Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 159/2021/0017/З |
Дугаар | 221/МА2022/0032 |
Огноо | 2022-01-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2022/0032
“Э-О” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг “Э-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Г нарын гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Зөрчлийн хэргийн холбогдогч: “Э-О” ХХК
Эрх бүхий албан тушаалтан: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Г
Гомдлын шаардлага: Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Г-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, шийтгэлийн хуудасны улмаас “Э-О” ХХК-д учирсан бодит хохирол болох торгуулийн 5,000,000 төгрөг, хохирол 114,699,126 төгрөг, нийт 119,699,126 төгрөгийг гаргуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 159/2021/0017/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтаар “Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 4.14 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 3, 5, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 4, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.14, 37.1.19, 38 дугаар зүйлийн 38.1.10, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.8, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсыг Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас 6 /зургаан/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болгохыг мэдэгдэж” шийдвэрлэжээ.
2. Гомдол гаргагч “Э-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:
“Анхан шатны шүүх зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтын талаар зөв дүгнэсэн мөртлөө шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч 106 дугаар зүйлийн 106.3-д заасан 14 төрлийн шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой бөгөөд илт хууль бус болгох нэхэмжлэлийн хувьд 106.3.2, 106.3.12, 106.3.14 дүгээр зүйлд заасан шийдвэр хамаарахаас 106.3.11-д заасан шийдвэр хамаарахгүй юм.
Нэхэмжлэгчийн хувьд тухайн актыг илт хууль бус болгохыг хүссэн болохоос хүчингүй болгуулахыг хүсээгүй байхад захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, уг хугацаанд дахин акт гаргаагүй тохиолдолд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлүүд үндэслэлтэй, хариуцагч нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэдгийг тогтоогоогүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж зөв дүгнэсэн атлаа маргаж буй актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны өгөөд үндэслэлтэй байх зарчимтай зөрчилдөж байна.
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй, тодруулбал, хариуцагч нэхэмжлэгчийг ямар хууль, дүрэм, норм, нормативыг зөрчсөн гэдгийг, тэр нь ямар нотлох баримтаар нотлогдож байгааг шалгаж тогтоолгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь илт хууль бус юм.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй /тохиолдолд захиргааны акт илт хууль бус болох”-оор заасан уг заалтын “хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан байхыг ойлгоно.
Хяналтын прокурор А.Ариунзаяа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, уг хуульд байхгүй үндэслэлээр илт хууль бус хугацааг гаргасан ирэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг дахин 30 хоногоор сунгаж, уг илт хууль бус хугацаанд барилгын хяналтын улсын байцаагч Б.Г нь “Э-О” ХХК-ийг торгож, үндэслэлгүйгээр хохирол тооцон гаргаж шийтгэлийн хуудсаар 119,669,126 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн улмаар энэ мөнгийг тус компаниас гаргуулсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэдэг нь тогтоогдож байна.
Нэгэнт илт хууль бус захиргааны актыг шүүхээс хариуагчийг дахин нотлох баримтуудаа бүрдүүлээд акт тавь, нэхэмжлэгч хариуцагчийг эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй болохыг нотолж чадаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь нэхэмжлэгчээс дээр дурдсан нөхцөл байдлууд нь хариуцагчийн буруутай, зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Барилгын тухай, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэрэг хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл тэгэхээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэдгийг шүүх хурал дээр тодорхой тайлбарласан ба нэхэмжлэгчийн тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон.
