Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 235

 

Голомт Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01014 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Отгонбаатарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 108 983 34 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мандах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Жанчив

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Отгонбаатар нь автомашин худалдан авах зорилгоор 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Голомт банктай "Автомашины зээлийн гэрээ" байгуулан 128 760 53 ам долларыг 12 сарын хугацаатай, 1,7 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг олгохдоо талуудын хооронд фидуцийн гэрээний байгуулагдаж  15 48 УБЕ улсын дугаартай Лексус эл экс 470, 50 14 УБК улсын дугаартай Мерседес бенз жи 500 маркын автомашинуудыг өмчлөлдөө шилжүүлэн авсан. Зээлдэгч нь зээлд 101 531 01 ам доллар, хүүд 26 697 92 ам долларыг төлсөн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлдүүлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байх туп С.Отгонбаатараас зээл 27 229 52 ам доллар, хүү 66 367 77 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 15 386 05 ам доллар нийт 108 983 34 ам долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн дийлэнх хэсгийг төлж барагдуулсан. Үндсэн төлбөр 27 229 52 ам.долларт ногдох хүү нь хэт их байх бөгөөд 81 753 ам.долларыг төлөх үндэслэлгүй. Талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дуусахад барьцааны автомашиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлээ хангуулах боломжтой байсан. Гэвч 2011 оноос хойш үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг аваагүйгээс хүү  ихээр өссөн. Банкинд барьцааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хандахад ямар нэгэн хариу өгөөгүй мөртлөө их хэмжээний хүү нэхэмжилж байна. Түүнээс гадна шүүхийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргажээ. С.Отгонбаатар нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдардаг. Шүүхээс хүүгийн хэмжээ илтэд их байгаа тул багасгаж өгөхийг хүсье  гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Отгонбаатараас 106 870 84 ам.доллар буюу 213 080 149 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 244 427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Отгонбаатараас 1 223 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Отгонбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн. Зээлийн дийлэнх хувийг төлсөн атал их хэмжээний хүүг нэхэмжилсэн. Эвлэрэн хэлэлцэхээр удаа дараа хүсэлт өгч  фидуцийн зүйл болон түүнтэй адитгах зүйлээр хангуулахаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хүүгийн хэмжээг багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч С.Отгонбаатарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 108 983 34 ам.доллар гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...зээлийн дийлэнх хэсгийг төлж биелүүлсэн, нэхэмжлэгч фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авах үйлдлээ хийгээгүйгээс хүүгийн хэмжээ хэт өндөр болсон“ гэж   маргажээ.

 

Зохигчид 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/2799080008 тоот зээлийн гэрээ байгуулж, С.Отгонбаатар нь 128 760 53 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэйгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж Toyota Lexus Lx470, Mercedes Benz G-500 загварын авто машинуудыг өмчлөлдөө шилжүүлсэн, хариуцагч уг машинуудыг ашиглах эрхтэй байжээ. /хх-ийн 6-7, 9-12/

 

Хариуцагч С.Отгонбаатар нь гэрээний үүргийн биелэлтэд 128 228.93 ам.доллар төлсөн үйл баримтад маргаагүй, харин нэхэмжлэгчийн шаардаж буй хүүгийн хэмжээ хэт өндөр гэж маргасан. 

 

Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 8 дугаар сарын 13-нд дуусгавар болсон,  зээлдэгч С.Отгонбаатар нь 2009, 2011 онуудад төлбөр гүйцэтгэснээс гадна 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үүргийг фидуцийн зүйлээр тооцож дуусгавар болгох саналыг Голомт банк ХХК-д гаргаж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. /х.х-ийн 38 дугаар тал/

 

Хариуцагч С.Отгонбаатар зээл төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Гэвч нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлэх хугацаа удаан хугацаагаар хэтэрч ямар нэгэн үр дүн гарахгүй, зээлдэгчийн санхүүгийн байдал хүндэрсэн байхад үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар арга хэмжээ аваагүй, фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байдал, зээлдэгч 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авто машиныг үүргийн гүйцэтгэлд санал болгож байсан талаар баримтаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүү төлөх хугацаа нэмэгдэхэд үүрэг гүйцэтгүүлэгч буюу Голомт банк ХХК-ний эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэх тул түүнийг  Иргэний хуулийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэнд тооцно. Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч  Голомт банк ХХК Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхээ алдсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш үндсэн зээлийн үлдэгдэлд хэтэрсэн хугацааны хүү тооцох үндэслэлгүй байна. 

