднаас харж байгаад эргэж гэртээ ороод хаалгаа дотроосоо түгжээд хүүхдийнхээ гадуур хувцасыг, өөрөө гадуур хувцасаа өмөсгөж байтал Ш.У-манай гэрийн хаалгыг хүчтэй татаад цоожийг нь эвдээд ороод ирсэн. Ш.У-ахиад намайг ална гэж тулга тойруулж туулгасан. Би охиноо аваад гарч зугтаагаад гудамжны үзүүрт зогсож байгаад такси дуудаад спорт зааланд тоглож байсан Сүх-Эрдэнэтэй уулзаад аав чинь ийм үйлдэл хийлээ гэж гэмтлээ харуулаад Сүх-Эрдэнийг дагуулж буцаад айргийн 7-3 тоотод очоод хүүхдээ зузаалж хувцаслаж байх хооронд хадам ээж Сэлэнгэ цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл Сүх-Эрдэнэ ээждээ уурлаад цагдаа дуудлаа гээд аавтайгаа зодолдоод байсан. Тэр хооронд нь төвд 55-р байранд байдаг гэрийн түлхүүрийг аваад гэртээ харьж унтсан. Араас Сүх-Эрдэнэ ирээд яаж байна гэж хэлсэн. Тухайн үед би энэ байдлыг цагдаад хэлээгүй. Аав ээждээ ч хэлээгүй. Тэр шөнөжингөө миний зүүн нүднээс цус гараад нүд хөхрөөд хоносон. Тэгээд бид нарын хооронд үл ойлголцол улам их хурцадсан...” гэсэн мэдүүлэг /хх-9-10/
5. Гэрч У.Сүх-Эрдэнийн: “...Би 2019.11.08-ны орой 19:00 цагийн үед ажлынхаа газрын алба хаагч нарын хамт аймгийн спорт зааланд сагсан бөмбөг тоглоод байж байтал ...тухайн үед манай хамтран амьдрагч байсан Б.Ууганбат нь бага насныхаа хүүхдийн хамт такси бариад ирсэн. Тэгээд надад хандаж, аав намайг цохичихлоо гэж хэлсэн… Тэгэхээр нь би Б.Ууганбатаас болсон асуудлын талаар асуухад надад хандаж, намайг гэрээ түгжсэн байсан чинь аав хаалга татаж орж ирээд би хүүтэйгээ уулзаж болох уу, болохгүй юу гэж хэлээд аав чинь зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар хамтдаа Айргийн 7-3 тоотод байх гэртээ очоод би ааваасаа болсон асуудлын талаар асуухад манай аав Ш.У-надад хандаж, би танай гэрт орж тав гурван үг хэлсэн чинь миний өөдөөс самардахаар нь би нэг удаа алгадсан гэж хэлж байсан. Энэ асуудлаас нь болоод би аавтайгаа хэсэг маргалдаж байхад Б.Ууганбат охиноо аваад төвд байх байрандаа очиж хоносон. Тэгээд энэ явдлаас хойш бид нарын хооронд бага багаар үл ойлголцох байдал үүсч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-15-16/
6. Гэрч Д.Сэлэнгийн: “...Тэр өдөр манай нөхрөөр Бархас гэдэг хүн starex маркын автомашын засуулж байгаад орой ажил нь дуусаад 18:00 цагийн үед манай нөхөр Ш.У-Бархас гэдэг хүнтэй архи задлаад ууж эхэлж байсан. Би гэртээ хувцас угаагаад байж байхад манай бэр Ууганбат гэрийн хаалгаар шагайгаад манай нөхөр Улаанбаатарыг миний нүдийг ийм болгочихлоо гэж хэлчихээд яваад өгсөн. Удалгүй гэрт гаднаас Ш.У-орж ирээд ...хүү Сүх-Эрдэнийг Ууганбатаас сурсан чинь Ууганбат дуугараагүй. Тэгэхээр нь би чамаас юм асуугаад байна гээд мөрнөөс нь татсан чинь өөдөөс Ууганбат зодолдоод миний хүзүүг самардсан гэж хэлсэн… Тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан гэж хэлсэн. Тэгээд өөр юм болоогүй. Тэгж байгаад Ууганбат манай хүү Сүх-Эрдэнийг дагуулж ирсэн. Манай нөхөр Ш.У-Сүх-Эрдэнэд хандаж наад хүүхнээсээ сал гэж хэлсэн. Тэгээд Сүх-Эрдэнэ аавтайгаа маргалдсан. Би цагдаа дууддаг юм уу гэж хэлсэн чинь Сүх-Эрдэнэ яах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Ууганбат явсан. Миний мэдэж байгаа зүйл энэ…” гэсэн мэдүүлэг /хх-19/
7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 01 дугаартай: ‘’...Б.Ууганбатын биед зовхинд нөсөө толбо тогтоогдлоо. Ирүүлсэн гэрэл зургаар зовхинд шарх, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх зовхинд үүссэн гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гуянд үүссэн гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Үзлэгээр хиймэл эд эрхтэн тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Зовхинд үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гуянд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хх-24/
8. Үнэлгээний комиссын дүгнэлт /хх-30/
9. Шийтгэлийн хуудас /хх-34/
10. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, тэдний эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ш.У-нь 2019 оны 11 сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 7-р гудамжны 3 тоот хашаанд Б.Ууганбатыг зодож түүний эрх чөлөөнд халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.У-нь хохирогч Б.Ууганбатын эрх чөлөөнд халдаж түүнийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.У-нь хохирогч Б.Ууганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ш.Улаанбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.У-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ш.Улаанбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзээд дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ
Шүүгдэгч Ш.У- шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.У-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Хохирогч Б.Ууганбат шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа учраас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Шаалайн Улаанбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Шаалайн Улаанбаатарт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ш.У-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ууганбат нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.У- нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.У- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