Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 28

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

                         

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Маанийдаарий

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Отгонжаргал

Шүүгдэгч: Ж.Р-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,  23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Р- холбогдох 1922003530011 тоот хэргийг 2020 оны 1 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11-р хороо Инэл зайсан хотхон, 79Б байр, 15 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Т овогт Ж Ж.Р-/РД:ххххххххххх/

 

Шүүгдэгч Ж.Р-нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Мөнхбаттай маргалдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хулд сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэсгийн цагдаа Х.Энэбишийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

А.Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн талаар:

-   Шүүгдэгч Ж.Р-шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

- Шүүгдэгч Ж.Р-мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019.12.6-аас 7-нд шилжих шөнө архи ууж хоноод 07-ны өдөр хүргэн ах Баярсайхантай хувийн асуудлаас болж утсаар маргалдсан. Тэгээд гэрийн гадаа малын тэжээл задалж байсан модон иштэй хутгыг аваад Баярсайханыг айлгах санаатай гэрлүү нь явсан. Баярсайханы гэр лүү ороход бүх өрөөнийх нь хаалга цоожтой байсан. Хаалгаа нээ гэж хутгатай гараараа хаалгыг нь балбасан, хаалгаа тавихгүй болохоор нь буцаад гартал Өлзийжаргал цагдаа Энэбишийг аваад ирсэн. Цагдаа Энэбиш надад хандаж Пүүжээ ахаа хутгаа өгчих, боль гэж хэлэхэд нь Энэбишээ чи оролцоод хэрэггүй шүү гэж хэлээд цааш  эргэтэл Баярсайхан хашаанаасаа мод бариад гарч ирээд миний баруун мөрөн дундуур нэг цохисон. Тэгэхэд мод нь хугарахад Баярсайхан модоо хаяад зугтаасан. Тэгтэл миний араас Энэбиш тийрсэн. Тэгэхэд нь би тэнцвэр алдаад хутгатай гараа саваад эргэж харсан. Тэгэхэд миний барьж байсан хутга Энэбишийн ханцуйд хүрсэн. Би Энэбишид чи хэрэггүй гараа шаалгах гэж байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд Баярсайхан руу эргээд явахад Энэбиш миний хутгатай гарлуу төмрөөр цохиход нь би хутгаа алдсан. Энэбиш за одоо боль гэж хэлээд намайг дарж авсан. Миний хувьд Энэбишийн өөдөөс дайрсан эсэргүүцсэн зүйл байхгүй. Хутгаа өг гэхэд нь л өгөхгүй байсан. Би Энэбишээс уучлалт гуйж хувцасны мөнгө болох 500.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх-60-61/