 

Мөн талуудын гэрээний 2.6-д “зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн буюу аль нэг хэсгийг нь төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээний хавсралт 1-д зааснаас хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгээс гадна, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлд үндсэн хүүгийн  20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож авна” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцлийн шинжийг агуулсан, хууль зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар дээрх нөхцөл нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүх гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг үлдэгдэл зээлээс бус хүүгийн төлбөрөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж тооцоолон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаанд буюу 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 10 761 ам.доллар төлж, 117 999 53 ам.долларын үлдэгдэлтэй болсон байжээ. Харин гэрээний хугацаа дууссан 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш төлөгдсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасч тооцох юм. Зээлдэгчээс 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 7 770 01 ам.долларын төлөлтийг хийх хүртэл 16 сар 23 хоногт 33 633 62 ам.доллар /117 999 53 $ * 1.7 % = 2005 99 $ х 16  сар 23 хоног/  хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 110 229.52 ам.доллар, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13 000 ам.долларын төлөлт хийсэн хүртэл 3 сар 6 хоногт  5 996.48 ам.доллар /110 229.52 * 1.7 % = 1 873.9 $ * 3 сар 6 хоног/-ын хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 97 229.52 ам.доллар, 20 000 ам.долларын төлөлт хийсэн 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 сар 14 хоногт  1 707.99 ам.доллар /97 229.52 * 1.7 % = 1 652.9 $ * 1 сар 14 хоног/-ын хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 77 229.52 ам.доллар, 30 000 ам.долларын төлөлт хийсэн 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 хоногт  262.56 ам.доллар / 77 229.52 * 1.7 % = 1 312.9 $ : 30 хоног х 6 хоног /-ын хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 47 229.52 ам.доллар, 10 000 ам.долларын төлөлт хийсэн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 16 хоногт  428.16 ам.доллар /47 229.52 * 1.7 % = 802.9 $ : 30 хоног *16 хоног/-ын хүү, 37 229.52 ам.доллар үлдэж 10 000 ам.долларын төлөлт хийсэн 2011 оны 6 дугаар сарын 23-ний өдөр хүртэл 5 хоногт 105.45 ам.доллар /37 229.52 * 1.7 % = 632.9 $ : 30 хоног * 5 хоног/-ын хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 27 229.52 ам.доллар, 10 000 ам.долларын төлөлт хийсэн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 11 хоногт  169.73 ам.доллар /27 229.52 * 1.7 % = 462.9 $ : 30 хоног * 11 хоног/-ын хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 17 229.52 ам.доллар, 14 440 ам.долларын төлөлт хийсэн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 5 сар 17 хоногт 1 630.42 ам.долларын /17 229.52 * 1.7 % = 292.9 * 5 сар 17 хоног/-ын хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 2789.52 ам.доллар, 68.92 ам.долларын төлөлт хийсэн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 21 сар 6 хоногт 1 005.3 ам.доллар / 2 789.52 * 1.7 % = 47.42 $ * 21 сар 6 хоног /-ын хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 2 720.6 ам.доллар, үүнээс хариуцагчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах санал тавьсан 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 4 сар 11 хоногт 201.94 ам.доллар /2 720.6 * 1.7 % = 46.25 $ * 4 сар 11 хоног/-ын хүүг төлөх үүрэг үүсчээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойш 45 141.65 ам.долларын хүү, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацааны 14 248.24 ам.долларын хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 2 720.6 ам.доллар, бүгд 62 110.49 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 123 836 516 төгрөгийг С.Отгонбаатар нь нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг дутуу бичсэнийг “Голомт банк” ХХК гэж залруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хувиарлалтад хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “106 870.84 ам.доллар буюу 213 080 149 төгрөг” гэснийг “62 110.49 ам.доллар буюу 123 836 516” гэж, “шаардлагын үлдэх хэсгийг” гэснийг “шаардлагаас 46 872.85 ам.доллар буюу 93 455 557 төгрөгийг” гэж, 2 дахь заалтын “1 223 350” гэснийг “777 133” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн “Голомт банк” гэснийг “Голомт банк ХХК” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Отгонбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 223 356 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж. ОЮУНТУНГАЛАГ

                   ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                        Ш.ОЮУНХАНД