| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0021/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч А.Д-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Д- холбогдох 1922003330149 тоот хэргийг 2020 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 7-12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Х овгийн АА.Д- /РД:хххххххххххх/ гэв.
Шүүгдэгч А.Д-нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 9 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух иргэн Т.Эрдэнэчулуугийн гэрээс ус буцалгагч, модон гуутай 6 насны морины сийлбэр, зурагтын хүлээн авагч станц, чемодам зэрэг эд зүйл хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч А.Д-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн ухаанаа алдсан шахуу дэлгүүрээс хүүхэддээ юм аваад гарахад хохирогч таарсан. Хохирогч таараад та надтай ганц юм хувааж уух уу манайд очих уу гэхээр нь хүйтэн өдөр байна танай гэр ойрхон юм уу, хүүхдээ дулаацуулаад гаръя гээд тэдний гэрт очоод авсан архийг нь хувааж уусан. Нөгөө хүн нэлээн согтоод унтсан. Тэгээд миний охин ч явъя гээд байхаар нь миний охин явж бай ээж нь араас нь гаръя гэж хэлээд тэр айлд байсан зүйлсээс аваад гарсан байсан. Би яаж тэр айлаас гарсан, хэзээ гэртээ яаж харьсан, охин маань яаж гэр рүүгээ явсан талаар ч мэдэхгүй байсан байна лээ. Дараа нь хүүхдээс мэдүүлэг авсан тэгээд мэдсэн. Тэр өдөр тэр айлд байхдаа би бэртэйгээ утсаар ярьсан байсан. Маргааш нь хамтран амьдрагчаа хайгаад явж байтал хүү залгаад та юу болоод яваад байгаа юм бэ, цагдаа нар ирээд юм хум хураагаад байна гэсэн. Би юу болсон яасан талаар ч мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр эмчилгээ хийлгэх гээд байж байтал мөрдөгч Мягмаррагчаа залгаад ирж байцаалт өг гэсэн. Тэгээд хагас хугас мэдэх мэдэхгүй зүйлээ л ярьсан байгаа. Би согтууруулах ундаа хэрэглэснээс болоод өөрийн мэдэлгүй ийм үйл ажиллагаа хийсэн байна лээ гэв.
2. Шүүгдэгч А.Д-мөрдөн бацаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019.11.27-ны өдөр гэртээ найзуудынхаа хамтаар архи ууж байгаад 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Мандал гэр хорооллын 8-р гудамжны үзүүрт байдаг “Баянбулаг” хүнсний дэлгүүр орсон. Дэлгүүрт ороод байж байтал гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирсэн, би аарцны ундаа авах гэтэл мөнгө хүрэхгүй байхаар нь тэр эрэгтэй хүнээс ундааны мөнгө гуйхад тэр хүн өгсөн. Тэр хүн нилээн согтуу байсан, би ч бас согтуу байсан. Тэр эрэгтэй дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи авсан, тэгээд бид хамт гарсан. Тэгтэл тэр хүн манайд хамт очъё гэхээр нь тэр айлд очоод архийг хамт уусан. Тэр хүнд би архинаас нилээн их өгсөн. Тэр хүн согтож тасарсан байхаар нь би гэрээс нь 6 насны морины сийлбэр, чемодам, ус буцалгагч, зурагтны хүлээн авагч станц зэргийг аваад гэртээ харьсан юм. Би өөрөө ч нилээн согтсон байсан болохоор тэр хүнийг хэн гэдэг, гэр нь хаана байдаг талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-39/
3. Хохирогч Т.Эрдэнэчулуугийн “...Би 2019.11.27-ны өдөр гэрээсээ 14 цаг өнгөрч байхад Төр гэх найзыдаа очиж бөх үзэхээр гарсан юм. Гарахдаа гэрээ цоожлолгүй орхисон. Төрийнд очиж бөх үзэнгээ Төр болон үл таних ахтай гурвуулаа 2 шил архи уусан. Бөх дуусаад Төрийн гэрээс гараад Мандал гэр хорооллын 8 дугаар гудамжинд байх “Баянбулаг” хүнсний дэлгүүр рүү ганцаараа явсан. Тэр дэлгүүрийн үүдэн дээр очиход нэг таяг тулсан эмэгтэй байсныг санаж байна, тэрнээс өөр зүйл санахгүй байна. Өглөө гэртээ сэрэхэд шкаф, чемодам ухсан байгаа харагдсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд ус буцалгагч, зурагтын хүлээн авагч станц, 6 насны морины сийлбэр, хүүхдийн чемодан зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Тэгээд Баасанжав гэдэг хүнээс сураг гаргахад А.Д- гэдэг хүн авсан байж магадгүй гэсэн. ...2019 оны 11 сарын 28-ны өдөр А.Д-тэй очиж уулзаад эд зүйлсээ авъя гэтэл би танайхаас авсан эд зүйлсээ хаана хаяснаа мэдэхгүй байна гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Цагдаа нартай А.Д-гийн гэрт очиход А.Д- гэртээ байгаагүй. А.Д-гийн хүүхэдтэй цагдаа нар уулзаад гэрийг нь хүүхэд нь онгойлгоод гэрт нь ороход манайхаас хулгайд алдагдсан эд зүйлс гэрт нь байсныг хүүхэд нь цагдаад гаргаж хүлээлгэж өгөөд цагдаа нар тухайн эд зүйлсийг надад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-16-19/