- Хохирогч Х.Энэбишийн: “...Би 2019.12.07-ны өдөр цагдаагийн хэсгийн байран дээрээ байж байтал 10 цаг 24 минутад 89919166 дугаарын утаснаас Баярсайханы охин Бямбасүрэн залгаж Ж.Р-нь манай гэрийн гадаа хутга барьж оччихоод аавыг ална гээд байна гэнэ гэж хэлсэн. Би цагдаагийн албаны хувцсаа өмсөөд гарах гэж байтал манай гэрийн /хэсгийн байрны/ гадаа Рэнцэнпүрэвийн эхнэр Өлзийжаргал нь машинтай ирж зогсоод бууж ирээд Ж.Р-Баярсайхан ахынд агсам тавиад байна гэж хэлсэн. Өлзийжаргалын баруун гуянаас цус гарч байсан. Өлзийжаргал хэлэхдээ Рэнцэнпүрэвийн хутгыг нь авах гэж ноцолдож байгаад ийм зүйл болчихлоо, намайг хутгалсан зүйл байхгүй гэж хэлсэн. Би Өлзийжаргалын машинд сууж Баярсайханы гэрийн гадаа очиход Ж.Р-баруун гартаа модон иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Рэнцэнпүрэвт хандаж ...та наад хутгаа хаячих гэж хэлэхэд ах нь чамайг ойртох л юм бол хутга шаана шүү… гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн амьтан хараад байна, би ирчихсэн байна гэхэд би хутгаа хаяхгүй, өгөхгүй, хэрвээ чамайг ойртвол шууд шаана шүү, би эцэргүүцэж байна ялаа аваад явъя гэж хэлсэн. Энэ байдлаар Рэнцэнпүрэвээс хутгыг нь авах, хутгыг нь хаяулах гэж 5 минут орчим шаардлага тавьсан боловч Ж.Р-нь миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хутгаа хаяагүй, өгөөгүй. Тэгээд байж байтал Баярсайхан хашаанаасаа гарч ирээд буцаад хашааруугаа орсон. Тэгтэл Ж.Р-хутгаа бариатай Баярсайханы араас ална гээд алхсан. Тэгэхээр нь би Рэнцэнпүрэвийн араас нь нурууруу нь нэг удаа тийрэхэд газар унасан, би хутгыг нь авах санаатай гүйгээд очтол Ж.Р-нь эргэж хараад хутгаараа надруу шаасан. Тэгэхэд шар гэсэн дуу гарсан, би арагш ухрахад Өлзийжаргалын дүү Оогий гэж дууддаг залуу сая Ж.Р-ах чамайг хутгалчихлаа гэхээр нь хартал миний цагдаагийн албаны өвлийн куртикны баруун ханцуйг огол татчихсан байсан. Тэр үед Баярсайхан хашаанаасаа униний мод бариад гарч ирсэн. Ж.Р-босоод дахин Баярсайхан руу явахад Баярсайхан барьж байсан модоо хаячихаад цаашаа зугтаахад Ж.Р-араас нь явсан. Тэгэхээр нь би хажуудаа хэвтэж байсан 60 см орчим урттай, 2x1 см орчим өргөнтэй дөрвөлжин төмрийг аваад Рэнцэнпүрэвт таныг болихгүй бол цохилоо шүү гэж анхааруулахад Ж.Р-болихгүй, Баярсайханыг ална гээд байхаар нь хутгатай гарлуу нь төмрөөр нэг удаа цохиход хутгаа алдаагүй, тэгэхээр нь дахиж цохихдоо хутгаруу нь цохиход хутгаа алдсан. Би Рэнцэнпүрэвийг барьж аваад гавлаж хэсгийн байр руу явсан.” гэх мэдүүлэг /хх-19-20/  

- Гэрч Б.Баярсайханы “...Намайг өглөө гэрт байхад манай эхнэрийн төрсөн дүү Ж.Р-утсаар согтуу бололтой  “чамайг ална” гээд л заналхийлээд байсан. Тэгээд би сүүлдээ утсаа авахгүй хашаандаа машин засварын ажил хийгээд байж байтал 10:00 цаг өнгөрч байх үед ганцаараа алхаад ирж байгаа харагдсан. Тэгээд би удалгүй гэртээ ороход Ж.Р-гартаа хутга барьчихсан манай гэрийн 1-р давхарын модон хаалганы самбар, мөн хөлдөөгчний дээд хаалга, дээд 2 давхарын өрөөний модон хаалганы самбар зэргийг хутгаараа нэвт шаасан байдалтай байсан. Тэгээд удалгүй сумын хэсгийн цагдаа ирээд авч явсан. Тухайн үед Ж.Р-их согтуу байсан. Би гэрийнхээ эвдэрсэн эд зүйлийг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлнэ. Ж.Р- манай хүү нэг хурдан удмын морь бэлэглэсэн байсан юм. Тэгэхэд манай хүүхдэд Ланд-80 маркын тээврийн хэрэгсэл өгсөн байж байгаад буцаагаад авчихсан. Тэгэхэд нь манай хүүхэд би Ж.Р- өгсөн морио өөрийнхөө нэр дээр цоллуулна гэж байсан. Тэгээд энэ асуудлаас болоод манайд байнга өс санаж явдаг. Асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-29-30/

- Гэрч С.Өлзий-Отгоны “...Энэбиш нь Ж.Р-ахад хутгаа өг гэж шаардлага тавихад Ж.Р-хутгаа өгөхгүй байсан. Тэгтэл Баярсайхан ах хашаанаасаа гараад ирэхэд Ж.Р-ах Баярсайхан ах руу явахад нь Энэбиш араас нь тийрч унагаагаад барьж авах гэтэл Ж.Р-ах зүүн гараараа тулж босохдоо тэнцвэрээ олох гэж байгаа бололтой баруун гараа савсан. Тэгэхэд Энэбишийн гарлуу хутга нь хүрчих шиг болсон, Энэбиш ч арагш ухарсан. Тэгэхээр нь би Энэбиш дээр очоод зүгээр үү гэж асуухад гараа үзээд зүгээр байна, куртканы ханцуйны цахилгаан дээр хүрсэн юм шиг байна гэж хэлсэн. ...Тэр хооронд Энэбиш нь Ж.Р-ахын хутга руу төмрөөр цохисон. Тэгэхэд Ж.Р-ах хутгаа алдахад Энэбиш нь Ж.Р-ахыг унагаад намайг гав аваад ир гэж хэлсэн. Би гав авчирч өгөхөд Ж.Р-ахыг гавлаад цагдаагийн хэсгийн байрлуу явсан. Намайг хүмүүс Оогий гэж дууддаг...“ гэх мэдүүлэг /хх-33/

