| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0044/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа
Иргэдийн төлөөлөгч Х.Наранцацрал
Улсын яллагч: Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Долгорсүрэн
Шүүгдэгч: Д.Т-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т- холбогдох 1822001950159 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1985 оны 07 сарын 02-нд төрсөн, 35 настай эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, Монре даатгалын Дундговь аймгийн салбарт менежер ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Луус сумын 3-р баг орон сууцны 5-2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ххххххххххх/ Боржигон овогт Доржсүрэнгийн Д.Т-нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т-2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын төвд иргэн Б.Доржготовыг хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.Доржготовын: “...И.Эрдэнэцогийн машинтай нь Луус сумруу нь явсан. Орой 18-19 цагийн үед л байх сумын соёлын төврүү ороход тэнд шагайн тэмцээн болж байсан. Д.Түвшинбаттай уулзаад гарах гэсэн чинь Б.Рэнцэндорж шагай няслана гээд Д.Т-уурлаад та нар яах гэж ирсэн юм бэ намайг доош нь хийх гэж ирсэн юмуу гээд уурласан. Тэгээд би Д.Т- за за согтуу л байгаа биздээ яах гэж тэгдэг юм гээд Б.Рэнцэндоржийг 3 удаа шагай няслуулчихаад бид Соёлын төвөөс гарсан. Гадаа гараад би Д.Т- хандаж найз нь Цагдаагаас гарсан, найз дээрээ ирлээ шүү дээ гэсэн чинь “чи муудаа халагдаа биз” гэж хэлэхээр нь би уурлаад Д.Т- хандаж чи найзыгаа яаж тэгж хэлж чадаж байна пизда минь, би 15 жил ажиллахдаа нэг ч сахилгын шийтгэл авч үзээгүй, өөрийн хүсэлтээр гарсан гэж хэлсэн. ...Тэгэхэд Д.Т-та нар юу болсон юм бэ, аймагт очиход тоодоггүй байж яах гэж ирсэн юм гэж хэлэхээр нь би ирэх хэрэггүй байж аймаг руугаа буцаж явъя гээд нөгөө хэдийг машиндаа суу явъя гэсэн чинь Д.Т-чи өөрөө халагдсан гэж хэлсэн биздээ гэсэн... Тэгээд бид бие биендээ уурлахаа болиод цайны газар очиж хоол идэхээр явсан. Цайны газар хоол идээд, 1 шил архи авсан байснаа хувааж ууж байгаад би санаандгүй архи асгасан. Тэрнээс болж Д.Түвшинбаттай ахиад маргалдсан. Ширээний 2 талд сууж байгаад маргалдаж байсан чинь Д.Т-гэнэт сандал аваад миний толгойруу сандлаар цохисон. Тэгээд Д.Т-гараад ир гээд би араас нь гартал нэг цагаан өнгийн жийп машинд суучих гэхээр нь би жолоочийн хажуу талын сандал дээр суугаад Д.Т-өөрөө унаад сумаас зайдуу гарсан. Аль зүгрүү гарсныг бол мэдээгүй, хөдөө хээр гарсан. Тэгээд машинаас буугаад бид 2 барилцаж авсан. Тэгээд би Д.Түвшинбатыг унагаагаад дээр нь гарч дарж суусан. Тэгтэл Д.Т-намайг босго гэж хэлсэн. Тэгээд би босгосон чинь газраас чулуу аваад миний толгойн ар тал руу цохисон. Тэгтэл Б.Рэнцэндорж, И.Эрдэнэцог нар ирж салгасан. Д.Т- зүүн нүд нь улайсан цус гарч байсан. Би цохисон байх. Тэгээд бид аймаг руу явж байтал миний утас байхгүй байсан. Д.Т- машинд орхисон байна гээд Д.Т- гэрт очсон чинь Д.Т-машинтайгаа яг гэрийнхээ гадаа ирж таарсан. Тэгээд би машинаас буугаад юу гэж хэлж маргалдсанаа сайн санахгүй байна, ямар ч байсан бид хоёр хол зайтай байсан. Тэгээд Д.Т-гэрлүүгээ орох гэж байхад нь би газраас чулуу авч шидсэн чинь гэрийнх нь цонхыг хагалчих шиг болсон. Тэгтэл Д.Т-гэрлүүгээ ороод буцаж гарч ирэхээр нь би өөдөөс нь очсон чинь Д.Т-миний цээжрүү хутгаар хутгалчих шиг болсон. Хартал гарт нь хутга байсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэж хэлээд би хутгыг нь булаах гэж булаацалдсан чинь миний гуя зүсэгдсэн. Тэгээд би намайг хутгалчихлаа шүү гэж хэлтэл Б.Рэнцэндорж ирээд намайг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16, 2-р хх-ийн ......рт/