Мөн хариуцагч шүүх хуралдааны үеэр “мөн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын хувьд хэн нь очиж чадахгүй нийгэм даяараа стресстэй байсан учраас би “юу ч болсон яах вэ” гэж гаргасна боловч “төрийн албан хаагч мөн Барилгын тухай хуульд заасан чиг үүрэг нотлох баримт хангалттай байхад яагаад шийдвэрлэсэнгүй вэ” гэх асуудал үүсэх байсан. Тийм учраас би ашиг сонирхлын зөрчилтэй болохгүйн тулд шийтгэлийн хуудсыг бичсэн юм” гэж ярьсныг хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Хурлын тэмдэглэлд хариуцагчийн хэлсэн үгийг бага зэрэг зөөлрүүлсэн байдлаар бичигдсэн байх ба хариуцагч тухайн үед янз бүрийн дарамт шахалт их ирсэн тул би энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр маш их стрессэнд орсон яахаа мэдэхгүй болсон талаараа тодорхой хэлсэн тул даргалагчаас энэ талаар дахин асууж тодруулахад урд хэлсэн үгээ бага зэрэг засаж хэлсэн байсан юм.
Тэгэхээр барилгын улсын байцаагчийг хяналтын прокурор, бусад албан тушаалтангууд заавал тэгж шийд гэж дарамт шалгалт үзүүлсэний төлөө “Э-О” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл болохгүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзэн шийдвэрлэх боломжтой байсан.
Нэхэмжлэгч компанийг барилгын дээвэр засан ажил доголдолтой байсан, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бол тэр нь тусдаа гэрээний маргаан, үүнтэй холбогдуулан гэрээний нөгөө тал маргахаас хариуцагч буюу барилгын улсын байцаагч энэхүү гэрээ хүчин төгөлдөр, дуусгавар болсон болоогүйтэй маргах эрхгүй юм.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хариуцагч хохирол болон торгууль гэж хурааж улсын орлого болгосон үнийн дүнтэй маргадаггүй, нэхэмжлэгчид бодитоор бий болсон хохирол тул энэхүү захиргааны хэргийн шүүхийн маргаантай хамтад нь шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д захиргааны үйл ажиллагааны улмаас хохирогчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудаснаас үүдэн “Э-О” ХХК-д 119,669,127 төгрөгийн бодит хохирол учирсан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй нь үндэслэлгүй болжээ.
Шүүхээс нэгэнт хариуцагчийн үйлдэл нь бодит нөхцөл байдалд тохироогүй захиргааны үйл ажиллагаандаа баримтлах ёстой зарчмуудыг зөрчсөн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Г анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:
“Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлд Барилга байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллага нь 47.2.1-д “барилгын ажлын их засварын чанарт”, 47.2.9-д “барилгын ажлын гүйцэтгэлийн чанарт хяналт тавина” гэж заасан. “Э-О” ХХК-ийн чанарын баталгааг үндэслэн санхүүжилт олгоно гэж хуулинд заалт байхгүй барилгын засварын ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийг баталсан байдаг ба уг дүрмийн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсэгт Барилга байгууламжийн их засвар шинэчлэлийн ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг заахдаа комиссын даргаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын дарга, нарийн бичгийн даргаар захиалагч байгууллагын төлөөлөл гишүүд байна гэж заасан байтал хурлын тэмдэглэлээр санхүүжилтийг олгосон байдаг. Комиссын акт гарын үсэг зурагдан хүчин төгөлдөр болоогүй комиссын гишүүд хуралдаж шийдвэр гаргаагүй тул засварын ажил дуусаагүй учир Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байна.
Мөн барилгын хуульд заагдсан захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллагын үүрэг даалгаврыг биелүүлэхгүй мөн зохиогчийн хяналт гүйцэтгэгч байгууллагын үүрэг даалгаврыг биелүүлэхгүй санаатайгаар батлагдсан төсөвт заагдсан ажлын тоо хэмжээ технологийн дарааллыг зөрчиж засварын ажил хийж дуусгасан нь гомдол гаргагчийн албан бичгүүд, зохиогчийн хяналт гүйцэтгэгч “Талхун арал” ХХК-ийн захирал нарын гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан материалуудад байсаар байтал зөрчлийг шууд нотлох боломжгүй гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай “Э-О” ХХК нь гэрээ байгуулан батлагдсан төсөв заагдсан ажлын тоо хэмжээнд заагдсан ажлыг технологийн дарааллын дагуу гүйцэтгээгүй зөрчлийг “Э-О” ХХК нь ажлын гүйцэтгэл дээрээ гаргасан учраас зөрчил гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин барилгын үйл ажиллагаанд оролцогч захиалагчийн төлөөлөл буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ чиг үүргийн алдаа гаргасан гэж үзвэл энэ тухай Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.
Мэргэжлийн хяналтын газраас барилгын хяналтыг хэрэгжүүлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1 дэх “Барилгын үйл ажиллагаа заавал эсхүл сонсож мөрдөх барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөөгүй” зөрчил үйлдсэн зөрчилд арга хэмжээ авсан. Эндээс үзвэл хар цаасан дээврийн ажлын норм дүрмийн шаардлагыг хангаж гүйцэтгээгүй байгаа нь тогтоогдсон гэж үзэж байна.
Улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгөөр гүйцэтгэх ажил үйлчилгээг тухайн ажлын батлагдсан зураг төсөв, ажлын технологийн дарааллын дагуу чанартай гүйцэтгээгүй нь захиалагчийн болон зохиогчийн хяналт гүйцэтгэгч буюу тухайн ажилд байнгын хяналт тавьж буй байгууллагын төлөөлөгчдийн мэдүүлгээр нотлогдсоор байтал хохирогч тодорхойгүй гэж үзэж байгаа нь нийцэхгүй байна. Улсын төсөв аймгийн төсөв үр ашиггүй зарцуулагдаж байгааг хохирол гэж үзэхгүй байгааг ойлгохгүй байна. Барилгын дээврийн засварын ажил нь батлагдсан төсөвт заагдсан тоо хэмжээ ажлын дарааллаар хийгдээгүй бөгөөд Монгол Улсын заавал мөрдөх баримт бичгийн тогтолцооны “Дээврийн ажил БНбД”-ийн шаардлагыг хангахгүй хийгдсэн. Иймд тухайн дээврийн засварын ажлын заавал мөрдөх норм дүрэм ба батлагдсан тоо хэмжээ ажлын дарааллын дагуу хийхэд бүрэн төсөв зарцуулагдана. Тийм учраас зарим хэсэг нь болно гэсэн зүйл байхгүй.
Хэрэг бүртгэл явагдаж байгааг холбоо мэдээллийн бүх хэрэгслээр болон шуудангаар албан бичгээр хүргүүлж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасаны дагуу холбогдогчид хуульд заасны дагуу мэдэгдэх ажиллагааг явуулж, өөрийн эрх ашгийг хамгаалах тайлбар өгөх бүх арга хэмжээг авч ажилласан боловч санаатайгаар холбогдогчийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Э-О” ХХК-тай барилгын засварын ажын батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэнэ гэж гэрээ байгуулсан бловч тухайн батлагдсан төсвийн дагуу ажил хийгдээгүйн улмаас заавал мөрдөх баримт бичгийг тогтолцооны шаардлагыг хангахгүй дээвэр хийгдэж батлагдсан төсвийн ажил тоо хэмжээгээр хийгдээгүй тул улсын төсөв хохирч байна гэж үзсэн.
Шийдвэрийн тогтоох хэсэгт удирдлага болгон хоёр өөр агуулгатай хуулийн зүйл заалтыг баримталж шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоогүй, харин дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан байхад шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон заалтыг удирдлага болгон баримтласан нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай гэж заасан байгаа нь хүчингүй болгосон тохиолдолд баримтлах хуулийн заалтыг баримталсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар эрх бүхий албан тушаалтан, холбогдогч нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Эрх бүхий албан тушаалтан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /цаашид хариуцагч гэх/-ын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, холбогдогч “Э-О” ХХК /цаашид нэхэмжлэгч гэх/-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны дээврийн засварын ажлыг технологийн дагуу гүйцэтгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, 5,000,0000 төгрөгөөр торгож, хохирлын 114,699,126 төгрөг, нийт 119,699,126 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
2.2. Анхан шатны шүүх гомдлын шаардлагын агуулгыг буруу тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, гомдлыг шийдвэрлэхэд хэрэглэх ёстой Зөрчлийн тухай хуулийн “хөөн хэлэлцэх хугацааны талаар, мөн шийтгэлийн төрөл, хохирол”-ын талаарх заалтыг хэрэглэлгүй, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар дээрх шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
2.3. “Э-О” ХХК-ийн шийтгэлийн хуудсыг “хүчингүй болгуулах” гомдлыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 61 дүгээр захирамжаар (хэргийн 1 дүгээр хавтасны 10-13 дахь тал) Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-д зааснаар хүлээн авахаас татгалзсан нь хүчин төгөлдөр болжээ.
2.4. Уг захирамж гарснаас хойш тус компани “шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргахдаа “хүчингүй болгуулах” гомдолдоо дурдсан үндэслэлээс ялгаатай “Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч хариуцлага тооцох үндэслэлгүй болсны дараа шийтгэлийн хуудас гаргасан, мөн шийтгэлийн төрөлд хохирол тооцох зохицуулалт байхгүй байхад хохирогчийг хэрхэн тогтоож, яаж тооцсон нь мэдэгдэхгүй хохирол ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэнд хамаарна гэсэн агуулгаар анхнаасаа гарах ёсгүй буюу “илт хууль бус акт болохыг тогтоолгох” гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.
2.5. Анхан шатны шүүх гомдлыг энэхүү агуулгын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлгүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын үндэслэлд нь дүгнэлт өгч “... илт хууль бус буюу анхнаасаа гарах ёсгүй байсан акт биш, харин хууль бусад тооцож хүчингүй болгох боломжтой захиргааны акт” гэж үзэж, уг актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ... илт хууль бус болох, ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан нь хугацаа хэтрүүлсэн “хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилснөөр тухайн гомдлоо дахин гаргах эрхийг нээсэн зохицуулалт биш юм.
Дээрх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлээр анхнаасаа гарах ёсгүй байсан буюу илэрхий алдаатай гарсан гэх үндэслэлээр “илт хууль бус болохыг тогтоолгох” гомдлыг хугацаа хамаарахгүйгээр гаргах эрхийг олгосон бөгөөд шүүх зөвхөн тухайн үндэслэлээр гарсан гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Ийм учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс энэхүү үндэслэлээр “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор гаргасан гомдлыг мөн хуулийн 54.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 97 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.7. “Сэлэнгэ барилга захиалагч” ОНӨААТҮГ-аас ирүүлсэн “... аймгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 64 айлын орон сууцны дээврийн засварын ажлыг гүйцэтгүүлсэн. Хуучин дээврийг бүтэн буулгаж засахаар тохирсон боловч технологийн горим, барилгын норм дүрэм зөрчиж хийснээс ус гоожсон, зөрчлийг арилгуулахаар 2020 оны 09 сард мэдэгдсэн боловч арилгаагүй тул зөрчлийг арилгуулах арга хэмжээг холбогдох хуульд заасны дагуу авч өгнө үү” гэсэн гомдлын дагуу хариуцагч улсын байцаагч нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээжээ.
2.8. “Э-О” ХХК-ийн гомдолд дурдсан Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т “Энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж тус тус зааснар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь гомдолд “... “Э-О” ХХК нь 2019 оны 10 дугаар сард ажлаа дуусан, үүнээс хойш 2021 оны 1 сард шийтгэлийн хуудас гарах хүртэл 1 жил 2 сар өнгөрсөн гэх боловч тухайн засварын ажлыг гүйцэтгэж дуусан” гэх боловч тухайн засварын ажлыг шаардлага хангаагүйтэй холбоотой улсын комиссын актаар хүлээж аваагүй байдал, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ажлын хугацаа сунгах гэрээнд гарын үсэг зурсан зэргээс үзвэл 2019 оны 10 дугаар сард ажлаа дуусгасан нь тогтоогдохгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заасны дагуу мөн зүйлийн 1.2-т заасан хугацаа дуусаагүй байхад зөрчлийн хэргийг нээж, шийтгэлийн хуудас гаргасан байх тул хугацаа дууссан байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.
3. Хохирлын тухайд шийтгэлийн төрөлтэй хамааралгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасны дагуу хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул “шийтгэлийн төрөлд хамаарахгүй хохирлыг гаргуулж эрх, ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Мөн 64 айлын орон сууцны дээврийн засварын ажлыг бүхэлд нь дахин хийх шаардлагыг бий болгосон, тус компанийн зардал гаргаж гүйцэтгэсэн ажлын аль ч хэсгийг хэвээр үлдэх бололцоогүй байгаатай нь холбоотой шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хохирол гаргуулсан талаарх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.
4. “Э-О” ХХК-ийн давж заалдах гомдлын тухайд “... шинжээчийн дүгнэлт шаардлага хангаагүй, хохирогчоор хэнийг тогтоосон нь ойлгомжгүй, зөрчил гаргасныг бүрэн дүүрэн нотлоогүй талаар үндэслэлтэй дүгнэсэн мөртлөө гомдлыг хангалгүй, дахин шалгуулж акт гаргуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. ... Гэрээний маргаан байхад хариуцагч гэрээ хүчин төгөлдөр, дуусгавар болсон эсэх талаар дүгнэх эрхгүй” гэснийг хүлээж авах үндэслэлгүй.
4.1. Хариуцагч улсын байцаагч нь Барилгын тухай хуулийн 47-д “Барилга байгууламжийн техникийн улсын хяналт”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 12.1... дахь хэсэгт заасан зөрчил” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд барилгын норм, дүрэм зөрчигдсөнийг шалгуулах талаарх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудас гаргасан, харин гэрээний талаар дүгнээгүй байна.
4.2. Уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Э-О” ХХК-ийг оролцуулахаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж, хуульд заасан “тайлбар баримтаа гаргах, зөрчил шалган шийдвэрлэх журам, шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдлоо гаргах” зэрэг эрхийг эдлэх боломжийг олгосон боловч тус компани нь зориуд хүлээж авалгүй буцааж байсан (хэргийн 1 дүгээр хавтасны 98-99 дэх тал, 151-159 дэх тал), утасны мессэж зэргээр тогтоогдсон байгаагаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож эрхээ эдлээгүй байх тул хариуцагчийн буруутгах үндэслэлгүй байна.
4.3.Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлаар уг ажиллагаанд сайн дураараа оролцоогүй, шийтгэлийн хуудсанд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байхад Шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зураагүй шинжээчид хууль сануулаагүй, хохирогчийг албан ёсоор тогтоогоогүй, барилгын засварын ажилд оролцсон хэн ямар буруутайг тогтоогоогүй гэх зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар дүгнэсэн нь шийтгэлийн хуудсыг “илт хууль бус” гэж үзэх үндэслэл болохооргүй байх тул “шүүх ... хууль зөрчсөн талаар зөв дүгнэсэн атлаа гомдлыг хангаагүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр хэрэгт хангалттай баримтууд авагдсан, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй, анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, “Э-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2, 6, 4.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Г-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, шийтгэлийн хуудасны улмаас “Э-О” ХХК-д учирсан бодит хохирол болох торгуулийн 5,000,000 төгрөг, хохирол 114,699,126 төгрөг, нийт 119,699,126 төгрөгийг гаргуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Г-ийн давж заалдах гомдлыг хангаж, “Эрдэнэ-Оргил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан “Э-О” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