Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1989 оны 10 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Өлөнтийн ам гэх газар оршин суух, Боржигон овогт Тунгалагийн Э /РД:МЧ:89102900, утас:99490920/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Улаанбаатар Төмөр замын гал унтраах ангийн баруун талын /тоот хаяггүй/ хашаанд оршин суух, Адуучин овогт Ванягийн О /РД:МЗ:86101016, утас:95050441/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, Хариуцагч В.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь В.Отой анх 2006 онд танилцаж, 2007 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн.  Бидний дундаас 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин Сувдансондор, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Алтанхүү нар төрсөн. Одоо хоёр хүүхэд маань миний асрамжинд байдаг. Хамт амьдарч байх хугацаанд бидний хооронд хэрүүл, маргаан байнга үүсдэг байсан учир 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд би өөр хүнтэй гэр бүл болж хүүхэд төрүүлсэн.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж,  2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Сувдансондор, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Алтанхүү нарыг миний асрамжинд үлдээж, тэтгэлэгийг хуулийн дагуу эцэг В.Ооос гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч В.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Т.Этай анх 2006 онд танилцаж, 2007 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн.  Бидний дундаас 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин Сувдансондор, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Алтанхүү нар төрсөн. Хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн үл ойлголцол байнга гарч байсан бөгөөд 2014 оноос эхлэн бид тус тусдаа амьдарч байна. Т.Эын ярьж хэлсэн үнэн. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин бага хүү Алтанхүүг би өөрийн асрамжинд авах саналтай байна. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй учир хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Бидний хооронд эд хөрөнгий ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч В.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч В.О нар нь 2006 онд танилцаж, 2007 онд гэр бүл болж хамт амьдарч байгаад 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин Сувдансондор, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Алтанхүү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон №0000894255, №0094867 дугааруудтай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-н 3-р тал/, 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гэрлэлтийн №0083532 дугаартай гэрчилгээний хуулбар /ХХ-н 2-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оны 05 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, нэхэмжлэгч Т.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, талуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг уулзалтын явцад гаргасан нь цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй болсон тул шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна /ХХ-н 8-р тал/. Гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Т.Э, В.О нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хариуцагч В.О 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Алтанхүүг өөрийн асрамжинд авна гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нотлох баримтуудыг няцаагаагүй, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Алтанхүүг эхийнх нь асрамжинд өгөхгүй байх хуульд заасан үндэслэл, шалтгаан хавтаст хэргээс тогтоогдоогүй болно.

Иймд Т.Э, В.О нарын гэрлэлтийг цуцалж, охин Сувдансондор, хүү Алтанхүү нарыг эх Т.Эын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг эцэг В.Ооос сар бүр гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэнг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Тунгалагийн Э, Адуучин овогт Ванягийн О  нарын гэрлэлтийг цуцалсугай.     

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Сувдансондор, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Алтанхүү нарыг эх Т.Эын асрамжинд үлдээсүгэй.                   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Сувдансондор, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Алтанхүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан Сувдансондор, Алтанхүү нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг В.Ооос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурьдсугай.

5. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч В.Ооос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.