Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 382

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

            Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би Төрийн банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 111-р байрны 5 тоотод оршин суух Боржигон овогт Мийяагийн Ганзориг /ЦГ60011057/, Эмт овогт Гомбосүрэнгийн Саранчимэг /ЗЕ66041705/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 19600263 /арван есөн сая зургаан зуун мянга хоёр зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчунт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Саранчимэг нь Төрийн банкын Дундговь салбараас 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууцны зээлийн 404367 тоот гэрээ байгуулан 22100000 /хорин хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн зээлийн 156 сарын хугацаатай жилийн 8 хувийн хүүтэйгээр авсан. Хариуцагч Г.Саранчимэг, М.Ганзориг нар нь Зээлийн гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 353 хоног хугацаа хэтрээд байна. Иймд хариуцагч Г.Саранчимэг, М.Ганзориг нараас Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 18806675.21 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 782032 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5932 төгрөг, нотариатын зардал 5625 төгрөг, нийт 19600263 төгрөгийг гаргуулан өгнө үү  гэжээ.

             Хариуцагч Г.Саранчимэг, М.Ганзориг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Төрийн банкны салбараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 19600263 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

            Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчунт нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 19600263 /арван есөн сая зургаан зуун мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг Г.Саранчимэг, М.Ганзориг нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Саранчимэг, М.Ганзориг  нар нь нэхэмжлэлийн шаардлага 19600263 /арван есөн сая зургаан зуун мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн нь шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч Г.Саранчимэг, М.Ганзориг нар нь нэхэмжлэлийн шаардлага 19600263 /арван есөн сая зургаан зуун мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын орлогод төлсөн 255951 /хоёр зуун тавин таван мянга есөн зуун тавин нэг/ төгрөгөөс 127975 /нэг зуун хорин долоон мянга есөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 127975 /нэг зуун хорин долоон мянга есөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Г.Саранчимэг, М.Ганзориг нараас улсын тэмдэгтийн хураамжийн 127975 /нэг зуун хорин долоон мянга есөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкны Дундговь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ХИШИГДЭЛГЭР