- Гэрч М.Батсайханы: “...Ж.Р-хутгаа барьсан чигээрээ манай арын хашаанд байх Б.Баярсайханы гэр лүү нь ганцаараа алхаад явсан. Тэгэхээр нь би С.Өлзийжаргалд хандаж, наадах чинь хутгатай байгаа шүү гэж хэлсэн. С.Өлзийжаргал машинтайгаа хэсгийн цагдаа Х.Энэбишийг авч ирэхээр явсан. Тэгээд Б.Баярсайханы гэрт ороход гэрийнх нь гадна хаалга онгорхой дотор өрөөнийх нь хаалганууд цоожтой байсан чинь Ж.Р-эхлээд үүдний өөдөөс харсан өрөөний модон хаалгыг хутгаар 2 удаа хатгаж цоолоод баруун өрөөгөөр нь дамжин дээшээ гарч байгаа харагдсан. Тэгээд эргээд буугаад  ирэхэд нь гадаа цагдаа ирсэн байсан. Тэгж байтал хашаанаас Б.Баярсайхан гараад ирэхэд Ж.Р-гартаа хутгаа бариад Б.Баярсайхан руу алхсан. Тэгэхэд нь Х.Энэбиш Ж.Р- хандаж, та хутгаа тавь, ингэж авирлаж болохгүй шүү, хутгаа надад өг гэж шаардлага тавьсан. Тэгэхэд нь Ж.Р-тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй. Тэгээд Х.Энэбиш Ж.Р- Б.Баярсайхан руу очих гэж байхад нь араас нь очиж газарт унагаад дээр нь гарах гэхэд Ж.Р-хутга барьсан гараа савж байгаад Х.Энэбишийн баруун гарын бугуй хэсэгт нь хутганы үзүүр хүргэсэн. Тэгээд Х.Энэбиш цагдаагийн хэсгийн байрлуу авч явсан. Тухайн үед Ж.Р- биед хэн нэгэн хүн халдаагүй. Ж.Р-С.Өлзийжаргалын болон бусад хүний эрүүл мэндэд огт халдаагүй. Х.Энэбишийн баруун гарын бугуй хэсэгт нь хутганы үзүүр санаандгүй хүргэсэн байх...” гэх мэдүүлэг /хх-20/

          -   Эд зүйлд үнэлгээ хийсэн үнэлгээний комиссын дүгнэлт /хх49/

          -   Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7/

          - 2009 оны 11 сарын 16-ны өдрийн Дундгоюв аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын тушаал /хх-62-63/

          -   Албан тушаалын тодорхойлолт /хх-65-68/

          -  Эд мөрийн баримтаар хураагдсан хутга, бичлэг бүхий CD болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Б. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар:

          - Шүүгдэгч Ж.Р-мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019.12.06-ны өдөр Хулд суманд С.Мөнхбатын гэрийн гадаа Мөнхбаттай тааралдаад юу хийж байна гэж асуухад архи ууж байна гэж хэлсэн. Би 3 сарын өмнө Мөнхбатад экскэваторын шанага гагнаад өгөөч гэж байсан юм ...Мөнхбатаас миний шанагыг гагнасан уу, их удлаа ш дээ гэж асуухад... чи юу гээд хүн дарамтлаад байгаа юм бэ гэж хэлээд машинаас бууж ирээд намайг бариад авахаар нь, чи юундаа уурлаад байгаа юм бэ гэж хэлээд бид маргалдсан. С.Мөнхбат намайг заамдах гэхээр нь гарыг нь арагш цохих гэтэл нүүрлүү нь цохичихсон юм. Тэгэхэд С.Мөнхбат шанаан дундуур цохичихлоо шүд эвгүй болчихлоо гэсэн. Мөнхбатын завжнаас нь цус гарч байсан. Тэр өдрийн орой нь Мөнхбат надруу утсаар залгаад миний 2 шүд /араа/ уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлаарай гэж хэлээд эвлэрч буйлтай шүд хийлгэхэд 1.500.000 төгрөг байдаг юм аа. Би шүдний чинь мөнгийг өгье гэж хэлээд Мөнхбатын дансруу 3.000.000 төгрөг хийсэн. Мөнхбат ч гомдоод байх юм байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-60-61/