Гэрч Б.Рэнцэндоржийн “...Тэгээд Луус сумын Соёлын төвийн гадаа Д.Түвшинбаттай уулзахад Д.Т-бид нарт хандаж ойрд уулзсангүй хоол идүүлнэ гээд сумын төвийн зүүн талд байдаг цайны газар авч очоод биднийг хоолоор дайлаад мөн 0,75 литрийн архи гаргаж ирсэн. Би өмнө нь пиво уусан байсан бөгөөд тухайн архинаас нэг татаад дахиж ууж чадаагүй согтсон. Тэгэхэд цайны газар Д.Түвшинбат, Б.Доржготов нар хоорондоо цагдаатай холбоотой зүйл яриад маргалдаад байх шиг байсан. Тэд маргалдаж байгаад цайны газраас гараад Б.Доржготов, Д.Т- машинд суугаад тэр 2 сумын төвийн араар чиглээд явсан. Тэгэхээр нь бид нар эрж явж байгаад сумын баруун овооны хажууд байхад нь араас нь хүрч очиход Д.Түвшинбат, Б.Доржготов нар хоорондоо зодолдсон бололтой Д.Т- зүүн нүд нь язарсан, Б.Доржготовын толгойн ар хэсэгт урагдсан байсан. Тэгээд Д.Түвшинбатыг түрүлээд машинтай нь явуулаад араас нь бид нар өөрсдийхөө машинтай аймгийн төврүү гарахад Б.Доржготов, Д.Т- машинд гар утсаа орхисон байна очиж авъя гэж хэлсэн. Бид нар Д.Т- гэрийнх нь гадаа очиход Д.Т-гэрлүүгээ орох гэж байгаа таараад Б.Доржготов машинаас буугаад Д.Т- гэррүү нь газраас чулуу авч шидээд гэрийнх нь модон рамтай цонхыг нь хагалчихсан. Тэгэхэд Д.Т-гэртээ ороод удалгүй гарч ирж байгаа харагдсан. Тэгж байтал Доржоо найзыгаа хутгалчихлаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Т- гартаа барьсан байсан хутгыг нь аваад гэрийнх нь ойролцоо шидсэн. Тэгээд би Б.Доржготовыг аваад эмнэлэгт 21 цагийн үед хүргэж өгсөн. Д.Түвшинбатыг гэрээсээ гарч ирэхэд нь хутга барьсан байсан эсэхийг анзаараагүй. Тухайн үед Б.Доржготовыг цээж болон гуянд нь тус бүр нэг удаа хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч И.Эрдэнэцогийн: “... Луус сумын төвд 19 цагийн үед ирээд сумын Соёлын төвийн гадна Д.Түвшинбаттай уулзаад бид нар сумын төвөөс зүүн зүгт байх цайны газарт ороод хоол аваад нэг шил архи задлаад ууцгаасан. Тэгж байгаад юунаас болсныг мэдэхгүй Д.Түвшинбат, Б.Доржготов нар хоорондоо үл ойлголцоод маргалдаад эхэлсэн. Тэгээд цайны газраас Д.Түвшинбат, Б.Доржготов нар түрүүлж гараад сумын төврүү түрүүлээд явсан. Бид нар эрж явж байгаад сумын баруун хойд талын овоон дээр байхад нь олж очиход Б.Доржготов, Д.Т-нар хоорондоо зодолдсон бололтой Д.Т- зүүн нүд нь хавдсан, Б.Доржготовын толгойн ар хэсэгт нь хагарсан сууцгааж байсан. Тэгээд Д.Т-түрүүлээд машинаа унаад явсан. Тэгэхээр нь бид нар явж байтал Б.Доржготов, Д.Т- машинд гар утсаа орхисон байна гэхээр нь араас нь дагаад нийтийн байранд байх Д.Т- гэрийнх нь гадаа очоод Д.Т- хандаж утсаа авъя гэж хэлсэн. Тэгэхэд Д.Т-машинаасаа Б.Доржготовын гар утсыг гаргаж өгч байх зуур тэр 2 бас л маргалдаад байсан. Тэгж байгаад тэр 2 салаад Д.Т-гэррүүгээ ороход Б.Доржготов газраас чулуу аваад гэррүү нь шидсэн. Тэгэхэд Д.Т- гэрийнх нь зүүн талын модон рамтай цонхны шилийг нь хагалсан. Тэгэхэд Д.Т-гэрээсээ хутга барьж гарч ирээд Б.Доржготовыг хутгаар хатгачихсан байсан. Б.Доржготовыг хутгалах үед нь хараагүй, Доржоо л намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлээд газар хэвтэхэд нь хартал Б.Доржготовын цээжний зүүн хэсэгт нь нэг удаа мөн гуяны гадна хэсэгт нь хутгалсан шархтай байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100-рт/
Гэрч О.Мөнхжаргалын “...Б.Доржготов өмнө нь Луус суманд ирэхээсээ өмнө жоохон халмаг байсан болоод Д.Түвшинбаттай маргалдаад байсан. Юунаас болж маргасныг нь санахгүй. Д.Т-тэр үед эрүүл байсан...Д.Т-машиндаа суухад Б.Доржготов Д.Т- машинд суусан. Тэгээд Б.Доржготов, Д.Т-хоёр машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Үлдсэн Б.Рэнцэндорж, И.Эрдэнэцог бид гурав тэр хоёрын араас нь хөдлөөд Д.Т- гэрийнх нь гадаа, Соёлын төв орчмоор хайхад тэд нар олдоогүй. Бид нар хоорондоо тэд нар ойрд уулзаагүй найзууд, яавал гэж дээ гэж ярилцаад явж байхад сумаас хойд зүгт Д.Т- машин харагдаж байсан. Тэгээд тэр машин дээр очиход Д.Түвшинбат, Б.Доржготов хоёр хоорондоо зодолдоод хэн хэнийх нь нүүр ам цус болсон байсан. Тэгээд Б.Рэнцэндорж, И.Эрдэнэцог хоёр Б.Доржготовыг явья гээд машиндаа суулгаад хөдөлсөн. Ингээд явж байтал Б.Доржготов би утсаа Д.Т- машинд унагасан юм шиг байна гэж хэлээд Д.Т- гэр лүү явсан. Д.Т-гэр рүүгээ орж байсан. Б.Доржготов машинаас буугаад явсан. Тэгж байтал Д.Т- гэрийнх нь цонхыг Б.Доржготов хагалчихлаа гэж Б.Рэнцэндорж, И.Эрдэнэцог хоёр надад хэлж байсан. Би урагшаа хараад зогсож байсан машины арын суудлын зүүн гар талд сууж байсан болохоор яаж цонхыг нь хагалсныг хараагүй. Тэгээд би машинд сууж байхад гэнэт Б.Доржготовыг Д.Т-хутгалчихлаа гэж Б.Рэнцэндорж, И.Эрдэнэцог хоёрын нэг нь надад хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99-рт/
Шинжээчийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 08 дугаартай “...Б.Доржготовын биед цээж хэвлий хөндий рүү нэвтэрч өрц ба бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархны хүндрэлийн улмаас цээжний хөндийд хий, шингэн хуралдалт үүссэн байна. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад уушиг хатгагдсан талаар дурдаагүй байна. Цээжний хөндийд хий, шингэн хуралдсаны улмаас уушигны үйл ажиллагаа алдагдаж амь насанд аюултай шинж илэрдэг, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 500 мл орчим шингэн, 400 мл орчим хийг эмнэлгийн аргаар соруулан авсан байна. Учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өмнө гарсан 180200205, 05 дугаартай дүгнэлтүүдийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 161-165/ зэрэг баримтууд хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
2/ Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүгдэгч Д.Түвшинбатыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /1-р хх-ийн 53-56, 2-р хх-ийн 171/
Шүүхийн хэлэлцүүлт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Хохирогч Б.Доржготов, шүүгдэгч Д.Т-нар нь Дундговь аймгийн Луус сумын төв /цайны газар/-д маргалдаж улмаар сумын төвийн хойд хэсэгт байрлах овооны ард гарч зодолдсон, шүүгдэгч Б.Түвшинбатыг нүүрээ угаагаад гэртээ очсоных нь дараа гар утсаа авна гэж хохирогч Б.Доржготов, гэрч Э.Эрдэнэцог, Б.Рэнцэндорж, О.Мөнхжаргал нарын хамт гэрийнх нь гадаа очин шүүгдэгч, хохирогч нар дахин маргалдсан, хохирогч Б.Доржготов зохисгүй үг хэллэг хэлэн улмаар чулуу авч шидэн шүүгдэгч Д.Т- гэрийн цонхыг хагалсаны дараа шүүгдэгч Б.Д.Т-гэрээсээ хутга авч гаран хохирогч Б.Доржготовыг 2 удаа хутгалсан үйл явдал болсон болох нь хохирогч Б.Доржготовын мэдүүлэг болон гэрч Б.Рэнцэндорж, И.Эрдэнэцог нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 16-17, 2-р хх-ийн 100/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /1-р хх-ийн 3-6/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 9-10/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т-нь хохирогч Б.Доржготовыг хутгалахад хохирогч Б.Доржготовын шүүгдэгч Д.Т- эрх чөлөөнд нь халдах, гэрийнх нь цонхыг чулуугаар хагалах, зохисгүй үг хэллэг хэрэглэн хараан доромжлох зэрэг зүй бус үйлдэл илтэд нөлөөлсөн болох нь шинжээчийн 2018 оны 6 сарын 15-ны өдрийн 180200208 дугаартай “Д.Т- биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулаагүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 34/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /1-р хх-ийн 3-6/, гэрч Б.Рэнцэндорж, И.Эрдэнэцог, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Д.Т- эх Т.Сайннэмэх нь тунгалагийн булчирхайн хорт хавдар гэх оношийн улмаас эмнэлгийн хяналтад байдаг болох нь эмнэлгийн магадлагаагаар /2-р хх-ийн 3/ тогтоогдож байх тул “тухайн үед ээж минь хорт хавдартай гэж оношлогдсоныг 2 хоногийн өмнө сонсоод сэтгэл санаа хүнд байсан” гэх шүүгдэгч Д.Т- мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Үүнээс үзэхэд шүүгдэгч Д.Т-нь хохирогч Б.Доржготовыг хутгалах үед хохирогчид хүчээр дарлагдаж, сэтгэл санааны хувьд цочрон давчидсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байна.
Сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 780 тоот дүгнэлтэд “...Д.Т-нь Б.Доржготовыг хутгалах үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Д.Т-нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна. Д.Т-нь хэргийн үйлдлийн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Д.Т-нь өөрийнхөө үйлдлийг мэдэж удирдаж чадаж байсан байна. Д.Т-нь сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй байна. Д.Т-нь хэрэг хариуцах чадвартай байна...” /хх-ийн 41-43/ гэжээ.
