| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00376/И |
| Дугаар | 00053 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00053
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1966 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р баг, 5-р хэсэгт оршин суух, /РД:ЧР:66112864/, Хэвүүд овогт Намжилийн Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1965 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р баг, 5-р хэсэгт оршин суух, /РД:МБ:65060817/, Хатагийн овогт Аюушийн Өад холбогдох
“Гэрлэлт цуцалж, дундын эд хөрөнгөнөөс 29,775,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, хариуцагч А.Ө, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Миний бие нь А.Өтай 1988 онд анх танилцаж, 1989 онд гэр бүл болсон. Бидний дундаас 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү Ө.Дүүрэнцэнгэл, 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин Ө.Дүүрэнжаргал, 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүү Дүүрэнбаяр нар мэндэлсэн. Одоо бүгд насанд хүрсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн. А.Ө нь хамт амьдарч байх эхний жилүүдэд хэрүүл маргаангүй сайхан л амьдарч байсан. Сүүлийн үед ааш, авир нь өөрчлөгдөж намайг гэрээсээ хөөдөг байснаа одоо өөр гэр бүлтэй болсон. Хүүхэд нь 10 сартай охин байгаа юм. Нөхөр Ө нь амьдарч байх хугацаандаа намайг хоёр удаа хутгалсан. Одоо нүүрэн дэх шарх сорви нь ч арилаагүй тогтсон байна. Ийм байдалтай амьдарч байсан ба бүр сүүлдээ өөр гэр бүлтэй болсон учир би арга буюу гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байна. Бид хоёрын дундын өмч гэвэл адуу 17 толгой, үхэр 24 толгой, хонь 188 толгой, ямаа 130 толгой бүгд 359 тоо толгой малтай ба нийт малыг үнэлэхэд 59,550,000 төгрөг болж байна. Мөн пад, пад трактор, суудлын авто машин, мотоцикль, бонго-ачааны авто машин зэрэг эдгээр өмч хөрөнгүүд байгаа юм. Мөн өвөлжөөний газар дээрхи эд хөрөнгөнөөс буюу бид хоёрын гэрлэсэнээс хойшхи бий болсон эдгээр хөрөнгөнүүдээс би адуу-8 толгой, үхэр-12 толгой, ямаа-65 толгой, хонь-94 толгой мал буюу нийт малын үнэлсэн үнэлгээ болох 59,550,000 төгрөгний 50% болох 29,775,000 төгрөгийг би өөрөө авна. Харин дээр дурьдсан пад, пад трактор, суудлын авто машин, мотоцикль, бонго-ачааны авто машин, өвөлжөөний газар болон хадлангийн талбай зэргийг нөхөртөө үлдээнэ. Бид хоёр эд хөрөнгийн талаар маргахгүй байх гэдэгт итгэж байна. Бид хоёр гол нь гэрлэсэнээс хойш бий болсон дундын өмчөө адил хувиарлуулах болсноос болж шүүхээр орох болж байна. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж, дундын өмч хөрөнгөнөөс 29,775,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1988 онд нөхөр Өтай танилцаад 1989 онд гэр бүл болсон. Гэрлэлтээ батлуулсанаас хойш 28 жил хамт амьдарсан. Миний том хүүхэд намайг дагаж ирсэн, бага хоёр бага маань Өын хүүхдүүд юм. Хамт амьдарч байсан эхний жилүүдэд сайхан амьдарч байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд Ө гэр бүлээс гадуур хүмүүстэй харилцаа тогтоож, хүүхэн шуухантай холбогддог болсон. Энэ тухай хэлэхээр намайг хэл амаар доромжилж, зодож дарамталдаг