           - Хохирогч С.Мөнхбатын “...Би Хулд сумын төвд гагнуур хийдэг юм. Рэнцэнпүрэвийн экскэваторны шанагыг 2019 оны 10 дугаар сард Жагай гэх хүн гагнаад өгөөч гэж авчирч өгсөн. Би тэрийг нь гагнаж амжаагүй байсан юм. 2019.12.06-ны өдөр Ж.Р-над дээр ирээд миний экскэваторны шанагыг гагнасан уу? гэхээр нь би энэ шигшүүрийг гагначихаад дараа нь гагнаад өгье гэж хэлсэн. Тэгэхэд Ж.Р-гагнаж өгөхгүй удаалаа гэж уурлахаар нь би түүнд ...тэгвэл энэ шанагаа аваад зайлахгүй юу гэж хэлэхэд машинаасаа бууж ирээд надруу дайрч миний эрүүлүү нэг удаа цохисон… Тэгэхэд миний доод эрүүний 2 шүд ёзоороороо булгарч унасан, би түүнийг цохиж зодоогүй, би цохиулчихаад шууд гэрлүүгээ орсон. Ж.Р-араас орж ирж надтай жаал маргаж байгаад гараад явсан. Тэр өдрийн орой 19 цагийн үед Ж.Р-нь манайд согтуу ирээд 2-уулаа зодолдоё гэхээр нь би үгүй гэж хэлэхэд хэсэг зогсож байгаад гараад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Ж.Р-нь надад эмчилгээний зардал гэж 3.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

          -  Шинжээчийн 2019.12.12-ны өдрийн 03 тоот дүгнэлтэд: С.Мөнхбатын биед зүүн доод 4,5-р шүдний уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Үзлэгээр гэмтсэн эрхтэнд хиймэл эрхтэн тогтоогдсонгүй.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий чадвар тогтонги алдалтад 10 хувиар бууруулна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-43/

          -  Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          В.Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Ж.Р-нь 2019 оны 12 сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын төвд иргэн С.Мөнхбатын бие махбодид халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан мөн 2019 оны 12 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын төвд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зэвсэг хэрэглэсэн эсэргүүцсэн үйл явдал болсон болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ж.Р- дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 Иймд шүүгдэгч Ж.Р- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хууль сахиулагчийг зэвсэг хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Р-нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Р-нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2004.02.06-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Дархан Уул аймгийн шүүхийн 2005.10.05-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 7 сар 12 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Р-нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Ж.Р- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5500 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ж.Р- Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  1,  23.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.1-т заасан  торгох ялыг сонгон оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Р- биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Р- оногдуулсан  торгох ялыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулав.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Х.Энэбишид 500.000 төгрөг, С.Мөнхбатад 3.000.000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Ж.Р-нь иргэн Б.Баярсайханы эд  хөрөнгийг гэмтээж 220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн 49-рт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2019 оны 12 сарын 7-ны өдөр С.Өлзийжаргалын гуян тус газар хутгаар хатгагдсан нөхцөл байдал тогтоогддог боловч шүүгдэгч Ж.Р-нь иргэн С.Өлзийжаргалын бие махбодид халдсан ямар нэг үйлдэл хийгээгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хутга 1 ширхэг, бичлэг бүхий CD 1 ширхэг тус тус хураагдаж ирсэн байх тул CD-г Ж.Р- холбогдох 1922003530011 тоот хэргийг                                                                                                                                                                                                                                                                                  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн  тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1,38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Т овогт Ж Рэнцэнпүрэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, хууль сахиулагчийг зэвсэг хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Тэх овгийн Жинлэнгийн Рэнцэнпүрэвт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5500 /таван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Р- оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Р- биечлэн эдлэх ялыг 6100 /зургаан мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6100000 /зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын  хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Р-нь хохирогч Х.Энэбишид 500000 /таван зуун мянган/, хохирогч С.Мөнхбатад 3000000 /гурван сая/ төгрөгийг төлсөн хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төглдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, CD-г Ж.Р- холбогдох эрүүгийн 1922003530011 хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.   

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчдэгч Ж.Р- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