Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогчийн өмгөөлөгч Л.Банзрагч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Шүүгдэгч Н.Э-нарыг оролцуулан  Дундговь  аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Э- холбогдох эрүүгийн 2022000010017 тоот  хэргийг 2020 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 5 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 42 настай, эмэггтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Номуун зоогийн газарт менежер ажилтай, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 17-р байр 4-34 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн НН.Э-/РД:хххххххххххх/

 

Шүүгдэгч Н.Э-нь 2019 оны 12 сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номуун” зоогийн газарт Д.Мөнх-Адъяатай маргалдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Э-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Яллагдагч Н.Э-мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 сарын 2-ны өдөр Номуун зоогийн газарт байж байтал гаднаас Д.Мөнх-Адъяа орж ирээд цалингаа авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...2019.12.01-нд Д.Мөнх-Адъяа ажлаас буухдаа 3 жигнүүр буюу 120 ширхэг бууз түүхийрүүлж хаясан байсан... чи бууз түүхийрүүлж хаясан гэдгээ надад хэлж мэдэгдсэнгүй, ажлын байран дээр алдаа гаргасан. Түүхийрүүлж хаясан буузны үнэ өртөгийг нягтлантай ярьж байгаад чиний цалингаас хасч олгоно шүү гэж хэлсэн. Тэгтэл Д.Мөнх-Адъяа миний өөдөөс би бууз хаяагүй, түүхийрүүлсэн буузны махыг нь аваад ажилчдад тарааж өгсөн, гурилыг нь хаяагүй гээд зангаад чанга чанга хашхираад байсан. Тэгтэл манайд ажилладаг үйлчлэгч Баярмаа 00 өрөөнөөс гараад иртэл Баярмааг чи хов зөөлөө гээд цүнхээрээ савахаар нь ...би Д.Мөнх-Адъяаг чи яагаад Баярмааг дээрэлхээд байгаа юм бэ гээд цааш нь түлхсэн чинь шалан дээр хальтраад бөгсөөрөө доошоо суусан... Тэгээд уурлаад гараад явсан. Удалгүй цагдаа дагуулаад ороод ирсэн, надад цалин өгөхгүй байна гэж цагдаа дуудсан байсан. Маргалдаж байхад тогооч Ганчулуун араас яагаад байгаа юм бэ гээд хашхирч байсан. Үйлчлэгч Баярмаа хажууд байж байгаад гал тогоо руу орсон. Д.Мөнх-Адъяад листний мөнгө 674.800 төгрөг өгсөн, амралтын мөнгө гэж 280.000 төгрөг манай эгч Н.Мэндсайхан өгсөн. Би мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-41/

   

3. Хохирогч Д.Мөнх-Адъяагийн: ‘’...2018.01.17-ноос “Номуун” зоогийн газарт одоог хүртэл бэлтгэгчээр ажиллаж байна. 2019 оны 12 сарын 02-ны өдөр менежер Н.Э- цалингаа авъя гээд очтол ...яах гэж байгаа юм бэ, баахан бууз түүхийрүүлж хаячихаад ямар цалин авах гэж байгаа юм бэ... гэж өөдөөс загнасан. Тэгэхээр нь би олон нялх хүүхэдтэй, хүүхдүүддээ юм авч өгмөөр байна гэж хэлтэл даргыг ирэхээр цалингаа ав гэсэн. Тэгээд би үйлчлэгч Баярмаатай юм яриад зогсож байтал гар гэж хөөгөөд түлхэж унагаасан асуудал болсон. Тухайн үед би 7 сар гарантай жирэмсэн байсан. Миний бие өвдөөд эмнэлэгт үзүүлж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Доошоо юм гарч хүүхэд зулбах гээд байсан учраас эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мөнгөний хэрэгцээ шаардлага их гарч байна. Эмчилгээний зардал болох 5 сая төгрөг нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгал, амралтын мөнгөө Номуун зоогийн газраас гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-21/

4. Гэрч Н.Мэндсайханы: ‘’...Би тухайн үйл явдал болсон өдөр хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Хүмүүсээс сураг дуулахад бэлтгэгч Д.Мөнх-Адъяа нь 4 жигнүүр бууз түүхийрүүлж хог дээр хаясан гэж дуулсан. 2019.12.02-ны өдөр бэлтгэгч Д.Мөнх-Адъяа манай дүү Н.Э- цалингаа авъя гэж ирж хэрүүл маргаан болж муудалцсан байсан. Амралт нь 12 сард бодогдож байгаа надад өөр нэмж ярих зүйл алга...’’ гэх мэдүүлэг /хх-22/

