Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Д.О-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.О-холбогдох 2022000210010 тоот хэргийг 2020 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Шарга морьтын 19-р хороо 677 тоотод оршин суух хаягтай, одоо Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандалын 15-2 тоотод түр оршин суух, урьд  ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Б овгийн ДД.О-/РД:ххххххххххх/ гэв. 

 

Шүүгдэгч Д.О-нь 2020 оны 1 дүгээр сарын 06-наас 2020 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүжин” зочид буудлын өрөөнөөс иргэн Б.Наранбаатарын ХААН банкны виза картыг хулгайлж, 5606003021 тоот данснаас бэлэн мөнгө авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.           

                                                                  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.О-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020.01.06-ны өдөр гэртээ байж байтал манай дүү Өмнөговь аймаг явах гэж байна, уулзах гэсэн юм гээд дуудсан. Дүүтэйгээ уулзаад байж байтал хохирогч Наранбаатар Цэций явах гэж байна гэж дүүтэй утсаар яриад бид нар уулзаад хонохоор болоод “Тэмүүжин” буудалд ороод архи уусан. Би архи уугаагүй эрүүл байсан, тэр хоёр архи уугаад согтсон. Виза карт нь халааснаас нь газар унасан байхаар нь аваад АТМ дээр очоод мөнгө авсан. Тэгээд гэртээ харьсан гэв.

2. Шүүгдэгч Д.О-мөрдөн бацаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 сарын 06-ны өдөр 17 цагийн үед Золбаяр, Одгарав бид гурав Наранбаатартай уулзсан. Тэндээсээ яваад Тэмүүжин буудалд өрөө авсан. ...Тэгээд орон дээр Наранбаатар, Золбаяр хоёрыг хэвтүүлсэн Одгарав такси дуудаад яваад өгсөн. Тэрний дараа орон дээр Наранбаатарын саарал өнгөтэй виза карт хэвтэж байхаар нь аваад буудлаас гарч яваад Төмрөөгийн колонк дээр байдаг “ATM” дээр очоод эхлээд 20,000 төгрөг, дараа нь дөрвөн удаа 50,000 төгрөг, сүүлд нь 500.000 төгрөгөөр уншуулж нийт 720,000 төгрөг авсан. Тэр мөнгөө аваад Сайнцагаан сумын 9-р баг Мандал 15-2 тоотод байх гэртээ харьсан. Тэгээд виза картыг нь туурганы завсараар хийсэн, мөнгөө хөргөгчинд даавуунд ороогоод хийсэн юм. Маргааш нь өдөр нь гэрт байхад цагдаа ирээд тэгээд би 720.000 төгрөг, хаан банкны виза картыг хураалгасан юм. Наранбаатар надад картаа өгөөгүй буудалд орон дээр халааснаас нь унасан бололтой карт нь байхаар нь авч гараад мөнгө авсан. Нууц дугаарыг нь болохоор “Нитро” бааранд байхад тооцоо хийгээд ир гээд кодоо хэлэхээр нь би тооцоо хийхгүй гээд Золбаярыг явуулсан юм. Тэгэхэд цээжилсэн 5555 гэсэн кодтой байсан юм. Наранбаатар надад картаа ашиглах ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-28-31/

3. Хохирогч Б.Наранбаатарын “...Би Төв аймгийн Баянцагаан сумын 5-р баг Зогсоол гэх газарт өөрийн аав Бадарчийнд оччихоод 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр өөрийн ажил болох Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явж байгаад замдаа Дундговь аймгаар дайраад явж байх үедээ Золоо гэх залууг авахаар утсаар яриад уулзсан. Гэтэл Золоо намайг хоночихоод маргааш явъя гэж гуйсан. Би зөвшөөрөөд Тэмүүжин буудалд өрөө аваад Золоо болон хамт явсан залуу Д.О-нарын хамтаар архи ууж эхэлсэн. Тэгээд Нандин гэх хоолны газар, Нитро гэх бааранд орж архи уугаад 00:00 цагийн орчимд Тэмүүжин буудалд очиж хоносон. Би тухайн үед өөрийн мэдэлгүй тасраад унтчихсан байсан. Намайг 2020.01.07 ны өглөө сэрэхэд буудалд Золоо бид хоёр хамт унтаж байсан. Би сэрээд өөрийн эд зүйлээ бүртгэхэд миний ХААН банкны хөх өнгийн виза карт алга болчихсон байсан. Тэгээд машиндаа орж ирээд утсаа асаагаад үзтэл миний 5606003021 гэсэн данснаас 720.000 төгрөг 6-н удаагийн гүйлгээгээр алга болчихсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Надтай хамт архи уусан Золоо мэдэж байсан. Хажууд байсан хүмүүс намайг Золоод код хэлэхэд сонссон байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-09-10/

