Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Ц.С-нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сэнгэдоржид холбогдох 1922003070004 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн , 1993 оны 5 сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дундговь аймгийн Дэрэн сумын  2-р баг, Саруул гэх газарт оршин  суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дарцагт овгийн Цогзолмаагийн Ц.С-/РД:хххххххххх/ гэв.

 

Шүүгдэгч Ц.С-нь 2018 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн  нутаг дэвсгэр “Морингийн ухаа” гэх газраас иргэн А.Эрдэнтөгсийн 2 тооны адууг хулгайлж 1.900.000 төгрөгийн мөн А.Эрдэнэбатын 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Ц.С-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 сарын 25-ны өдөр “Замын төгрөг” гэдэг газраас адуу хөөж ирээд “Ихэрийн бууц” гэдэг газар адуугаа хийсэн, өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

2.  Яллагдагч Ц.С-: “... Би өмнөх мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Тухайн 3 тооны адууг зараад ир гээд өөрийн дүү Адъяадоржийг Дундговь аймгийн төв рүү явуулсан. ...Намайг тухайн өдөр адуу хийж байхад ирсэн хүмүүс хулгайн мал гэдгийг мэдээгүй... Би буруугаа хүлээн зөвшөөрч байна ....”  гэх мэдүүлэг /хх-ийн 45/

 

3.Хохирогч А.Эрдэнэтөгсийн: “...2019 оны 10-р сарын 16-нд адуугаа харахад бүрэн байсан. Манай хэдэн морьд ахын хэдэн үрээтэй тусдаа явдаг юм. ...Тэгээд 10 сарын 17-ны өдөр адуугаа харахад манайхаас 2 морь, манай ахын 1 морь байхгүй байхаар нь салсан юм байх гэж бодсон.... Тэгээд ойр хавиар эргээд олоогүй.  Хоёр хоногийн дараа манай урд айлын хүн надтай таараад хоёр, гурав хоногийн өмнө урд Ихэрийн хороон дээр Тогоогийн хүү Ц.С-дүүтэйгээ 3 адуу хийсэн байна лээ гэж хэлсэн. Би Тогоогийн хүү Сэнгэдоржийн байдаг Баатарчулуун гэдэг айл руу залгаад танайхан 2, 3 хоногийн өмнө адуу хийсэн юм уу гэж асуутал үгүй гэсэн. Тэгэхээр нь манай адууг хийсэн байх нь гэж бодоод Ихрийн хороон дээр очиж үзэхэд ямарч ул мөр гэх юм байгаагүй. Тэгээд хэд хоногийн дараа Ц.С-манайд ирэхээр нь би шууд чи яагаад манай адууг хийсэн юм бэ гэж хэлтэл үнэнээ хүлээгээд би төлж өгнө гэхээр нь би цагдаад мэдэгдээгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/

 

4.Хохирогч А.Эрдэнэбатын: “...Манай хэдэн морьд манай Эрдэнэтөгсийн адуутай хамт байдаг болохоор өдөр болгон хараад байдаггүй. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 20-нд манай дүү яриад танайхаас 2 морь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд алдагдсан 3-н адууг манайхаас урагш 10 км-д байдаг Ихрийн хороон дээр хийгдсэн байсныг мэдсэн. Тэгээд хэд хоногийн дараа Ц.С-манайд ирээд Бат ахаа би танай 1 адууг хийгээд хэрэглэчихсэн, адууг чинь төлж өгнө гэхээр нь би цагдаад мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-13-14/ 

 

5.Гэрч Ц.Нарантуяагийн: “...Манай нөхөр 17 цагийн үед Ц.С-ахтайгаа уулзана Хуягаа ахтай хамт хойноос ирээрэй гээд явсан. Тэгээд би Хуягаа ахтай 19 цагийн үед сумаас хойш хороон дээр очсон. Ямар нэртэй газар очсоноо мэдэхгүй, намайг очиход Сэнгээ ах Адъяадорж, Батмагнай гурав адуу хийгээд байж байсан. Би адууны гэдэс арилгаж дуусаад адууны махыг Хуягаа ахын машинд ачаад аймаг руу явсан. ...Би хэний адуу болохыг мэдэхгүй. Сүүлд Баатарчулуун ах ирээд Сэнгээ, Адъяадорж хоёрыг хүний адуу хийсэн байна гэж хэлэхэд л хүний адуу хийсэн юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 19/

 

6.Гэрч Н.Батхуягийн:  “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр намайг сумын төв дээр байж байхад Адъяадорж утас руу залгаад, та завтай байна уу хөдөө овоон дээр байна гэхээр нь ах нь орой аймаг руу буяны ажилд явна гэсэн чинь за за гээд утсаа тасалсан. Тэгээд орой 17 цагийн үед надтай Адъяадорж суман дээр таараад та аймаг орох юм бол Ихэрийн бууцан дээр очоод адууны мах ачаад өгчих, үнэ хөлсийг өгнө гэсэн. Тэгээд би харанхуй болсон хойно Адъяадоржийн эхнэр хүүхдийг аваад Ихэрийн бууц гэх газар очсон. Намайг очиход адуу хийсэн, 1 адууг унагасан хуулж байсан. Адуугаа хийж дуусаад миний машинд 3 адууны мах ачаад аймаг руу авч очоод хүнд борлуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