5. Гэрч У.Буянжаргалын: “...Би Д.Мөнх-Адъяа гэдэг хүнийг танихгүй. 2019.12.05-нд хэвлийгээр хатуураад байна гэж үзүүлсэн. ЭХО-д харахад умай тонустай байсан учраас яаралтай хэвтэн эмчлүүлсэн. Ямар нэгэн стрес цочрол өгөхөд умай агшиж дутуу төрөх эрсдлийг бий болгодог. Түлхэж унагасан тохиолдолд умайн булчингын чангарал буюу тонус үүсэх бүрэн боломжтой...” гэх мэдүүлэг  /хх-27/

6. Гэрч М.Одонбаярын ‘’...Д.Мөнх-Адъяа нь 2019.12.05-нд эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газраас хэвтэх бичигтэй ирж төрөх тасагт хэвтсэн. Эмчлэгч эмч нь би байсан.       Д.Мөнх-Адъяа нь умай тонустай, хатуурсан, нуруу өвдсөн оноштой ирсэн. Тухайн цаг үед умайн булчин чангарах бүрэн боломжтой. Энэ нь умайн хүзүү нээж хүүхэд дутуу төрөх боломжийг үүсгэдэг...’’ гэх мэдүүлэг /хх-28/

7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 04 дугаартай: ‘’Д.Мөнх-Адъяагийн биед умайн булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. Д.Мөнх-Адъяагийн хэвлийд бойжиж буй урагт ямар нэгэн өөрчлөлт тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Бусдад түлхүүлж унасан гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэвлийд бойжиж байгаа урагт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-30-31/

8.Шинжээч М.Баттүвшингийн ‘’...Би Дундговь аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн хамад Д.Цэвэлмаагийн томилсон тогтоолоор 2019.12.12-ны өдөр Д.Мөнх-Адъяагийн биед хийсэн үзлэгээр умайн булчингын чангаралтай, дутуу төрөхийг завдалт оношоор Дундговь аймгийн төрөх тасагт эмчилгээ хийлгэж байсан учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан дүгнэлт гаргасан....’’ гэх мэдүүлэг /хх-33-34/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсаг эсэхийг шалгах хуудас /хх-49/

10. Хохирогч Д.Мөнх-Адъяагийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-53-56/

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD

12.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар 2019 оны 12 сарын 02-ны өдөр шүүгдэгч Н.Э-нь  хохирогч Д.Мөнх-Адъяатай Номун зоогийн газарт маргалдаж улмаар Д.Мөнх-Адъяаг түлхэж унагасан, тухайн үед хохирогч Д.Мөнх-Адъяа нь жирэмсэн байсан бөгөөд 2019 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн умайн булчингийн чангарал буюу  дутуу төрөхийн завдалт гэсэн оношоор Дундговь аймгийн  нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн  үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч Д.Мөнх-Адъяагийн умайн булчингийн чангарал буюу ураг дутуу төрөхийн завдалт онош нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, бусдад түлхүүлж унасан гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Энхсайханы үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийн  шинжийг бүрэн хангасан бөгөөд  түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Э- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Энхсайханы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Э-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...хохирогчтой ярилцаад 5.000.000 төгрөг болон эмчилгээний зардал 80.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бөгөөд 2019 оны 12 сар, 2020 оны 1 сард ажилгүй  байсан хугацааны цалин нийт 720.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд гэрч Н.Мэндсайхан, хохирогч      Д.Мөнх-Адъяа нарын мэдүүлэг, хэргийн 50-51-рт авагдсан нийгмийн даатгалын лавлагаагаар хохирогч нь 2019 оны 12 сард ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд хэзээнээс эхлэн хэдий хүртэл хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл ээлжийн амралттай байсан хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзэх боломжгүй юм.

Иймд хохирогч Д.Мөнх-Адъяагийн  ажилгүй байсан 2 сарын цалин 720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв. 

            

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий CD-г хураан ирүүлсэн байх тул Н.Э- холбогдох эрүүгийн 2022000010017 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.5 дугаар зүйлийн 1, 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овгийн Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн НЭнхсайханд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Э-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн эд зүлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Мөнх-Адъяагийн 2 сарын цалин 720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Э- нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураггдаж ирсэн CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал Н.Э- холбогдох эрүүгийн 2022000010017 дугаартай хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.МӨНХБАТ