болсон. Миний биед хоёр удаа хүйтэн мэс хүргэж байсан. Тархи толгой, нүүр ам руу хамаагүй цохьсоор байгаад зүүн нүдийг минь хараагүй болгосон. Үүнээс болоод би хөгжлийн бэрхшээлтэй болж группд орсон. Намайг ганцаараа болохоор ах дүүгээрээ нийлж их дээрэлхдэг. Хүүхэнтэй хамт байхад нь намайг очиход хэвтэрт ортол минь зодоод өөрөө наадамд яваад өгч байсан тохиолдол ч байдаг. Би сүүлдээ аргаа бараад салъя гэж бодоод тэр гэрээс хоёр жилийн өмнө явсан. Би одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Миний хувийн байдал хүнд байгаа тул нөхөр Өтай 20000000 төгрөг өгвөл тохиролцъё гэсэн боловч хүлээж аваагүй. Иймээс би өөрийн нэхэмжилсэн адуу 8 толгой, үхэр 12 толгой, ямаа 65 толгой, хонь 94 толгой буюу нийт 29.775.000 төгрөгийг авмаар байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Хариуцагч А.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Н.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 1989 онд Н.Этай танилцаж гэр бүл болсон. Н.Э нь манайд ирэхдээ жирэмсэн ирсэн ба том хүү Дүүрэнцэнгэл нь миний хүүхэд биш боловч би өөрийн төрснөөс илүү хайрлаж өсгөсөн. 1992 онд охин Дүүрэнжаргал, 1997 онд хүү Дүүрэнбаяр нар бидний дундаас төрсөн. Бид хоёр хоёулаа эрхэлсэн ажилгүй байсан тул хөдөө гарч мал маллахаар шийдэн 1995 онд миний аав, ээжээс өгсөн цөөхөн тооны малаа (үхэр, адуу) аван хөдөө гарч амьдарсан. Энэ хугацаанд өөрийн, хүний, ах дүүгийнхээ тавиул мал маллан хөлс, хүчээр нь амьдралаа залгуулж мал дагасаны буян хишгээр 3 хүүхдээ өсгөж, 2 хүүхдээ дээд сургууль төгсгөсөн юм. Э нь арваад жил хөдөө амьдарсан ба сүүлдээ төв оръё, хашаа байшин авч өг гэхээр нь 2004 онд хэдэн малаа зарж байж сумын төвд хашаа, байшин, дэлгүүртэй нь худалдаж авч өгсөн. Энэ нь сургууль, соёлд байгаа хүүхдүүдэд маань ч хэрэгтэй байсан юм. Хүнсний дэлгүүрээ ажиллуулаад хоол ундаа залгуулаг гэж бодоод хамаг юмаа шавхаж төвд төвхнүүлсэн боловч Э дэлгүүрээ ажиллуулж чадаагүй, банк болон хувь хүнээс хүүтэй мөнгө зээлээд өр ширэнд орж, 2007 онд Улаанбаатар хот руу хамаг юмаа хаяаад 1 жил шахам сураггүй алга болсон. Энэ үед банкны зээл, хувь хүний өр нэхэгдэж би дэлгүүрээ зарж, өрийг нь барагдуулсны дараа ирсэн. Энэ үеэс хойш төвд хэсэг байж, өр тавьчихаад алга болдог, би хэдэн малаараа өрийг нь дарахаар буцаад ирдэг байдал хэд хэдэн удаа давтагдсан. Хамгийн сүүлд 2015 оны 7 сард миний виза картыг хулгайлж, картанд байсан 1300000 төгрөгийг, үе удам дамжин надад өвлөгдөн ирсэн 12 мөнгөн тоногтой эмээлийн хамт аваад “ Nissan pressed “ маркын машин унаад Улаанбаатар хот руу яваад өгсөн. Үүнийгээ ч өөрөө хүлээдэг. Машин, мөнгө нь яахав гэхэд миний эцэг, өвгөдийн маань үлдээсэн эмээлийг алга хийчихээд сууж байна. Миний ганцаараа хөдөө хөхөрч, гадаа гандаж, малын буянаар олсон хэдэн төгрөгийг энэ хүүхэн л дуусгасан. Одоо надаас хүүхдүүдийн болон миний өөрийн хоол залгуулж байгаа хэдэн малыг маань нэхснийг зөвшөөрөхгүй.
1. Энэ хэдэн мал бол Эт огтхон ч хамааралгүй, миний эцэг эхээс намайг айл болоход өгсөн хэдэн үхэр, адуу өсөж үржээд дээр нь ах дүүгийн мал харсаны хөлс хүчээр өдий зэрэгтэй болсон юм.