Энэ нь эмнэлэгзүйн талаас шүүгдэгч Д.Т-нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь сэтгэцийн өвчин биш бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаа алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ.
Шүүгдэгч Д.Т-нь хохирогч Б.Доржготовыг хутгалах үедээ дээр дурдсан нөхцөл байдлын улмаас “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан” гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заажээ.
Шүүгдэгч Д.Т- холбогдсон энэ хэргийн тухайд шүүхээс мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр удаа дараа прокурорт буцаасан бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан байна. Гэвч шүүгдэгч Д.Т-нь хохирогч Б.Доржготовыг санаатайгаар хутгалж бие мах бодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй, шүүгдэгч Д.Түвшинбатыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан нөхцөл байдал болон шүүгдэгч Д.Т- “...доромжилсон үгүүдийг тэвчсээр гэрлүүгээ ортол, гэрийн цонхыг гаднаас хагалсан. Нэг мэдсэн би гартаа хутга барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Доржготовын “...Тэгэхэд Түвшинбатын ээжийн бие нь муу хотод эмчлүүлж байсныг бид мэдээгүй, сэтгэл санаа нь тавгүй байсан юм билээ. Манай найз тэр үед намайг хутгалсан гэдгээ мэдээгүй, сүүлд л мэдсэн гэж байсан...” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Д.Түвшинбатыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Т- холбогдуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Д.Т- хохирогч Б.Доржготовыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Түвшинбатыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Т-нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь 2018 оны 08 сарын 13-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /1-р хх-ийн 117/ нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Т-нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
4/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиги, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Т- үйлдлийн улмаас хохирогч Б.Доржготовд хүнд гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Б.Доржготов нь хохирлын талаархи баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч талаас 1.800.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь баримтаар нотлогдож байна.
Иймд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид учрах гэм хорын нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар нийт урт нь 28 см, ажлын хэсгийн урт 14.5 см, бариул хэсгийн урт 13.5 см, өргөн нь 3 см, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, 7х3.5 см хэмжээтэй байгалийн чулуу 1 ширхэг хураагдаж ирсэн бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Т- холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Доржсүрэнгийн Түвшинбатыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Доржсүрэнгийн Түвшинбатад Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Т- шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Шүүгдэгч Д.Т- хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний тогтоосон хугацаанд хяналт тавихыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Т-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.800.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Доржготов нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Т- нэхэмжлэх эрхтэйг заасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхэг, хутга 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн хутга 1 ширхэг, чулууг 1 ширхгийг Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт хүлээлгэн өгч баримтыг Д.Т- холбогдох эрүүгийн 1822001950159 хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
П.ПАГМА