4. Гэрч З.Баасанжавын: “... 2019 оны 11 дүгээр сард нэг өглөө манай урд хашааны Эрдэнэчулуу манайд орж ирээд гэрт хулгай орчихжээ гэж хэлэхээр нь би түүнд манай арын гудамжинд нэг согтуу хүүхэн байдаг гэсэн тэр хүүхэн авсан байж магадгүй, жижиг сажиг юм аваад байдаг гэж дуулсан гэж хэлэхэд за гээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-39/
5. Гэрч Г.Хатанбаатарын: “...Би хэзээг нь сайн санахгүй байна. 2019 оны 11 сард би хөдөө явчихаад 15 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл цагдаа нар ирээд 6 насны морь, чемодам, зурагтын хүлээн авагч станц байна уу гэж асуусан. Би ээжийн гэрт ортол хэн нэгэн байгаагүй, авдар дээр нь 6 насны морины сийлбэр, шкафанд зурагтын хүлээн авагч станц, шүүгээн дээр нь ус буцалгагч, амбаарт чемодам байсан. Тэр эд зүйлсийг цагдаа нар хурааж аваад явсан. Би дээрх эд зүйлсийг хэн, хэзээ, хаанаас авчирсан болохыг мэдэхгүй. Би ээжээс утсаар юу болохыг асуухад ээж нь мэдэхгүй байна, согтуудаа ийм зүйл болсон байна гэж хэлсэн...’’ гэх мэдүүлэг /хх-23/
6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-4-9/
7. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссийн 2019.11.29-ний өдөр эд зүйлд үнэлгээ хийсэн актад: ‘’хэрэглэж байсан эвдрэл гэмтэлгүй ус буцалгагч 1 ширхэг 15.000 төгрөг, хэрэглэж байсан эвдрэл гэмтэлгүй 6 насны морьтой сийлбэр 1 ширхэг 150.000 төгрөг, хэрэглэж байсан эвдрэл гэмтэлгүй хүлээн авагч станц 1 ширхэг 70.000 төгрөг, хэрэглэж байсан эвдрэл гэмтэлгүй чемодам 1 ширхэг 75.000 төгрөг’’ гэжээ. /хх-25-26, 27-28/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/
9. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч А.Д-нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 09-07 тоотод оршин суух иргэн Т.Эрдэнэчулуугийн гэрээс ус буцалгагч, модон гуутай 6 насны морины сийлбэр, зурагтын хүлээн авагч станц, чемодан зэрэг эд зүйл хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Д-нь хохирогч Т.Эрдэнэчулуугийн гэрээс эд зүйл хулгайлсан нь дээрхи баримтаар тогтоогдож байх боловч хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрсэн гэх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д-нь хохирогчийн гэрт хамт архи ууж байгаад түүнийг согтоод унтсан хойгуур дээрхи эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч А.Д-нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.А.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн алба хаагч нар шүүгдэгч А.А.Д-гийн гэрээс хохирогч Т.Эрдэнэчулуугийн гэрээс алдагдсан эд зүйл болох ус буцалгагч, модон гуутай 6 насны морины сийлбэр, зурагтын хүлээн авагч станц, чемодам зэрэг эд зүйлийг хураан авч, хохирогч Т.Эрдэнэчулууд хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй боловч энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй. Тухайлбал: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн алба хаагч нар хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн нь шүүгдэгчийш бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болох боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй.
Шүүгдэгч А.Д-бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүний хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Д-шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч хулгайд алдсан эд зүйлээ биетээр хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн АА.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн АА.Д- 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Д- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Д-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