2. 2015 оны малын тоогоор нэхэмжилжээ. Өнгөрсөн жил цаг хүндэрсэн, ялангуяа хавар бог мал их хорогдсон. Адуугаа хуйгаар нь хулгайд алдсан, одоо би унааны ганц мориноос өөр адуугүй болсон. Нөгөө талаар би ганцаараа өвөл зунгүй мал дагаж ядарч, дийлэхээ ч больж байна.
Цөөхөн ч гэсэн энэ хэдэн малаар миний хүү, охин, би өөрөө болон туслах малчин гээд 4 өрхийн хоол ундны хэрэгцээ хангагддаг. Энэ жилийн буюу 2016 оны тооллогоор нийт бог, бод нийлээд 153 толгой мал тоолуулсан. Н.Э надтай гэр бүл болсноос хойшхи 28 жилийн хугацаанд 15 жил нь бид 1 гэрт хамт амьдарч, үүний 10-аад жилд нь хөдөө цуг мал малласан. 13 жилд нь надаас тусдаа буюу өөрийн дураар явж байгаа. Би түүнд Баянгол сумын төвд 8x12 хэмжээтэй 4 өрөө өвлийн байшин, хашаа, гражтай нь /17,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн/, суудлын автомашин зэрэг эд хөрөнгөө өгсөн. Мөнгөн эмээлийн хувьд бол үнэлэгдэшгүй эд хөрөнгө бөгөөд орон нутгийн ханшаар наад зах нь 15000000 төгрөгний үнэ хүрэх ба миний хувьд мөнгөн эмээлээ буцаан олж авах хүсэлтэй байгаа. Одоо надад Н.Эт өгөх өөр өмч хөрөнгө байхгүй, төвд байгаа хашаа байшиндаа амьдарна гэвэл би маргахгүй. Мөн Н.Эын гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Би олон жил энэ хүнд доромжлуулж, дээрэлхүүлж амьдарлаа. Намайг хань нөхрөө гэж хүндэтгэх, эмээх, өрөвдөж хайрлах сэтгэл огт байдаггүй, хэдэн мал ганцаараа дагаж, үр хүүхдээ тэжээж, амьдралын төлөө явж байгааг ойлгодоггүй, харин ч нэр төрд халдаж худал хов жив тараадаг. Үүний илрэл нь нэхэмжлэлдээ өөр хүүхэнтэй, хүүхэд хүртэл гарсан гэж худлаа бичснээр нотлогдож байна. Би ганц гэр, ганц биеэр амьдрах хүнд тул олдсон хүнээ л авчирч туслах малчнаар ажиллуулдаг. Үүнээс үүдэн ийм яриа гаргасан. Мөн миний бичиг үсэг мэддэггүй байдлыг далимдуулж өр шир төлүүлдэг. Ганцхан жишээ дурьдахад охиноо дээд сургууль төгсөхөд мөнгө төгрөгний хэрэг болохоор нь би 5000000 төгрөгний зээл банкнаас авъя гэхэд 7000000 төгрөгний зээл аваад 2000000 төгрөгийг нь Э өөрөө авчихсан байх жишээтэй. Энэ 7000000 төгрөгийг би л хэдэн малынхаа ашиг шимээр төлсөн. Одоо би нас хөгширлөө, ингэж амьдарч байгаадаа гомдож, гутарч байна. Иймд бидний гэрлэлтийг яаралтай цуцалж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч А.Ө шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Э гэдэг хүнтэй хамт амьдраад 20 гаруй жил болж байна. Тухайн үедээ хүүхдүүд бага байхад сайхан л байсан. Сүүлдээ Э хөдөө байж чадахгүй гээд төв рүү орно гэхээр нь би хашаа байшин, дэлгүүр авч өгсөн. Тэрнээс хойш 10 гаруй жил ганцаараа амьдарч байна. Энэ хүн намайг бичиг, үсэг мэдэхгүйгээр минь далимдуулж залилан хийгээд банкнаас мөнгө зээлж аваад хот руу явдаг, араас нь би тэр мөнгийг нь төлөөд үлддэг. Өдийг хүртэл амьдрал ингэж л явж ирсэн. Тэгээд л буцаад хүрээд ирнэ, хүрч ирээд банкинд байшингаа барьцаанд тавьчихаад яваад өгдөг. Банк байшин хураах болохоор би өрийг нь хамаг юмаа шавхаад л төлдөг. Иймэрхүү байдал олон удаа давтагддаг. Бас хүний карт, машин, 12 тоногтой эмээл аваад явчихсан. Өнөө маргаашгүй банкны зээлэнд өгөх ёстой мөнгийг юу ч үгүй хамаад аваад явчихна. Би энэ хүнийг юу нэхээд байгааг нь ойлгох ч үгүй байна. Надад тийм их мал ч байхгүй. Сая гэхэд л байсан бүх адуугаа хулгайд алдчихаад цагдаад мэдэгдээд хайлгаад явж байна. Миний хувьд би ах дүүгийн малыг хариулаад явж байна. Надад үүнээс өөр хийж чадах юм байхгүй. Би энэ хүнийг цохиж зодож, хутгалсан юм байхгүй. Үнэхээр тийм байсан бол тэр үедээ цагдаад нь өгөөд шалгуулахгүй яасан юм. Намайг энэ хүн их гүжирддэг, байнга худлаа хэлдэг. Аав ээжээс минь үлдсэн үнэ хүрэх хатуу эдлэлийг хүртэл авж зараад үгүй хийдэг. Би бол хийх юмаа хийгээд үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд, айл гэр болгоод чадлаараа л хэдэн хүүхдээ харж хандаад явж байгаа. Энэ хүнийг бол ойлгохгүй байгаа. 