4. Гэрч Ч.Золбаярын: “... 2020 оны 1 дүгээр сарын 6 ны өдөр би өөрийн ээжийн төрсөн дүү Отгонтөгс, Одгарав гэх хүүхний хамт бид гурав Дундговь аймгийн төв дээр хоол идээд уулзаад явж байтал үдээс хойш 17 цаг болж байхад Төв аймгийн Баянцагаан сумын Наранбаатар гэх аавын найз ах утсаар залгаад би ирчихлээ чи Цогтцэций сум руу хамт явах юмуу гэж хэлсэн. Тэгээд Наранбаатар ахтай уулзаад орой болчихож амраад маргааш явъя гэж хэлтэл Наранбаатар ах зөвшөөрөөд аймгийн төвд байх Тэмүүжин буудалд 1 өрөө авсан. Тэгээд бид нар Нандин караоке руу ороод 1 шил архи авч уугаад, Нитро гэх бааранд ороод ахиж архи авч уугаад, 00:00 цагийн орчимд буудал руугаа Отгонтөгс, Одгарав, Наранбаатар нарын хамтаар очсон. Тэгээд би буудлын өрөөнд унтаад өгсөн. Наранбаатар ахын ХААН банкны картаар бүх тооцоог хийсэн. Нитро бааранд Наранбаатар картаа надад өгөөд би тооцоог төлж байсан. Надад Одгарав болон Отгонтөгсийн хажууд ХААН банкны нууц дугаарыг 5555 гэж хэлж байснаар тооцоог хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/

            5. Гэрч Ж.Одгаравын: “...2020 оны 1 дүгээр сарын 6 ны өдөр миний таньдаг дүү болох Золбаяртай уулзаж хоолонд орох гэтэл Д.О-гэх хүн дагаад ирсэн. Тэгээд бид гурав аймгийн төвд цайны газар орж хоол идээд сууж байтал үдээс хойш 17 цагийн орчимд Золбаяр хүнтэй утсаар холбогдоод Өмнөговь аймгийн Цогтцэций явж байгаа хүн байгаа юм гэж хэлж байсан. Удаагүй байтал Наранбаатар гэх хүн бид нар дээр ирсэн. Тэгээд Золбаяр, Наранбаатарт хандан орой болчихлоо хоноод маргааш өглөө Цогтцэций явъя гэж хэлсэн. Наранбаатар зөвшөөрөөд хонох газар хэрэгтэй гээд Тэмүүжин гэх буудалд өрөө авсан. Тухайн үед Золбаяр нэг шил архи авчраад бид нар буудлын өрөөнд хувааж уусан. Бид нар буудлын өрөөнөөс гараад Нандин караоке орж нэг шил архи авч хувааж уучихаад Нитро гэх бааранд орж дахин архи авч уусан. Тэгээд шөнийн 00:00 цаг болж байхад Нитрогоос гараад Тэмүүжин буудалд очсон. Буудалд очоод Наранбаатар, Золбаяр нар тасраад унтаад өгсөн. Д.О-хамт байх хугацаанд огт архи уугаагүй тул эрүүл буудлын өрөөнд үлдсэн. Би такси дуудаад гэрлүүгээ хүргүүлсэн. Нандин караоке-д гарсан тооцоог Наранбаатар өөрийн картаар төлсөн. Нитро бааранд яаж төлснийг мэдээгүй. Наранбаатарын картыг Нандин караокед байхад харсан. Нууц дугаарыг нь мэдэхгүй...’’ гэх мэдүүлэг /хх-16/

6. Шүүгдэгч Д.О- 720.000 төгрөг, виза карт түр хураан авсан тэмдэглэл /хх-3-4/

7. 720.000 төгрөг, виза картыг хохирогч Б.Наранбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/

8. Шүүгдэгчийн АТМ-ээс мөнгө авч байгаа зураг бүхий CD-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-20/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/

10. Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Д.О-нь 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүжин” зочид буудлын өрөөнөөс иргэн Б.Наранбаатарын виза картыг хулгайлж улмаар уг виза картыг ашиглан  АТМ-аас хохирогч Б.Наранбаатарын 5606003021 дугаартай данснаас 720.000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр авсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О-нь хохирогч Б.Наранбаатарын виза картыг хулгайлж, уг картыг ашиглан хохирогч Б.Наранбаатарын 5606003021 данснаас 720.000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

   Иймд шүүгдэгч Д.Отгонтөгсийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн алба хаагч нар шүүгдэгч Д.О- гэрээс хохирогч Б.Наранбаатараас хулгайлж авсан гэх виза карт, уг картыг ашиглан АТМ-аас авсан бэлэн мөнгө 720.000 төгрөгийг хураан авч, хохирогч Б.Наранбаатарт хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  үзнэ.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй боловч энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй. Тухайлбал: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн алба хаагч нар хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл  болох боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй. 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Д.О-Эрүүгийн  хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Д.О-шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн  ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч хулгайд алдсан эд зүйлээ биетээр хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Д.О- АТМ-ээс мөнгө авч байгаа зураг бүхий CD-г хураан ирүүлсэн байх тул Д.О-холбогдох эрүүгийн 2022000210010 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.  

           

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овгийн Д.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн ДОтгонтөгсөд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийтгэсүгэй. 

          3.  Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.О-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн зураг бүхий СD-г хэргийг хадгалах хугацаа дуустал Д.О-холбогдох эрүүгийн 2022000210010 дугаартай хэрэгт хавсаргасугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