 7. Гэрч Ц.Адъяадоржийн: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн төрсөн ах Сэнгэдоржтой очиж уулзсан. Тэгсэн Сэнгэ ах 2 хоногоос хот явна мөнгөний хэрэг гараад байна, адуу хийх гэсэн юм чамд ачаад явчих унаа байна уу гэж асуусан. Тэгээд би хүнтэй яриадхая гээд Хуягаа ахтай яриад аймаг руу явахаар болсон. Тэгтэл Сэнгэ ах намайг адууны бичиг аваад ир би адуугаа бөөгнүүлж байя гэсэн. Тэгээд би суман дээр ирээд бичиг аваад ах руугаа хэлсэн. Тэгтэл дэвсэх юм аваад Ихэрийн бууцан дээр хүрээд ир гэсэн, би ганцаараа яваад очсон. Очиход Сэнгэ ах хорооны ойролцоо 20 орчим тооны адуу хөөгөөд ирж байсан. Тэгэхээр нь очоод хашилцаад 3 тооны адуу барьж үлдээгээд бусдыг нь гаргаад хойшоо явуулсан. ...тэгээд 3 адуу нугаслаж унагаад байж байхад Батмагнай эхнэртэйгээ ирээд эхнэрээ хүргэж өгөөд эргээд ирсэн. Гаваа ах ирж адууны гэдэс аваад явсан. Тэгтэл Хүрлээ ирээд Батмагнай та хэдийг адуу хийж байна гэхээр нь тусалдаг юм билүү гээд ирлээ, та хэд олуулаа байгаа юм байна би явлаа гээд явсан. Тэгээд Хуягаа ахтай эхнэр Нарантуяагийн хамт аймаг ороод 3 адууны махаа 2.600.000 төгрөгөөр зарсан. Би Ц.С-ахад надад 1.000.000 төгрөг зээлчих, гэртээ дээвэр, туурга авах гэсэн юм, хавар ноолуур дээр өгье гэхэд тэг гэхээр нь 1 сая төгрөгийг нь аваад бусдыг нь ах руу шилжүүлсэн... Би тухайн үед манай ахын адуу гэж бодож байсан. Тэгтэл сүүлд нь Баатарчулуун гэх ах та хоёр хүний адуу хийсэн, би адууных нь эзэнтэй уулзаад ирлээ гэсэн. Би тэгж л хүний адуу гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 25, /

 

8. Гэрч Б.Баатарчулууны “...2019.10.16-ны өдөр би гэртээ байгаагүй, айлын найранд суух гээд явсан байсан. Ц.С-гэр хараад үлдсэн. Намайг шөнө 01 цагийн үед ирэхэд Ц.С-гэртээ байж байсан. Дэлгэрцогтийн хойгуур явсан талаар мэдээгүй. Сүүлд ийм асуудал болсон талаар мэдсэн. Тухайн өдөр Сэнгэдоржийн унаж явсан мотоцикль минийх байгаа юм. Ц.С-бага байхаасаа манайд морь унаж байгаад одоо манай адууг малладаг. Ц.С- 14 адуу, 10 гаран бага мал манайд байдаг. Миний нэр дээр тоологддог ..” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

 

9.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ/ийн 03-06

10.Үнэлгээний комиссын шинжээчийн дүгнэлт /хх-30-35/

11.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг

12. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан  болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ц.С-нь 2019 оны 10 дугаар сарын 16-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн  нутаг дэвсгэрээс тус сумын иргэн А.Эрдэнэтөгсийн 2 тооны адууг, А.Эрдэнэбатын 1 тооны адууг тус тус хулгайлсан, уг үйлдлийн улмаас хохирогч А.Эрдэнэтөгсөд 1.900.000 төгрөгийн хохирол, А.Эрдэнэбатад 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.С- дээрхи үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Сэнгэдоржийг бусдын 3 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрхи эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Сэнгэдоржид Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч А.Эрдэнэтөгс, А.Эрдэнэбат нарт учирсан хохирлыг шүүгдэгч Ц.С-нь нөхөн төлсөн талаар  хохирогч нар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн, хохирогч А.Эрдэнэтөгс нь хохирол нөхөн төлсөн талаархи хүсэлтээ ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ Б.Баатарчулууны эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч Ц.Адьяадорж, Б.Баатарчулуун нарын болон шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн  мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь 350.000 төгрөгийн үнэтэй болох нь хэргийн 35-рт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн  хуулийн  7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийг хамааруулан ойлгохоор заажээ. Гэвч шүүгдэгч Ц.С- гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дарцагт овгийн Цогзолмаагийн Сэнгэдоржийг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын 3 /гурав/ тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Сэнгэдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Сэнгэдоржид оршин  суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 6. Эрүүгийн  хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С- гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох  350.000 /гурван зуун тавих мянган/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.   

 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сэнгэдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