16.000.000 төгрөгөөр авъя гэсэн мөнгөн эмээлийг Улаанбаатар хот руу хулгайлж авч яваад л 3.000.000 төгрөгөөр өгчихсөн байсан. Би энэ хүнийг надаас авах ёстой юмаа аваад л явчихсан гэж бодож байгаа. Тиймээс би гэрлэлт цуцлахыг бол зөвшөөрч байна. Харин тэр нэхээд байгаа мөнгийг нь өгч чадахгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч А.Өад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөнөөс 29,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэмэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч А.Ө нар нь 1988 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарч байгаад 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин Ө.Дүүрэнжаргал, 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүү Дүүрэнбаяр нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гэрлэлтийн баталгааний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, нэхэмжлэгч Н.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, талуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг уулзалтын явцад гаргасан нь цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй болсон тул шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна /ХХ-н 17-р тал/. Гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Н.Э, А.Ө нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигч хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаан байхгүй, одоо хүү Дүүрэнцэнгэл 28 настай, охин Дүүрэнжаргал 25 настай, хүү Дүүрэнбаяр 20 настай бөгөөд хуульд заасан насанд хүрсэн байна.
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч А.Өаас гэр бүлийн дундын эд хөрөнгө болох малаас өөрт оногдох хэсэг буюу 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор тоолуулсан малын 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Үнэлгээ тогтоох тухай” комиссын тогтоосон 59,550,000 төгрөгний 50 % буюу 29,775,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Зохигчийн 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор тоолуулсан малын тоо толгой нь адуу 17 тоо толгой, үхэр 24 тоо толгой, хонь 188 тоо толгой, ямаа 130 тоо толгой бүгд 359 тоо толгой мал байсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №07 дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Засаг даргын тодорхойлолтоор А.Ө нь 16 тооны адууг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хулгайд алдаж, 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 1, үхэр 2, хонь 100, ямаа 50 нийт 153 тоо толгой мал тоолуулсан /ХХ-ийн 34 дүгээр хуудас/ байх ба үүнийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Үнэлгээний комиссын тогтоолоор 12,300,000 төгрөгөөр үнэлжээ.
Иймд шүүх гэрлэгчидийн хамгийн сүүлд буюу 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор тоолуулсан малын тоо толгойг үндэслэн, нийт малыг 12,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50% буюу 6,150,000 төгрөгийг хариуцагч А.Өаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Эт олгох нь зүйтэй гэж үзлээ. Мөн зохигч бусад эд хөрөнгийн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хэвүүд овогт Намжилийн Э, Хатагийн овогт Аюушийн Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан байхгүйг дурьдсугай.
3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хариуцагч А.Өаас 6.150.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эт олгож, нэхэмжлэлийн нийт шаардлагаас 23.625.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 376.874 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Өаас 183.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгаар зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.