| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00321/И |
| Дугаар | 384 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 384
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 3-р хороо, Бага нарангийн 14-4 тоотод оршин суух Номгон овогт Донойн Бямбасүрэн /ЗЕ49051511/-ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1949 оны 5 сарын 15-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Номгон гэдэг газар төрсөн. Одоо 68 нас хүрч байна. 1963 оны 1 сарын 1-нээс 1969 оны 7 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэрт тамгын зөрчилтэй байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, бусад баримтыг үндэслэн 1963 оны 1 сарын 1-нээс 1969 оны 7 сарын 31-нийг хүртэл ажилласан жилийг сэргээж тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 1963 оны 1 сарын 1-нээс 1969 оны 7 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1963 оны 1 сарын 1-нээс 1969 оны 7 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг дарагдаагүй зөрчилтэй бөгөөд ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 сарын 20-ны өдрийн 136 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 1965 оны 5 сарын 15-наас 1969 оны 7 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсныг хэргийн 4-7-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Гэвч 1960 оны Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд 15-18 хүртэлх насны хүмүүсийн эрх олох, үүрэг бий болгох хязгаарлагдмал чадвар хөдөө аж ахуйн нэгдэлд өрхийн гишүүн 16 нас хүрсэн хүмүүс Иргэний хуулийн 85, 92 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ. Иргэний хуулийн 85 дугаар зүйлд зааснаар хөдөө аж ахуйн нэгдлийн өрхийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах явдлыг 16 насанд хүрсэн өрхийн бүх гишүүн эзэмшинэ гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Бямбасүрэнг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1965 оны 5 сарын 15-ны өдрөөс 1969 оны 7 сарын 1-нийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдсэн хугацаа буюу 1963 оны 1 сарын 1-ний өдрөөс 1965 оны 5 сарын 15-н хүртэл ажилласан жилийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Номгон овогт Донойн Бямбасүрэнг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1965 оны 5 сарын 15-ны өдрөөс 1969 оны 7 сарын 1-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР