Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 254

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э Б Б С м” ХХК.

Хариуцагч: Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 338 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сумъяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. Д 2018 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ашигт малтмал, газрын тосны газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цахимаар өгсөн бөгөөд өргөдлийн бүртгэлийн NE-02******* дугаарт бүртгэгдсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/4371 тоот шийдвэрийн дагуу “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Д******* аймгийн Ч******* сумын О нэртэй газарт гаргасан өргөдлийг хянаж үзээд, Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд тус тус заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр манай компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдлийг ирүүлсэн. Компанийн зүгээс дээрх захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээд шатны захиргааны байгууллагад 2017 оны 07дугаар сарын 21-ний өдрийн 17/03 тоот албан бичгээр гомдол гаргасан. 

Ашигт малтмал, газрын тосны газар нь уг гомдлыг хүлээн авч танилцаад, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/5067 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Уг албан бичигт “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр NE-02******* дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж хариу ирүүлсэн. 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг бус Ашигт малтмалын тухай хуулийг баримтлах ёстой. Иймд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хуульд өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах ажилтан 30 хүртэлх хоногоор нэмж сунгаж болдог. Хугацаа сунгасан тухай өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө гэж заасан. Үүнээс үзэхэд уг заалт нь Ашигт малтмал, газрын тосны газарт хамааралтай заалт байна. 

Мөн Д******* аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн “NE-02******* дугаартай өргөдөлд дурдагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэх саналыг үндэслэсэн байна. Засаг даргын дэмжээгүй саналыг Ашигт малтмал, газрын тосны газар хянаж үзэх ёстой байсан. Үүнтэй холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Б Б С м” ХХК нь Д******* аймгийн Ч******* сумын О нэртэй 3600.51 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, өргөдөл гарган  NE-02******* дугаарт бүртгүүлсэн. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс уг өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-т тус тус заасны дагуу шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу орон нутгаас санал авах тухай мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6/8676 дугаартай албан бичгээр Д******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Ингээд Д******* аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/5139 дугаартай албан бичгээр 70 дугаартай “дэмжихгүй” саналыг ирүүлсэн. 

Аймаг, Нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн. 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу Өдрийн сонины 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 005 дугаараар олон нийтэд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулж нэхэмжлэгч компаниас бичгээр болон амаар ямар нэг тайлбар ирүүлээгүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаартай шийдвэрээр NE-02******* дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг шийдвэрийг 7/4371 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлж мэдэгдсэн. 

Эдгээр бүх ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хийгдсэн тул “Э Б Б С м” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн  “Э Б Б С м” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ .

            Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд ““Э Б Б С м” ХХК нь  Д******* аймгийн Ч******* сумын нутаг “О” нэртэй 3600.51 гектар талбай бүхий газарт  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гарган, NE-02******* дугаарт бүртгүүлж, хариуцагч шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн санал авах мэдэгдлийн тухайн аймагт явуулж, Д******* аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт болжээ. 

          Нэхэмжлэгч тал “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулиар шийдвэрлэх ёстой байтал Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль баримталсан, мөн Засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газар нь хянаж үзэх ёстой атал үүнийг хянаагүй нь үндэслэлгүй” гэж  харин хариуцагч тал “NE-02******* дугаартай өргөдлийн талбайд тус аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн санал ирснийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргаж байгаа болно. 

         Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

“Э Б Б С м” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д******* аймгийн Ч******* сумын нутаг “О” нэртэй 3600.51 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гарган NE-02******* дугаарт бүртгүүлжээ. Хариуцагчаас уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Д******* аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн  6/8676 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн байна.

Д******* аймгийн Засаг даргаас тус аймгийн Ч******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дугаар тогтоолыг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаарх санал нь тухайн тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болохоор байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэртэй холбогдох энэхүү хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад Д******* аймгийн Засаг даргын санал, түүний хууль зүйн үндэслэл болох “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 44 тоот”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу гарсан эсэх хууль зүйн үндэслэлийг хянах үүрэггүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д зааснаар аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн, аймгийн Засаг даргын уг саналын хууль зүйн үндэслэлийг эрх бүхий байгууллага тухайлан шийдвэрлэж тогтоогоогүй, Д******* аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/5139 дугаар санал хүчинтэй байх тул нэхэмжлэгчийн “хуулийн болон дотоод зааврын зохицуулалтаас үзвэл хариуцагч нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эцсийн шийдвэр гаргах эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын хууль зүйн үндэслэлийг хянадаг, хянах үүрэгтэй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Д******* аймгийн Ч******* сумын О нэртэй газрыг Ч******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 6.2.1, 15.1, 52.7, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1 дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 338 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

         Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ... тусгай хэрэгцээнд авсан ... талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж ...” гэж шийдвэр гаргахаар зохицуулсан байх тул NE-02******* өргөдлийн дугаар бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.

        Хариуцагч  Захиргааны ерөнхий хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.2-д “ хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж зааснаар сонсох ажиллагааг Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаарт нийтэлж мэдэгдсэн байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 11 дүгээр ,зүйлийн 11.1.16,  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус баримтлан “Э Б Б С м” ХХК -ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “Э Б Б С м” ХХК д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

           

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